8o
Улаанбаатар хот
mobile menu

FIFA-гийн чансааны шинэ жагсаалтыг Бразил тэргүүлж, Аргентин удаалав

2022-12-23 12:07:00

Дэлхийн хөл бөмбөгийн дээд байгууллага FIFA өчигдөр улс орнуудын чансааг шинээр эрэмбэлсэн жагсаалтаа зарлажээ.

Хэдийгээр саяхан болж өнгөрсөн ДАШТ-ий шөвгийн тоглолтоос Хорватын багт хожигдон хасагдсан ч Бразил улс сүүлийн үеийн тэмцээнүүдийн үзүүлэлтээр чансаагаараа дэлхийд нэгдүгээрт жагссан байна.

Харин дэлхийн аваргын цомыг хүртсэн Аргентин улс нэг байр ахиж, хоёрдугаарт эрэмбэлэгджээ.

Шигшээ баг нь Аргентинд хожигдож, мөнгөн медаль хүртсэн Франц улс мөн нэг байраар ахиж, гуравдугаарт жагссан байна.

Харин ДАШТ-ий өмнө хоёрдугаарт жагсаж байсан Бельги улс хоёр байраар ухарч, дөрөвдүгээрт жагсжээ.

Тус улсын шигшээ баг ДАШТ-д ганцхан удаа хожиж, хэсгээсээ шалгараагүй юм.

Жагсаалтын тав, зургаадугаар байруудад ДАШТ-ий шөвгийн наймын шат хүртэл өрсөлдсөн Англи, Нидерланд улсууд эрэмбэлэгджээ.

ДАШТ-ий хүрэл медалийг хүртсэн Хорват улс таван байраар ахиж, долдугаарт жагссан байна.

Харин ДАШТ-д оролцож чадаагүй Европын аварга Итали улс наймдугаарт жагссан байна.

Африкийн орнуудаас ДАШТ-д түүхэн амжилт гаргасан Марокко улс 11 байраар ахиж, арван нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Азийн орнуудыг Япон тэргүүлж, дөрвөн байраар ахин 20 дугаарт жагссан байна.

Шигшээ баг нь ДАШТ-ий хэсгийн тоглолтдоо Бразилын хүчирхэг багийг хожсон Камерун улс 10 байраар ахиж, 33 дугаарт бичигдэх болжээ.

Харин ДАШТ-ийг зохион байгуулагч орон Катар 10 байраар ухарч, 60 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Тус улсын шигшээ баг хэсгийн тоглолтдоо гурав хожигдож, ганц ч хожилгүй ДАШТ-ийг дуусгасан юм.

Монгол улсын хувьд энэ жагсаалтад өмнөх байраа өөрчлөлгүй, дэлхийн 211 орноос 183 дугаарт эрэмбэлэгджээ.

 

Эх сурвалж: FIFA

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл