Тун удахгүй буюу ирэх сарын 05-ны өдөр “Эх баригчдын өдөр” тохиох гэж байна. Манай улс энэ өдрийг 2007 оноос хойш тэмдэглэж ирсэн ч эх нярай эндэгдэл буурсан уу гэж асуухад тун бүрхэг хариулт гарч ирнэ. Өнгөрсөн жилүүдэд төрсөн эхийн гэдсэнд марль мартаж оёсон, нярайг халуун усаар түлсэн гэх мэт эмч нартай холбоотой олон асуудлууд гарч байсан.
Хамгийн сүүлд гэхэд Эрүүл мэндийн сайд, төрийн нарийн бичиг хоёр нь хоёулаа авлигын хэргээр хоригдсон үед буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 21-ны өдөр Нийслэлийн "Өргөө" амаржих газарт эхийн үрийн эндэгдэл гарсан.
Тухайн үед энэ хэргийн талаар маш олон мэдээлэл гарч цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж байсан боловч өнөөдөр усанд хаясан чулуу мэт чимээгүй алга болжээ. Тухайн өдөр ээлжинд гарч байсан жижүүр эмч нарын буруугаас болж 27 настай бүсгүй төрхийн хүндрэлээр амь насаа алдсан.
Талийгаач амиа алдахаас өмнө хоёр удаа хагалгаанд орсон бөгөөд хамгийн сүүлийн хагалгаа хийхээр монголдоо алдартай гэж хэлж болохоор “Өргөө” амаржих газрын зөвлөх эмч Б.Бүлтэн хийсэн байдаг юм. Харамсалтай нь Б.Бүлтэн эмч эцсийн арга хэмжээ буюу савыг нь тайрч авах хагалгаа хийсэн ч нэгэнт оройтсон байсан бөгөөд, тун удалгүй нас барсан.
Хэрэг гардаг өдөр жижүүр хийж байсан эмчдээ "Өргөө" амаржих газар халах арга хэмжээ авсан ч маргааш нь буцаад ажилдаа орсон байдаг. Нэгэнт хүний амь нас эрсдсэн учраас энэ хэргийг шалгаж дуустал ажлаасаа чөлөөлөгдөе гэж хэлэх ёс зүй тухайн эмчид байхгүй гэж үү. Бид ийм л зүй бус юмыг таслан зогсоохын төлөө энэ хэргийн талаар удаа дараа сурвалжилсан юм. Талийгаачийн нөхөр Жавхлантай тухайн хэрэг гарах үед юу болсон талаар манай сэтгүүлч ярилцлага хийж байсан. Мөн түүний дараагаар Нэгдүгээр амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэгээс ч мөн энэ хэргийн талаар тодруулга авч байсан юм. Эрхэм уншигч та анхаарлаа наашаа хандуулаарай. Бид энэ хэргийн талаар ахин сурвалжиллаа.
Шүүх шинжилгээний дүгнэлтээр эмчийн удаан, хойрго хандснаас болж эх эндсэн. Одоо энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа.
Ц.Мөнхцэцэг: Задлан шинжилгээний хариу бидэнд өгөөгүй
Нэгдүгээр амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэгээс дараахь зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн онд танай эмнэлэгт төрөхийн хүндрэлээр эх эндсэн. Энэхүү асуудал гараад нэлээд олон сар болж байна. Ер нь шүүх шинжилгээний дүгнэлт гарсан уу?
-. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байгаа. Задлан шинжилгээний хариу бидэнд өгөөгүй. Цагдаа нар бид мэдэж байна гээд өгөхгүй байгаа.
-Яагаад та нарт үзүүлэхгүй байгаа бол?
-Шинжилгээний хариу гарсны дараа бид хариуг нь авах гэхэд эрүүгийн хэрэг үүссэн учраас та нарт хамаагүй гэсэн. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа тухайн шалгаж байгаа газар руу албан бичиг явуулсан. Гэвч бидэн үзүүлээгүй. Бид нарыг юм асуухаар та нарт хамаагүй гээд байгаа. Шүүх дээр очоогүй байгаа байх.Надад мэдэх зүйл байхгүй байна.
-Тухай үед ажиллаж байсан эмч нарт ямар хариуцлагат тооцсон вэ. Одоо ажлаа хийж байгаа юу?
- Манай эмнэлгийн зүгээс авах арга хэмжээ авч хурлаа хийчихсэн. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдаж байгаа.
-Талийгаачийн ар гэрийн хүмүүстэй уулзсан уу?
-Тухай үед хүндрэл гарлаа гэхэд эмчилгээ хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд ар гэрийн хүмүүстэй уулзсан. Ар гэрийн хүмүүст хийх ёстой эмчилгээ хийсэн гэдгээ тайлбарлаж хэлсэн. Хамт олноор ар гэрээс уучилт гуйсан. Харин ар гэрийнхэн бид гомдолтой гээд цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хэрэг одоо цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа учраас бид одоо ямар ч мэдээлэлгүй байна.
