“Хэд хоногийн өмнө найзуудтайгаа уулзахаар явж байтал автобусанд ийнхүү ярилцах хоёр бүсгүйтэй таарав. Нэг нь “Ломбард байгаагүй бол миний муу охин сургуулиа төгсч чадахгүй байх байлаа” гэхэд нөгөөх нь “Яав юу болов” гэж асуусаар тэдний яриа өрнөж эхэллээ. Өөрт байгаа үнэ хүрэхүйц гайгүй гэсэн бүхнээ ломбарданд тавьж өдөр хоногийг өнгөрөөж, амьдарч байна. Гэрт ажил хийдэг хүн байсан ч өнөөдөр цалингаа цагтаа өгдөг байгууллага ховор болж, хоёр сараар нь ч өгөхгүй юм. Илүү цагийн нэмэгдэл, урамшуулал энэ тэрийг авахаа болиод удлаа. Тэгээд ямар сайндаа чирэгдэл төвөг болдоггүй, элдэв бичиг баримт шаарддаггүй ломбарданд LCD зурагтаа тавиад охиныхоо сургалтын төлбөрийг гүйцээж охиноо төгсгөж байна. Ах, дүү, хамаатан садангаасаа мөнгө асуухаар миний ярьсныг л ярих юм” хэмээн учирлан ярих юм. Энэ дүр төрх яг л өнөөдрийн бодит байдал. Албан бус тоогоор нийслэл хотод барьцаат зээлийн 500 гаруй төв үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Ийнхүү ярих хоёр бүсгүйн яриаг сонсоод энэ удаагийн сурвалжлагаа ломбардуудаар явж хийхээр болсон юм. Гэхдээ барьцаалан зээлдүүлэх төв буюу ломбардыг буруутгах гэсэнгүй, мөн түүгээр үйлчлүүлж буй иргэдийг ч буруутгах аргагүй. Нөхцөл байдлыг харуулахыг зорьлоо.
Ядарсандаа охиныхоо монетон хослолыг тавьж байна
Бидний очсон хамгийн эхний газар бол Бөхийн өргөөний зүүнтэй байрлах “Начин заан” ломбардын гуравдугаар салбар юм. Бага үдийн нар аль хэдийн дээхэнтэй мандаж 12:00 цаг болж байв. Уг салбар нь гурван теллертэй бөгөөд бүгд л хүнтэй байлаа. Хэсэг байдлыг харзнан зогсоход нэлээд олон хүн үйлчлүүлж багахан хэмжээний дараалал үүсгэсэн юм. Андуу харсан хүн банкинд дугаарлаж байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Энэ нь нэг талаараа ашиг хөөсөн бизнес хэдий ч нөгөө талаараа иргэдийн хэрэгцээ шаардлага байгаа нь ажиглагдаж байлаа. Учир нь дунд эргэм насны нэгэн эмэгтэй их л яаран орж ирснээ “Монетон хослол” тавиулах гэсэн юм хэд болох уу гэж асуух нь их яаралтай хэрэг болсон л илт байв. Ажлаа дуусганых нь яагаад монетон хослол тавих болсныг асуухад “Гэнэт ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болсон юм. Өнөөдөр хүнээс мөнгө асуухаар өгөх хүн ховор бараг байхгүй болж. Бэлэн мөнгөтэй хүн байхгүй байна. Тэгээд л ядарсан даа охиныхоо монетон хослолыг тавьж байна” гэв. Харин тус салбарын ахлах теллерээс өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг, юуг хамгийн их авч ирдэг, хугацаандаа авч байгаа эсэхийг асуухад тэрбээр “Манай байгууллагын дотоод журамд энэ талын мэдээллийг гадагшаа гаргахгүй гэсэн байдаг. Тиймээс танд энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй” хэмээн тайлбарлалаа. Хэсэг хугацаанд зогсч ажигллахад нэлээд олон хүн орж харагдав. Ингээд уг салбараар үйлчлүүлж буй иргэн Х.Батаатай ийнхүү ярилцсан юм.
Андуу харсан хүн банкинд дугаарлаж байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Энэ нь нэг талаараа ашиг хөөсөн бизнес хэдий ч нөгөө талаараа иргэдийн хэрэгцээ шаардлага байгаа нь ажиглагдаж байлаа.
Х.Батаа: Тулгамдсан үед ломбардыг зорихоос өөр арга байдаггүй
-Ямар хэргээр уг ломбардыг зорьж байна вэ?
-Эхнэрийнхээ алтан ээмэгийг тавьчихсан байсан юм. Түүнийгээ сунгуулахаар ирсэн. Өнөөдөртэйгөө нийлээд гурван удаа сунгуулж байна.
-Ломбардаад үйлчлүүлэх өндөр хүү төлдөг шүү дээ. Гурван удаа сунгуулахад хүү нь хэд болж байна вэ?
-Өндөр л дөө гэхдээ тулгамдсан үед ломбардыг зорихоос өөр арга байдаггүй.
-Та одоо ямар ажил хийдэг вэ?
