8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Ханбаатарыг яллах дүгнэлт гарч, Гавъяатууд арван оюутны сургалтын төлбөрийг төлөхөө мэдэгдсэн өдөр

2016-05-02 18:15:00

Мөнх наран ээж халуун илчээрээ харамгүй төөнөсөн энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ сар, шинэ долоо хоног эхэлж буй энэ өдөр “Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, ирээдүй бол бэлэг” сайхан урмын үгсийн хамт “Монголын нэг өдөр” тоймоо хүргэж байна. Үйл явдлаар дүүрэн байсан энэ өдөр дараах сэдвүүдийг онцлон эрхэм уншигч танд хүргэе.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-ыг сонгосон уу

Сонгуулийн тухай хуулинд “хавчигдаж” УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д элссэн билээ. Ийнхүү бие даагчид аль нэг нам, эвсэлд орж байгаа цувааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар үргэлжлүүж байгаа бололтой.  Учир С.Ганбаатар гишүүн АН-ыг сонгохоор болжээ. Улмаар тэрбээр ХҮН-ын дарга Т.Ганболдоор “ХҮН сонгуульд АН-ыг дэмжин оролцоно” гэх албан бичгийг СЕХ-д хүргүүлсэн нь ийнхүү хардлага төрүүлээд байгаа аж. 

Гавъяатууд арван оюутны төлбөр төлнө

“Шинэ үе”  продакшны захирал Н.Ариунболд, “Х ТҮЦ” продакшны Л.Баттулга нар хамтран  “Найзууд” цоо шинэ инээдмийн энтертаймент шоу тоглолтыг үзэгчдэд толиулахаар  болжээ. Тодруулбал, хоёр жүжигчин энэ сарын 6-наас эхлэн өдөр бүр МҮЭСТөв тус тоглолтоо тоглох юм байна. Энэхүү тоглолтын орлогоос арван оюутны сургалтын төлбөрийг төлөх аж. Энэ талаар “Шинэ үе”  продакшны захирал Н.Ариунболд “Сайн сурлагатай хэрнээ амьдралын нөхцөл, шаардлагаас үүдэн сургалтын төлбөрөө төлөх боломжгүй арван оюутны сургалтын төлбөрийг нь төлж өгнө. Хамгийн гол нь тухайн оюутан сурах чин хүсэлтэй, нийгмийн идэвхи сайхтай байх нь чухал” хэмээн ярьжээ.

Ц.Баянбилэг: Үе мөчний өвчин 15-20 жилийн дараа архагшиж, илэрдэг

“Өвдөгний нүдээр хатгалаа”, “Өвдөгний үеэ солиуллаа”, “Өвдгөнд яс ургалаа” гэх ярих хүнтэй та сүүлийн үе нэлээд таарсан байх. Учир нь энэ төрлийн өвчин манай улсад төдийгүй дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь уг өвчнөөр шаналж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.  Тиймээс өнөөдрийн эрүүл мэнд булангаар өвдөгний үеэр өвдөх архаг, хууч өвчнөөс хэрхэн сэргийлэх, яаж эмчилэх талаар “Алтан хүн” эмнэлгийн захирал, Клиникийн профессор Ц.Баянбилэгтэй ярилцлаа.  

-Сүүлийн үед иргэдийн дунд өвдөгний үеэр өвдөх асуудал нэлээд түгээмэл болсон. Энэ өвчлөл ер нь юунаас үүдэлтэй вэ?

Хүүхэд байхдаа үе мөчий өвчин хоолойн ангина, гуйлсан булчирхайн үрэвсэл, амны хөндийн өвчлөл, хамар хоолойн үрэвсэл, шүд цоорох, хорхойтох зэрэг өвчний үед амьсгалын замаар дамжиж бактери, халдвар хүний биед ордог.Халдвар хүний бие орж цусаар дамжин үе мөчний хооронд байдаг шингэн буюу шар усанд байгаа элементүүдийг гэмтээж бүр цаашилбал устгаж эхэлдэг. Үе хоорондын шингэнийг бүрдүүлэгч эс, мөгөөрсийг гэмтээж, устаснаас үүдэж үе хооронд өвчин  үүснэ.

 -Үе мөчний өвчлөл их нуугдмал шинж чанартай өвчин. Эхэн үедээ огт мэддэггүй. Тухайн хүн 15-20 магадүй түүнээс илүү олон жил өвдөж байж сая өвдөгний үеэр өвдөлт мэдрэгдэж архагшсан үедээ илэрдэг. нуугдмал шинж чанартай өвчин. Өнөөдөрихэнх хүмүүс 50 нас хүрээд зөвхөн өвдөгний үе гэлтгүй тохой, ууц нуруу, мөр, нурууны үе гарын бугалга тэр бүү хэл хөл, гарын жижиг үеүүд хүртэл шархирч үе мөч нь өвдөж эхэлдэг. Энэ нь тухайн хүн хүүхэд байхаасаа өвдөж эхэлсэн гэсэн үг. Учир нь хүүхэд байхдаа үе мөчий өвчин хоолойн ангина, гуйлсан булчирхайн үрэвсэл, амны хөндийн өвчлөл, хамар хоолойн үрэвсэл, шүд цоорох, хорхойтох зэрэг өвчний үед амьсгалын замаар дамжиж бактери, халдвар хүний биед ордог. Халдвар хүний бие орж цусаар дамжин үе мөчний хооронд байдаг шингэн буюу шар усанд байгаа элементүүдийг гэмтээж бүр цаашилбал устгаж эхэлдэг. Үе хоорондын шингэнийг бүрдүүлэгч эс, мөгөөрсийг гэмтээж, устаснаас үүдэж үе хооронд өвчин  үүснэ.Энэ нь үе мөчний  архаг өвчинд хүргэж байгаа юм. Манай монголчууд өөрсдөө ярьдаг биздээ хоолойн ангина үе мөчинд нөлөөлж байна гэж. Үүнийг мэддэг хэрнээ яагаад нөлөөлөх болсон шалтгааныг тэр бүр мэддэггүй. Мөн энэ өвчний хамгийн гол нөлөөлөх шалтгаан нь шүдний үрэвсэл буюу хорхойтох, цоорох явдал. Өнөөдөр  ЕБС-ийн нэг ангийн хүүхдүүийн 75-80  хувь нь шүд цоорхой, хорхойтсон байна. Энэ бодит тоо шүү. Түүнийг бүрэн эмчлээгүй хор уршиг нь 20, 30  жилийн дараа гарч байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүд өвчихсөн, хорхойтох юм уу цоорхой байхад авахуулах, ломбо тавиулаад өнгөрдөг. Энэ нь өнгөн хэсгийг эмчлээд цаана буйланд байгаа үрэвсэлд нөлөөлж чаддаггүй. Тиймээс л үе мөчний өвчин хожуу илэрч байгаа юм. Өвдөгний үений дотор талд хуруу дарам цэгт хатгаж өвдөх, өвдөгний хэлбэр дүрсэнд өөрчлөлт орж хавдсан юм шиг санагдах, шилбэ даган хавагнах, шилбэ хонго орчимд юм орсон юм шиг болно. Шөрмөс татах, халуун оргих буюу хүйтэн оргих, янгинах, өвчин намдаах эмэнд түр дарагдаж дахин давтан өвдөх, явах, босох, суух, жийх, атийлгахад хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн байдаг. Иймээс эмчид хандаж үзүүлэх нь хамгийн зөв. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Гар хөл, амны халдварт өвчин гарч эхэлжээ

Өнгөрсөн жилээс улаанбурхан өвчин гарч, гаймшгийн хэмжээнд хүрч 39734 хүүхэд өвчилснөөс 39675 нь эдгэрч, 59 нь эндсэн тоон мэдээлэл байгаа. Улсдаа ганц байгаа ХӨСҮТ нь ачаалалаа дийлэхгүй, эмч нар амралтгүй ажиллаж байна. Тэгвэл  саяхнаас  гар хөл, амны халдварт өвчин гарч эхэлжээ. Энэхүү өвчин Дархан-Уул аймагт нэлээд их  тархацтай байгаа аж. Тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхдүүд нэлээд их тусаж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар  Дархан-Уул аймгийн  Халдварт судлалын төв эмнэлэгийн эмч н.Эрдэнэцэцэгтэй холбогдож тодруулахад “ Манай аймагт ийм  их тохиолдол гараагүй. Өнгөрсөн  долоон хоногийн байдлаар гурван тохиолдол бүртгэгдсэн. Энэ амралтын өдрийн мэдээлэл аваагүй байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Энэ  өвчин хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин. Энэ өвчнөөр бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг байна. Өвчлөл, хүндрэлийн 90 хувь нь 4 хүртэлх насанд тохиолддог бөгөөд  Зун, намрын улиралд элбэг  тохиолддог юм байна. Энэ талаар халдварт өвчин туссан хүүхдийн ээжээс тодрууллаа.

Энэхүү халдварт өвчнөөр өвчилсөн хүүхдийн  ээж  Отгоотой холбогдож дараах зүйлийг тодрууллаа.

Отгоо: Манай аймагт гар хөл амны халдварт өвчин нэлээд их гарч байгаа гэсэн

-Дархан-Уул аймаг гар хөл амны халдварт өвчин гараад байгаа гэсэн. Танай хүүхэд энэ өвчнөөр өвчилсөн гэсэн. Биеийн  байдал ямар байна вэ?

 -Одоо гайгүй болсон. Өнгөрсөн долоон хоногт өндөр халуурч улаан өнгийн тууралт гарсан. Өрхийн эмчид үзүүлэхэд улаанбурхан байж магадгүй гээд халдвартын эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн бичиг хийж өгсөн. Халдвартын эмнэлэгт үзүүлэхэд гар хөл амны халдварт өвчний эхний шинж тэмдэг байна. Эмч  хэвтэх шаардлагагүй гэсэн. Тэгээд  гэрээрээ  эмчилсэн. Ер нь хувийн ариун цэвэр сайн сахивал хурдан зүгээр болж байна лээ.

-Танай хүүхэд хэдэн настай вэ. Биений тууралт  хэр удаж байж зүгээр болсон вэ?

Энэ өвчин улаан бурхантай нэлээд төстэй юм шиг байна лээ.  Гарын  үзүүр, нимгэн хэсэг болон  амны хөндийд нь тууралт гарсан.

-Манай хүүхэд дөрвөн настай. Ер нь дөрвөн настай хүүхэд энэ өвчнөөр өвчлөх магадал өндөр байдаг гэсэн. Энэ өвчин улаан бурхантай нэлээд төстэй юм шиг байна лээ.  Гарын  үзүүр, нимгэн хэсэг болон  амны хөндийд нь тууралт гарсан. Манай хүүхэд хөнгөн туссан болохоор гурван хоногийн дотор  зүгээр болсон. Энэ өвчин хүндэрвэл их аюултай  гэсэн.  Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ өвчин бохир гар болон хоол хүнсээр халдварладаг гэсэн. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Дуучин Нарагийн хүү аав руугаа залгажээ

Шулуухан зантай дуучин Нара сүүлийн үед улс төрд хүч үзэхээр болж мөрийн хөтөлбөрөө боловсруулан завгүй яваа билээ. Тэрбээр саяхан нэг телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ дэлгэсэн нууц нь олныг гайхшруулжээ. Тодруулбал,  дуучин Нара хүүгийнхээ эцэг болон хүүгийнхээ талаар ийнхүү ярьсан байна. Тэрбээр, “Хүү маань миний утсыг барьж байгаад санамсаргүй аав руугаа  маш олон удаа залгасан байсан. Хүүгээ хааяа аавтай нь уулзуулах юмсан гэж боддог хэрнээ бардам зан хөдлөөд өнөөдрийг  хүртэл уулзуулаагүй” хэмээн ярьжээ.  

С.Боргил: Манай нам АН-тай эвсэхгүй дангаараа сонгуульд оролцоно

Хөдөлмөрийн Үндэсний Намаас хэвлэлийн бага хурал зарлаж, намынхаа дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.  Энэ үеэр ХҮН-ийн дарга С.Боргил "Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай намыг АН-тай эвсэж, дэмжиж сонгуульд оролцоно гэсэн мэдээлэл худлаа гэдгийг хурлын эхэнд хэлэх нь зүйтэй.  ХҮН УИХ-ын сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж оролцоно.  Яагаад гэвэл манай намыг сонгуульд оролцуулахгүй байх эрсдэл үүсч магадгүй байгаа учраас /тодорхой тойргуудад/ 20 гаруй гишүүн маань бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн. Миний бие ч гэсэн бие даан нэр дэвшинэ. Манай намын хувьд байгуулагдаад нэг жил гаруй болж байгаа учир сайн төлөвшөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ямартай ч бид дэвших гишүүдийн нэрсийг гаргаж байгаа. Хуулийн хугацаа нь болохоор албан ёсоор мэдээлэл хийх болно" гэлээ.

1 хүртэлх насны хүүхдүүдэд гэрээр үзлэг хийнэ

Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Тодруулбал, нэг хүртэлх насны хүүхдийг гэрээл очиж үзэх юмс байна. Энэхүү шийдвэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн бөгөөд ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж. Мөн эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт”-ыг долоо хоног бүрийн Бямба гарагт хийж байхаар шилжүүлсэн байна.

Газ үнэртэж байсан 3 хүүхдийг барьжээ

Өнгөрсөн 7 хоногт орон нутагт ЕБС-ийн таван хүүхэд газ үнэртэж байгаад гал алдаж дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан билээ. Тус хүүхдүүд өнөөдрийн байдлаар эмчилгээтэй байгаа бөгөөд дахин хүүхдүүд газ үнэртсэн хэрэг гарчээ.  Тодруулбал, 7-р сургуулийн хойд талын цэцэрлэг дотор хүүхдүүд газ үнэрлээд байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход14-16 насны гурван хүүхэд хэрэглээний газ үнэрлэж байжээ. Өсвөр насныхан ийнхүү мансуурах болсонд эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй худалдааны цэгүүд хууль журмаа биелүүлдэггүй зэрэгтэй шууд холбоотой гэдгийг албаныхан онцолжээ.

“Монголын нэг өдөр” тойм буланг уншсан танд баярлалаа. Өдөр тутам тохиох жижиг, сажиг, сайн, муу бүх зүйлсийг таашааж амьдрах нь амьд байгаагаа мэдрэх хамгийн том хэмжүүр. Таны маргаашийн ажилд тань амжилт хүсье.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mongol hunii nerelhuu bardam zan haashaa alga bolchihov.buhjiig hudaldahad belen boljee.
2016/05/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment