Эрүүгийн шинэ хуулийг эмч мэргэжилтнүүд эсэргүүцэж, нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа. Энэ асуудлаар Монголын Эрүүл мэндийн салбарын ажилтнын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмартай ярилцлаа.
-Ирэх есдүгээр сараас мөрдөгдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулагыг эмч нар эсэргүүцэж байгаа. Энэ хууль хуучин хуулиас ямар ялгаатай вэ?
- УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд баталж, 2016 оны 09-р сарын 1-ээс дагаж мөрдөх эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулагад өмнө эмнэлгийн мэргэжилтэй холбоотой зүйл заалт нь болгоомжгүйгээс үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарагдаг байсан.
Харин одоо мөрдөгдөх хуулинд эмнэлэгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсвэл 2-8 жил хорих ял эдэлнэ гэж заасан байгаа.
Үүнийг эсэргүүцэж байгаа. Тангараг өргөсөн эмч хүн эмнэлэгийн ажилтан, сувилагч хүн хэзээ ч хүний амь насанд санаатайгаар эрүүл мэнд нь хохирол учруулж, санаатайгаар гэмт хор хийж байгаагүй. Эрүүл мэндийн салбарт санаатайгаар гэмт хэрэг хийсэн тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Шинээр мөрдөгдөх хууль нь мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийн урмыг хугалж байна. Иймээс бид түр хороо байгуулсан байгаа. Мөн холбогдох байгууллага болон салбарын яам, Хууль зүйн яам, Байнгын хороо, Намын бүлгүүд, УИХ, Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн. Мөн УИХ-ын 76 гишүүнд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг хүргүүлэх гэж байна. Хэрэв энэ хууль батлагдвал эмч нар эмчийн ажлаа орхино гэж байгаа. Эзэнгүй энэ салбарт эмнэлэгийн ажилчид авч явж байгаа шүү дээ. Гэтэл шоронжуулсан хууль гаргаж байгаад нь харамсалтай байна.
Одоо түр хороо байгуулаад ажиллаж байна. Одоогийн байдлаар найман эмнэлэг дээр салбар түр хороо байгуулагдсан.Бид энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажилж байна. Шаардлагаа өгсөн. Шаардлагын хариуг ажлын тав хоногт багтааж өгөхгүй бол ирэх долоон хоногоос улс орон даяар томоохон жагсаал цуглаан хийнэ.
-Эмч хүний ажил хүнд. Гэхдээ эмч нарын тоомжиргүй байдлаас болж эндэгдэл гаргах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд эмч нарт ямар арга хэмжээ авдаг вэ?
-Эрүүл мэндийн салбарын хариуцлагын тогтолцоо маш ойлгомжтой байдаг. Тухайлбал, Хөдөлмөрийн харилцаанд орж байгаа эмч мэргэжилтэнгүүд ажилдаа хайнга хандсан, хоцорсон асуудал гарвал хөдөлмөрийн тухай хуулиар сануулах арга хэмжээ авна. Дараа нь цалингийг гурван сараар 20 хувь хүртэл хасдаг. Мөн ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг авдаг.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлэгт байнга шалгалт хийдэг. Өнгөрсөн 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулиар маш өндөр торгуулийг өгч байгаа. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин. Хамгийн бага нь торгууль сая есөн зуун мянган төгрөгийг төлдөг. Гэтэл өнөөдөр авч байгаа цалингийн хэмжээ нь 450-500 мянган төгрөг байна. Нөгөө талаас эмчлэх ёсзүйн алдаа гаргавал эмчлэх үйл ажиллагаа нь тодорхой хугацаагаар хүчингүй болгодог.
Манай эмнэлгийн ажилчдыг ажиллах нөхцөлөөр нь бүрэн хангаагүй стандарт бус оршинд ажиллаж байна.
-Эмнэлэгийн ажилчид хуулийн хариуцлага хүлээж, ял шийтгэл авсан тохиолдол байгаа юу?
- Байгаа. 22011-2016 оны шүүхээр тогтоосон эрүүгийн гэмт хэрэг дээр 30 хувь ял шийтгэл авсан байх жишээтэй. Үүнийг судалгаан дээр үндэслэж гаргасан тоо баримт. Бид хариуцлагагүй байх гээд байгаа юм биш ээ. Шударга ёсонд нийцсэн хуулиа батлах хэрэгтэй. Хүний амийг санаатай хохироосон хүнтэй дүүцэх ял тавьж байгаа нь үндсэн хуулийг зөрчиж байна.
Эмч нар эрүүл мэндийн салбарын нуруундаа үүрч, байнгын бэлэн байдалтай ажиллаж байгаа. Одоо нэг эмчид үзүүлэх хүний тоо стандартаа давчихсан байна. Гэтэл энд стандарт шаардлага тавьж, хуулиар ташуурдах гэж байгаа бол ёстой уучлаараа гэж хэлнэ. Иймээс энэ хуулийн өөрчлөлтийг манай салбарынхан хүлээж авахгүй. Энэ асуудлыг шийдэх хүртлээ бид тэмцэнэ.
-Эмнэлэгийн салбарт ажиллах хүч хэр байгаа вэ?
-Хүний нөөцийн хомсдол аль эртнээс үүссэн. 2012 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 123 тоот тушаал гаргасан байдаг. Энэ нь зарим мэргэжлийн эмч нарын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Тухайлбал, Сүрьеэ, Халдварт гэх зэрэг хүнд нөхцөлд ажилдаг эмч нарт хомсдол үүссэн учраас тухайн мэргэжлийн түвшинд цалингийг нь нэмэгдүүлсэн байдаг юм.
Энэ бол маш том нотолгоо. Ерөнхийдөө 20 гаруй мэргэжил дээр дутагдал гаргасан байдаг. Үүний эхний найман дутагдалтай мэргэжил дээр тушаал гаргаж, цалинг нэмж байсан юм. Одоо зарим нь хэрэгжиж байгаа бол зарим нь хэрэгжихгүй байгаа.
Хууль тогтоогчид болон салбар яамныхан хариуцлагагүй хандсан байж болно. Гэхдээ энэ хуулийг эргэж харж, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой.
-Эмч нар хүнд суртал маш их гаргадаг. Мөн танил талаар хүнийг үздэг. Мөнгөгүй хүнд үйлчилдэггүй ?
-Эмнэлэгийн ажилтан болон эмчид өгсөн чихэр жимсийг өгч байгаа хүн авлига өглөө гэж ойлгодог. Харин авч байгаа хүн ч гэсэн авлига авлаа гэж ойлгодог. Ер нь энэ салбарыг системээр ажиллах нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Мөн цалинг нь одоо байгаа түвшингээс эрс нэмэх шаардлагатай. Нөгөө талаас хариуцлага хандлага гээд олон талын асуудлыг бодлогын хүрээнд өөрчлөлт шинэчлэлийг хийх ёстой. Авилга гэдэг зүйл бол тухайн эмч авч байгаа цалингаас давсан мөнгө болон бусад зүйлийг тухайн хүнээс авсныг авилга гэж үзнэ. Ер нь эмчид чихэр жимс өгөхөөс илүүтэй таньд баярлалаа гэсэн үгийг чинь сэтгэлээс хэлбэл тэндэнд маш их урам болдог. Ер нь талархалын үгээр баярласнаа илэрхийлэх хэрэгтэй.
-Эрүүл мэндийн салбар сайдгүй нэлээд удаж байна. Мөн өвчний тархалт ч нэлээд ихсэн?
-Улаанбурхан өвчин одоо дэгдээд байгаа юм биш. Өнгөрсөн жилээс эхэлж гарсан. Одоо бараг хоёр жил болж байгаа. Энэ өвчинтэй эмнэлэгийн ажилчид нойр хоолгүй л тэмцэж байна. Харин салбарын яам болон Засгийн газраас хожуу анхаарсан. Одоо өвчлөлт харьцангуй буурч байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Манай эмч сувилагч нар бол эрвийх дэрвийхээр ажиллаж байгаа. Техник тоног төхөөрөмж болон хүн хүчний асуудал хомс байгаа. Мөн энэ салбарын бодлогын алдаатай байдлаас болж хүний амь нас эрсдэх ёсгүй. Иймээс эрүүл мэндийн салбарт онцгой анхаарах хэрэгтэй байна. Эзэнгүй байгаа эрүүл мэндийн салбарыг нэн яаралтай эзэнтэй болгох хэрэгтэй байна. Манай эмнэлэгийн ажилчид сайдаа болох асуудлыг байнга тавьж байгаа. Бид уржигдар шаардлагаа хүргэхээр Эрүүл мэнд спортын яаманд очсон. Гэтэл шаардлагыг хүлээж авах хүн байгаагүй. Бичиг хэргийн хүн байсан. Өөр хэн ч байгаагүй. Сайд, төрийн нарийн, газрын дарга, хэлтсийн дарга нар нь бүгд байхгүй байсан.
Н.Алтаа