-Би төрийн албанд 8 жил ажилласан. Санхүү ч мэргэжилтэй. Хоёр жилийн өмнө орон тооны цомхотгоор ажилласаа халагдсан. Түүнээс хойш хувиараа юм хийж байна.
Хүүгийн хүү бодох нь иргэдэд санхүүгийн дарамт учруулдаг
Бидний дараагийн очсон газар Баянзүрх дүүрэгт байрлах “Сайн” ломбард 3 барьцаат зээлийн төв. Энд иргэд цахим дугаар авч үйлчлүүлдэг бөгөөд хоёр эгнээ найман сандалтай хүлээлгийн танхимтай аж. Биднийг очиход дөрвөн теллер иргэдэд үйлчилж харагдав. Теллэрүүд нэг загварын дүрэмт хувцас өмссөн нь хүмүүст үйлчлэх нь хүрээгээ тэлж өргөжсөнийг илтгэж байлаа. Нэлээд олон үйлчүүлэгч байгаа нь илт, дийлэнх нь тавьсан эд зүйлсээ сунгуулж байлаа. Тэдний нэг болох Сүхбаатар дүүргийн иргэн Г.Жаргалтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Би 35 настай цахилгааны инженер мэргэжилтэй. Одоогоор ажилгүй байна. Нэг хувийн байгууллагад ажиллаж байгаад дөрвөн сарын өмнө ажлаасаа гарсан. Цалин мөнгөө өгөхгүй эдийн засаг хямралтай байна. Санхүүжилт орж ирэхгүй гэх зэрэг шалтгаанаар цалингаа цагт нь тавих болохоор ажилчид нь бараг гарсан. Би БНСУ руу гарч ажиллах санаатай бичиг баримт хөөцөлдөж байна. Ирэх сарын эхээр гарна. Бичиг баримт хөөцөлдөхөд овоо хэдэн төгрөг хэрэг болдог юм байна. Өөрийнхөө машиныг авто ломбардад, ээжийнхээ алтан бөгжийг энд тавиад явж байна” гэв. Ломбардыг зорьсон хүн бүгд л өөр өөрийн гэсэн учир шалгаантай, мөнгөний хэрэгтэй болсон байгаа нь дээрх хүний ярианаас илт харагдаж байсан юм. Учир нь энэ салбараар үйлчлүүлж буй нэгэн иргэний тавьсан зүйл хугацаанаасаа хэтэрсэн бололтой нэмж хүү төлөхгүй, утсаар мэдэгдэх ёстой гэх зэргийг нэлээд бухимдангуй ярьж байлаа. Учир нь олон сараар хугацааг нь сунгасан эд зүйлсэд хүүгийн хүү боддог аж. Энэ нь иргэдэд санхүүгийн дарамт болдог гэдгийг барьцаат зээлийн төвөөр үйлчлүүлж буй хүмүүс ярьж байсан юм.
Сүүлийн үед тавьсан зүйлээ авахаас авахгүй нь их болсон
Улмаар бид Халвартын буудлын хажууд байрладаг “Арвижих” ломбардыг зорилоо. Энэхүү ломбард өмнөх хоёрыг бодвол харьцангуй хүн багатай байсан юм. Уг барьцаат зээлийн төв ёстой хүний өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг авдаг бололтой нь харагдаж байв. Учир нь хаалганы хажууд байрлуулсан мэдээллийн самбарт “Алт, монет, мөнгө, үнэт эдлэл, гар утас, нөүтбүүк, электрон бараа, LCD, Led зурагт зэргийг авна” гэж бичжээ. Эндээс үзэхэд “Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан тэдний аль өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хамах барьцаат зээлийн төв бидний эргэн тойронд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь бэлхнээ харагдаж байв. Түүнчлэн уг ломбардын теллерээс ямар үед хүн их ирдэг, юу авч ирдэг, тавьсан зүйлээ хугацаандаа авдаг эсэхийг асуухад тэрбээр “Нэг хэсэг хичээлийн шинэ жил эхлэх, цагаан сар, тэмдэглэл баяр ёслолын үеэр хүмүүс их ирдэг байсан. Харин сүүлийн үед өдөр болгон ирдэг гэж хэлж болно. Ирсэн хүмүүст бэлэн мөнгө их хэрэгтэй байдаг. Манайхаар өдөрт хамгийн багадаа 30-40 хүн тогтмол үйлчлүүдэг. Сүүлийн үед тавьсан зүйлээ авахаас авахгүй нь их болсон” хэмээн ярьсан юм.
Ийнхүү барьцаалан зээлдүүлэх төв буюу бидний хэлж заншсан ломбардаар явсан нэг өрийн сурвалжлагаа энд хүрээд дуусгаж байна. Өглөөний нартай уралдан босч үдшийн бүрийг ажрах завгүй хөдөлмөрлөж байгаа хүн олон хэдий ч тэр бүр хэрэгцээндээ хүрч чадахгүй, бэлэн мөнгөний гачигдалд орж өөрт байгаа өнгөтэй болгоноо арга ядсандаа мөнгө болгон тэмтэрч байна.