Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр эхлүүлсэн уулчид болох Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар тавдугаар сарын 12-наас хойш холбоо, сураггүй байгаа. Тэгвэл уулчдыг эрэн хайхаар МУҮХ-ны дэд ерөнхийлөгч, "Эверест-2023" багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байна. Монгол Улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан "8К экспидейшн" компанитай холбогдож, эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа аж. "8К экспидейшн" компанитай хамтарч ажиллаж байгаа бөгөөд багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.
Монголын уулчдын үндэсний холбооноос "Алга болсон хоёр уулчин гуравдугаар кемпээс дээш өгсөхдөө 2,2 хүчилтөрөгчтэй өгссөн. Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. Тавдугаар сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м орчмоос салхинд хөөгдөн буцсан байна. Таамаглалаар манай уулчин хоёр Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд Киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. Дөрөвдүгээр кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж гурав болон хоёрдугаар кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн дөрвөн шерпа мөн гуравдугаар кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна" гэлээ.