8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

2015-12-04 14:22:00

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтыг бүрэн хангалттай биелүүлсэн гэж дүгнэж, 2016 оны эдийн засаг нийгмийн зорилтыг хэлэлцэн баталсан. Нийслэлийн  2016 оны  эдийн засаг нийгмийн зорилтод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 5А зорилтын 23 чиглэл, 115 заалтын хүрээнд нийт 250 зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталсан байна.  Эдгээр ажлуудаас тоймлон танилцуулахад, тусгай замын автобусны төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хангахаас гадна, 3 га газарт бичил цэцэрлэг байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасан байна. Мөн ойжуулалтын ажлыг 300.0 га талбайд хийх, уул уурхайн олборлолтын улмаас ухагдаж, эвдэгдсэн 30 га газрыг нөхөн сэргээх, “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги”-ийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. 

2016 онд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, шинэчлэх сайжруулах ажлын зураг төсвийг боловсруулж дуусган, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах юм байна.

Мөн нийслэлийн орон сууцны мэдээллийн цахим нэгдсэн сан байгуулж “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Шинээр 15,000 ажлын байр бий болгож,  20,000 иргэнийг байнгын болон түр  ажлын байраар хангана гэж заасан байна. Ажил, мэргэжилгүй 12,000 иргэнийг мэргэжлийн болон давтан  сургалтад хамруулж, “Гэрээт цэрэг-Ажлын байр“-ны хүрээнд цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг ажлын байраар хангана гэж тусгажээ.

Ирэх жил улсын төсвийн хөрөнгөөр 8 цэцэрлэг, 7 сургууль, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 11 цэцэрлэг, концессоор 6 цэцэрлэг, 2 сургууль шинээр барина. Мөн шинээр 68 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлнэ.
Түүнчлэн Өвөр болон Ар гүнтийн автозам, Багануурын автозамыг шинээр барьж, Концессын гэрээгээр Нарантуул ОУХТ-ын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих, Морингийн даваанаас Авто худалдааны цогцолбор хүртэл автозам гүүрийн хамт барих Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх автозамыг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх юм.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай болгох зорилгоор Төрийн үйлчилгээний төвийг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байгуулж, үйл ажиллагааг нь бэхжүүлнэ гэж Нийслэлийн ИТХ-ын 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн 2016 оны эдийн засаг нийгмийн зорилтод тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment