8o
Улаанбаатар хот
mobile menu

Чингисийн талбайд зохион байгуулах урлагийн арга хэмжээнүүд

2016-07-10 12:55:00

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын үеэр болох соёл, урлагийн тоглолтуудыг танилцуулж байна.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаанууд болно.

Төрийн далбааны өдөр

Долоодугаар сарын 10, 10:00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Үндэсний их баяр наадмын угтан төрийн далбааны өдрийг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС-ийн 2000 гаруй  алба хаагчид оролцож, цэргийн сүр хүч, бахархал, омогшлыг олон нийтэд дэлгэн харуулах юм. Цэргийн ёслолын жагсаалын командлагчаар ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат ажиллах байгаа аж.

“Дээлтэй Монгол” фестиваль

Долоодугаар сарын 10, 16:00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ. Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдэж байна.
Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шагнах юм.
Наадмын үеэр Чингисийн талбайд төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг нийслэлчүүддээ уриалж байна

“Учиртай гурван толгой” дуурь

Долдугаар сарын 10, 22:00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь тоглоно. Тоглолтод зориулан нийт 9000 ширхэг сандал засч, тасалбарыг ticket.mn болон Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын билетийн кассаар үнэ төлбөргүй түгээж байна. Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дуурийн гол дүр Юндэнд ДБЭТ-ын  гоцлол дуучин Э.Бумхүү Нансалмаад ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран  Хоролмаад ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Балганд ДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар тоглох юм.

“Улаанбаатарын үдэш” рок поп шоу

Долдугаар сарын 11, 21:00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу зохион байгуулдаг уламжлалтай. Энэ шоуг UP MUSIC продакшн хариуцан зохион байгуулж байна. Олны дунд нэр хүнд бүхий телевизийн шоу нэвтрүүлгээс төрөн гарч буй уран бүтээлчдээс гадна залуу үеийн сонсох дуртай хамтлаг, дуучид ая дуугаа өргөж, алдарт “Харанга” хамтлагийн тоглолтоор үргэлжлэх юм.

“Талын бүжиг” фестиваль

Долдугаар сарын 12, 21:00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно. Монгол туургатан улс орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улс, Монгол улсын мэргэжлийн урлагийн театр, чуулгын уран бүтээлчид нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг зохион байгуулах гэж байна.

“Silence White” шоу
Долоодугаар сарын 12, 20:00 цагт Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Энх тайван, эв нэгдэл, Найрсаг Улаанбаатар” уриатайгаар зохиогдож буй “Silence White” Монголын тэргүүлэх бүжгийн хэмнэлийг “Монгол микс Прожект” ХХК-тай хамтран зохион байгуулна. Тус үйл ажиллагаа нь Үндэсний их баяр наадмын үеэр залуучуудад зориулсан томоохон үйл ажиллагаа болж төлөвшиж буйн дээр их хотын соёлыг түгээх, найрсаг харилцааг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Морин хуур” фестиваль

Долдугаар сарын 13, 21:00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжид бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансгийг илтгэх фестивалийг зохион байгуулна.

Энэ фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.

“Улаанбаатар свинг найт” их талын жазз олон улсын жазз хөгжмийн наадам

Долдугаар сарын 14, 21.00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд их хотын соёлын салшгүй хэсэг болсон жазз хөгжим, свинг хэмнэлийг мэдрүүлэх “Улаанбаатар свинг найт” арга хэмжээ болно.  Монгол улсын жазз урлагийн шилдгүүдээс гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг улс орнуудын уран бүтээлчид оролцож цоглог хөгжим, уян яруу аялгуугаар их хотын нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл