8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Алтантулга: Дэлхийд зорчигчидтойгоо “селфиддэг” хоёр хүний нэг нь би

2016-05-19 10:59:00

Амьдрал тэр дундаа хүмүүс өөр, өөрийн өнгөтэй. Алдаа оноотой энэ амьдрал дунд  хамгийн тод гэрэлтэж, хийж бүтээж яваа нэгэн эрхэмийг энэ удаагийн зочноороо урьлаа. "Амжилт нь аз жаргалын түлхүүр бус харин аз жаргал нь амжилтын түлхүүр юм. Хэрэв чи хийж байгаа зүйлээ сэтгэлээсээ хийх аваас амжилттай байх нь дамжиггүй ээ."гэсэн  сайхан үг байдаг. Яг л энэ үгийг бүрэн утгаар нь харуулж байгаа цахим хуудаснаа болон олон нийтэд “Нөгөө ах” гэдэг нэрээр нь түүнийг танина. Олон хүнд инээд хөөр, гэрэл гэгээг бэлэглэж чадсанаараа өнөөдөр энэ эрхэм хамгийн тод гэрэлтэж байна. Амьдралын төлөө өөрийн хүчээр тэмцэж яваа Нийтийн такси үйлчилгээнд үлгэр жишээ болж буй "Нөгөө ах" буюу С.Алтантулгатай ярилцлаа.

-Цахим ертөнцөөр таныг "Нөгөө ах" гэдгээр нь их хүмүүс таньдаг юм байна лээ. Юуны түрүүнд та өөрийг танилцуулахгүй юу?

-Намайг Сүрэнжавын Алтантулга гэдэг. Төрсөн газар бол Налайх. Налайх гэж  нэршсэн болохоос үндсэн нэр нь “Налуу ухаа” гэдэг газар байсан. Тухайн үед   хар алт Налуу ухаагаас олдоод хүмүүс маш ихээр шуурч эхэлсэн, тэр үед хүмүүс Налуу ухаа явнаа гэсээр байгаад Налайх болж хувирсан. Тэгэхээр миний төрсөн газар Налуу ухаа, өссөн газар Улаанбаатар.

-Танайх хэдэн ам бүлтэй вэ. Таны эхнэр ямар ажил хийдэг вэ?

-Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр барилгад засал чимэглэл хийж байна. Хямралтай байна гээд компани цалин мөнгөө сайн өгөхгүй байна. Ийм байгаа учраас  ах нь гэр орноо тэжээгээд л авч явж байна. 2007 оноос эхэлж явж эхэлсэн, өнөөдрийг хүртэл 8 жил явсан байна. Дундаа 1 жил 8 сар завсарласан. Завсарласан үеээ эс тооцвол өнөөдрийг хүртэл тасралтгүй таксинд явж байна.

-Нууц биш бол таны өдрийн орлого хэдэн төгрөг вэ?

-Үнэхээр хямрал нөлөөлж байна. Гэхдээ 40, 50 мянган төгрөгөөс буухгүй. Олны танил болсон болохоор бас гайгүй хямралыг даван туулж байна. Хүмүүс цалин авахгүй болохоор ямар хүмүүс такси барих вэ ингээд бие биенээ дагаад л хямарч байна. Хямрал нэг үеэ бодоход цэгцрээд байгаа юм шиг санагдаж байна.. Сонгуулийн дараа ахиад ч хямрахыг үгүйсгэхгүй.

-Таны цахим хуудсыг үзэж байхад такси барьсан хүмүүстэй зургаа авахуулдаг юм байна. Одоо та хэдэн хүнтэй зургаа авахуулж байна?

-Суусан хүн болгонтой зургаа авахуулдаггүй. Зураг авахуулах дургүй, дуртай гээд янз бүрийн хүмүүс л орж ирнэ. Зарим зорчигч нар орж ирээд за зургаа авахуулна шүү гэх хүмүүс ч таарна. Ингээд хамт зургаа авахуулсан хүмүүстэйгээ альбом хийгээд явж байна. Энэ маш их сонин тохиолдол. Үйлчлүүлсэн хүмүүстэйгээ зургаа авахуулаад  альбом хийгээд явж байхад нэгэн үйлчлүүлэгч надад тодорхой хэлж байсан юм. Дэлхийн аль ч улсад таксины үйлчилгээ байдаг. Энэ хүмүүс дотроос заавал ард түмэндээ танигдсан содон буюу алдартай хүн байдаг гэж хэлж байсан. Тэрэнтэй адилхан монголоос бол “Нөгөө ах” та болчихлоо. Таны энэ ажилдаа дурлаж, үйлчлүүлэгчиддээ сайхан харьцаж байгаа байдал таныг олон түмэнд таниулж чадсан байна гэж хэлсэн.

Харин энэ хүмүүс дотроос үйлчлүүлэгч нартайгаа “селфиддэг” хүн дэлхийд хоёрхон байдаг. Нэг Хятадын алдарт  таксичин, хоёр дахь нь бол та шүү гэж хэлсэн.

Тэгээд би тэр Хятадын алдартай таксичиныг харлаа, маш олон хүнтэй зургаа авахуулсан, их гоё инээмсэглэдэг хүн байна лээ. Тэр хүн нийт 30 мянган хүнтэй селфи хийсэн гэж сонссон. Одоо тоо нь өссөн байхаа. Харин минийх одоо 1000 селфи болж байна. Селфи хийдгээрээ би монголдоо анхдагч болж байгаа юм. Би чинь 2012 оноос хойш л хүмүүст танигдаж эхэлсэн. Өдөрт 25-30 хүнд үйлчиллээ гэхэд 5, 6 нь л танихгүй байх жишээтэй.

-Таныг машин дотор ороод ирсэн чинь байгалийн сайханд амарч байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Шувуу дугарч байна, бас гол урсаж байгаа юм шиг чимээ гарч байна. Анх ингэж машинаа тохижуулая гэсэн бодол хэзээ төрсөн бэ?

-Таксинд анх явсан үеэсээ л анх машинаа ингэж тохижуулсан. Яагаад анх ингэх болсон гэхээр би чинь тухайн үед архаг тамхичин байсан. Тэгээд тамхинаасаа гараад таксинд явж эхэлсэн. Харамсалтай нь суусан хүмүүс тамхи татаад байдаг, би татуулахгүй гэхээр үйлчлүүлэгчээ алдах гээд байдаг. Тэгээд энэ байдлаа гэр бүлийнхэнтэйгээ яриад байж байтал манай хүүхэд та машин дотроо тамхи татаж болохгүй гэсэн бичиг тавиад үзээч гэсэн. Тэгээд л тамхи татаж болохгүй гэсэн бичиг тавиад явахаар нэг ч хүн тамхи татахгүй байсан. Тэгээд би  бодож эхэлсэн. Тамхи татахгүй байгаа хүмүүст яаж хариу барих вэ гээд л бодож байгаад сэтгүүл тавиад, баяжуулаад эхэлсэн. Одоо үйлчлүүлэгч нараа чихрээр дайлна, үйлчилж байгаа тухайн цаг мөчийг таатай байлгах үүднээс орчинг нь бүрдүүлж өгсөн. Улаанбаатар хотын иргэд ажил гэр гэж гүйсээр байгаад байгалийн хүйн холбооноос хол хөндий яваад байгаа. Үүнийг нөхөж өгөх үүднээс энэ байгалийн чимээг тавьж өгсөн. Орой ажлаа тараад явж байгаа хүн бол жинхэнэ тайвшраад л бууна. Миний үйлчлүүлэгч инээж суусан бол, инээж л буух ёстой гэсэн зорилго тавьж ажилладаг. Саяны суусан хүн инээгээд л бууж байгаа биз. Энэ мэтчилэн хүмүүст гэрэл гэгээг бэлэглэхийн төлөө ажил мэргэжилдээ дурлаж ажиллаж байна. Миний таксинд янз бүрийн л хүмүүс суудаг. Гэхдээ буухдаа инээгээд л буудаг.

-Өдөрт 25-30 хүн тогтмол суудаг гэхээр 8 жилийн хугацаанд нэлээд суусан байх. Энэ хугацаанд таньд мартагдахааргүй дурсамж үлдээсэн хүн байдаг уу?

-Миний машинд  суусан хүмүүс дурсгал болгож сэтгэлээсээ бэлэг өгдөг. Ийм орчинг бүрдүүлж үйлчлүүлж байгаа болохоор үйлчлүүлэгч нар хариу болгож сэтгэлийн бэлэг өгдөг. Тэр бэлэгнүүдээр үзэсгэлэн байгуулах хэмжээний болсон. Бэлэгнүүдээ гэртээ хадгалаад байж байдаг. Бас хүмүүс машинд юмаа мартдаг. Мартсан юмаа авч чадаагүй юмнуудыг гэртээ хадгалаад л байж байдаг.

-Саяхан та цахим хуудаснаа 10 хороололд буусан ээж охин 2 юмаа мартсан байна. Мартсан юмаа аваарай гээд пост үлдээсэн байсан. Үүнийг тань харахад надад маш сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Одоо ийм таксины жолооч ховор шүү?

-ТБД андуудаас ээж охин 2 суугаад буухдаа юмаа мартаад буусан байсан. Тэгээд цахим хуудсаараа зарлал бичэхэд буцаж ирээд мартсан юмаа авах тэр үе л надад хамгийн гоё мэдрэмжийг өгдөг.

-Таксинд явж эхлэхээс өмнө ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан бэ?

-2000 оноос хойш л ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Цагдаагийн байгууллага, сонгодог урлагийн академид хэдэн жил ажилласан. Сонгодог урлагийн академийн театрт тайз чимэглэл хийдэг байсан. Үндсэн мэргэжил бол барилгын техникч буюу барилгын даамал гэсэн үг. Тэгэж яваад 2007 оноос хойш л энэ ажлаа хийж эхэлсэн. Энэ ажилдаа сэтгэл зүрх бүх юмаа л зориулаад ажилладаг.

Энэ ажлаа хийгээд явж байхад сэтгэлээс хүртэл ийм шүлэг гарч байна.

Хүн бүрийг гомдоохгүй байх нь баягалантай сайхан

Хүслээрээ хотын гудамжаар сүлжин явах нь бахдалтай сайхан

Бэлэг бэлгийн үгсээр шагнуулж урамшуулах нь сайхан

Би өөрөө хийсэн ажилдаа дурласан минь дуусашгүй сайхан.... гэж бичсэн. Өнөөдөр үйлчлүүлж байгаа хүмүүс баярлаад буухад маргаашийн төлөө илүү их хүн баярлуулахын төлөө зүтгэдэг. Хийсэн ажилдаа дурласан гэдэг нь энэ болчоод байна.

-Та чинь бас шүлэг бичдэг уран бүтээлч юм биш үү?

-Ах нь бас уран бүтээлч ш дээ. Хурд хамтлагийн “Санаж байна би, санаж байна” энэ дууг зохиосон. Энэ дууны түүхийг ярихаар их сонин. Анх 2000 онд Англи улсад амьдардаг Цэрэнбат гээд залуу энэ шүлгийг бичсэн юм байна лээ. Би энэ шүлгийг хараад дуу болгож болохоор байна гэсэн санал тавьсан чинь Цэрэнбат болдог юм бол тэгээч гэсэн хариуг Ангилиас явуулсан. Тэгээд шүлгийг харж байгаад 3 дугаар бадгийг нь би нэмэж бичээд Хурд хамтлагийн ахлагч Ганбаярт өгч байсан дуу. Тэгээд 2002 онд энэ дуу од болж байсан л даа. Мөн “Гарыг тань атгая ээжээ”, Зүүдээр учирсан буурай, Дархан аав, Горхийн сайхан ээж гээд нэлээд дууны шүлгийг бичсэн. “Гарыг тань атгаят ээжээ” дууны шүлгийг бичиж, аяыг нь МУГЖ Амаржаргал хийсэн. Тэгээд дуучин Дэндэвт санал тавиад дуулуулж байсан.

-Та чинь бас сайн үйлсийн аянд нэгдэж өөрийн хувь нэмрээ оруулдаг юм байна лээ. Хэдэн сайн үйлсийн аянд нэгдсэн бэ?

-Саяхан МҮОНРТ-ийн сэтгэлийн үндэс аянд нэгдсэн. 7 хоног хандив цуглуулж өгсөн. Аргагүй хандив цуглуулахад хямрал нөлөөлсөн байна лээ. 7 хоног хандив цуглуулахад 23 мянга 990 төгрөг цугласан байна. Өнгөрсөн жил Гансүх гээд бөх залууд сарын хугацаанд хандив цуглуулж байсан. Тэгэхэд сарын хугацаанд хайрцаг дүүрээд 200 гаруй мянган төгрөг цугласан байсан.

-Таны ойрын болон ирээдүйн төлөвлөгөөг тань асуугаад энэ ярилцлагаа өндөрлөе?

-Ойрын үед ах нь нэг машин авахаар төлөвлөөд ажиллаж байна. Үйлчлүүлэгч нартаа 100 хувь сэтгэл ханамж өгөхийн төлөө цаашид илүү их хичээж ажиллах болно. Баярлалаа.

Машинд нь суугаад тав тухыг мэдэрч, буухдаа өөрийн эрхгүй эргэж харах нэгэн эрхэмтэй уулзаж ярилцлаа. Таны уран бүтээл болон, амьдрал, ажилд тань хамгийн сайн сайхныг хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа.

Зорчигчидтойгоо селфи хийдэг Хятадын таксины жолооч 60 орчим настай Тен Жиази 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
мундаг
бахархаж байна
2016/05/19 103.17.108.42
мундаг
бахархаж байна
2016/05/19 103.17.108.42
мундаг
бахархаж байна
2016/05/19 103.17.108.42
мундаг
бахархаж байна
2016/05/19 103.17.108.42