8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨСҮТ: Гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян хөрсөнд 2-4 сар амьдрах чадвартай

2023-08-14 11:06:33

Халууны улиралд тэр дундаа үерийн улмаас гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгддэг талаар холбогдох мэргэжилтнүүд онцолж буй. Учир нь их хэмжээний бороо орсны дараа үер бууж, ил задгай жорлонгийн бохир, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас хөрс, орчны бохирдол үүсгэдэг аж. Улмаар өвчин үүсгэгч бичил биетэн үржих таатай нөхцөл бүрдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна. Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар үерээс шалтгаалсан гэдэсний халдварт өвчин өмнөх онтой харьцуулбал хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн нийт халдварт өвчлөлийн 63 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа юм. Энэ төрлийн өвчнөөр өдөрт дунджаар 24 тохиолдол бүртгэгдэж байгаагаас нийт тохиолдлын 30 орчим хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ерөнхийд нь авч үзвэл, 60.4 хувь нь нийслэл Улаанбаатар хотод, 39.6 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Мөн гэдэсний халдварт өвчний нийт тохиолдлын 75.6 хувийг 0-9 насны хүүхдүүдийн өвчлөл, үүнээс 54 хувь нь1-4 насны хүүхдүүдийн өвчлөл эзэлж байгаа юм. 

ХӨСҮТ: Гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян хөрсөнд 2-4 сар амьдрах чадвартайТандалт судалгааны албаны гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Р.Амгалан 

Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 3 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь буюу 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Тухайн өвчнөөр 0-4 насны хүүхдүүд голчлон өвддөг бөгөөд өвчний үед хүүхдийн гар, хөл, амаар цэврүүтэй тууралт гарч, өндөр халуурдаг. Улмаар хүндрэл үүсэх магадлал өндөр учраас эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй.  

Гэдэсний халдварт өвчний тохиолдлуудын 90 гаруй хувийг цусан суулга өвчин, 4-5 хувийг сальмонеллёз буюу нянгаар үүсгэгдэж, ходоод гэдсийг үрэвсүүлдэг өвчин, үлдсэн хувийг хоолны хордлого эзэлдэг аж. Зонхилж буй цусан суулга өвчин нь халдварын нянг тээж буй хүнээс нөгөө хүнд бохир гар, хоол хүнсээр дамжин халдварладаг байна. Хүмүүсийн шууд хэрэглэдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоо, боловсруулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн зэрэг нь бохирлогдсон хоол хүнсэнд хамаардаг. Түүнчлэн тухайн өвчин үүсгэгч нян нь хөрсөнд 2-4 сар, сүү сүүн бүтээгдэхүүнд 2-60 хоног, усанд хоёр сар амьдрах чадвартай байдаг.  Энэ төрлийн өвчнөөр бүх насныхан өвдөх эрсдэлтэй ч тав хүртэлх насны хүүхэд багачууд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог. 

"Хувийн ариун цэврээ сайтар сахиснаар гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой"

Үүнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчний шалтгаан, илрэх шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны халдвар судлаач эмч Т.Алтан-Ембүүтэй ярилцлаа.

-Энэ төрлийн өвчлөлийн голлох шалтгаан юу вэ? 

-Гэдэсний өвчлөл үүсгэх нян, бактери нь ахуйн хавьтал болон бохир гараар дамжин идэж буй хоол хүнстэй хамт амаар орсноор дотор эрхтнийг өвчлүүлдэг. Мэдээж халдварт өвчин учраас нэг хүнээс нөгөө хүнд дамжин халдварлах боломжтой.

-Гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Халуурах, бөөлжих, толгой, хэвлий өвдөх, олон хоног гүйлгэх, хоолны дуршилгүй болох, тамирдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ерөнхийдөө хордлогын шинжээр илэрдэг гэсэн үг. Гэдэсний халдварт өвчнөөр нийгмийн эмзэг давхарга буюу бага насны хүүхэд, 65-аас дээш ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн ээжүүд болон дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байдаг. Халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн л бол ойролцоох эрүүл мэндийн байгууллагад хандах нь чухал. 

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хувийн ариун цэврээ сайтар сахиснаар халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирэхдээ гадуур хувцсаа тайлах, шаардлагатай тохиолдолд угааж цэвэрлэх, гараа тогтмол савангаар угаах хэрэгтэй. Мөн жимс жимсгэнэ, хүнсний ногоог содатой халуун, бүлээн усаар угаах, мах махан бүтээгдэхүүнээ сайтар боловсруулж хэрэглэх, хоносон хоолыг дахин халааж идэхгүй байснаар энэ төрлийн өвчнөөс сэргийлж болно. Түүнчлэн одоогийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйжүүлэлт хийх нь чухал.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment