Дух, нүүр хэсэгтээ ивэрхийтэй хүүхэд манай улсад мэр, сэр байдаг. Энэ нь тархины нэг төрлийн төрөлхийн эмгэг бөгөөд хүний дух, нүүр, хамрын хэсэг рүү түрж тогтсон ургацаг. Энэхүү ивэрхийг хагалгаа хийж авдаг бөгөөд манайд энэ мэс заслыг хийх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байдаггүй гэнэ. Тиймээс өнгөрсөн жил Ш.Н.Шастины нэрэмжилт улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд олон улсын эмч нартай хамтарч тархины ивэрхийтэй хоёр хүүхдэд амжилттай хагалгаа хийжээ. Энэ жил дахин америк эмч нартай хамтран тархины ивэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болсон байна. Энэ талаар Ш.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын их эмч С.Абайтай цөөн хором ярилцлаа.
-Тархины ивэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Тархины ивэрхийний талаар мэдээлэл өгнө үү?
-“Virtue” гэдэг олон улсын эмч нарын сайн дурын байгууллага байдаг. Уг байгууллага хөгжиж буй орнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 2009 оноос манай улсад нүд, эрүү нүүрний мэс засал, элэгний хавдрын мэс заслын зэрэг чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн жил энэ байгууллагын эмч нарт хамтран ажиллах хүсэлт тавьсан. Тэр хүсэлтийн дагуу тархи, гавал-нүүрний болон гоо заслын эмч, мэдээгүйжүүлэлтийн эмч нарын баг ирж манай эмч нартай хамтран тархины ивэрхийтэй хоёр хүүхдэд мэс заслын эмчилгээ хийсэн. Тэр хоёр хүүхэд төрөлхийн тархины (нүүр хэсгийн) ивэрхийтэй байсан. Энэ нь гавлын ясны урд, доод ба суурийн хэсэгт дефект үүсч тэр онгорхойгоор нь тархины эд ивэрч гаран хүний дух, хамар, хацар орчмоор овойж гарч ирдэг төрөлхийн эмгэг юм. Гавлын ясны хөндийд байх ёстой тархины эд хүний нүүр уруу түрж гарсан байгаа байдал нь нэгд тархины үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг, хоёрт гоо сайхны талаас асуудал үүсгэн тухайн хүнд нийгмийн зүгээс тааламжгүй хандлагыг бий болгодог байна. Жишээлбэл өнгөрсөн жил манайд мэс засал хийлгэсэн хүүхдийг урьд нь ангийнхан нь янз бүрээр дуудан, нэр хоч өгсөнөөс сургуульдаа явж чадахаа больсон байсан. Мэс заслын дараа тэр хүүхдэд өөртөө итгэлтэй, бусдад хандах хандлага нь хүртэл өөрчлөгдсөн талаар ээж нь ярьж байсан.
-Энэ төрлийн өвчлөлтэй хүн манай улсад хэд байдаг вэ?
Одоогоор энэ төрлийн өвчнийг бүртгэсэн албан ёсны тоо бүртгэл байдаггүй. Эмчид мэр сэр үзүүлээд л, манайд эмчлэгдэх боломжгүй гэхээр нь буцаад нутаг орон уруугаа явчихдаг. Харин мөнгө төгрөгний бололцоотой улсууд гадагшаа явж эмчлүүлдэг. Энэ ажлыг хийж байгаа нь эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүс, ялангуяа хүүхдүүдийг эмчлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулахад туслах зорилготой гэж хэлж болно.
-Энэ төрлийн хагалгааг гадаадад өндөр өртөгөөр хийдэг гэж сонссон?
-Өндөр хөгжилтэй орнуудад 60-80 мянган ам.доллараар хийгддэг, өртөг өндөртэй ажилбар. Ер нь тархины гэлтгүй ихэнх төрлийн мэс заслын өртөг өндөр байдаг, учир нь мэс засалд хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмж нь үнэтэй байдаг л даа. Энгийн ойлгомжтой жишээ авахад тархины мэс засалд хэрэглэгддэг гайгүй хайч гэхэд 1200 орчим ам.доллар, өндөр хурдны цахилгаан дрилл 130,000 орчим ам.долларын үнэтэй. Манай орны эдийн засгийн чадамж ямар билээ, эмнэлэгт сүүлийн үеийн сайн багаж авч өгөх боломж ямар билээ дээ. Яахав, ганц нэгээр, цөөн тоогоор ахиж л байна. Гэхдээ л бидний хэрэглэж байгаа багаж, технологийг гадныхан гайхаж, 20-30 жилийн өмнө хэрэглэж байснаа дурсан, толгой сэгсэрсээр л байгаа шүү дээ. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж, мэс засалд хэрэглэгдэх материал зэргээс хамаарч Монголд хийх боломжгүй олон мэс засал бий.
-Хагалгааг хэзээнээс хийх вэ. Одоогоор хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?
-Сайн дурын байгууллагын эмч нарт хүсэлт тавихад зөвшөөрсөн хариу ирсэн. Эмч нар ирэх тавдугаар сарын сүүлээр ирж хагалгаа хийнэ. Одоогоор Дорнод аймгаас нэг, Улаанбаатар хотын нэг хүүхэд мэс засалд бэлтгэгдэж байна. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд тархины ивэрхийтэй хүүхдүүд болон тэдний эцэг, эх бидэнд яаралтай хандаж үзлэг, оношлогоо шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Шинжилгээний хариуг гадагш эмч нарт илгээн зөвлөлдөж мэс заслын эмчилгээ хийх боломжтой эсэхийг судалж үзнэ. Тиймээс энэ сарын 23-аас өмнө манай эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт хандаарай гэж хүсч байна.
-Хагалгаа хийгээд ивэрхийг бүрэн авах боломжтой юу? Эрсдэл бий юу?
-Энэ их төвөгтэй, гавлын хөндийд болон нүүрэнд нэгэн зэрэг мэс ажилбар хийгддэг. Дух, хацар, хамар орчимд овойсон ивэрхийг авсны дараа дух, нүүр, хацрын яс, булчин, арьсыг нөхөн сэргээх эмчилгээг шат дараалалтай хийнэ. Мэс заслын үед болон дараа гарч болзошгүй эрсдэлүүд бий. Тухайлбал эдийг нөхөн сэргээхэд ашигласан хиймэл эд тогтохгүй байх, мэс заслын оёдлын завсраар тархи нугасны шингэн гоожих гэх мэт.
Д.Нэргүй