Өнөөдөр улс оронд минь онцлог үйл явдалаар дүүрэн нэгэн өдөр шувтарч байна. Та өнөөдөр товлосон ажлаа бүтээж амжуулсан биз дээ. Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног дуусаж, сайн сайхны эхлэл мэт шинэ долоо хоног эхэлж байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон мэдээлэлээр арвин шинэ долоо хоног эхэлж байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 11в ангийн сурагчид сайн дураараа санаачилга гарган Арслантай гүүрийг угаасан талаар таатай мэдээлэлээр өнөөдрийн тоймоо эхлүүлье. Нэг ангийн сурагчид 07:00-11:00 цагийн хооронд гүүр болон гүүрний баруун талд байрлах хоёр чулуун арсланг угааж, хүмүүсийн түрхсэн өөх тосноос нь салгажээ. Мөн арслантай гүүрийг угааж цэвэрлэхээс гадна, будаж янзалсан таатай мэдээлэл байна. Ингээд өнөөдөрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэе. Хүмүүний орчлонд алдаа оноо ээлжлэн, сайн муу мэдээлэл ар араасаа цуварсаар байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Б.Оюунболд:Туул голын урсацыг саадгүй урсгах шаардлагыг гүйцэтгэгч компаниудад тавьсан
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд гаргасан судалгаагаар Дэлхийн хамгийн их бохирдсон голуудаас Туул гол эхний тавд эрэмбэлэгдсэн. Энэ нь байгаль дэлхий, усаа хайрлахгүй, байгаатай холбоотой юм. Голын эрэг хавиар элдвийн байшингууд энэ тэндгүй ээлжлэн сүндэрлэж буйг та бид мэднэ. Үүнийг нэг нь АСЕМ вилла хотхон. Ирэх долдугаар сарын 15, 16-нд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад ирэх 51 орны төрийн тэргүүн, өндөр хэмжээний зочдыг хүлээн авах “Асем Вилла” хотхоныг барьж байгаа. Энэхүү хотхоны барилгын ажилтай холбоотой Туул голын урсгалыг боочихсон байгаа.
Энэ талаар Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга Б.Оюунболдтой ярилцлаа.
- АСЕМ-ын дээд түвшний уулзалтад ирэх 51 орны төрийн тэргүүн, өндөр хэмжээний зочдыг хүлээн авах “Асем Вилла” хотхоныг барьж байгаа. Энэхүү хотхоныг барихдаа Туул голын урсгалыг боочихсон байгаа. Энэ талаар?
- АСЕМ Вилла хотхоны ус хангамж, шугам сүлжээний ажлыг шийдвэрлэхтэй холбогдуулан тус ажлыг гүйцэтгэгч компани манай байгууллагад албан бичгээр хандаж, 2015 оны 09 сард холбогдох зөвшөөрлийг авсан. Зураг төсвийн дагуу хотхоны цэвэр ус, бохир усны шугамыг Туул гол дээгүүр гүүрэн байгууламж барьж, Улиастайн уулзвар орчимд төвлөрсөн шугам сүлжээнд холбохоор эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан.
Гүүрэн байгууламж болон гүүрийн тулгуур баганын цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхийн тулд түр шороон далан хийж, голын урсацыг боон, 2 хэсэг газраар ус гаргуур гаргаж голын урсацыг өнгөрүүлж байгаа. Тус ажил өнгөрсөн оны сүүлээр эхэлж, одоо дуусах шатандаа явж байна.
- Танай байгууллагаас хяналт тавьж явж байгаа юу?
- Тус ажлын явцын дунд 2 удаа хяналт тавьсан. Сүүлд энэ сарын 21-ний өдөр холбогдох мэргэжилтнүүдийн хамт газар дээр нь очиж танилцсан. Одоогоор гүүрэн байгууламжийн ажил ерөнхийдөө дуусч, шугам сүлжээний ажил дуусах шатандаа явж байна. Гүүрний ажлыг “Эсто” ХХК, шугам сүлжээний ажлыг “Тэргүүн инвест” ХХК хариуцан гүйцэтгэж байна.
Төлөвгөөний дагуу бол 04 дүгээр сарын 25-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөх ёстой ба шугам сүлжээний ажил дээрх хугацаанд хараахан дуусахааргүй байдалтай байна. Гүйцэтгэгч компанийн инженер н.Ууганбатын өгсөн мэдээллээр ирэх 7 хоногийн 5 дахь өдөр гэхэд бүх ажлаа дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэлсэн.
Манай байгууллагын зүгээс тус гүүрэн байгууламжйг барихтай холбогдуулан хөндөгдсөн голын голдрилд нөхөн сэргээлт хийж хуучин байдалд оруулах, эргийн хэлбэржүүлэлт, бэхэлгээ хийж Туул голын урсацыг саадгүй урсгах, тэр орчимын голын голдрил болон барилгын ажилчдын түр байр, барилгын материалын агуулах байсан хэсгийн хог хаягдлыг цэвэрлэн, хүлээлгэж өгөх шаардлагыг гүйцэтгэгч компаниудад тавьсан. Дээрх шаардлагыг албажуулан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.
"Салхин цэцэгтсэн" АН
Урин дулаан улирал ирж буй энэ үед элдэв халдварт өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрдэг. Тэгвэл ханиад, томуутай зэрэгцэн улаанбурхан, салхин цэцэг өвчний тархалт ч ихэсч дээд цэгтээ хүрч байна. Салхин цэцэг халдварт өвчин нь клиникийн хоёр янзын хэлбэртэй. Нэг нь бага насны хүүхэд өвчилдөг салхин цэцэг, нөгөө нь насанд хүрэгчдэд тохиолддог zona хэлбэр юм. Салхин цэцэг нь халдварт өвчин бөгөөд хүнээс хүнд хоёр замаар дамждаг.Ханиах найтайх зэрэг амьсгалын замаар халдварлахаас гадна шингэнээр дамжина.Өвчлөх хэлбэр нь нас ахих тусам ялангуяа 50 наснаас хойш хүндэрдэг гэнэ.
Яг л энэ салхин цэцэг өвчний үйл явц эрх баригч хүчин АН-д тохиолджээ. АН дахь хагарал бутарлыг харвал 50 наснаас дээш насанд тохиолддог zona хэлбэрийн салхин цэцэг өвчин туссан гэлтэй. Сонгууль дөхөх тусам лидерүүдээсээ салцгаая гэх уриалгатай мессежийг АН-ын жирийн гишүүд гаргаж байгаа бололтой. Намын лидерүүд нь ашиг хонжоо, хувийн амбийцаа тогтоон дийлэхээ больж байгаагаа ч анзаарах сөхөөгүй өсөрхөн тэмцэлдэж, үүний уршгаар АН-ыг хэдэн хэсэг таллан хуваагдахад хүрлээ. Эрх мэдэл албан тушаалын төлөө юугаа ч зориулахад бэлэн болсон нөхдийн хөлд нам нь үрэгдэж байгааг ч үл анзаарагчдыг арчиж хаяхад бүх хүчээ дайчилж байна. Ямар ч байсан жирийн гишүүд нь дарга нар, лидерүүдийнхээ тэмцлээс залхаж, тэвчээр нь алдарчээ. АН дотор их тэмцэл АН-ыг хагарал их цэвэрлэгээ хийхэд хүргэх үү. Аль эсвэл өөрсдийгөө улс төрөөс бүр мөсөн арчигдахад хүргэх үү гэдэг нь тун сонирхолтой. АН дотроо нэг нэгнээ шалгадаг, эсрэг мэдэгдэл хийдэг явдал хэрээс хэтэрсэн. Энэ үйл явдалд Ерөнхийлөгч хүртэл оролцож байх жишээтэй. Тэд нэгнийхээ бөгсийг ухаж, ард хударгаар нь доромжилж доош нь хийж л байвал санаа нь амардаг болж.
АН дотор энэ хагарал бутрал тэднийг улам л нэр хүндгүй болгож, цаашлаад АН рейтинг улам доошоо унах магадлалтай байна. Олон нийтийн хамгийн нэр хүндгүй улс төрчөөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тасархай тэргүүлж байсан. Олон нийтэд үйл ажиллагаа нь огт таалагддаггүй улс төрчдөөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл гэсэн хүмүүсийг нэрлэж байв. Тэдний энэ хагарал бутрал олон нийтэд үйл ажиллагаа нь огтхон ч таалагдахгүй байгаа бөгөөд нэр хүнд муутай айргын 5 улс төрчийг АН-ынхан судалгаагаар тэргүүлж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Албан ажлаа гүйцэтгэж явсан цагдааг буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг буудаж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын цагдаагийн хэлтэст "Нөхөр нь архидан согтуурч, агсам тавиад эхнэр хүүхдээ зодоод байна" гэх дуудлага малчны хотноос иржээ. Есөнзүйл сумын цагдаагийн албан хаагч очиж, согтуу эрийг тайвшруулж, эхнэр хүүхдийг нь болзошгүй аюулаас хамгаалсан байна. 23 настай цагдаагийн албан хаагч согтуу эрийг тайвшируулсаны дараагаар сумын төв рүүгээ буцах гэж байтал, агсам тавьсан эр гэнэт калибир маркийн бууг гаргаж ирж, цагдаа руу буудаж, амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Үүнийхээ дараа гэмт этгээд өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн гэх мэдээлэл байна.
5.3 тэрбумаар барьсан Нарийний голын гүүр нурж уналаа
Увс аймгийн Тэс сумын нутагт орших Нарийны голын бетон гүүр нуржээ. Уг гүүрийг анх 2006 онд 1.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ гэж ажлыг эхлүүлж байсан ч төсөвт өртөг өндөрссөөр 5.3 тэрбум төгрөгөөр барьж, 2012 онд хүлээлгэн өгсөн ч дөрвөн жил хүрэхгүй хугацаанд нурж унасан байна. Одоогоор гүүр нурсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Тэс сумыг зорих автомашины хөдөлгөөн саатаад байгаа юм. Мөн тухайн гүүрийг барьсан компанид мэдэгдэл хүргүүлээд байгаа тухай албаны эх сурвалж мэдэгдэв.
1072 хувьцааг зарах ямар ч боломж нээгдээгүй байгаа гэв
“Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр болох “Урт цагаан”-ы орчим өрнөөд буй “1072 хувьцаатай холбоотой” үйл явдлын талаар Цагдаагийн байгууллагаас “Санхүүгийн зохицуулах хороо”-той хамтран Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтсийн хурлын зааланд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн хэлэхдээ “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг хэлмээр байна. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болбол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй” гэлээ.
1072 хувьцааг иргэд өөрийн болгож баталгаажуулахын тулд брокер, дилерийн компанид данс нээлгэх боломжтой бөгөөд данс нээх 60 гаруй компани байдаг аж. Гэтэл иргэд энэ данс нээх үйл явцыг зарах мэтээр ташаа ойлгож байгааг мөн дуулгалаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хувьцаагаа зарж байна гэх иргэдийн мэдээллийн мөрөөр шалгахад хувьцаа зарсан гэх ямар ч нотолгоо, баримт олдоогүй гэдгийг хэлсэн юм.
Б.Амараа: Үнэнийг хэлсэний төлөө амь насанд минь заналхийллээ
Жүжигчин Амраа 2012 оны сонгуулиар “Улс шиг хөгжиж хүн шиг амьдаръя” гэж Ардчилсан намын уриа лоозонг хэлж “Намайг Амараа гэдэг” хэмээн сурталчилж байсан цаг саяхан. Тэгвэл жүжигчин Амраа өнгөрсөн тав дахь өдөр АН-аасаа нүүр буруулж “Би юу хийчихвээ” хэмээн дахин гарч ирсэн нь МАН- ын сонгуулийн шоу боллоо гэж дүгнэх хүн олон. Сошиал ертөнцийнхөн Амараа харин чи юу хийчихвээ хэмээн өөрөөс нь асууж байна. Харин жүжигчин Амараа жүжиглэх ажлаа л хийж байна гэж олон хүмүүс хариулт өгсөн. Сонгуулийн өмнө шторкоороо хүмүүсийг байлдан байгаа жүжигчин Амарсайхан өнгөрсөн хагас сайн өдөр бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаар мэдээлэл гарсан. МУСТА жүжигчин Б.Амарааг сүүлийн үед хэн нэгэн дарамталж, сүрдүүлэх болсон байна. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсандаа “Үнэнийг хэлсэний төлөө амь насанд минь занал хийллээ. Амыг минь барих болоогүй шүү. Ардаас минь машинтай дагахын оронд урдаас минь ил үзэлцээрэй. Би айхгүй үнэн намайг хамгаална” хэмээн бичжээ.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант 1-р баг аймгийн төвөөс зүүн урагш 30 км “Адгийн мөргөцөг” гэдэг газар энэ сарын 21-ний өдөр гарсан хээрийн түймрийг энэ сарын 22-ны 04:00 цагт бүрэн унтраажээ. Тус хээрийн түймрийн мэдээг 4 дүгээр сарын 21-ний өдрийн 13:40 цагт Аймгийн Онцгой байдлын газрын шуурхай дугаарын утсанд хүлээн авч, Онцгой байдлын газраас 4 бүлэг, 42 албан хаагч, 6 автомашин, 30 үлээгч аппарат бусад багаж зэвсэглэмжтэй, Хэрлэн сумаас 6 бүлэг, Баянхутаг сумаас 5 бүлэг гарч ажилласан байна.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байгаа аж. Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Цагдаагийн Ерөнхий газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах хуудас иржээ. Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас түүнийг мэдэгдэл хийсэн хэмээн зарлан дуудах ирүүлж, мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлж, хуулиа дээдэлж мэдүүлэг өгнө гэдгээ хэлсэн байна. Дуудсан хугацаанд ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна хэмээн зарлан дуудах хуудас дээр бичсэн байна.
-Энэ сарын 24-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах Хурдын KH apartment-ийн 11 давхараас хүн үсрэн амиа хорлосон байна. 11 давхараас хүн үсрэн амиа хорлосон талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч, тус газрыг хамгаалалтанд авч шалгасан байна. Одоогоор амиа хорлох болсон шалтгаан нь тогтоогдоогүй байгаа бөгөөд хэргийг шалгаж байгаа аж.
-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэс нутаг дэвсгэртээ агаарын эргүүл хийж эхэллээ. Биетийг дагаж нисдэг, саадыг тойрох чадвартай DJI Phantom 4 маркийн 12 мегапикселиер зураг авах болон 4к чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камерыг ашиглаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ирүүлэх боломжтой болжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас цагдаагийн II хэлтсийн төв байрыг 27 камер, 35 дохиолол бүхий камерын хяналтын системээр бүрэн тоноглох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.