Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч байгааг мэдэхгүй мөртлөө тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм, буман хүмүүсээр дүүрэн. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай. Зөв амьдарвал аз жаргал гэдэг та өөрөө юм гэсэн сайхан мэдээлэлээр өнөөдрийн тоймоо эхлүүлэх гэж байна.
Аз жаргал гэж юу вэ?
Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр агшинг
Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг
Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг
Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг аз жаргал гэнээ.
Халуун бүлээрээн бүгдээрээ хамтдаан амьдрах тэр амьдралыг
Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг
Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг
Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч аз жаргал гэнэ. Аз жаргалтай хүн бүрт зориулсан Монголын нэг өдөр тоймоо хүргэж гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.
МАХН, МАН эвсэх боломжгүй болов
Өчигдөрхөн МАН,МАХН хоёр сонгуулиар эвсэж, хамтдаа оролцоно гэсэн мэдээлэл хийсэн. Гэтэл МАН, МАХН-ы тохироо нэг ч хоног болоогүй тохиролцооноосоо буцжээ. МАХН тохирооноосоо буцсан учраас МАН эвсэх боломжгүй гэсэн мэдээлэл хийлээ. МАХН-аас 51:25 гэсэн харьцааг өөрчлөх санал ирүүлсэн учраас эвсэх боломжгүй болсон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "МАН-ын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ бага хурлаар МАН, МАХН сонгуулиар эвсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гээд чадахгүй байна. Н.Энхбаяр дарга бусад нам эвслүүдтэй яриа хийгээд яваад байгаа бололтой. Яг одоогоор хэлэлцэж тохиролцсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд ирүүлж эхэллээ. Тухайлбал орон нутгийн сонгуульд оролцохдоо ИТХ-д авсан суудлын тоо саналын тоо харгалзана гэдгийг 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөх гэж байна.Квотыг тогтоохдоо МАН 80, 20 МАХН байна гэдгийг нэмж оруулах, засаг дарга, ИТХ авсан суудлаас үл хамааран сөөлжилж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцсан" гэв. Хэлсэнээсээ буцсан учраас МАХН-тай эвсэх боломжгүй гэж үзэж байгаа аж.
Э.Амарбат: УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгахыг хүлээн зөвшөөрөхгүй
Прокурорын байгууллагаас 2016 оны нэдүгээр улиралд хийсэн ажлаа танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ. "Прокурорын байгууллага 2016 оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 14,767 хэргийн 4,529 хэрэг буюу 30.6 хувийг хэрэгсэхгүй болгож, 1.554 хэрэг буюу 10.5 хувийг шүүхэд шилжүүлж ажилласан байна. Энэ онд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсаны дараагаар Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуулла
-Прокурорын байгууллага олны анхаарал татсан ямар хэргүүдийг шалгаж байна вэ, Тухайлбал Г.Дэнзэнгийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг тэгж ингэж шийдлээ гэсэн албан ёсны шийдвэр надад алга байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа шувтрах шатандаа явж байсан. Прокурорт шилжиж ирсэн эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
-С.Зориг агсны эхнэр Б.Булганы эрх зөрчигдөж байна гэсэн мэдээллийг түүнтэй уулзаад ирсэн УИХ-ын гишүүд өгч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүд очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна лээ. Б.Булганы нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэл хүргэсэн байсан. Үүнтэй холбогдуулан прокуророос нөхцөл байдал ямар байгааг тодруулах, гишүүдийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй зөв байна уу гэдгийг албан ёсоор шалгаж байгаа. Энэ шалгалтын дүн ойрын хугацаанд гарах байх. Тухайн үед нь мэдээлнэ. "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, Х.Баттулгыг баривчлах гэж байна" гэх мэт мэдээллүүд гарсан. Энэ талаар энд дарж уншаарай.
Улаанбурхан өвчний улмаас 20 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна
Он гарсаар улсын хэмжээнд нийт 16545 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3528 (21 хувь) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Энэ сарын 17-ны байдлаар ХӨСҮТ-д 358 өвчтөн хандсаны 250 (69 хувь) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 59 (23 хувь) нь хэвтэж, 158 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 410 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 20 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Зэвсэглэсэн бүлэг этгээд ШТС дээрэмдээд зугтжээ
Манай улсад үе үе банк, ШТС дээрэмддэг хэрэг гардаг боллоо. Хоёр хоногийн өмнө гэхэд Дорнод аймгийн Чойбалсан хотод ШТС дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 16-17-нд шилжих шөнө тус аймгийн Хэрлэн сумын аравдугаар багт орших “Жаст-Ойл” ШТС-ыг зэвсэглэсэн этгээд дээрэмдээд зугтсан байна. Сэжигтэн этгээд ШТС-ын түгээгчийн амыг нь скочдож, хүлэн улмаар гурван сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтаасан байна. Түгээгчийн өгсөн мэдүүлгээр сэжигтэн этгээдүүд гурвуулаа байсан бөгөөд 18-20 гаруй насны гурван залуу байжээ. Хэргийг мөрдөж байгаа ч одоогоор сэжигтэн этгээдүүд баригдаагүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
А.Амартайван: Ээлжит бус хуралд намын удирдах зөвлөлийн нэг ч хүн ирээгүй
Тусгаар тогтнол эв нэгдлийн нам өчигдөр ээлжит бус их хурлаа хийсэн. Энэ удаагийн ээлжит бус их хурлыг тус намын шинэ дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга удирдан явуулсан. Мөн тус намын хуралд УИХ-ын дэд дарга Л.Цог, ЗХУ, БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа, Ардын жүжигчин Г.Хайдав, хуульч С.Нарангэрэл, “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатар, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэргүүтэй гишүүд дэмжигчид хүрэлцэн иржээ. Мөн Нарантуул худалдааны төвийн босс Ш.Сайхансамбууг тус намд элссэн гэх мэдээлэл байна. Харин намын удирдах зөвлөлийн гишүүдээс ч ээлжит бус хуралд хэн ч суугаагүй юм байна.
Энэ асуудлаар Тусгаар тогтнол эв нэгдлийн намын удирдах зөвлөлийн гишүүн А.Амартайвангаас дараахь зүйлийг тодрууллаа.
- Тусгаар тогтнол эв нэгдлийн намыг анх хэн гэдэг хүн үүсгэн байгуулсан вэ?
- Энэ нам өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан.Энэ намыг н.Эрдэнэжаргал гэдэг хүн үүсгэн байгуулж, намын мөрийн хөтөлбөр дүрэм журмыг гарсан юм. Харин анхны намын дарга Баянбилэг гэдэг хүн байсан. н.Эрдэнэжаргал анх Эв нэгдэл хөгжлийн намыг байгуулах гэж байна гээд над дээр ирсэн. Би мөрийн хөтөлбөр болон бусад зүйлтэй нь танилцаж “хөгжлийн” гэдгийг нь эв нэгдэл болгосон. Ингэж л Тусгаар тогтнол эв нэгдлийн нам болсон түүхтэй. Анх байгуулагдаж байхдаа дэмжигчдийн тоо 15 мянга хүрсэн. Би энэ намын удирдах зөвлөлийн долоон гишүүний нэг нь. Бага хурлаар сонгогдож байсан. Өчигдөр намын дарга УИХ-гишүүн Г. Уянга боллоо гэдгийг сонссон. Одоо бүтцийн хувьд бүтэн өөрчлөлт орсон байгаа.
- Та ээлжит бус хуралд очсон уу?
-Үгүй ээ. Би таван сар намын үйл ажиллагаанд оролцоогүй. Надад хурлын талаар ямарч мэдээлэл ирээгүй. Би одоо хүртэл намын гишүүн хэвээрээ байгаа. Намынхаа талаар мэдээлэл сонсоод байх нь удирдах зөвлөлийн гишүүдийг тараасан сурагтай. Манай намын ерөнхий нарийн бичгийн дарга н.Баттөр гэдэг залуу тараасан сураг байна. Одоо энэ хүнийг ямар эрх мэдлийнхээ хүрээнд удирдах зөвлөлийн гишүүдийг тараасан гэдгийг мэдэх гээд байж байна. Өнөөдөр намын удирдах зөвлөлийн гишүүд болон анх үүсгэн байгуулсан хүнтэйгээ уулзана.
-УИХ-ын гишүүн намын дарга болохоос өмнө тантай уулзсан уу?
-Г.Уянга гишүүнтэй уржигдар хальт уулзсан. Нам шинэ бүрэлдэхүүнтэй болж байгаа гэдгийг хэлсэн. Би гишүүнтэй уулзахдаа намын гишүүдийн талаар хэлсэн байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.
Б.Соёл-Эрдэнэ: Эрэгтэй хүнд цүнхээ бариулах нь Монголын ёс биш
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон, хорлохыг завдсан харамсалтай хэргүүд чих дэлсүүлж, зүрх шимшрүүлэх болсон. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа гэнэн цагаахан хүүхдийн ертөнц яагаад түнэр харанхуй мэт болж тэд маань хорвоогоос буцахаар яарах болов. Өнөөдөр энэ талаарх сэдвийг хөндөхөөр Хүүхэд өмгөөлөл төвийн тэргүүн ахлах өмгөөлөгч, Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр хүн амины онц ноцтой гэмт хэрэг дээр ажиллаж байгаа учраас зургаа нууцлахыг хүссэн юм. Бид хоёр ярилцлагаа ийнхүү эхлүүллээ.
Сайхан хаваржиж байна уу? Хүүхэд өмгөөллийн төв хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
Манай төв 2008 оноос ажиллаж эхэлсэн. Өмнө нь ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн туслалцаа авч үнэгүй ажиллаж байсан. Одоогоор санхүүжилт зогссон учраас тодорхой хэмжээний мөнгөөр ажиллаж байна.
Танай төвд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд хандаж байна вэ?
Өсвөр насны охидын хувьд биеэ үнэлэх болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох нь олон байна. Харин эрэгтэй хүүхдүүдийн хувьд ижил хүйстний бэлгийн чиг хандлага өөрчлөгдөх байдал ажиглагдаж байгаа нь их харамсалтай. Эрэгтэй хүүхдүүд бие биендээ уруу татагдаж бэлгийн чиг хандлагаа өөрчилж байгаад анхаарах хэрэгтэй. Бэлгийн чиг хандлага нь өөрчлөгдсөн нь төрөлхийнх байна уу, эсвэл цаг үеэ дагаад ижил хүйстэн болох нь нэг ёсны моод болоод байна уу гэдгийн цаад утгыг маш сайн судлах хэрэгтэй. Мөн өсвөр насныхан хулгайн хэрэг, танхай , булаалт, хүчин, тамхи мансууруулах бодис, газ үнэрлэж байна.
Хүүхэд хүүхдээ хүчиндэх гэмт хэрэг ихэссэн гэж байна. Эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой юу?
Ялангуяа хавар болж сургууль төгсөлтийн үеэр хүүхдүүд нийлж дарвидагаас болоод хүүхдүүд хүчингийн хэрэгт холбогддог. Би хөвгүүдийг их өмгөөлдөг лдөө. Зарим охидууд бэлгийн харилцаанд орчихоод дараа нь намайг хүчиндсэн гэдэг. Ичсэн хүн, хүн ална гэгчээр эцэг эхдээ худлаа хэлэх тохиолдол байдаг. Сайн судлаад үзэхээр хоорондоо тохирсон ч тохиолдол байдаг
Сүүлийн үед өсвөр насныхны дунд амиа хорлох асуудал их гарах болсон. Тэдний сэтгэл зүйд юу нөлөөлж байна вэ?
Гол буруутан нь тэдний хамгийн дотны хүмүүс болох эцэг эхчүүд. Өнөөдөр амьд харилцаа гэж үгүй болж хүүхдүүдтэйгээ хайраар харьцахаа больсон. Эд материал үнэтэй гар утас, үнэтэй гутал хувцас хайрыг хэзээ ч орлохгүй. Эцэг эхчүүд хүүхэддээ өдөрт дор хаяж 5 минутыг гаргах хэрэгтэй. Хоолныхоо ширээг тойроод суухдаа миний охин, хүү юу хийж байна, хэнтэй найзалж,юу хүсч мөрөөдөж байна гэх мэтчилэн үеийнх нь хүн шиг харьцах хэрэгтэй. Яг ийм харилцаа дутагдсанаас хүүхдүүд нь ганцаардаж янз бүрийн гэмт хэрэгт холбогдож байна. Гадаадад ажиллаж байгаа эцэг эхчүүд хүүхдээ дутагдах зүйлгүй л бол болно гэж ойлгодог. Гэтэл хүүхдэд нь зөвхөн хайр л дутагдаад байдаг. Магадгүй нэг хүү, охинтой үерхдэг ч юмуу тэр нь бүтэхгүй сэтгэлийн гуниг зовлонгоо хуваалцах дотны хүнгүйгээсээ болоод хэн нэгэнд гологдсон гологдмол хаягдмал сэтгэл зүйгээс амиа хорлохыг завддаг. Хэрвээ тэр охинтой ч юм уу хүүтэйгээ ээж аав нь дотночилон ярьдаг бол ийм байдал үүсэхгүй. Зүгээр л эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйг маш сайн ойлгож өөрийнхөө өсвөр насыг яаж өнгөрч байсныг бодох ёстой. Надад юу дутагдаж өслөө, үнэхээр манай аав ээж намайг хүн гэж харьцаж байсан уу, зүгээр манай хүүхдэд хоол, компьютер нь л байвал болоо гэж харьцаж байсан уу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай.
Засаг дарга Д.Пүрэвдаваагийн хууль бус үйлдэлийг дэлгэлээ
Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийнхээ эмэгтэй ажилтанд гар хүрсэн талаар мэдээлэл өмнө нь олон удаа гарч байсан. Засаг дарга Д.Пүрэвдаваагийн талаар сайн гэхээсээ илүү саар мэдээлэлүүд их гардаг. Энэ хэрэг өдгөө ч эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд засаг даргадаа зодуулсан гэх бие давхар эмэгтэй ажлаасаа халагдан цагдаа шүүхийн хаалга татаж явна. Харин түүнийг өмөөрч хамгаалсан эргэн тойрны хүмүүс нь эхнээсээ ажлаас халагджээ.
Тухайлбал, Н.Эрдэнэ гэх эмэгтэйг Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулж байхыг харсан гэх тус дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга асан Д.Оюунтуяа дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хууль бусаар ажлаасаа халагдсан байна. Д.Пүрэвдаваа алхам тутамдаа хууль зөрчдөг гэж БЗД-ийн АН-ын шинэчлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Д.Пүрэвдаваагийн хууль зөрчсөн үйлдлүүд хэрээс хэтэрч, цаашлаад сонгуулийн өмнө намын нэр хүндийг гутааж, олон түмэн сонгогчдын өмнө АН-ыг муухай харагдуулж байна гэв.
Д.Пүрэвдаваагийн өнгөрсөн хугацаанд хийсэн хууль бус үйлдлүүдийг дурьдсан юм.Тодруулбал, нэгдүгээрт: Д.Пүрэвдаваа анхнаасаа хууль бусаар сонгогдсон нэгэн бөгөөд Төрийн албан хаагчийн хууль дүрмийг зөрчсөн нэгэн аж. Тэрбээр төрийн албанд гурваас дээш жил ажилласан хүн Засаг дарга хийх ёстой атал гурван сар хүрэхгүй хугацаанд Э.Бат-Үүлийн туслахаар ажиллаж байсан.
Хоёрдугаарт: Э.Бат-Үүлийн туслахаар ажиллаж байхдаа АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлээгүй.
Гуравдугаарт: Д.Пүрэвдаваа нь дүүргийн ажлыг намын ажилтайгаа хольж хутган гишүүдээсээ намдаа хандив өгөхийг шаарддаг. Тэрбээр дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн улирал бүр авдаг таван сая төгрөгийн урамшууллын мөнгийг АН-ын гишүүн төлөөлөгчдөөс намдаа хандивла хэмээн шаарддаг гэв.
Өнөөдөр болсон үйл явдлын тойм
-УИХ-ын гишүүн Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг найм хоногийн өмнөөс удирдах болсон билээ. Одоогоос жилийн өмнө байгуулагдсан тус намын нууц ноёнтноор Женко Х. Баттулга байгаа гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан. Үнэхээр ч тус намын асуудал Х. Баттулга зэрэг хуучин намдаа багтаж шингэхээ больсон "томчуудын" зохион байгуулсан төсөл болох нь тодорхой байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн баттай эх сурвалжийн мэдээгээр УИХ-ын гишүүн Г.Уянгыг "Тусгаар тогтнол, эв нэгдлийн” нам болон ХҮНамын эвслийг удирдан сонгуульд орохоор болсон байна.
-Өнөөдөр эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд буюу цагаан халаадтанууд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 дүгээр зүйлд "Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эдлэнэ. Эсвэл 2-8 жил хорих ял эдэлнэ" гэсэн заалтыг ийнхүү эсэргүүцэж байгаа аж. Тэдний хэлж байгаагаар “Тус хуулийн 10.1 зүйлд хүнийг санаатай алдсан тохиолдолд 8-15 жилийн хорих ял эдэлнэ гэж заасан нь эмнэлгийн мэргэжилтэн болгоомжгүйгээр үйлчлүүлэгчид Хүнд хохирол учруулах эсхүл нас барсан тохиолдлын эрүүгийн хариуцлагыг дээд хэмжээтэй адил байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байгаа юм. Тиймээс хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг УИХ, Засгийн газар, Эрүүл Мэнд Спортын яам, Хууль зүйн яаманд хүргүүлж байгаа аж. Хэрвээ тэдний энэхүү мэдэгдэлд тодорхой хариулт өгөхгүй бол тэмцэл хийхээ мэдэгдлээ. Тэд эсэргүүцлээ илэрхийлсэн хэвлэлийн хурлаа “Монголын шорон эмч сувилагчдаар дүүрэх үү” гэж хаяглажээ.
- School police төслийн нээлттэй хаалганы өдөрлөг Монголын хүүхдийн ордонд боллоо. Энэ үүеэр төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургуулиудыг шагнаж урамшуулахаас гадна шилдэг эцэг эхчүүдийг шагнав. Түүнчлэн тус хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа, ямар үр дүнд хүрсэн талаар НИТХ, цагдаагийн газар сургуулийн захирлууд мэдээлэл өглөө.
Маргаашийн ажилд тань амжилт хүсье.