Амьдралд дандаа гэрэл гэгээтэй, сайхан байдаггүй заримдаа өдөр хоногууд нэг л хүйтэн зэврүүн байх нь бий. Гэвч тэдгээр өдрүүдэд шаналж, зовж, бухимдсан ч дараа нэг өдөр та баярлаж, сайхныг хүртэх учиртай. Учир нь “Бэрхшээл гэдэг нь дүрээ хувиргасан боломж”. Эрхэм уншигч таны энэ өдрийн амрыг эрье. Өнөөдөр нийгэмд болж өрнөсөн халуун сэдвүүдийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү хүргэж байна.
Улаанбурханы дархлаажуулалтыг хийж эхэллээ
Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдэлэл хийлээ. Тэрбээр "Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байгаа.
Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д 1,700 гаруй өвчтөн хандсаны 1,195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627,500 хүн/тун вакциныг хүлээж авсан. Энэ вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхэллээ. Нэмэлт вакцин болон эмчилгээний тоног төхөөрөмж авах асуудлыг Засгийн газрын энэ оны гуравдугаар сард шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын шийдвэрүүд ажил хэрэг болж байна.
900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах бэлтгэл хангасан. Энд ажиллах 1,200 эмч, 350 сувилагчийг бэлтгэн сургалтад хамруулсан" гэлээ.
Оффшор данстануудыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардав
УИХ-д суудалгүй улс төрийн намуудаас оффшор данстай хүмүүсийг төрийн албанаас чөлөөлөх, шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдээс шаардав. Олон улсын эрэн сурвалжлах "The Panama papers" сэтгүүл зүйн нийгэмлэгээс энэ сарын 10-нд Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлхий нийтэд зарласан. Уг мэдээлэлд татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэжээ. Үүнд дотор 140 улс төрийн өндөр дээд албан тушаалтны мэдээлэл багтсан бөгөөд үүнээс 49-ийг нь Монголын иргэд эзэлж байгаа аж. Улс орон өрөнд орж, ард түмэн ядууралд нэрвэгдсэн энэ үед бид ард түмний мөнгийг завшиж, нуусан эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат хэллээ.
С.Алтангэрэл: Дрифт нь эр зориг, хурд, чадвар, авъяас зэргийн нэр дор багтаасан урлаг
Дрифтийн шоу үзүүлбэр нь автомашин сонирхогчдын ур чадвар, эр зоригийг сорьдог спорт. Хурд, хүчний гайхамшиг болж төмөр хүлгээр хэрхэн шарвалт хийж олныг гайхшруулах нь бас нэг авъяас бөгөөд ур чадвар, хүч хөдөлмөр, өндөр мэдрэмж. Тийм ч утаагаараа залуусийн хүсэл сонирхол, хобби сүүлийн үед спортын нэг төрөл болж хөгжиж ирсэн билээ. Энэ удаагийнхаа ярилцлагын буланд “I drift” клубын тамирчин Сурмаажавын Алтангэрэлийг урилаа. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч энэ спортоор хичээллээд багагүй хугацааг өнгөрүүлсэн аж. Эхэн үедээ сонирхол, хобби байсан бол одоо мэргэжлийн тамирчин болсон байна.
-Та манай уншигчддад өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Уншигчид болон авто спорт сонирхдог бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Сурмаажавын Алтангэрэл гэдэг. Унаган хотын хүүхэд. Эдийн засагч мэргэжилтэй одоогоор хувиараа бизнес эрхэлж байна. 2009 оноос хойш авто спортоор хичээллэж эхэлсэн. “I drift” клубын тамирчин.
-Авто спортын сонирхогчдын клубууд нэгдэж холбоо байгуулсан гэсэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Манай “Drift union” холбоо энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан. Үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн 5-6 клуб нэгдээд уг холбоог байгуулсан. Харин 2008 оноос дрифтийн анхны клубууд нэгдэж Монголын спорт машин сонирхогчдын холбоог байгуулаад байна. Монголд спорт машин сонирхдог залуусийн 70-80 хувь нь манай холбоонд харьяалагддаг. Хоёр эмэгтэй тамирчинтай бусад нь эрчүүд.
-Холбооны гишүүд дотор мэргэжлийн тамирчин байдаг уу эсвэл зүгээр л сонирхогч байна уу?
-Холбооны гишүүдийг мэргэжлийн болон сонирхогч гэж хоёр ангилдаг л даа. Холбоонд харьяалалтай хүмүүсийг гишүүн, тамирчин гэж хоёр хэсэгт хувааж байна гэж ойлгож болно. Гишүүн гэдэг нь холбооныхоо үйл ажиллагаа явуулахад гар бие оролцож байгаа нэг хэсэг хүмүүсийг хэлнэ. Харин тамирчин гэдэг нь энэ спортоор хичээллэж мэргэжлийн түвшин хүрсэн уралдаан тэмцээнд оролцдог залуусыг хэлж байгаа юм. Манай холбоонд 70 гаруй мэргэжлийн тамирчин байдаг.
-Уралдаан тэмцээн зохион байгууллахад зөвшөөрөл авдаг уу?
-Манай холбоо Зам тээврийн яам болон Замын цагдаагийн газартай хамртан ажилладаг. Бүх тэмцээн уралдааныг дээрх хоёр газрын зөвшөөрөлтэйгээр явуулж ирсэн.
-Уралдаан тэмцээнд хэр оролцож байна вэ. Саяхан ОХУ-ын Улаан-Үд хотод болсон тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирсэн гэж сонссон юм байна?
-Өмнө нь ОХУ-ын Улаан-Үд хотод очиж манай тамирчид дрифтийн шоунд оролцож байсан. Тухайн үед Орос, болон Улаан-Үдийн мэргэжлийн тамирчидтай танилцаж, энэ чиглэлээр тэмцээнд уралдаан зохион байгуулж байвал оролцож байхаар болсон юм. Түүнээс хойш Улаан-Үдэд болон манайд хоёр удаа дрифтийн шоу тэмцээн болсон.Манайд болсон тэмцээнээс манай тамирчин гуравдугаар байрт шалгарсан.
-Дриф хийдэг автомашины эд анги өөр өөр байх уу. Хэдэн км цагийн хурдтайгаар дрифт хийдэг вэ? Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
А.Сайхантамир: Үндэснийхээ ёочин хөгжим тоглож, уртын дуу дуулна
Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдаж буй “Miss Supertalent Of The World” буюу Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, загвар өмсөгч, мисс А.Сайхантамир оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээндДэлхийн гоо бүсгүйчүүдийн авьяас билгийг нээн илрүүлж, авьяас билэг, гоо үзэсгэлэнгээр нь дамжуулж дэлхийн энх тайвны төлөө томоохон үйл ажиллагаануудыг явуулах зорилготой тус тэмцээнд 40 гаруй орны авьяаслаг миссүүд оролцож өөрсдийн авьяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж байна.
Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа "Шилмэл загвар” агентлагийн модель, загвар өмсөгч, мисс А.Сайхантамиртай холбогдож цөөн хором ярилцлаа.
-Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Miss Supertalent Of The World” буюу Дэлхийн авьяаслаг миссүүдийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаад нь баяр хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө танай сайтаар дамжуулан уншигчиддаа гэгээн өглөөний мэндийг хүргэе. Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохион байгулагдаж байгаа “Miss Supertalent Of The World” буюу Дэлхийн авьяаслаг миссүүдийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаадаа маш их баяртай байна.
-Энэ тэмцээнд хичнээн орны миссүүд оролцож байгаа вэ?
- Энэхүү миссийн тэмцээнд нийтдээ 45 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа. Энэ тэмцээн нийтдээ 18 хоног болно. Одоогийн байдлаар 15 хоног дээр өрсөлдөөд явж байна. Тэмцээн маргааш хүртэл үргэжилэх бөгөөд эцсийн шалгаруулалт болно.Одоо тэмцээндээ бэлдээд байж байна.
- Miss Supertalent Of The World” буюу Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнээс гадна олон улсын миссийн тэмцээнд орж байсан уу?
-Өмнө нь олон улсын гурван тэмцээн оролцож байсан. Энд дундаас гаргаж байсан амжилт гэвэл “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, Орос, Монгол, Хятад гурван улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний гуравдугаар байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай байрын шагналыг хүртсэн. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод болсон Miss Model Of the World тэмцээнд оролцож, дэлхийн 82 орны бүсгүйчүүдтэй өрсөлдөж шилдэг 20 багтаж байсан. Мөн авьяаслаг номинацийг авсан. Эдгээрээс гадна Монгол хувцас загварын тэргүүн дээд наадам болох "Goyol 2016" наадамд шилдэг загвар өмсөгч буюу дэд байрын эзэн болсон.Одоо энэ тэмцээндээ өндөр амжилт гаргахын төлөө хичээж байна даа.
- Ер нь хэзээнээс эхэлж загварын ертөнцөд хөл тавьсан вэ. “Шилмэл загвар” агентлагийн модель, загвар өмсөгч гэж явдаг. Энэ агентлагт хэзээнээс эхэлж харъяалагдсан вэ?
- Манай монголын загвар өмсөгчид гайхалтай чадвартай хүмүүс байдаг. Анх загварт хөл тавихад татах хүч болсон багш болон мундаг загвар өмсөгчид байгаа. Тухайлбал,Топ модель Э.Сэлэнгэ, О.Уянга, загвар өмсөгч М. Наранмандах гэх мэтчилэн гоо сайхны төгс төгөлдөр болсон мундаг хүчирхэг эмэгтэйчүүд байгаа.Миний амжилтын гараа “Шилмэл загвар агентлаг”-аас эхэлсэн. Одоо агентлагтаа ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд маш олон зүйлийг мэдэж сурсан. Өөрийнхөө дуртай зүйлээ хийгээд явж байгаа болохоор их сэтгэл хангуулан байдаг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Э.Сумъяагаас илэрсэн допингийн асуудлаар албан ёсны тайлбар өглөө
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяагаас мельдониум илэрч, олимпийн эрхээ хураалгасан билээ. Энэ талаар албаны хүмүүс албан ёсны тайлбар хийлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Э.Сумъяагийн олимпийн эрхийг түдгэлзүүлсэн талаарх албан бичгийг ДБНХ-ноос 2016 оны тавдугаар сарын 11-нд бидэнд илгээлээ. ДБНХ-ноос бидэнд хамгийн анх дөрөвдүгээр сарын 12-нд “Маш нууц” гэсэн тодотголтой захидал ирсэн. Эл захидалд “Монгол Улсын тамирчин Э.Сумъяагаас допингийн төрлийн бэлдмэл илэрлээ. Тавдугаар сарын 2 хүртэл үүнтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийж болохгүй. Маш нууц. Э.Сумъяагийн нэр хүндтэй холбоотой” гэж бичсэн байсан. Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 13-нд Дэлхийн допингийн эсрэг үндэсний төв “2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш 1-1.5 микрограмм хэрэглэсэн тамирчинг цагаатгана” хэмээн сайтдаа албан ёсоор мэдээлсэн. ДБНХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг бидэнд тавдугаар сарын 26-нд ирсэн. Тэр захидалд “Э.Сумъяагаас 0.7 микрограмм мельдониум хэрэглэсэн нь тогтоогдлоо. Тиймээс 2016 дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан шийдвэрээ цуцаллаа. Энэ цаг үеэс хойш олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж буйг мэдэгдье. Гэхдээ цаашид нарийн шинжилгээгээр тухайн бодисыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хэрэглэсэн нь тогтоогдвол дахиж түтгэлзүүлнэ” хэмээн бичсэн юм. Нэг ёсондоо Э.Сумъяаг цагаатгасан гэсэн үг. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргачихлаа” гэв.
Хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэн зул өргөнө
Тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ Гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстний оршин тогтнох анхдагч нэгж болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ.
Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Эрүүл зөв Монгол” ТББ-аас хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх үйл ажиллагааг энэ сарын 15-ны орой Эрх чөлөөний талбайд зохион байгуулах юм. Энэ үеэр харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэж, нэг минут чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэх ажээ.
Алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй өчигдөр 10:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон талаар мэдээлж байсан. Тэгвэл алга болсон тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсөн бөгөөд өнөө өглөөний 08:40 цагийн үед “Цагаан булан” гэдэг газраас цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Нэр дэвшигчдийн хар зураг гарч эхэллээ
СЕХ-оос 11 нам, гурван эвслийг хуулийн холбогдох заалтыг хангасан хэмээн үзэж, сонгуульд оролцох батламжийг гардуулсан. Тэгвэл улс төрийн томоохон хүчин АН, МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорч эхэллээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Шуурхай: Дуучин Т.Дэлгэрмөрөн өнөөдөр хүнд хутгалуулсан уу
Дуучин Т.Дэлгэрмөрөн өнөөдөр өглөө гэрийнхээ орцонд хутгалуулсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэрбээр гэдсэн тус газраа хутгалуулсан бөгөөд түүнийг хутгалсан хүн нь найз нь байсан талаар нэгэн мэдээллийн хэрэгслээр бичжээ. Ямартаа ч дуучин залуу хутгалуулсныхаа дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж оёдол тавиулсан талаар мэдээлэл байна. Энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Ц.Элбэгдорж: Оффшор дансны асуудалд хариуцлагатай хандах ёстой
Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас бэлтгэн гаргаж буй оффшор данстануудын мэдээллүүд олон нийтэд ил болж, нэлээд дуулиан дэгдээгээд байгаа. Энэ үйл явдал дэлхийд төдийгүй манай улсад ч дуулиан дэгдээгээд байгаа. Тэгвэл уг асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Эргийн гадна/offshore/ данс тойрсон асуудал, мэдээлэлд Монгол улс хариуцлагатай, нээлттэй хандах ёстой. Олон нийтийн дуу хоолойг сонсож, хууль журмаа нарийвчилж, хариуцлагыг шат бүхэнд чангатгах. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын бүртгэл, байршил, хөдөлгөөнийг ил тод болгох, төр иргэдийн хяналтад оруулах ажлыг тууштай үргэлжлүүлэх. Татвар, тайлан бүртгэлээс зугатах, мөнгө угаах, хууль бус орлогоо нуух хэлбэр оролдлого бүрийг илчлэх. Хууль тогтоомжийг алагчлалгүй хэлбэрэлтгүй сахиулах. Дээрхи чиглэлд бодлого боловсруулагчид, хууль хэрэгжүүлэгчдийг санаачлагатай, идэвхтэй ажиллах” гэжээ.
