8o
Улаанбаатар хот
mobile menu

Гар хөл, амны халдварт өвчин гарч эхэлжээ

2016-05-02 10:19:00

Өнгөрсөн жилээс улаанбурхан өвчин гарч, гаймшгийн хэмжээнд хүрч 39734 хүүхэд өвчилснөөс 39675 нь эдгэрч, 59 нь эндсэн тоон мэдээлэл байгаа. Улсдаа ганц байгаа ХӨСҮТ нь ачаалалаа дийлэхгүй, эмч нар амралтгүй ажиллаж байна. Тэгвэл  саяхнаас  гар хөл, амны халдварт өвчин гарч эхэлжээ. Энэхүү өвчин Дархан-Уул аймагт нэлээд их  тархацтай байгаа аж. Тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхдүүд нэлээд их тусаж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар  Дархан-Уул аймгийн  Халдварт судлалын төв эмнэлэгийн эмч н.Эрдэнэцэцэгтэй холбогдож тодруулахад “ Манай аймагт ийм  их тохиолдол гараагүй. Өнгөрсөн  долоон хоногийн байдлаар гурван тохиолдол бүртгэгдсэн. Энэ амралтын өдрийн мэдээлэл аваагүй байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Энэ  өвчин хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин. Энэ өвчнөөр бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг байна. Өвчлөл, хүндрэлийн 90 хувь нь 4 хүртэлх насанд тохиолддог бөгөөд  Зун, намрын улиралд элбэг  тохиолддог юм байна. Энэ талаар халдварт өвчин туссан хүүхдийн ээжээс тодрууллаа.

Энэхүү халдварт өвчнөөр өвчилсөн хүүхдийн  ээж  Отгоотой холбогдож дараах зүйлийг тодрууллаа.

Отгоо: Манай аймагт гар хөл амны халдварт өвчин нэлээд их гарч байгаа гэсэн

-Дархан-Уул аймаг гар хөл амны халдварт өвчин гараад байгаа гэсэн. Танай хүүхэд энэ өвчнөөр өвчилсөн гэсэн. Биеийн  байдал ямар байна вэ?

 -Одоо гайгүй болсон . Өнгөрсөн долоон хоногт өндөр халуурч улаан өнгийн тууралт гарсан. Өрхийн эмчид үзүүлэхэд улаанбурхан байж магадгүй гээд халдвартын эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн бичиг хийж өгсөн. Халдвартын эмнэлэгт үзүүлэхэд гар хөл амны халдварт өвчний эхний шинж тэмдэг байна. Эмч  хэвтэх шаардлагагүй гэсэн. Тэгээд  гэрээрээ  эмчилсэн. Ер нь хувийн ариун цэвэр сайн сахивал хурдан зүгээр болж байна лээ.

-Танай хүүхэд хэдэн настай вэ. Биений тууралт  хэр удаж байж зүгээр болсон вэ?

-Манай хүүхэд дөрвөн настай. Ер нь дөрвөн настай хүүхэд энэ өвчнөөр өвчлөх магадал өндөр байдаг гэсэн. Энэ өвчин улаан бурхантай нэлээд төстэй юм шиг байна лээ.  Гарын  үзүүр, нимгэн хэсэг болон  амны хөндийд нь тууралт гарсан. Манай хүүхэд хөнгөн туссан болохоор гурван хоногийн дотор  зүгээр болсон. Энэ өвчин хүндэрвэл их аюултай  гэсэн.  Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ өвчин бохир гар болон хоол хүнсээр халдварладаг гэсэн.

-Танай хүүхэд  цэцэрлэгт явдаг уу. Ангид нь танай хүүхдээс өөр  өвчилсөн хүүхэд байгаа юу?

- Цэцэрлэгт явдаг. Ангид хичнээн хүүхэд өвчилснийг мэдэхгүй л  байна. Манай аймагт гар хөл амны халдварт өвчин нэлээд их гарч байгаа гэсэн. Би хүүхдээ үзүүлэх гээд эмнэлэг дээр очход энэ өвчнөөр өвдөөд хүндэрсэн хүүхдүүд хэд хэд харагдсан.

-Танай хүүхэд  хэддүгээр цэцэрлэгт явдаг бэ?

-Цэцэрлэгийн нэрийг хэлэх боломжгүй байна. Манай хүүхэд өнөөдрөөс эхэлж цэцэрлэгтээ явж байгаа

Цэцэрлэгийн насны хүүхдүүд нэлээд их тусаж байгаа энэ өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Хэрхэн сэргийлэх талаар мэдээлэлийг доороос орж үзнэ үү. 

Гар, хөл, амны өвчний түүхээс

   1957 он Анх Шинэ Зеландад тодорхойлсон

   1958 он Коксаки вирус ялгасан

  1959 он Гар, хөл, амны өвчин, голдууКокс A16

   1969 он АНУ-д энтеровирус 71-ийг тодорхойлсон

   Энтеровирус71, КоксA 16: Гар, хөл, амны өвчний үндсэн шалтгаан, ээлжилдэг

   1970-аад оноос өмнө цөөн тооны тохиолдлууд,

   1980-аад оноос АНУ, Бразил, Европд томоохон дэгдэлтүүд гарсан

   1975 онд Болгарт дэгдэлт гарсан: 750 тохиолдол, 149 саажилт, 44 нас баралт, Унгарын дэгдэлт Дэлхий даяар тархсан.

Үүсгэгч

   Коксаки А16, энтеровирүс 71

  70° спирт, 5% лизол, хлороформ, эфирт тэсвэртэй.

Кварц, формальдегид, хлор агуулсан нэгдэлд тэсвэргүй.

  50°С дээш хэмд идэвхгүйждэг.

Халдварын эх уурхай

   Эмнэлзүйн бүдэг балархай, цочмог хэлбэрээр өвчлөгсөд, вирус тээгчид.

Дамжих зам

  Өтгөн-ам

   Ахуй хавьтал

   Агаар дусал

Халдвар дамжих хүчин зүйл

  Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир, гар

Нууц үе

   Ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног

Халдвартай үе

   Өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр 7-н долоо хоногийн турш гадагш ялгарч болно.

Өртөмтгий бүлэг

   Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг.

Нэг гэрийн хүүхдүүдийн дунд, ясли, цэцэрлэг, сургууль хүүхдийн байгууллагуудад голомтлон гардаг. 

   Өвчлөл, хүндрэлийн 90 хувь нь 4 хүртэлх насанд тохиолддог.

Улиралчлал

   Зун, намрын улиралд элбэг  тохиолдоно.

Эмнэлзүйн шинж тэмдэг

   Халдвар авагсдын 50-80% шинж тэмдэг илрэхгүй

   Ихэвчлэн 5-7 хоногийн дотор аяндаа эдгэрдэг, эмчилгээ хийгээгүй байхад ч

  

    Хөнгөн хэлбэр

   Өвчтний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай тууралт гарах, бага зэрэг толгой өвдөх.

   Дунд хэлбэр

   Өвчтний гар, хөл, ам, өгзөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарсан, амны тууралт шархалсан, толгой өвдсөн, бөөлжсөн, 38 хэмээс дээш нэг хоног, түүнээс дээш халуурсан.

   Хүнд хэлбэр

   Өвчтний гар, хөл, ам, өгзөг, биеэр өвөрмөц цэврүүт тууралттай

   Амны тууралт шархалсан

   Бөөлжсөн

   38 хэмээс дээш халуурсан

  Толгой өвдөж, хүзүүний хөшинг илэрсэн

Даралт буурсан, зүрхний хэм алдагдсан,

   Зүрхний цохилт олширсон,

   Амьсгал олширон, цустай хөөсөрхөг цэр гарсан,

   Цочромтгой, унтаа, нойрмог болсон, гар, хөл бага зэрэг саажсан зэрэг болно.

Хүндрэл

   Уушигны хаван/цус алдалт

   Энцефалит

  Асептик менингит

   Цочмог сул саажилт

   Миокардит

Эмчилгээ

Гар, хөл, амны өвчний үед өвөрмөц эмчилгээ байхгүй.

  Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

    Хөнгөн хэлбэрийн үед

  Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй

   Хүүхдийг гэрт нь 14 хоног өрхийн эмчийн хяналтад тусгаарлана.

  Илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүн,  аминдэм, аньс, чацарганы шүүс зэргийг хэрэглэнэ.

      Дунд хэлбэрийн үед

   Өвчтний биеийн байдлыг дунд гэж үнэлбэл эмнэлэгт хэвтүүлэн шинж тэмдэгийн болон хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийнэ.

    Хүнд хэлбэрийн үед

   Өвчтнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн

   Уушигны хаван/цус алдалт,

Энцефалит,

  Асептик менингит,

  Миокардит зэрэг хүндрэлийг  “Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн удирдамж”-ын дагуу эмчилнэ.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл