Чөлөөт бөхийн холбоо спортын холбоод дундаасаа хамгийн дуулиантай нь гэж хэлж болно. Удирдлагууд нь нэг дуулиан, тамирчид нь бас нэг дуулиан тарина. Хэдхэн сарын өмнө Чөлөөт бөхийн холбоо хоёр хуваагдах дээрээ тулсан. Эрэгтэй тамирчдын дасгалжуулагчид нь удирдлагуудаа шүүмжилж, зөвхөн эмэгтэй багтаа анхаардаг, бэлтгэл сургуулилт хийх байр савыг нь хангаж, шагнал урамшуулал олгодог хэмээн ширүүхэн мэдэгдэл хийж байв. Үүний эхлэл нь Катарын Доха хотноо зохиогдсон Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн. Энэ тэмцээнд 74 кг-ын жингийн тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын жингийн тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын жингийн тамирчин Н.Золбоо нар оролцож чадаагүй. Азийн том тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн явж байсан тамирчид Дубайн нисэх онгоцны буудлын саатуулах байранд гэмт хэрэгтнүүд адил бүрзийгээд зогсч байгаа зураг цахим ертөнцөөр тархаж, Монгол Улсын нэр төр өргөх гэж явсан тэд холбооныхоноосоо болж эсэргээрээ унагаж байгаад ирсэн. Улсыг маань ингэж дэлхийн хэмжээнд гутаасан МЧБХ-нд ямар арга хэмжээ хэнд авсан нь өнөө болтол тодорхойгүй. Тухайн үед тэд шүүх дээрээ тулж нэг юм учраа олсон. Дуулиан ч тэгс гээд намжсан. Гэвч тэдний хоорондох зөрчил бүрэн арилаагүй болохыг ДАШТ харуулсан. Эрэгтэй багийн дасгалжуулагчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ирсэн дариудаа “Баг тамирчдын амжилт бол цэвэр бидний амжилт. Монголын чөлөөт бөхийн холбоотой ямар ч хамааралгүй” гэх мэдээллийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр мэдэгдсэн ч тэдэнд буусан шагналын хурын гавьяагаар нам дарагдсан юм.
Гэвч тэдний тэмцэл үргэлжилсээр байгаа бололтой. Үүнээс болж жирийн тамирчид ч хохирч мэдэхээр хэрэг мандлаа. Тэдний хэргийн талаар сонссон дуулсан хүмүүс “Нүүр хийх газар алга” хэмээн уулга алдаж байна.
Тодруулбал Азербайжаны нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Гайдарын Алиевийн нэрэмжит “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн өнгөрсөн сарын 28-29-ны өдрүүдэд болсон. Уг тэмцээнд манай тамирчин ОУХМ Э.Бэхбаяр урилгаар оролцож мөнгөн медаль хүртэж 5000 ам.доллараар шагнуулсан юм. Гэвч тэрбээр ирэх замдаа тэрхүү мөнгөө хулгайлд алджээ. ОУХМ Э.Бэхбаяр тухай үед тэмцээнд оролцсон З.Дүвчин, Ц.Цогтбаяр багш, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт тус бүрт нь зуун ам.доллар өгчээ. Мөн 100 долаар Э.Бэхбаяр авсан. Ингээд үлдсэн 4200 ам.доллар онгоцонд суухаасаа өмнө ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяртаа хадгалуулсан байна. Гэтэл тэд мөнгөө алдсанаа Бээжинд ирээд л мэджээ. Долоон цаг гаруйн нислэгийн дараа хоол идэх гээд багшаасаа "мөнгөө авъя" гэхэд “Та нар надаар тоглоод байгаа юм уу” гэж хэлээд цүнхнээсээ мөнгө гаргаж ирээд шидсэн байна. Бүгдээрээ яав, ийв юу болов гээд харсан чинь хоёр талд нь зуутын доллар хийгээд дунд нь 21, 22 ширхэг нэгтийн дэвсгэрт хийчихсэн байжээ.
Энэ талаар дасгалжуулагч Ц.Цогтбаяр “Тухайн үед онгоцонд суунгуутаа суудлын дээр байрладаг тээшинд цүнхээ хийсэн. Онгоцонд ороход мөнгө байсан. Хамгийн сүүлд Бэхбаяр надаас 100 ам.доллар авсан. Харин үлдсэн мөнгийг нь би цүнхэндээ хийсэн. Тэгээд шууд онгоцондоо суусан. Буунгуутаа бид ачаануудаа аваад 20 гаруй минут автобусаар явсан юм. Гурав дугаар хэсэг дээр очиход ачаа хүлээж авах болоогүй байна гэхээр нь хоолонд орохоор шийдэцгээсэн л дээ. Хоолны газар ороод цүнхээ уудалсан чинь урд талын хэсэгт нь байсан миний ч 200 ам.доллар байгаагүй. Хэдэн юанийг нь л үлдээсэн байсан. Тэгэхээр нь хүүхдүүдээ тоглосон бол миний мөнгийг гаргаад өгчих гэж хэлсэн. Макдоналдст байхдаа цүнхээ уудлаад Бэхбаярын мөнгийг гаргаж ирэхэд ороосон чигтээ байсан. Барихад нэг л биш санагдахаар нь задлаад үзсэн. Гэтэл хоёр захад нь 100 ам.доллар, дотор нь баахан нэгтийн дэвсгэрт хийчихсэн байсан. Тухайн үед Сэрээтэр, Цэгмид, Мандахнаран, Бэхбаяр бид тав явж байсан. Би тэр цүнхнээсээ ерөөсөө салдаггүй юм. Авч, солих боломжтой ганцхан газар нь онгоцонд л байсан. Биднийг унтсан хойгуур авсан байх гэсэн таамаг байна. Шөнө нислэгтэй байсан учраас бүгд л онгоцонд ороод нам унтсан. Миний хувьд энэ мөнгийг олдоно гэдэгт итгэлтэй байна. Хэн авсан нь бараг тодорхой болж байгаа, хэн буруутай нь тогтоогдоно” хэмээх тайлбарыг хийжээ.
Тэгвэл үнэхээр хэн авсан нь бараг тодорхой болж байгаа аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар тэр доллар суйлсан хүн олон улсад нэлээд нэр хүндтэй нэгэн төдийгүй Чөлөөт бөхийн холбоонд дээгүүр албан тушаал хашдаг аж. Тиймээс чухам юуны учир ийм хэрэг үйлдсэн нь холбооныхны төдийгүй тамирчдын сонирхолыг гойд татаж байгаа гэнэ. Гэхдээ энэ явдал дасгалжуулагчдыг “харлуулах” гэсэн башир арга ч байж магадгүй юм байна. Учир нь дасгалжуулагч Ц.Цогтбаяр холбооноос гаргах гэсэн нэг оролдлого байхыг ч үгүйсгэхгүй байгаа юм. Ямартай ч энэ хэрэг тун удахгүй илрэх бололтой. Харин хэрэг хийсэн хүн нь ил болоход Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд ёстой л нүүр хийх газаргүй болох вий дээ.
Б.Өрнөх