Сонгуулийн ойртсон энэ өдрүүдэд өдөр болгон нэг хүнийг баривчилж хорьж байна гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг компаниудын бичиг баримтыг шалгах нэрээр нэлээд шуугиан дэгдээлээ. Х.Баттулгаас байцаалт авч байхад Баянгол зочид буудлыг хамгаалалтанд авсан төдийгүй, ойролцоо мэргэн буудагчид байрлуулсан байсан гэсэн мэдээлэл гарсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга эсэргүүцэл үзүүлсэн бол үг дуугүй ачигдах байсан тодорхой. Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдрүүдэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг мөн л дуулиан шуугиантай баривчилж байсан. Энэ сэдвийн хүрээнд Академич, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлтэй уулзаж ярилцлаа.
- Одоогоос дөрвөн олон жилийн өмнө МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж байсан. Та тухайн үед түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Түүнийг өнөөдрийг хүртэл шалгаж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Цагдаагийнхан тэр үед Н.Энхбаярыг баривчилсан үйл явдлыг телевизийн бүх сувгууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр маш тодорхой харуулж, бичсэн учраас манай хүмүүсийн ой тойнд мартагдахын аргагүй үлдсэн байх аа. АТГ Н.Энхбаяраас мэдүүлэг авах гэсэн нэрийдлээр тэрхүү баривилгааг хэдэн зуун цагдаа мөн цагдаагийн тусгай хүчнийхний шууд оролцоотойгоор хийсэн. Энэ баривчилгаа орой үдшээс хойш өглөө үүр цайтал олон цаг үргэлжилсэн.Тэр ч байтугай Н.Энхбаярын гэр оронд цагдаагийн тусгай хүчнийхэн баг өмсөн нүүрээ далдлан дайран орж хэрцгий авирлан, зэвсэглэн орж, эд хогшлийг эвдэлж сүйтгэсэн. Н.Энхбаярын гэрт тэр үеийн УИХ-ийн зарим гишүүдтэй бүдүүлэг харьцаж байсныг монголын олон иргэд мартаагүй байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон олон улсын хүний эрхийн конвецид хүнийг дур мэдэн баривчлахыг хориглочихсон байдаг.
- Прокурорын зөвшөөрөл байсан гэдэг шүү дээ?
- Монгол Улсын нэгдэн орсон Иргэний Улс Төрийн Эрхийн олон улсын фактад “дур мэдэн баривчлах” гэсэн нэр томъёог НҮБ-ийн Хүний Эрхийн Хорооноос зөвхөн хууль бусаар хорьж саатуулах төдийгүй, хүч хэтрүүлэн хэрэглэсэн,шударга бус болсон зэргээр илүү өргөн хүрээтэй тайлбарласан байдаг. Ер нь олон улсын практикт хагас цэрэгжүүлсэн тусгай бүлгийн хийсэн баривчилгааг хууль бус гэж үздэг. Н.Энхбаяр гэдэг ганцхан хүнийг баривчлахын тулд тийм олон зуун цагдаа тэрчилэн тусгайгийнхан буюу хар хувцастны хүчийг хэрэглэснийг хүч хэтрүүлсэн гэж үзэхгүй бол чухамдаа өөр юуг хүч хэтрүүлсэн гэж үзэх вэ?
-Та одоо Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юу?
- Хамгийн сүүлд Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол бичиж тэрээр миний гаргасан гомдолыг хэрэгсэж үзээгүй учраас миний өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болсон.
Энэ тухайгаа би Н.Энхбаярт дуулгахад тэрбээр “би шоронд суухчихлаа шүү дээ хэмээн ихэд гонсойсон байдалтай хэлсэн. Гэхээр би “Шүүхийн бүх шат дамжлагыг дуусгалаа. Таны орооцолдсон энэ хэргийг миний мэргэжлийн ур чадвар, ёс зүй дийлэхгүй” юм байна. Дийлдэхийн аргагүй, хууль баримталдаггүй “хар хүч үйлчилж” байна гэж хариулсан. Үүнээс хойш бид бараг уулзалдаагүй.
-Энэ сүр дуулиантай баривчилгаанаас хойш дөрвөн жилийн дараа буюу өчигдөр УИХ-ийн гишүүн Х.Баттулгын охин компаниас санхүүгийн баримт хураан авах нэрийдлээр цагдаагийн тусгай хүч оролцуулсан сүр дуулиантай үйл явдал болж өнгөрлөө. Хуульч эрдэмтэн таны санал дүгнэлтийг бид сонирхож байна?
Н.Энхбаярыг баривчилсан “технологитой” адил зүйл болж өнгөрлөө. Бас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийн өмнө болж байгаагаараа их төсөөтөй. Би ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс хийлгэсэн мэдээллийг телевизээр харсан. Санхүүгийн баримт бичиг авах явцад гарч болзошгүй эсэргүүцлээс сэрэмжлэх зорилгоор цагдаагийн тусгай хүчийг оруулсан гэж тайлбарлаж байна лээ. Ийм байж огт болохгүй. Ердийн нэг компаниас баримт бичиг авахын тулд ийм их хүч хэрэглэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хэрэв ийм жишиг бол тогтож байгаа юм бол манай улсад хүний эрх гэж ярихын ч хэрэг байхгүй. Фашизм, нэг хүний дарангуйлал .., өөр юу гэж хэлмээр юм, мэдэхгүй. Эгэл жирийн иргэдийг яасан ч, яаж ч чадах ийм нөхцөл байдал бодитой нүүрлэжээ.
Тусгай зориулалттай цагдаагийн хүчийг терроризм үйлдэх, агаарын хөлөг онгоцыг булаан авах, хүн барьцаалах, байгууллага, иргэд рүү зэвсэглэн довтлох, зохион байгуулалтай зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг нийгэм маш их аюултай, онцгой тохиолдолд хэрэглэх ёстой юм.
Үндсэн хууль, ЭБШХ-ийн “дур мэдэн” гэсэн нэр томьёог НҮБ-ийн Хүний Эрхийн Хорооноос хэрхэн тайлбарсаныг би өмнө дурдсан. Монголын нийгэмд айдас хүйдэс буй болгосон, монгол улсын нэр хүндийг гадаад ертөнцөд унагаж байгаа энэ асуудлыг төр засаг гэж байдаг бол онцгой анхааралдаа авах цаг нь аль хэдийнээ болсон байна.
-Зарим эх сурвалжууд өчигдөр Х.Баттулгыг баривчлах гэж байсан гэх мэдээлэл тараасан?
-УИХ-ын гишүүний байгаа газарт цагдаагийн тусгай хүчийг хэрэглэхээр хэнд ч иймэрхүү бодол төрөх нь зүй ёсны биз дээ.
-Хуульд УИХ-ын гишүүнийг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн газар дээр нь баривчлана гэсэн заалт байдаг юм биш үү?
-УИХ-ийн гишүүн Х.Баттулга өчигдөр цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн гэж бодъё л доо. Манай улсын одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байх үед нь хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол гэмт хэрэгт тооцно гэж заасан байгаа. Энэ хэргийг үйлдэж байхдаа нь газар дээрээ баригдсан гээд л баривчилчихна шүү дээ. Нэг талаас түүнийг баривчлах гэсэн цагдаагийн тусгай хүчний бие бүрэлдэхүүн бэлэн байдалтай байсан. Нөгөө талаар гадаа үүдэнд түүнийг “ганц” руу авч явах цагдаагийн тусгай зориулалтын машин бэлэн байсан.
- Манай иргэд хуульчдыг зөвхөн хууль, шударга ёсыг баримталдаг гэж боддог. Гэтэл өмнө дурьдсан сүр дуулиантай үйл явдал, улс төрийн шинжтэй хэргүүдийг харахад иймгүй юм шиг. Харин таны үзэл бодол?
-Сүүлийн жилүүдэд манай зарим хуульчид шударгаар үүрэгт ажлаа хийвэл хохирох юм байна гэж боддог болсон. Харин дээрээс өгсөн “улс төрийн” үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлбэл албан тушаал ахина, алдар цол хүртэнэ, амьдрал дээшилнэ гэх болжээ. Өөрөөр хэлбэл, шударга бус асуудлыг бүр дээрээсээ хөхиүлэн дэмжиж эхэлсэн. Үүнээс гадна шүүх, прокурор, мөрдөн байцаах, цагдаа зэрэг хууль хамгаалах байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх ажилтнууд мэргэжлийнхээ нэр төр, үүрэг хариуцлагыг гаргуунд нь гаргасан. Зарим нэг томоохон улс төрчид иймэрхүү бусармаг жигшүүртэй үйл явцыг бүр урамшуулдаг болсон байна. Хуульчид мэргэжилдээ чин сэтгэлээсээ үнэнч байхгүй бол манай улсад хэзээ ч шударга ёс ялж чадахгүй. Энэ онд сонгогдох шинэ УИХ, 2017 онд сонгогдох шинэ Ерөнхийлөгчид их өндөр хариуцлага оногдоно. Бидний эх орны сүр хүч улам бүр суларч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, бид ирээдүйдээ итгэл төгс бус болж байгаа нь эдийн засаг, улс төрийн тогтолцоондоо биш харин шударга ёсыг гаргуунд нь гарчихсанд байгаа юм шүү.
-Та өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхэд “төрийн албан хаагч” гэж үзээд нэрсийн жагсаалтаас хасчихсан байхаа?
-МУИС-ийн эгэл жирийн багш хүн юуных нь төрийн албан хаагч байхав дээ. Сонгуулийн тойргийн болон ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц дээрээс өгсөн захиалгын дагуу намайг төрийн албан хаагч гэж үзсэн. Би төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй.
-Та тэгэхээр энэ жилийн сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
- Хэрэв нэрээ дэвшүүлэх юм бол дэмжинэ гэсэн хүсэлт энд тэндээс маш их ирж байгаа. Итгэж болох хүн гэж намайг үзэж байгаа бүх хүмүүст талархаж , та бүхний итгэлийг хөсөрүүлэхгүй явна гэдгээ илэрхийлье. Тэгэхдээ би одоохондоо хатуу сонголт хийгээгүй байгаа. Миний өмнө хоёр зам бий. Нэг дэх нь УИХ-ийн шинэ бүрэлдэхүүнд орж ажиллах. Хоёр дахь нь манай улс ингэж тарагтаа тулаад байгаагийн үндсэн шалтгаан нь монголын ард түмний болон төрийн оюун санааны онолын тууштай үзэл баримтлалгүй болно. шахам жилд манай улс харийн янз бүрийн онол сургаалийн туршилтын талбар болчихлоо. ХХ зууны төгсгөл хүртэл марксист-ленинист онолыг төрөлх нутагтаа туршлаа. Дараа нь 1990 оны сүүлээр буюу XXI зуунд барууны элдэв онолыг туршив. Эдгээр туршилтын аль ч монголын нийгэмд сайн сайхныг авчирсангүй. Гэтэл одоогоос 800 жилийн өмнө их эзэн Чингис хаан тэргүүтэй монголчууд даян дэлхийд 140 гаруй жилийн туршид амар амгаланг тогтоож байсан шүү дээ. Энэхүү амар амгаланг харийнхны бичээд байгаа шиг байлдан дагуулалтаар тогтоогоогүй. Харин шударга ёс, үнэнч чанар, итгэл, үл хомхойрол зэргийг амьдралд жинхэнэ ёсоор хэрэгжүүлж чадсанаар буй болгожээ. Энэ чиглэлийн судалгааг миний бие хийсээр байна. УИХ-д суувал энэ судалгааг хийж чадахгүй. Эрдэмтэн судлаачийн ажлаараа дагнаж л байж хийж бүтээнэ. Энэ зам УИХ-ын гишүүн байхаас илүү үр өгөөжтэй, хойч үеийнхэнд ашиг тустай байж магадгүй.
Н.Алтанцэцэг