-Таалийгаачид Б.Бүлтэн эмч ирж хагалгаа хийсэн. Тухайн үед Б.Бүлтэн эмчийг эмчилгээ хийх эрхээ тодорхой хэмжээнд хасуулсан гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ талаар?
-Б.Бүлтэн эмч ирсэн. Манай зөвлөх эмч. Ийм асуудал байхгүй. Эрх нь нээлттэй чөлөөтэй, бид эмчилгээ хийх эрхтэй хүнтэй гэрээгээ хийж ажилдаг. Хэрэв эмчилгээ хийх эрхээ хасуулсан хүнтэй хамтарч ажилвал дарга өөрөө буруутан болно. Б.Бүлтэн эмч зүгээр ажлаа хийгээд явж байгаа.
-Энэ хэргийг хаана шалгаж байгаа вэ?
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа.
Л.Лагсаннамдаг: Миний охины хэрэгт 5,6 эмч шалгагдаж байгаа
Харин талийгаач охины аав Л.Лагсаннамдагаас хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа шүүх шинжилгээний дүгнэлтийн талаар дараахь зүйлийг тодрууллаа.
-Талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Та дүгнэлттэй хэзээ танилцсан бэ?
-Хоёр хүүхдийн минь шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байгаа. Эмчийн хойрго буюу удаан хандснаас болж амь нас нь эрсдсэн гэдэг дүгнэлт гарсан. Хэргийг шалгаж байгаа учраас дүгнэлтийг бидэнд өгөөгүй.
-Энэ хэрэг прокурор руу шилжсэн үү?
-Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Энэ асуудал нэлээд олон эмч холбогдож байгаа болохоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа.
- Хичнээн эмч холбогдож байгаа бол. Таньд тоо баримт байгаа юу?
-Ерөнхийдөө таваас зургаан эмч холбогдож байгаа.
-Энэ хэрэгт холбогдож байгаа эмч нартай та уулзсан уу?
-Үгүй ээ. Тэд нар нададтай уулзаагүй. Үнэнийг хэлэхэд уучлалт гуйсан зүйл байхгүй. Талийгаачийг өнгөрсөний дараа Ц. Мөнхцэцэг эмч уучилт гуйсан.
Би ямар алдсан хоёр хүүхдээ босгоод ирэх биш. Цаашид эмнэлэгийн байгууллагад ахиж ийм алдаа битгий гаргаасай гэсэн үүднээс явж байгаа. Үүнээс биш би эмч нарын муу муухайг үзэх гэсэндээ биш.
Энэ эмнэлэг дээр өчнөөн ийм асуудал гардаг юм билээ. Манайх бараг 18 дахь тохиолдол юм байна лээ. Би сая олон ээжийг төрж байхыг харлаа. Ер нь жаахан мөнгө төгрөг өгснийг тариа энэ тэрийг хийгээд хурдан төрүүлж байна. Тэгэхэд миний охин өвдөөд савны амсар нь нээгдчихсэн байхад хүчтэй тариа энэ тэрийг хийж байгаад төрүүлээгүй. Болоогүй байна гэсээр байж, амь насыг алдсан. Их харамсаж байна.
-Төрх дээр хүлээж авч үзсэн эмчтэй та уулзсан уу?
-Уулзаагүй. Тухайн үед би хөдөө байсан. Охин минь эмнэлэгт хэвтлээ гэдгээ хэлсэн. Өдөр яриад халуураад байна хөл гар татаад байна гэхээр эмчдээ үзүүлсэн үү гэхэд үзээгүй байна гэсэн. Тэгээд би хөдөөнөөс ирсэн. Хөдөөнөөс ирээд эмнэлэг дээр ирсэн. Гэтэл эмч үзээд болохоо байлаа гээд хагалгаанд орно гээд гарын үсэг зуруулсан. Шүүх шинжилгээний дүгнэлтэд дээр анх хийсэн хийсвэр хагалгааг ямар үр бүтээлгүй хийгдсэн байна гэсэн. Анхны хагалгаар идээт үрэвслийг авах байсан юм байна лээ. Хэрэв авчихсан бол амийг аварчих болж байсан байх. Одоо энэ эрүүл мэндийн хуулийг жаахан гэсэн өөрчилж, хүмүүс хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна.
-Та байцаагчтай уулзаж байгаа юу?
-Уржигдар ярьсан. Мэргэжлийн хяналтаас шалгалт орох гэж байгаа тухай надад дуулгасан. Энэ нь эмнэлэг болон шүүх шинжилгээний дүгнэлтэнд шалгалт хийж, үнэн зөвийг олж тогтооно гэж ойлгосон. Ер нь хуулийн байгуллагад найдаад л явж байна. Удахгүй шийдэгдчих байх.
Н.Алтаа