8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115115 иргэн байна

2023-12-04 12:12:00

115115. Энэ тоо бол Монгол Улсад амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо. /2022 оны жилийн эцсийн байдлаар/. Ердөө 20 жилийн өмнө манай улсад 60435 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан. Харин одоо 115115 болж, сүүлийн нэг жилд гэхэд 8946-аар нэмэгдсэн.

Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын тухай л өгүүлдэг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн үүсээд буйг төдийлөн сонирхсонгүй.

Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамгийн их

Монгол Улсад 115115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 66019 нь эрэгтэй, 49096 нь эмэгтэй. Үүнээс 12696 нь харааны, 4220 нь ярианы, 8780 нь сонсголын, 21064 нь хөдөлгөөний, 21639 нь сэтгэцийн, хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй 7580, бусад хөгжлийн бэрхшээлтэй 39136 хүн байна. ХБИ иргэн дотроо сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргүүлж байгаа бөгөөд сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд “Сэтгэцийн эмгэг нь бодох сэтгэх, мэдрэх ухамсарлахуйн болон зан төлвийн, оюун ухааны өөрчлөлтөөр илрэх бөгөөд үүнийхээ улмаас хүний нийгэмд биеэ авч явах байдал нь өөрчлөгдсөн, гадаад (төрөх үеийн хүндрэлүүдийн үлдцийн улмаас 0-3 насанд тэнэгрэх) болон дотоод (хромосомын өөрчлөлт, бодисын солилцоо дутмагшил гэх мэт) шалтгааны улмаас ойлгох, сэтгэх, мэдрэх үйл ажиллагаа нь хязгаарлагдсан хүнийг хамруулна” хэмээжээ.

39.3 хувь нь олдмол

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 45267 иргэн байгаа бол олдмолоор хөгжлийн бэрхшээлтэй болсон 69848 иргэн байна. 39.3 хувь нь төрөхөөсөө хөгжлийн бэрхшээлтэй. Харин үлдсэн 69848 иргэний 55519 нь ердийн өвчний улмаас, 3711 нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас, 2830 нь зам тээврийн ослын улмаас, 1411 нь үйлдвэрийн ослын улмаас, 6377 нь ахуйн ослоос шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Эндээс анхаарал татахуйц нь, зам тээврийн осол болоод үйлдвэрийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүний тоо ахуйн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдтэй дүйцэж очихгүй нь. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний дэргэд 6377 бага тоо. Гэхдээ л зөвхөн ахуйн ослоос шалтгаалан ийнхүү насаараа эрэмдэг болжээ.

Осол гэмтлийн тэргүүнд уналт

Монгол Улсын хэмжээнд ямар осол тэргүүлж буйг тодруулахаар “Эрүүл мэндийн үзүүлэлт 2022”-ыг тольдлоо. Ингэхэд өнгөрсөн онд буюу 2022 онд 188916 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ.

Осол гэмтлийн шинэ тохиолдлын тэргүүлэх таван шалтгаан

1. Уналт W00-W19 /44.8 хувь/

2. Амьгүй механик хүчинд өртөх W20-W49 /16.1 хувь/

3. Зам тээврийн осол V00-V99 /11.2 хувь/

4. Хүчирхийлэл X85-Y09 /9.2 хувь/

5.Амьтай механик хүчинд өртөх W50-W64 /8.2%/

Осол гэмтэлд өртсөн нийт тохиолдлыг байршлаар харуулбал, 36.5 хувь нь гэртээ, 30.9 хувь нь гудамж замд гэмтсэн байна.

Уналтын 89.8 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна

Улсын хэмжээнд 2022 онд л гэхэд уналтын шалтгаант 84602 шинэ тохиолдол бүртгэгдэж, осол гэмтлийн өвчлөлийг тэргүүлсэн хэвээр байна. Бүх насны бүлэгт нэг түвшин дээр, халтирч тээглэж бүдэрч ойчих /W01/ төрлийн уналт тэргүүлсэн /55.5 хувь/ байгаа бол тоглоомын талбайн хэрэгслээс ойчих гэмтэл 5-14 насанд хоёрдугаар шалтгаан болсон байна. Орноос унах гэмтэл 0-9 /3070/ насанд илүүтэй тохиолддог байна. Унаж гэмтсэн хүмүүсийн хамгийн их хувь нь шагай ба тавхайн /20.8 хувь/, тохой ба шууны гэмтэл 18.0 хувь байна. 2022 оны уналтын шалтгаант өвчлөлийн 89.8 хувь нийслэлд 10.2 хувь орон нутагт бүртгэгджээ.

Уналт нийт ослын 44.8 хувь буюу бараг тал хувийг эзэлж, энэ төрлийн ослын 90 хувь нийслэлд бүртгэгдэж байна гэхээр ерөөсөө л Улаанбаатар хотын ээлгүй байдалтай уягдана.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл