Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдөж, Монгол Улсын баг тамирчид дэлхийн аваргатай боллоо.
Тодруулбал Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүндийн өргөлтийн спортын ОУХМ, дэслэгч Б.Анхзаяа огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон тухай сайхан мэдээ ирлээ.
Тэрбээр “Спортоор хичээллэх хамгийн сайхан. Энэ спортоор хичээллэснээр тэсвэр тэвчээр, эрүүл бие, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх гээд олон давуу талтай. Энэ хүртэл маш урт замыг туулсан. Тийм ч амар байсангүй. Шантрах өдөр цөөнгүй байсан бөгөөд өдөр бүрийн бэлтгэл дээр гарсан хөлс бүхэн надад үнэ цэнтэй.
Дасгалжуулагч багш нартаа, баг, хамт олондоо, хайртай гэр бүлийнхэндээ маш их баярлаж байна. Гир/Туухай/ өргөсөөр байгаад гарын алга эр хүний гарнаас дутахааргүй эвэршсэн хүнд харуулахаас л ичдэг. (инээв) Гэхдээ дэлхийн аварга болж чадлаа. Цаашдаа улам их хичээх болно” гэсэн юм.
Дэслэгч Б.Анхзаяа нь хүндийн өргөлтийн спортоор 8 жил хичээллэж байгаад 2019 оноос туухай өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ажээ.
Тэрбээр саяхан ОХУ-ын Башкортостан хотноо зохион байгуулагдсан олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар наадамд оролцож ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Эх сурвалж: ЗХЖШ /Хошууч Л.Саранзаяа/