8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлж, таван хүний амийг аварсан өдөр

2016-04-28 19:10:00

 Үй түмэн үйл явдалд мэдээ мэдээлэлд төөрч, түүнээс хэрэгтэй хэрэггүйгээ ялгаж, салгаж байна уу. Мэдээ мэдээлэлийн эрин зуунд сайн, саар гэлтгүй мэдээлэл тасралтгүй үргэлжилж байна. Тоймоо өнөөдөр болсон хамгийн гэгээлэг мэдээнээс эхлэе. Жил бүрийн хаврын адаг сард болдог Майдар эргэх их ёслолыг Гандантэгчэнлин хийдэд зохион байгууллаа. Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган Бурханы тав дахь бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, Майдар бурханаас ном сонсох, мөн бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр энэ зан үйлийг хийдэг билээ.

Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг билээ. Өнөөдөр ганданд хөл гишгэх зайгүй байлаа.  Ингээд “Монголын нэг өдөр” тоймын булангаараа бүгдийг нь бус онцлох мэдээллийг нь тоймлон хүргэж байна. Сайны хажуугаар саар мэдээлэл ч гарлаа. Энэ бүх мэдээлэлд авах гээхийн ухаанаар хандаарай. Тоймоо хүлээн авна уу.

 Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа


Ц.Амаржаргал: Охидын харцнаас маш их эмзэглэл, уйтгар гуниг, шаналгаан мэдрэгддэг

Эхийн хэвлийгээс цойлон ургаж, энэ орчлон дээр зөвхөн жаргах л гэж төрдөг нь хүний үр. Бурхан тэр бүр заяадаггүй буцаагаад авчихаж ч мэдэх хүний энэ хорвоо дээр алган дээрээ бөмбөрүүлэх үртэй болж, ээж аав хэмээх эрхэм алдарыг хүртэхээс илүү их хувь заяа хүний амьдралд байгаа гэж үү. Часхийн орилох цээлхэн дуугаараа энэ л орчлонг сэрээж, нялх сэвлэгнийхээ анхилам үнэрээр бараан бүхнийг арц шиг ариутгадаг нь алган дээр бөмбөрсөн хуруун чинээхэн эрдэнэ “Хүүхэд” хэмээх зургаахан үсэгний эзэн юм. Гэвч томчууд газраас тэнгэр лүү цойлон ургаж буй тэр жаахан цэцэгсийг ургуулж тордож, услахаасаа өмнө, хатааж дарж, газрын хэвлүү рүү булах нь юуны учир вэ.

Өнөөдөр Монголд бага насны охид тэр тусмаа гарын таван хуруунд хэмжигдэх насны цагаан цаас шиг эмзэгхэн охид хүчирхийллийн золиос болж байна аа гэсэн сэтгэл эмзэглүүлэм мэдээг уншигч танд хүргэхэд сэтгүүлч миний үзэг минь гацаж цагаан цаасан дээр хөврөн буй хар бэхний мөр адил бараан толбо сэтгэлийг минь зурж байна. Энэ бүхнийг “эр хүн” хэмээх нэрээр овоглосон амандаа ааг нь багтаж ядсан, хүний нүдэнд гэм зэмгүй царайлсан насанд хүрэгчид үйлдэж байна. Юутай гачилантай, юутай эмгэнэлтэй. Хүн хувь заяагаа сонгож төрдөггүйн адилаар дэлбээгээ нээж амжаагүй цэцэгхэн охид өөрсдийгөө ямар буруутайг ч мэдэхгүйгээр сэтгэлийн шаналал, биеийн зовлонд ээрэгдсээр.

Ширүүн хяламхийх танил ах, хойд ааваасаа эмээсэн харцаа нууж ядан өвчиндөө тарчилсан өөдөсхөн охин. Түүнд зөвхөн тэврэн эрхлүүлэх бяцхан хүүхэлдэй нь хань болно. Унтах гэвч  хар дарсан зүүдэндээ дарагдаж сэрэвч хяламхийсэн харцанд дарлагдаж бор хоног урт өдрүүдийг өнгөрөөсөөр. Чухам яг л ийм зовлонт амьдралд ээрэгдсэн бяцхан сахиусан тэнгэрүүд бидний дунд хэд байгаа бол. Ийнхүү бодол толгойд ээрэгдсээр хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах төв рүү сэтгүүлч би бээр эгцэллээ. Эртний загвартай байшингуудтай жижигхэн хотхонд очсон минь хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах  “Цөлийн сарнай” төв юм.

Урдаас минь харц сүүдэрлэсэн ямар орчин угтах бол хэмээсээр босго даван орох мөчид сэтгүүлч намайг “Хөөрхөн дэлхий” угтлаа. Уйтгар гуниг хар бараан зүйлгүй урдаас мэндийг минь эрж инээмсэглэсэн цэцэгхэн охид. Энд амьдардаг охид хичээлээсээ зарим нь ирчихсэн гал тогооныхоо өрөөнд ундаа ууж байлаа. Нэг нэгнийгээ асарсан ,хайрласан халуун дулаан орчин. Ийнхүү сэтгүүлч би бээр тус Сангийн гүйцэтгэх захирал Ц.Амаржаргалтай ярилцлаа. Тэрээр хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалдаг, заналхийлалтай учирах тохиолдол олон байдаг учраас надад зургаа байрлуулах боломжгүй гэдгээ урьдчилан хэлсэн юм. Бидний яриа ийнхүү эхэлсэн юм.

- Сайн байна уу?  "Цөлийн сарнай сан" ТТБ анх хэзээ байгуулагдсан бэ, гэсэн асуултаар яриагаа эхлүүлье?

"Цөлийн сарнай" сан ТББ  анх 2007 онд байгуулагдсан. Тэр үед нийгэм нь эмзэг хүчирхийлэл дарамтанд өртсөн маш олон охидууд гудамжинд орцонд  хоноглож байсан.  Өглөө босоход орцных нь үүдэнд дүүрэн хүйтэн шалан дээр унтчихсан олон охидыг харсан Америк эмэгтэй охидууд ингэж амьдрах ёсгүй тэдэнд зориулсан түр хоноглох байр нээе гэж шийдсэн байдаг. Тэгээд өөрийнхөө Англи хэл заадаг байсан шавь нартаа энэ санаагаа хэлээд хэсэг Монгол залуучууд нийлж 2007 оны 11 сард хүчирхийлэлд өртсөн охидын түр хоноглох байрыг нээсэн юм. Анх нээгдэхэд түр хоноглох байр гэдэг утгаар гудамжинд, орц траншейнд хоноглодог байсан маш олон охидууд орой 5 цагт ирж усанд орж хооллож, унтаж амраад өглөө нь явдаг байсан.Энэ байдал 2 жил үргэлжилсэний эцэст 2009 оноос эдгээр хүүхдүүдэд цаашид нийгмийн үйлчилгээ шаардлагатай юм байна гэж үзэж охидыг хамгаалах байрны стандартаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

- Танайх хүчирхийлэлд өртсөн охидод ямар чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг вэ?

Манайх 2007 оноос хойш давхардсан тоогоор 120 охинд хамгаалах үйлчилгээ үзүүлсэн байна. Одоогоор хоёр салбартай есөн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай багш нар 24, 48 цагаар ажилладаг. Өнөөдрийн байдлаар энд16 охин үйлчилгээ авч байна. Насны хувьд 7-21 насны охид бий. Ихэр охид, нэг айлын дөрвөн хүүхэд ч байна. Ерөнхийдөө энд амьдралын боломжгүйгээс сургууль завсардчихсан, сэтгэл санааны хямралтай, гэр бүлийн хүчирхийллийн улмаас их эрсдэлд орчихсон охидууд байгаа. Бид охидод эхний ээлжинд сэтгэл санаа болоод эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Маш их цочиролд орсон охидыг тайван орчинд байлгаж, сэтгэл санааг нь эмчилсэнийхээ дараа өрхийн эмчээр дамжуулан эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлдэг. Мөн бичиг баримтжуулж, сургуульд суралцах асуудлыг нь шийдвэрлэдэг. Одоо манай хүүхдүүд 1-9 дүгээр ангид суралцаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай.

Д.Энхсайхан: Нохой устгалын ажилд жилдээ 800 сая төгрөг зарцуулдаг

Сүүлийн үед бага насны хүүхэд нохойд хазуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд дөрвөн настай бяцхан хүү нохойд хазуулсаны  улмаас шархаа даалгүй амь  алдсан харамсалтай хэрэг гарсан.Тэгвэл энэ сарын 26-ны 18.00 цагийн үед 14 настай Ж гэх охин гэрийн тэжээвэр нохойд хазуулсан хэрэг гарлаа.  14 настай охин Ж-г гудамжинд явж байх үед Буянт-Ухаагийн ... тоотод суух иргэн 43 настай эрэгтэй У-гийн тэжээвэр нохой зүүн хөлийн шилбээс нь хазаж гэмтээсэн байна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа аж.

Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор Нийслэлийн хэмжээнд нохой, муур устгалын ажлыг жил бүр явуулдаг. Нийслэлийн  есөн дүүргийн Засаг даргын тамгын газар  золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ давхар зохион байгуулж байгаа юм байна.

Нохой устгалын талаар НИТХ-ын төлөөлөгч “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ гүйцэтгэх захирал Д.Энхсайханаас дараах асуултанд хариулт авлаа.

- Нийслэлд байгаа золбон нохойг танай байгууллага хариуцаж, устгалын ажлыг явуулдаг. Нохой устгал хийгдэж байгаа юу?

-Нохой устгалын ажил өнгөрсөн нэг, хоёрдугаар сард сум байхгүй болсон учраас хэсэг тасарсан. Одоо бол устгалын ажил хэвийн үргэлжилээд явагдаж байна. Нохой устгах ажлын хөлс нь 7500 төгрөг байгаа. Энэ мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг удирдлагын зөвлөлд танилцуулчихаад Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр оруулах асуудал яригдаж байгаа. Гэхдээ энэ асуудал  хараахан шийдэгдээгүй байна. Нохой устгалын талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзээрэй.

Н.Энхбаяр: Миний ялтай байх хугацаа дууссан, сонгуульд өрсөлдөнө

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд  Төрийн ордонд мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ үеэр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Түүний ялтай байх хугацаа нь Өршөөлийн хуульд хамрагдсанаар дуусгавар болсон гэв. Өчигдөр болсон УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг завсарлага аваад байгаа юм. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийг нэг асуудлаар хоёр дүгнэлт гаргаж байна хэмээн шүүмжилж ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэв. 

Б.Булганыг хорьж буй байранд прокуророос шалгалт хийжээ

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Б.Булганыг Төв аймгийн цагдан хориход байхад нь эргэж очсон. Энэ үеэр тус хорих ангид хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн мэдээллийг түгээсэн.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хорьж буй ангитай танилцаж шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнгийн талаар УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурьдагдсан"...Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод бусад өрөөнийх бүдэг..." гэсэн нь үндэслэлгүй байсан бөгөөд тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан байна гэв.

Харин хорих өрөөний бие засах хэсэг үүдэндээ ил байрласан нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд сантехникийн холболтоос шалтгаалаад ганц Б.Булганы өрөө биш бусад найман өрөөний бие засах хэсэг нь үүдэндээ байрлалтай байжээ. Иймд далдлах хаалт хийлгэсэн аж.

Таван иргэний амь насыг аварлаа

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р баг Машинистийн гурван давхар байранд оршин суух иргэн Ц.Батболд гэгч айл цахилгаан тогоогоо залгаатай орхиж унтсанаас гал гарсан байна. Гэрт гал гарч байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт өгч Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн уг дуудлагаар шуурхай ажиллаж  галыг унтраан дөрвөн том хүн, нэг хүүхдийн амь насыг аварсан байна.

Өнөөдөр болсон үйл явдалыг цөөн үгээр:

-Өнөөдөр “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийлээ. Ирэх тавдугаар сарын 12-ны өдөр болох сувилагч нарын өдрийг угтаж энэхүү арга хэмжээг төлөвлөн хийсэн байна. Үзлэг маргааш өдрийн 13:00 цагаас эхлэх бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгөх юм байна. Өнгөрсөн жил тус төвөөс "Нарантуул" олон улсын худалдааны төвд ажиллаж иргэдийг үнэгүй үзлэгт хамруулж байсан билээ.

-Дархан-Уул аймгийн АН-ынхан намын байран дээрээ суулт зарлаад байсан юм. Тэд АН-ын даргад мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг нь өгөөгүй тул суултаа өлсгөлөн болгосон байна. Уг мэдэгдэлд “Бид шудрага үнэний төлөө ардчилсан намын төлөө, үндсэн дүрмийн хүрээнд шаардлага тавьсан тул бидний амь нас эрүүл мэнд эрсэдсэн тохиолдолд хууль бус зүйлийг өөгшүүлэн дэмжиж буй Ардчилсан намын дарга З.Энхболд хариуцна гэдгийг мэдэгдэж байна. Та фракцгүй ардчилсан намын даргын хувьд үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хороо болон дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг биелүүлж Дарханы ардчилсан намын маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж, хууль бусаар явагдсан ҮЗХ сонгуулийг хүчингүй болгохыг шаардаж байна" гэсэн байна. 

- Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны задгайд “Марал-Мичид-Од” ХК-ийн эдэлбэр газрын ард иргэн Э-гийн бичил уурхайн аманд хүн дарагдаж нас барсан хэрэг гарлаа. 40 метрийн гүнээс 15:56 цагт иргэн 22 настай Ш-г хүчил төрөгч дутагдаж нас барсан байсныг гаргасан байна. Улмаар цогцсыг нь тус дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн моорогт шилжүүлжээ.

Мөн иргэн 34 настай, эрэгтэй Р-ийг уурхайн ажилчид гаргаж ирсэн бөгөөд ухаангүй байдалтай байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, Эрүүл мэндийн нэгдэлд хүргэжээ. Налайх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн, 37 настай Э-ийн уг уурхай нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан аж.

- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам  ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн.
Энэ журмын дагуу дөрөвдүгээрр сард 4,9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та  хуулийн хугацаандаа  амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэжмээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг анхаарна уу

- Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг буудаж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Өнгөрсөн долоо хоногт согтуу этгээд хэв журам сахиулахаар очсон цагдаааг зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд согтуу жолооч зам дээр танхайрч, авто машины хөдөлгөөнд саад учруулаад, бусдыг элдэв хэл амаараа доромжилжээ. Улмаар дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэн, хэл амаараа доромжилж, хувцсын нь урж танхайрсан байна.

Таны маргаашийн ажилд амжилт хүсэе. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
gazar shoroo zaraad duuslaa ene generaluud yu bodoj yavdag uls ve?
2016/05/03 103.17.108.42