8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Соёл-Эрдэнэ: Эрэгтэй хүнд цүнхээ бариулах нь Монголын ёс биш

2016-04-19 09:09:00

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон, хорлохыг завдсан харамсалтай хэргүүд чих дэлсүүлж, зүрх шимшрүүлэх болсон. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа гэнэн цагаахан хүүхдийн ертөнц яагаад түнэр харанхуй мэт болж тэд маань хорвоогоос буцахаар яарах болов. Өнөөдөр энэ талаарх сэдвийг хөндөхөөр Хүүхэд өмгөөлөл төвийн тэргүүн ахлах өмгөөлөгч, Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр хүн амины онц ноцтой гэмт хэрэг дээр ажиллаж байгаа учраас зургаа нууцлахыг хүссэн юм. Бид хоёр ярилцлагаа ийнхүү эхлүүллээ.

Сайхан хаваржиж байна уу?  Хүүхэд өмгөөллийн төв хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

Манай төв 2008 оноос ажиллаж эхэлсэн. Өмнө нь ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн  туслалцаа авч үнэгүй ажиллаж байсан. Одоогоор санхүүжилт зогссон учраас тодорхой хэмжээний мөнгөөр ажиллаж байна.

Танай төвд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд хандаж байна вэ?

Өсвөр насны охидын хувьд биеэ үнэлэх болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох нь олон байна.  Харин эрэгтэй хүүхдүүдийн хувьд ижил хүйстний бэлгийн чиг хандлага өөрчлөгдөх байдал ажиглагдаж байгаа нь их харамсалтай. Эрэгтэй хүүхдүүд бие биендээ уруу татагдаж бэлгийн чиг хандлагаа өөрчилж байгаад анхаарах хэрэгтэй. Бэлгийн чиг хандлага нь өөрчлөгдсөн нь төрөлхийнх байна уу, эсвэл цаг үеэ дагаад ижил хүйстэн болох нь нэг ёсны моод болоод байна уу гэдгийн цаад утгыг маш сайн судлах хэрэгтэй. Мөн өсвөр насныхан хулгайн хэрэг, танхай , булаалт, хүчин, тамхи мансууруулах бодис, газ  үнэрлэж байна.

Хүүхэд хүүхдээ хүчиндэх гэмт хэрэг ихэссэн гэж байна. Эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой юу?

Ялангуяа хавар болж сургууль төгсөлтийн үеэр хүүхдүүд нийлж дарвидагаас болоод хүүхдүүд хүчингийн хэрэгт холбогддог. Би хөвгүүдийг их өмгөөлдөг лдөө. Зарим охидууд  бэлгийн харилцаанд орчихоод дараа нь намайг хүчиндсэн гэдэг. Ичсэн хүн, хүн ална гэгчээр эцэг эхдээ худлаа хэлэх тохиолдол байдаг. Сайн судлаад үзэхээр хоорондоо тохирсон ч тохиолдол байдаг

Сүүлийн үед өсвөр насныхны дунд амиа хорлох асуудал их гарах болсон. Тэдний сэтгэл зүйд юу нөлөөлж байна вэ?

Гол буруутан нь тэдний хамгийн дотны хүмүүс болох эцэг эхчүүд. Өнөөдөр амьд харилцаа гэж үгүй болж хүүхдүүдтэйгээ хайраар харьцахаа больсон. Эд материал үнэтэй гар утас, үнэтэй гутал хувцас хайрыг хэзээ ч орлохгүй. Эцэг эхчүүд хүүхэддээ өдөрт дор хаяж 5 минутыг гаргах хэрэгтэй. Хоолныхоо ширээг тойроод суухдаа  миний охин, хүү юу хийж байна, хэнтэй найзалж,юу хүсч мөрөөдөж байна гэх мэтчилэн үеийнх нь хүн шиг харьцах хэрэгтэй. Яг ийм харилцаа дутагдсанаас  хүүхдүүд нь ганцаардаж янз бүрийн гэмт хэрэгт холбогдож байна. Гадаадад ажиллаж байгаа эцэг эхчүүд хүүхдээ дутагдах зүйлгүй л бол болно гэж ойлгодог. Гэтэл хүүхдэд нь зөвхөн хайр л дутагдаад байдаг. Магадгүй нэг хүү, охинтой үерхдэг ч юмуу тэр нь бүтэхгүй сэтгэлийн гуниг зовлонгоо хуваалцах дотны хүнгүйгээсээ болоод хэн нэгэнд гологдсон гологдмол хаягдмал сэтгэл зүйгээс амиа хорлохыг завддаг. Хэрвээ тэр охинтой ч юм уу хүүтэйгээ ээж аав нь дотночилон ярьдаг бол ийм байдал үүсэхгүй. Зүгээр л эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйг маш сайн  ойлгож өөрийнхөө өсвөр насыг яаж өнгөрч байсныг бодох ёстой. Надад юу дутагдаж өслөө, үнэхээр манай аав ээж намайг хүн гэж харьцаж  байсан уу, зүгээр  манай хүүхдэд хоол, компьютер нь л байвал болоо гэж харьцаж байсан уу гэдгийг бодох хэрэгтэй.