Э.Бат-Үүл: Хүүгээ оффшор компанитай байсныг мэдээгүй
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээлэл дунд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн юм. Эдгээр хүмүүсийн дунд олны танил бинесмэн, улс төрч гээд олон анхаарал татсан хүмүүс байсан. Түүний нэг нь Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор данстай байсан нь олны анхаарлыг татаж багагүй маргаан үүсгээд байгаа. "Нийслэл хот Дэнзэнтэй болжээ" гэсэн ёгтлол өнгөрсөн жилээс цахим сүлжээгээр тарж эхэлсэн. Аав нь татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нууж байна хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа.Харин энэ талаар Хотын дарга мэдээлэл өглөө.
Хүүгийнх нь оффшор дахь дансных нь талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс Ерөнхий сайдын даалгавраар“Сайдын цаг” уулзалтад оролцох үеэр нь тодруулахад “Энэ талаарх мэдээллийг уржигдар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Тэр үед л хүүгээ оффшор бүсэд данстай компанитай байсныг олж мэдлээ. Мэдсэн даруйдаа хүү Б.Чулуудайтай утсаар ярьсан. Хүү маань “Хөрөнгө оруулалт хийхийн тулд 2011 онд оффшор компани байгуулсан. Гэхдээ ямар нэгэн гүйлгээ хийгээгүй” гэж надад тайлбарласан. Хүү маань гурван хүүхэдтэй, бие даасан хүн бас бизнесмен. Би ажилд нь тэр бүр ороод байхыг хүсдэггүй. Би хүүдээ “Бүх зүйлийг хуулийн дагуу хийж байгаарай” л гэж захиж хэлсэн. Ийм л юм болсон” гэлээ.
Л.Гүндайлай дуучин С.Жавхланг эмэгтэй хүн гэв
Монголоороо байгаасай хэмээх Өвөрмонголчуудын хийсэн дууг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай дуулж, олны хүртээл болгоод нэлээд шуугиан тарьж байв. Гэтэл МУГЖ С.Жавхлан саяхан мөн л энэ дууг дуулж, өөрийнхөөрөө дүрсжүүлжээ.
Түүний дараа Л.Гүндалайгаас ярилцлага авч байсан сэтгүүлч таны дуулсан “Монголоороо байгаасай дууг С.Жавхлан дуулсан байна лээ” гэхэд хариуд нь С.Жавхлан гэж эмэгтэй дуучин уу? Би эмэгтэй хүн гэж боддог” хэмээн хээвнэг хариулжээ. МУГЖ С.Жавхланг эмэгтэй дуучин хэмээн хэлчихээд өөрийгөө магтаж, нөгөө нэг сонгуулийн шоугаа хийж суугаа нь харин өөрийг нь эрүүл үү гэдэгт хүмүүс эргэлзэж байна.
Сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэр тодорлоо
Бие даагчдын нэрс тодорч эхэллээ. Тухайлбал, Дуучин Нара, өмгөөлөгч Г.Батбаяр, Арго, ХҮН-ын дарга С.Боргил, "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний П.Шинжээравдан, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, ХҮН-ын Б.Найдалаа, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, "Гал Үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр "Шударга шvvх" ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт нар бие даан нэр дэвшихээр болжээ. Түүнчлэн Дамбын Хишигжаргал Булган аймагт бие дааж нэр дэвшихээр болжээ.
"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан эрхэм танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье.