8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрх мэдлийн дахин хуваарилалт

2023-10-16 09:37:00

Институтууд хооронд эрх мэдлээ булаалдах, томилгооны эрхээ баталгаажуулахын төлөөх өрсөлдөөн өрнөж байна.

Улс төрийн хүрээнд намрын халуун өдрүүд эхэллээ. Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй том парламент байгуулах нүсэр бэлтгэлдээ орлоо. Үүнтэй зэрэгцэн улс төрийн намууд, нэр дэвшихийг горьлогсод үйл ажиллагаагаа идвэхжүүлэв. Харин ард нь томоохон институтуудын хооронд эрх мэдлийн дахин хуваарилалт өрнөж байна. Томоохон байгууллагуудын сул орон тооны томилгоо, институтууд хооронд эрх мэдлээ булаалдах, томилгооны эрхээ баталгаажуулахын төлөөх өрсөлдөөн өрнөж байна гэж хэлж болно.

Гүйцэтгэх ажиллагааны хяналтын эрхийг авах УИХ-ын эрмэлзэл

Улс төрд өрнөж байгаа үйл явдлуудыг том зургаар нь харвал ерөөсөө л эрх мэдлийн дахин хуваарилалтын үйл явц өрнөж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс УИХын даргад, УИХ-ын бүрэн эрхээс Засгийн газарт, хууль шүүхийн салбарын оройд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хадгалах эрмэлзэлтэй хөдөлгөөнүүд. Дээр нь хууль хяналтын байгууллагуудын гүйцэтгэх ажиллагааг улс төрд ашиглах вий гэх айдас. Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн Цэцийн гуравдугаар дүгнэлтийг УИХ өнгөрсөн хавар хүлээж аваагүй. Гүйцэтгэх ажиллагааны явцад иргэний халдашгүй байх эрхийг хамгаалах асуудал яригдаж байгаа ч улстөрчдийг тагнаж чагнасантай холбоотой асуудал яригддаг. Олж авсан мэдээлэл нь тусгай байгууллагуудын хэмжээнд яригдахаас өмнө нийгмийн сүлжээнд тарчихдаг. Том сэдэв, том улс төрд ашиглагдах магадлалтай. Прокурорын хяналтаас мэдээлэл нь түгэж, ашиглагдаж байгаа гүйцэтгэх ажилд хяналт тавих эрхийг одоо парламентад өгөх тухай ч яригдаж байна. Энэ жишээнээс харахад л эрх мэдлийг одоо хэрхэн хуваарилах нь маш их анхаарал татаж байна.

УИХ-ын хууль тогтоох эрхийг хязгаарлах гүйцэтгэх засаглалын оролдлого

Засгийн газраас байн байн Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл УИХ-д орж ирэх болсон. Оны өмнө дотоодын цэрэгт УИХ-ын гишүүн, шүүгч прокурорын хэмжээний халдашгүй байдалтай харагдахуйц бичиглэлтэй хууль орж ирсэн. Түүний дараа Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газар өргөн барьж гурав хоногийн дотор батлуулж, Ерөнхийлөгч хууль баталсан процесст нь хориг тавьж буцаасан. Засгийн газар давхар дээлийг авснаар УИХ дахь нөлөөгөө батжуулж, хүссэн хуулиа батлуулах хэмжээнд хүрсэнээр институт хоорондын эрх хэмжээний хязгаарыг давлаа гэх шүүмжлэл гарах боллоо. Мөн тэр үед газрын харилцаатай холбоотой, нийгмийн халамж, боловсролын салбарын харилцааг зохицуулсан хууль санаачлах эрхийг нь хүчингүй болгохоор тусгаж оруулж ирсэн ч УИХ-ын гишүүд хууль санаачлах болоод хууль тогтоох бүрэн эрхээ хамгаалж үлдсэн. Харин өнгөрөгч хавар Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, УИХ-д танилцуулахаар тусгана гэсэн заалттайгаар орж ирсэн нэмэлт, өөрчлөлт мөн л УИХ-ын гишүүдийн хууль тогтоох бүрэн эрхэд халдлаа гэсэн шүүмжлэлийг дагуулсан юм.

УИХ-ын даргад буй хөзөр

Ийнхүү Засгийн газраас үе үе хууль тогтоох байгууллагын эрхтэй шөргөөцөлдөх болсон бол олон жил үргэлжилсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын даргад одоо их хэмжээний эрх мэдэл төвлөрчихөөд байна.

Түүний гарт байгаа хөзөр бол томилгооны том эрх. УИХ-ын дарга гэдэг хууль тогтоох байгууллагаа удирдаад хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах үндсэн чиг үүргээс хальж төрийн бие даасан найман байгууллагын дарга, удирдлагын томилгоог санал болгож байна. Хүний эрхийн комиссын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга, Монгол Улсын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статитикийн хороо, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ирээдүйн өв сангийн хяналтын зөвлөл гээд. Энэ албан тушаалд томилогдох хүний нэрийг УИХ-ын дарга өргөн мэдүүлж санал болгох эрхтэй. Томилох үйл явцын ихэнх нь нэр дэвшигчийн сонсголтой ч нэр дэвшүүлсэн субьектийн нөлөө асар их. Төрийн бие даасан энэ олон байгууллагын дарга, удирдлагын томилгоонд УИХ-ын даргын албан тушаал нөлөөгөө тогтоосон гэсэн үг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгооны өмнө...

Эрх мэдлийн хуваарилалтын дараагийн шат. Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж өнгөрсөн зургаадугаар сард өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Тэдний оронд дараагийн томилгоо ойрын хугацаанд явагдана. Үүнээс өмнө амжих гэсэн мэт Цэц Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчид томилгооны сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Нэр дэвшүүлэх эрхтэй Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан гэж үзсэн. Цаашилбал Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэрээр цаашид Улсын дээд шүүхийн шүүгч болон Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигчтэй танилцах сонсгол хийдэггүй болох нөхцөл үүссэн. УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг баталж, АТГ-ын дэд дарга, ХЭҮК-ын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдэд томилгооны сонсгол хийсэн. Томилгооны сонсгол хийж эхэлсэн нь олон дэвшил авчирсан ч Үндсэн хуулийн цэц нэр дэвшгүүлэгчдийн эрх ашгийг хамгаалсан байдалтай шийдвэр гаргасан юм. Энэ хуралд нь баталсан хуулиа хамгаалж оролцох ёстой УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ч оролцоогүйг харахад дээгүүрээ тохирсон өнөөх л эрх мэдлийн хуваарилалтыг хамгаалах үйл явцын нэг хэсэг мэт. Энд УИХ-аас томилогддог албан тушаалд анх удаа нэр дэвшиж байгаа болон улиран томилогдоход сонсгол хийдэг байх уу, үгүй юу гэдэг нь ч тодорхойгүй хуулийн шийдэл хүлээж үлдлээ. Улс төрийн том институтуудын хувьд томилгооны эрхийг булаацалдах, томилгооны эрхээ гуйвшгүй баталгаажуулахын төлөө ажиллаж байна. Уг нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах сонсгол хийх хуультай. Гэхдээ энэ нь нэр дэвшүүлэх эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж Цэц үзсэн. Хэдийгээр танилцах сонсгол ч зөвхөн танилцах бус мэдээлэл өгөх хариуцлагатай албан тушаалд томилогдохын өмнөх нээлттэй үйл явц юм. Тиймээс Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авахгүй, УИХ хуулиа хамгаалах байр суурьтай байна.

Шүүх эрх мэдлийн салбар дахь их хөдөлгөөн

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн араас Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль өөрчлөгдлөө. Ирэх жил 126 гишүүнтэй парламентыг сонгуулиар байгуулна. Агуулгаараа улс төрийн хүрээний зохицуулалтууд шат ахиж байгаа ч ард нь том эрх мэдлээ хэн нь авч үлдэх вэ гэдэг дээр институтууд ажиллаж эхэлсэн. Энгийн албан тушаалын томилгооноос Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын томилгоо хүртэл асуудал яригдах нь. Энэ намрын чуулганаар шүүхийн асуудлууд хэлэлцэгдэх товтой байгаа.

Давж заалдах шатны шүүхүүдийг цөөлнө. Процессын дагнасан шүүх, авлигын шүүхийн асуудал ч сөхөгдөх нь.

Үүний ард шүүхүүдийн нэр өөрчлөгдөж шүүгч нарыг ахин томилох, байршуулах ажил эхэлнэ. Харин шүүх нөхцөлөө сайжруулах асуудлаа тавина. УИХ, Засгийн газар төрийн ордонд, яам тамгын газрууд нь жилээс жилд өндөр шилэн эсвэл гантиг барилга сүндэрлүүлэх болсон. Харин шүүх засаглал нь олигтой байр байшин ч үгүй, олон шүүх түрээсийн байранд, том хурлаа элдэв театр үзвэрийн газарт хийнэ. Орлого олдог яамд, төсөв баталдаг УИХ-аас ажиллах орчноороо хол хоцорсон. Нөгөө талд нь шүүхийн хараат бус байдал ч хөндөгдөнө. Шүүхэд ч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарт ч өөрчлөлт хийгдэх нь. Хэдийгээр шүүгч, шүүхийн байгууллагууд шүүхийн хараат бус байдлаа хамгаалах авч мэргэжлийн ёс зүйн үүднээс улс төртэй холбоотой зүйл төдийлөн ярьдаггүй. Харин дээгүүр хуйрнах салхи энэ байгууллагыг гарцаагүй дайрах нь ээ.

Хөшигний ар дахь их нүүдэл

Үндсэндээ эрх мэдлийн дахин хуваарилалт явагдаж байна. Улс төрийн энэ үйл явц бие даан чадваржиж тогтох ёстой төрийн албыг ч дайрна. Төрийн албаны зөвлөлийн үндсэн эрх, чиг үүргүүдээс ЗГХЭГ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжүүлэх зохицуулалт ч яригдаж эхэлсэн. Энэ мэтээр энэ намрын чуулганы хугацаанд Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль хэлэлцэгдэнэ. Ард нь том үйл явц эхэлсэн. Эрх мэдлийн дахин хуваарилалтын хөрсөө институуд одооноос бэлдэж байна. Эхлээд сул байгаа орон тоонууд дээр ажиллана. Одоогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг нь хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Төрийн албаны зөвлөлийн дарга болон зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Сонгуулийн ерөнхий хорооны нэг гишүүний орон тоо сул байна. Гэхдээ үүнээс өмнө эрх баригч нам дотоод асуудлаа шийднэ.

Дотоод зодооноосоо гал алдаж байшингаа шатаачихгүй байх нь эрх баригчдын эхний зорилт болсон.

Наанаа улстөржсөн, олны анхаарлыг татсан үйл явдлууд зогсолтгүй өрнөж байхад хөшигний ард ерөнхийдөө бүх түвшинд эрх мэдлийн дахин хуваарилалтын үйл явц өрнөж байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/23 102.89.23.238
  • Recent
  • Most Read
  • Most Comment