Өнөөдөр амьд харилцаа гэж үгүй болж эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хайраар харьцахаа больсон. Эд материал үнэтэй гар утас, үнэтэй гутал хувцас хайрыг хэзээ ч орлохгүй.

Миний бодлоор сургалтын программд хүнийг хүн болгох, ардын ухаанаар сургах чиглэлийн хичээл орхигдсон юм шиг санагддаг лдаа. Таны хувьд?

Та хүүхдээ маш бас мундаг математикч эсвэл маш мундаг хуульч болгож болно. Гэхдээ хүн болгох хүнийг хайрлах, өрөвдөх, сэтгэлтэй болгоно гэдэг хэцүү. Сүүлийн үеийн эцэг эхчүүдийн хандлага охиноо мисс болгоно гэж ярьж байх жишээтэй.  Бараг л хүүхдийнхээ үсийг авч байхдаа мисс болоорой гэж ерөөж байна. Гэтэл мисс гэдэг чинь өөрөө өрөөсгөл ойлголт. Охиндоо чи гоё ганган туранхай алаг нүдтэй л бол амьдрана гэдэг маш буруу ойлголтыг суулгаж байна. Эмэгтэй хүүхдийн оюун ухаан сэтгэл зүйд нь ухаан суулгах хэрэгтэй. Охиндоо яагаад сайхан гэрээ цэвэрлэх, хоол хийхийг зааж болохгүй гэж. Ирээдүйн ээж болох охинд чинь энэ л хэрэгтэй. Өнөөдөр охидын клуб, сургууль олон боловч яаж гоё загвар өмсөгч шиг алхах, хувцаслах, нүүрээ яаж будах вэ гэдгийг заах биш яаж эрүүл байх, эрүүл хоол унд хэрэглэх, хүнтэй зөв боловсон харьцах, энгийн хувцасаа яаж цэвэрхэн зөв тохируулан өмсөх вэ гэдгийг заах ёстой. Гэтэл эцэг эхчүүд нь ч багш нар ч үүнийг анхаардаггүй. Монголчууд уламжлалаасаа маш их холдож байна. Канадын 20 гаруй настай залуу Монгол гэр хийж сурмаар байна гээд над дээр ирж байна. Тэгэхэд өнөөдөр Монгол хүү би монгол гэрээ гоё хийж суръя, Монгол хэлээ төгс эзэмшье, гэсэн хүн хэд байгаа бол. Яагаад Япон, Герман өндөр хөгжсөн юм. Тэд ерөөсөө л өөрсдийнхөө уламжлалыг маш чанд хадгалсан хүмүүс байдаг. Япон хүний дотор чи бол Япон хүн шүү гэсэн ойлголтыг хүүхэд наснаас нь тархинд нь суулгаад өгчихсөн. Японд охидын өдөр гэж байдаг. Тэр өдрөөрөө охид цайны ёслолоо хийж, кимоноо өмсдөг. Япон эмэгтэй хүн ямар байх вэ гэдгийг багаас нь  зааж өгөөд байна шдээ. Өнөөдөр бидэн дунд олигтойхон цай чаначих охин ч бараг ховор. Айлын эхнэр болсон 30 гаруй насныхан ч ус буцалгачихаад түүнийгээ цай гэж хүнд өгч байна.  Сүүтэй цайгаа яаж самрах,  хэрхэн өргөх талаар мэдэхгүй л байна.

Канадын 20 гаруй настай залуу Монгол гэр хийж сурмаар байна гээд над дээр ирж байна. Тэгэхэд өнөөдөр Монгол хүү би монгол гэрээ гоё хийж суръя, Монгол хэлээ төгс эзэмшье, гэсэн хүн хэд байгаа бол

Хүн бүр л эдийн засаг ярьж эд хөрөнгөөрөө уралдаж байна гэх болж. Та үүнтэй санал нийлэх үү?

Хэвлэл мэдээллүүд хяналтгүй мэдээлэл цацаж байгаа нь хүмүүсийг эд материалын уралдаанд оруулж байна. Дээхэн үед Монголчууд дугуй гэртээ халуун дулаан уур амьсгалтай,үр  хүүхэдтэйгээ хоолоо хувааж идээд хүүхэддээ биеэрээ үлгэрлэж, аман зохиолоо ярьж өгдөг сайхан аж төрөх ёс байсан. Гэтэл одоо хүмүүсийг байранд ор, хот руу яв, тэнд л диваажингийн амьдрал байгаа гэж итгүүлдэг. Яагаад заавал хүмүүс Улаанбаатарт ялаа батгана шиг шавааралдаж амьдрах ёстой юм. Гэтэл энд хүүхэд тоглох тоглоомын газар ч байхгүй шүү дээ. Засаг төр нь энэ бүхнийг өөгшүүлээд та нар орон сууцанд ор, газраа өг гээд л.  Яг үнэндээ байрны хүүхдүүд нь тоглох газаргүй машин дор ороход бэлэн, ямар ч эрүүл амьдрах орчин бүрдээгүй нөхцөлд амьдарч байна. Байшингийн материал нь бүгд харшилт үүсгэгчтэй. Харшил гэдэг чинь зөвхөн хоол унднаас биш барилгын материалаас л болж байгаа юм. Уг нь Монголчууд бид чинь уудам газар нутагтаа тунгалаг устай цэнгэг агаартай ард түмэн шүү дээ.

Монголчууд аль болох л эх орноосоо дайжиж өндөр хөгжилтэй гадаадын орнуудад үр хүүхдүүдээ сургах сонирхолтой болж.  Монголд сайн мэргэжил эзэмшиж сайхан амьдрах нөхцөл боломж бий юу?

Гадаад орон гэдэг чинь диваажин биш. Эцэг эхчүүд яаж хүүхдээ Америк явуулж гадаадад сургах вэ гэж л бодох болж. Гэтэл тэнд хүмүүсийн зовлон жаргал бүгд бий.  Магадгүй Монголд байхгүй зовлон тэнд гарч ирнэ. Өчигдөр хүртэл над дээр 15 настай охиноо Америк руу явуулна гэсэн ээж ирсэн. Би харамсч л байлаа. Тэр охин ээж ааваасаа хөндийрөөд тэнд очоод хэн болоод ирэх юм бүү мэд.  Хажуугаар нь хэвлэл мэдээллийнхэн гадны оронд очихдоо тэр орныг, магтаад л байдаг. Яагаад манай нэг сэтгүүлч Америкын хар тамхичины гудамж,  Тайландын биеэ үнэлэгчид, насанд хүрээгүй охидуудыг эцэг эх нь эд бараа шиг худалдаж байгаа тэр  байдлаар нэвтрүүлэг хийх хэрэгтэй шдээ . Тэнд хүүхэд насгүй маш олон хүүхдүүд байна. Энэ бүхнийг Монголтойгоо харьцуулах ёстой.

хүмүүсийг байранд ор, хот руу яв, тэнд л диваажингийн амьдрал байгаа гэж итгүүлдэг. Яагаад заавал хүмүүс Улаанбаатарт ялаа батгана шиг шавааралдаж амьдрах ёстой юм. Гэтэл энд хүүхэд тоглох тоглоомын газар ч байхгүй шүү дээ. Засаг төр нь энэ бүхнийг өөгшүүлээд та нар орон сууцанд ор, газраа өг гээд л.

Өнөө үед хүүхдүүдийн харилцаа хандлага маш муу болж. ЕБС-ийн хүүхдүүдийн амнаас дандаа хараалын үг урсах юм?

Түрүүн хэлсэнчлэн Монгол зан үйлээ сурталчилах хэрэгтэй. Наад зах нь ах хүнтэй яаж мэндлэх тухай. Монголчуудад мэндийн сайхан үгнүүд олон бий. Одоо бол Сайн уу?  Юу байна? гээд л боллоо. Гэтэл  Сайн байна уу? Та сайхан хаваржиж байна уу? Таны ажил үйс сайхан бүтэг гэж ерөөл хэлж сурах зэргийг  заах хэрэгтэй. Миний анзаарсанаар цэцэрлэгүүд харин заадаг юм байна лээ. Орчин үед Америк сургууль, English school гэж их ярих юм. Эхлээд хүүхдээ Монгол хүн болго л доо дараа нь тэр гадаад хэлийг нь зааг. Хүүхдээ эхлээд 10 нас хүргээд дараа нь гадаад хэл зааж болно. Америк сургуульд хүүхэд нь явдаг гэхэд тэр хүнийг их баян хүн байна гэж бодно гэсэн муйхар ойлголт их байна. Би өөрийнхөө социолизмын үед авсан боловсролоо муу боловсрол гэж үздэггүй. Миний багш нар ч  их сайн хүмүүс байсан .Наад зах нь бид нарт эх орноо, эх нутгаа хайрлах сэтгэлгээг суулгаж өгсөн. Хувь хүнийхээ хувьд би баруун Германд боловсрол эзэмшсэн ч хэзээ ч тэр нутагт шингэчихье гэж бодоогүй. Би Монголдоо өөрийнхөө чадах зүйлийг хийнэ л гэж бодож ирсэн дээ. Одоо эргээд 50 гаруй насны өндөрлөгөөс харахад миний багш нар бидэнд ямар сайн суурь боловсролыг өгсөн юм бэ гэж боддог. Өнөөдөр Монголын дунд сургуулийн хүүхэдтэй сонгодог Монгол хэлээр ярихад бараг ойлгохгүй дээ.

Өсвөр насны хүүхдийн хүмүүжилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа Солонгос кинонууд их нөлөөлөөд байна уу даа?

Мэдээллийн хэрэгслүүд юмыг аль өнцөгөөс гаргах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ялангуяа Солонгос киноны соёлын нөлөөнд Монгол охидууд орчихсон архи уугаад найз залуудаа үүрүүлээд эсвэл цүнхээ бариулаад явж байх жишээтэй. Гараад харахад хосуудын хэд нь охидынхоо цүнхийг барьж яваа бол. Эмэгтэй хүүхдийн цүнхийг нэг банди бариад л явж байдаг. Энэ бол Монгол ёс биш ш дээ. Манай Монгол ёсонд хэзээ эр хүний нуруун дээр өвчтэй тахир дутуу биш л бол дүүжлэгдээд явж байдаг билээ. Өөрийнхөө будаг шунхаа хийсэн цүнхээ бариулаад явж байдаг ёс бидэнд бий бил үү.Тэрийгээ ч маш гоё харагдаж байна гээд бодчихсон. Энэ тухай хэн ч хэлдэггүй эцэг эхчүүд нь ч хэлдэггүй. Энэ маш буруу зүйл. Солонгос кинонд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.

Таны хувьд хичнээн хэрэг дээр ажиллаж байв. Нууц биш бол хамгийн хүнд хэрэг нь ямар хэрэг байв?

Ноднин нэг хүнд хэрэг дээр ажилласан. Энэ жил ч бас нэг хүнд хэрэг дээр ажиллаж байна. Насанд хүрээгүй гурван охин хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон. Тэдгээр хүүхдүүдийг хараад харамсах сэтгэл төрж байсан лдаа.13 настайгаасаа эхлээд л биеэ үнэлсэн 14, 15 хүрээд мэргэжлийн биеэ үнэлэгчийн хэмжээнд оччихсон. Тэдгээр охид бол гэр оронгүй гудамжны тэнэмэл өнчин өрөөсөн биш ээж аавтайгаа амьдардаг. Гэтэл сурч мэдэх  хайран насандаа биеэ үнэлж байгаа нь эмгэнэлтэй. Яагаад биеэ үнэлээд буудлаар яваад байдаг юм гэхээр гоё хувцас өмсөх, нүүрний будаг авах, гоё хоол идэх гэсэн юм л гэж хариулдаг. Тэдгээр жаахан охидыг авч байгаа насанд хүрсэн эрэгтэйчүүд нь ч яасан ялзарсан дотортой хүмүүс байдаг юм. Насанд хүрээгүй охидын биеийг бөөнөөр нь үнэлүүлж байгаад сүүлдээ бараа шиг худалдсан хэрэг байсан.  Ер нь хүүхдүүдээ эцэг эхээс гадна хөрш айл нь хүртэл танай 13 настай охин харагдахаа байчихлаа хаачив,  сургууль нь хүртэл энэ охин олон хоног хичээлдээ ирсэнгүй гээд асууж сураглах хэрэгтэй. Өнөөдөр УБ хотод байгаа ямар ч хорооны ажилтан айл өрхөөр яваад бүртгэл судалгаа хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Нэг л гоё офисст кофе уусан хүмүүс байдаг.

Солонгос киноны соёлын нөлөөнд Монгол охидууд орчихсон архи уугаад найз залуудаа үүрүүлээд эсвэл цүнхээ бариулаад явж байх жишээтэй. Монгол ёсонд эрэгтэй хүн эмэгтэй хүний цүнхийг барьж, үүрч явдаг ёс байхгүй

Өнөөдөр ашиг орлогоо бодсон хүмүүс хүүхдэд архи зарж, PC тоглоомын  газрууд  хонуулж, насанд хүрээгүй охидод буудал үйлчилж байна. Бид хүний ёс алдагдсан нийгэмд амьдарч байна уу даа?

Үйлчилгээний байгууллагууд зөвхөн мөнгө мөнгө гэж амьдарч болохгүй. Эрэгтэй хүүхдүүдийг PC хонуулж тоглуулсанаар хүүхдүүд дан хүчирхийлэл , алаан хядааны тоглоом тоглож байна. Харин сургуулийн насны охидууд нь паб бааранд суугаад архи тамхи хэрэглэж зочид буудалд ороход нь оруулаад л биеийг нь үнэлүүлдэг. Энэ нь өөрөө гэмт хэрэг. Тийм боломж олгож байгаа хүмүүс нь ч өөрсдөө хэрэгтэн болж байгаа юм.

Өсвөр насныхны гэмт хэрэг, сэтгэл зүйн асуудлаар ярилцсанд баярлалаа. Таны энэхүү ярилцлагаас олон сайхан залуу гэр бүл, эцэг эхчүүд үлгэр дуурайлал авч нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ. Таны ажил үйлст өндөр амжилтыг хүсье.

Баярлалаа. Цэцэг цэврүү шиг монголын олон мянган охид хөвгүүд маань азжаргалтай байж. Тэднийг маань гуниг зовлонгийн бараан сүүдэр бүү дайраасай. Сэтгүүлч дүүгийн олныг гэгээрүүлэх сарууль үйлст нь ч мөн сүү шиг ариун амжилтыг хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Urnaa
Za boli doo 90ond ch naiz zaluudaa uuruuleed, tsunhee bariulaad yavj l baisan. Medehgui yumaa bitgii yari
2016/04/20 103.17.108.42
Ene odoo uy soliorood bna! Us chanaad tsai geed suuj bna ch geh shig. Huvguudiig umuurdug ch geh shig ... Eregtei hun emegtei hunii tsunhiig uurdeggui ... Horvoo delhiitei hul niilj mur zeregtsen hugjuuchee...
2016/04/19 103.17.108.42
teged chi bairand hotod amidarch boldog busad ni boldoggui yum u hutsna biz
2016/04/19 103.17.108.42
Яагаад Япон, Герман өндөр хөгжсөн юм. Тэд ерөөсөө л өөрсдийнхөө уламжлалыг маш чанд хадгалсан хүмүүс байдаг. Япон хүний дотор чи бол Япон хүн шүү гэсэн ойлголтыг хүүхэд наснаас нь тархинд нь суулгаад өгчихсөн. Я
2016/04/19 103.17.108.42
Халхгол
Сайн байна сэтгүүлчээ энэ л бидэнд үгүйлэгдэж байна баярлалаа Олон хүн уншаасай
2016/04/19 103.17.108.42
Маш зөв ухаалаг сэдэв хөндөж байгаад талархаж байна.Монголчууд дэндүү мунхаг болжээ гал голомтоо хүйтэн цэвдэг байшингаар сольж гал голомтоосоо салсны муу үр дагавар үүнээс л эхэлж байгаа юм даа Монголчууд бидний гал голомт нь гал шүү дээ Харийн зүйлд бүү
2016/04/19 103.17.108.42