Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
---------------------------------------------------------------------------
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин:
-Сонгууль ойртохоор тэтгэврийг 10-20 мянгаар нэмэхээр үнийн өсөлттэй холбоотойгоор үнэ цэнэ нь мэдрэгддэггүй. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд орж байгаа чухал суурь өөрчлөлтүүдийн нэг нь тэтгэврийг жил бүр үнийн өсөлттэй уялдаж нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн худалдан авах чадварыг сайжруулах зохицуулалт оруулж ирсэн. Хуулийн хэлэлцүүлгийн үед ард иргэдээс тэтгэврийг үнэ цэнэтэй болгох санал ихээр ирсэн. Мөн тэтгэврийн тусгай зохицуулалт шинээр орж ирсэн.
Хамт амьдарч байсан хосын аль нэг нь нас барсан тохиолдолд авч байсан тэтгэврийнх нь 20 хувийг үлдсэнд нь өвлүүлж үлдээх зохицуулалт орж ирсэн.
Ажлын хэсэг:
-Тэтгэврийг индексжүүлэн нэмэгдүүлнэ. Харин 7 жилийг 5 жил болгох асуудал дээр тэтгэвэр нөхөж олговол 91 тэрбумын нэмэлт зардал гарахаар байгаа. Нийгмийн даатгалын багц хуульд "Нөхөж олгоно" гэсэн заалтыг оруулаагүй болохоор хуулийн төслийн зардал дээр тусаагүй. Харин хуулийн төсөлд 5 жилээр төлөөд явахад тодорхой хэмжээний даатгуулагчдад шударга байдлыг бий болгохын тулд даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээн дээр хязгаар тавьсан. Даатгуулагч НДШ төлөх дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлж болно. Хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлнө гэж Засгийн газрын тогтоолоор зохицуулсан байдаг. Энэ хуулийн төсөл дээр шууд хуульчилж өгсөн. Албан журмын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр, сайн дурын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлснээр төлнө.