8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэц, УИХ хоёр цэц булаалдана

2023-10-02 10:10:00

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. УИХ-ын Тамгын газар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллаа танилцуулаагүй байна. Гэхдээ заавал хэлэлцэх нэг асуудал тодорхой болсон нь Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлт.

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн. Улмаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж үзэн тавдугаар дүгнэлтээ гаргасан юм. Цэцийн энэхүү дүгнэлтийг хамгийн энгийнээр тайлбарлавал  "Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, Цэцийн гишүүнийг томилохдоо УИХ нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн дүгнэлт юм. Цэц ийм дүгнэлт гаргахдаа "УИХ-ын хяналтад байх ёсгүй, хараат бус байх ёстой Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, Цэцийн гишүүнийг томилохдоо сонсгол явуулж болохгүй" гэж үзсэн юм. 

УИХ Цэцийн дүгнэлтийг чуулганы хугацаанд хүлээн авсан бол долоо, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш тав хоногийн дотор хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр УИХ намрын чуулган нээлтээ хийсэн даруйдаа буюу энэ долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг хэлэлцэх юм. 

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл уг хуульд заасны дагуу УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, Цэцийн гишүүнийг томилоогүй юм. Цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй хуулийн дагуу дээрх албан тушаалуудад томилгоо хийгээгүй гэсэн үг. Харин удахгүй эхлэх намрын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг томилох шаардлага үүсссэн. Цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Одбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Ц.Нанзаддорж гишүүн өнгөрсөн хаврын чуулган завсарлахын өмнө өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлэн томиллуулдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Н.Чинбатыг Улсын дээд шүүх, Д.Одбаярыг УИХ, албан тушаалаасаа чөлөөлөгдөөд буй Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн томилуулж байлаа. Дээрх гурван субъект дараагийн хүмүүсээ сонгон шалгаруулж нэр дэвшигчийг тодруулна. Улсын дээд шүүх Н.Чинбатын оронд нэр дэвшигчийг тодруулахаар сонгон шалгаруулалт зарлаж хуульч О.Мөнхсайхан, Б.Гүнбилэг нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилохын өмнө Цэц "УИХ Цэцийн гишүүнийг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байна" гэж дүгнэлээ. Уг нь нэр дэвшигчийн сонголыг зохион байгуулахын ач холбогдол нь тухайн нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулан, хэлэлцүүлэх замаар иргэдийн мэдэх эрхийг хангах явдал юм. Гэвч Цэц "Ингэх шаардлагагүй, энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл" гэж үзлээ. УИХ-ын гишүүд Цэцийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Ийм байтал Цэц өөрсдийнхөө гишүүдийн томилгооны шалгуурыг бууруулсан шийдвэр гаргаж байгаа нь УИХ-ын гишүүдэд таатай санагдахгүй нь лавтай. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх үед багагүй маргаан өрнөх биз ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment