Өнгөрсөн 12 дугаар сард Бакуд болсон Алтан Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 5000 ам.доллараар шагнуулсан ОУХМ Э.Бэхбаяр шагналын 5000 ам.долларынхаа 4200 ам долларыг ирэх замдаа хулгайд алдсан талаар мэдээлэл гарч байсан билээ. Э.Бэхбаяр Бакугаас буцахдаа мөнгөө тоолоод тоо ёсоор нь багшдаа хадгалуулсан бөгөөд Бээжинд ирээд хоол идэхээр бөөндөө суутал багш нь "Та нар надаар тоглоод байна уу" гэж уурлан мөнгийг нь гаргаад ширээн дээр шидтэл нөгөө шагналын мөнгө нь хоёр захдаа 100 ам.долларын дэвсгэртээр халхалсан нэг долларын дэвсгэртүүдээр солигдсон байсан тухай мэдээлэл хийж байсан. Тухайн үед Э.Бэхбаяр багш нарынхаа хамтаар цагдаагийн байгууллагад хандан, хэргийг шалгах ажлыг эхлүүлсэн ч энэ асуудал өнөөдрийг хүртэл чимээгүй байгаа. Мөнгө алга болсон талаар Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар ярилцлага өгчээ. Тэрбээр хэлэхдээ “Бэхээгийн шагналын мөнгийг шүүгч Ц.Сэрээтэр л хулгайлчихсан юм билээ. Үүнийг бараг бүх тамирчид мэдэж байгаа. Тэр Монголоос тэмцээнд оролцохоор явахдаа 60-хан ам.доллартай явсан. Харин тэмцээнд оролцсоныхоо дараа баахан юм худалдаж авсан мөртлөө эх орондоо 1900 юаньтай ирсэн гэнэ лээ. Зөвхөн мөнгө авахын тулд бус дасгалжуулагч, тамирчдыг хооронд нь хагаралдуулах зорилготой л тэгсэн байх” гэсэн хариултыг хэлсэн байна.
ОУХМ Э.Бэхбаярын шагналын 4200 ам.долларыг шүүгч нь хулгайлжээ
2016-06-03 10:41:00