Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног ийнхүү дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул
Уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул
Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.
Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. UWW-аас Дэлхийн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын шинэчилсэн чансааг гаргажээ. Уг чансаанд Монголын 10 бүсгүй багтсан байна. Манай шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байгаа энэ оны Европын аварга Финландын тамирчин П.Олли 60 кг-ийн чансааг тэргүүлж байгаа бол 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг нэг, Латвийн А.Григорьева гуравдугаарт бичигджээ. Харин 60 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Цэрэнчимэд дөрөвдүгээрт бичигдсэн таатай мэдээлэл байна. Сайны хажуугаар саар мэдээлэл ч мөн гарлаа. Өнөөдөр нэгэн иргэн Хятадуудад дээрэлхүүлээд амиа хорлохыг завдсан харамсалтай хэргийг талаар мэдэээлэл гарлаа. Энэ бүх мэдээлэлийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Тоймоо уншина уу.
Төсвийн мөнгөөр аяласан Засаг дарга М.Чинболдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ
“Чухал сонгууль-2016” тун ойртож, энэ тэндгүй улс төржилт, жагсаал цуглаан болж байна. Өчигдөр гэхэд Сонгино хайрхан дүүргийн иргэд дүүргийнхээ засаг даргын тамгын газрын үүдэнд уриа лоозон болчихсон тайван жагсаал хийлээ.
Хотын даргын томилгоогоор ирсэн Засаг дарга М.Чинболд дарга сонгууль дөхсөнтэй холбогдуулж, сүүлийн гурван сарын хугацаанд дүүргийнхээ тамгын газрын даргыг гурван ч удаа сольсон байна. Өмнө нь С.Мөнхчулуун, А.Мөнхбат нарыг сар дараалан ажлаас нь чөлөөлж, одоо намынхаа төлөөлөл болох Ш.Бат-Өлзийг тамгын газраар даргаар томилж, илт эрээ цээргүй аашилсаныг эсэргүүцэж жагссан байна. Мөн үүнээс гадна Засаг дарга М.Чинболд хоёр хүнийг ажлаас халаад зогсоогүй Ч.Төрхүү, Н.Ганаа, Б.Батдорж нарын гурван орлогчоо халж оронд АТГ шалгагдаж байсан тус дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга асан Ш.Хажидмааг томилсон байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга асан Ш.Хажидмааг 71.5 сая төгрөгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгаж байсан.
71.5 сая төгрөгийг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байсан Ш.Хажидмаа гэж хэн бэ
Ш.Хажидмаа нь анх өрхийн эмчээр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуулиар сайн ажилласан хэмээн СХД-ийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон очиж байсан аж. Түүнийг тус эмнэлгийн дарга болонгуутаа өндөр үнээр орон сууц худалдан авч бусдын ярьдгаар илт хөлжсөн нэгэн гэж ажилчид нь ярьж байсан. Түүнчлэн хамт ажилладаг эмч, ажилчдаа дарамтлаад зогсохгүй өөрийнх нь талаар санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ажлаас хална хэмээн сүрдүүлдэг талаар мэдээлэл олон удаа гарч байсан. Өнгө мөнгөтэй хүнийг албан тушаал дагадаг гэгчээр тэрбээр дүүргийнхээ НИТХ-ын төлөөлөгчийн албыг давхар хашдаг байсан. “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдэг шиг шат ахиж албан тушаалын амтанд бялуурсан Ш.Хажидмаа одоо Засаг дарга М.Чинболдын орлогчоор ажиллаж байгаа сурагтай. Засаг ноён сонгуулийн бэлтгэл хийж, нийслэлд нэр дэвших өөрийнхөө бие халаалтыг хийж байгаа энэхүү байдлыг эсэргүүцсэн иргэд жагссан аж. Засаг дарга М.Чинболд өөрийн орлогч болон дүүргийнхээ тамгын газрын дарга нарыг халж солиод зогсохгүй хороодын засаг дарга нараар оролдож эхэлсэн сурагтай. Тодруулбал тэрбээр сүүлд тавдугаар хорооны Засаг дарга М.Одонхүү болон 22 дугаар хорооны Засаг дарга Ч.Цэвээндорж нарыг мөн л тийм гэх үндэслэлгүй ажлаас нь халаад явуулчихсан хачирхалтай. Түүний дараагийн ээлжит халаа сэлгээнд 8 , 18 дугаар хороодын Засаг дарга нарыг төрхөмд нь буцаах төлөвлөгөөтэй байгаа талаар ч хэлэх хүмүүс байна. Засаг дарга нарыг халж солиод зогсохгүй иргэдтэй хамгийн ойр тулж ажилладаг, тэднийхээ аж амьдралыг хамгийн сайн мэддэг хэсгийн ахлагч нарыг ч хоморголон халсан тухай мэдээлэл байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.
Улаанбурхан өвчин буюу ХӨСҮТ-ийн хүнд суртал
Манай улс улаанбурхангүй орноор тодотгогдож батламж хүртэл гардаж авсан үе саяхан. Гэвч өнгөрөгч оноос улаанбурханы тохиолдол дахин бүртгэгдсэнээр энэ өвчин салхи мэт тархаж одоо аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрээд байна. Улаанбурхан өвчний дэгдэлт хэт их байгаагаас ХӨСҮТөв ачааллахаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн. Тэгвэл энэ талаарх мэдээллийг авахаар ХӨСҮТ-ийг зорилоо. ХӨСҮТ-ийн амбулатораар үйлчлүүлж байгаа хүмүүс харьцангуй цөөн байлаа. Хичнээн хүн улаанбурхан өвчнөөр өвдсөн талаарх мэдээллийг авахаар бичиг баримтаа шалгуулж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанд очлоо. Эхлээд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А, Амбасэлмаатай уулзахад тэрээр: Энэ талаарх мэдээллийг би өгмөөргүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг В.Байгалиас ав гэлээ. Сэтгүүлч би бээр цоожтой олон өрөөгөөр явсаны эцэст Дархлаажуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч В.Байгальтай уулзаж өөрийн зорилгоо хэлсэн боловч тэрээр шилбэ татан, дургүйцэж их ажлын хажуугаар гэж цаараглалаа. Иргэдийн нөгөө гомдоллоод байдаг цагаан халаадат эмч нарын хүнд суртал сэтгүүлч намайг ч мөн тойрсонгүй. Ард иргэд нь олон зуугаараа улаан бурхан өвчинөөр өвдчихөөд байхад урьдчилан сэргийлүүлэх, мэдээлэл өгөх үүрэгтэй ч түмэнд гаргадаг хямсгар зангаа ч надаас нуусангүй. Улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг иргэддээ хүргэхийг зорьсон би бээр түүнээс удаан хүссэний эцэст цөөхөн асуултанд ийнхүү хариулт авлаа.
- Сайн байна уу? Монголд өнгөрсөн оны 3 сараас улаанбурхан өвчин дахин бүртгэгдэж эхэлсэн. Одоогийн байдлаар хичнээн хүнд энэ өвчний шинж тэмдэг илрээд байна вэ?
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14400 гаруй тохиодол бүртгэгдээд байна.Насны ангилалаар нь авч үзвэл дийлэнхдээ 0-8 сартай хүүхдүүд байна. Энэ нь вакцины товлолын нас нь болоогүй хүүхдүүд их өртөж байна гэж ойлгож болно. Мөннийт өвчлөгсдийн 18-30 насныхан 60 хувийг эзэлж байна. Монголын бүх аймаг есөн дүүрэгт улаанбурхан өвчин тархаад байна. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай.
Амиа хорлох гэсэн иргэнийг амийг аварчээ
Баянзүрх дүүргийн 13 хороололын 22а байранд нэгэн иргэн амиа хорлох гэсэн тохиолдол гарсан байна. Тухайн иргэн хятадуудад зодуулаад сэтгэл санаагаар унаж, амиа хорлохыг завдсан байна. Тухайн амиа хорлох гэсэн иргэнийг Дуучин Э.Мишээл амийг нь аварсан байна. Энэ талаар дуучин Э.Мишээл цахим хуудаснаа “Гайхуулах гэсэнгүй гэхдээ сануулга болгож бичиж байна... Хүний амь аварлаа... 13ын 22а байрны 9 давхарын орцны цонхон дээр гарч суугаад амиа хорлох гэж байхад нь цагдаа дуудаад тэр хооронд нь татаж авах гээд 9 давхарлуу гүйж гарлаа. Даанч ийм байдалд орж үзээгүй хүн чинь алдчих байх гээд яаж ч чадсангүй. Манай цагдаа нар ч хурдан ирж татаж гаргаж авлаа. Учрыг нь сонсоход хятадуудад зодуулсан гэж байна... Ямартай ч сандарч үзээгүйгээрээ сандарлаа бид 2 Angel Angel. Хүнийг ийм байдалд ортол нь хямруулж байгаа хятадууд өнөөдөр дэндэж байна шүү” хэмээн сэтгэгдэлээ бичсэн байна.
АН-ын үед авсан зүйл бүтээн байгуулалтанд зарцуулагдсан
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан. Тэдний шаардлагатай танилцаад, ийнхүү хариу мэдэгдэл хийв.
Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “МАН-ын бүлгийн хувьд хувь хүн рүү дайрсан, гутаан доромжилсон нь уг шаардах бичгээс харагдаж байна. Монгол Улсын хилээр цөмийн хаягдал, цацраг идэвхит бодис нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай хууль батлах гэж байхад МАН-ынхан БНХАУ-ын Коммунист намынхантай уулзалт хийж ээлжит бус чуулганыг санаатай тасалдуулснаа цайруулахыг оролдож байна. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж, хооронд нь хагаралдуулахыг оролдсон байна. Мөн улсаа өрийн дарамтад оруулсан гэсэн байна. Харин ч МАН-ын үед авсан зээлээ үр ашиггүй тараасан, халамжийн бодлогыг тэтгэсэн. АН-ын үед авсан зээл нь их бүтээн байгуулалт болсныг ард түмэн харж байгаа. Барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоосон гэж энэ шаардлагад дурджээ. Үнэн хэрэгтээ ард иргэдээ бага хүүтэй зээл олгох, орон сууцанд оруулах нь МАН-ынхны хэлж буйгаар нүгэл юм байна. Иргэдээ тав тухтай орон сууцанд оруулах, хямд орон сууцны зээл олгох үйл хэргээсээ АН ухрахгүй. МАН-ынхны шаардлагын далд агуулга УИХ-ын даргыг ард түмний Таван толгойг ард түмэндээ авч үлдсэнийг буруушаасан мэт ийм агуулгатай байна. Тавантолгойг ард түмэндээ л үлдээх ёстой” гэлээ.
Тэмцээний үеэр МУГТ Баттулга амьсгал хураажээ
Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн гуравдугаар сарын 5-наас “Ахмадын супер лиг” нэртэй тэмцээнийг Хандгайтад байрлах “Олимпийн ордон”-д эхлүүлсэн байна. Харамсалтай нь энэ тэмцээний үеэр хөнгөн атлетикийн гавьяат тамирчин н.Баттулга нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тухайн тэмцээнд оролцож байх үедээ бие нь муудаж, эмнэлэг рүү явж байх замдаа нас барсан мэдээлэл байна. “Ахмадын супер лиг” одоо ч үргэлжилж буй аж. Ирэх амралтын өдрүүдэд эцсийн шатны тэмцээн явагдаж аваргуудаа шалгаруулах юм байна.
УИХ-ын дэд даргын халааг хэн авах вэ?
МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн Л.Цог, Г.Уянга нар өчигдөр бүлгээсээ албан ёсоор гарсан. Ингэсэнээр УИХ-ын дэд дарга Л.Цогын суудал эзэнгүй үлдсэнээр УИХ-ын дэд даргын суудлыг хэн орлох вэ? гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Одоогийн байдлаар энэ суудалд эзэн суух хүний нэр хараахан тодроогүй байгаа ч нам дотроо УИХ-ын гишүүн М.Сономпил, О.Баасанхүү нарын нэр яригдаж байгаа аж. Харин О.Баасанхүү гишүүн УИХ-ын дэд дарга болохгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь тэрээр бүлгийн дарга Н.Батцэрэгийн орыг санаархаж байгаа аж. Харамсалтай нь түүний энэ санаархалыг намын дарга нь хүлээж авахгүй байгаа сурагтай. Тэгэхээр УИХ-ын дэд даргын суудлыг М.Сономпил авах магадлалтай байна.
Түрээсийн орон сууцанд суух иргэдийг сугалаагаар сонгоно
Нийслэлд хөдөө орон нутгаас ирж суурьшиж байгаа иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Үүнийг дагаад орон сууцны эрэлт хэрэгцээ ч мөн нэмэгдсэн. Тэгвэл өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-нийг дуустал түрээсийн орон сууцанд хамрагдагдах иргэдийн материалыг авсан бөгөөд бүртгэгдсэн иргэдийн тоо квотоос хэтэрсэн учраас иргэдийг сугалаагаар сонгох болсон. Тэгвэл түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сугалааны товыг энэ сарын 10 нд зарлахаар болжээ. Сугалааг ил тод шударга байлгах зорилгоор ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яам, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм байна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар нийт 4000 орчим иргэн хандсанаас 2000 гаруй иргэнийг бүртгэжээ.
МАХН-ын нарийн бичиг П.Цогтбаатарыг суллажээ
Хоёр сарын өмнө МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, хорих 461-р ангид саатуулсан билээ. Түүнийг МАХН-ы хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа.
Мөн П.Цогтбаатарыг шалгахаас өмнө тус намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг ч мөн хорьж шалгасан.Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба намын санхүүжилт болгож, О.Даваасүрэн гэх хүнээс дэмжлэг хүсэж 120 мянган ам.долларын авч МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч АТГ-ын албаны хүмүүст баривчлагдан хоригдсон. Уг хэрэгтэй холбогдуулан АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байгаад сүүлд нь Гадаадын иргэн харьяатын газрын хэлтсийн дарга болсон М.Мөнхөөг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт саатуулаад байгаа.
Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.