8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Баруун-Уртад зургаан хоног цахилгаан хязгаарлаж, тарвага агнасан иргэдийг шалгаж эхэлсэн өдөр

2016-08-04 19:00:00

Хүн болж төрөх нэг хэрэг, харин хүн шиг хүн байх  хамгийн хэцүү гэсэн үг байдаг. Өнөөдөр дэлхий ертөнц дээр амьдарч байгаа хүмүүсийн дийлэнхи нь эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгө гэсэн материаллаг зүйлийн хойноос дэндүү хэт хөөцөлдөж, хорвоо ертөнц дээрээ ганцаараа амьдарч байгаа юм шиг амин хувиа боддог. Гэвч хамгийн сайхан нь үүнийг өөрчлөх арга зам бидэнд байгаа. Бид бүгд бие биенээ нэгэн ижил гэдгийг ойлгож, нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг харгалзалгүй энэ хорвоод хүн гэдэг ховорхон заяанд төрсөндөө бахархаж,  баян ядуу, дарга цэрэг, сайхан муухай, хөгшин залуу гэж ялгалгүй бие биенээ энэрэн хайрлаж, ядарсандаа тусалж, зовсоныхоо зовлонг нимгэлж, бие биенээ хүндлэн явбал олон зовлон, олон асуудалаасаа ангижирч чадна гэж Далай лам сургадаг. Хорвоод олдсон хосгүй их хувь тавилангаа хайрлаарай. Хайхрамжгүй байдлаасаа болж, амь насаа алдах, бэртэж гэмтэхээс сэргийлээрэй. Танд нэгэн харамсалтай мэдээлэл дуулгахад  энэ долоодугаар сард усны ослоор 40 хүн амь насаа алдсан талаар мэдээлэлийг ОБЕГ-аас хүргэлээ. Хэт их халуун үргэлжлэх төлөвтэй байгаа учраас гол усаар зугаалахдаа анхаарал болгоомжтой байгаарай гэдгийг дахин сануулж байна. Ингээд сонин содон мэдээлэлийг багцлан хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 


Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

"Гологдсон” дэд сайд нарын хэн нь хэн бэ

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар  арван дэд сайдыг томилж, тогтоол баталлаа. Тодруулбал:

- Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл

- Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/

- Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/

- Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /

- Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/

- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр

- Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/

- Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн

- Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/

- Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/ нарыг томилж гурван дэд сайдыг томилолгүй үлдээлээ. 

Гадаад хэргийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр,

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир,

Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшүүлсэн М.Батбаяр нарыг томилсонгүй үлдээлээ.  дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Гурван дэд сайдын лавлагаа АТГ-аас ирээгүй гэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар яамдын дэд сайд нарыг томилсон. МАН-ын Удирдах зөвлөлөөс нийт 13 хүнийг дэд сайд нэр дэвшүүлсэн. Үүнээс Засгийн газар 10 дэд сайдыг томилж, гурван дэд сайдыг томилоогүй үлдээгээд байгаа. Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр, Барилга, хот байгуулалтын дэд сайдад яригдсан М.Батбаяр, Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн дэд сайдад нэр дэдшүүлсэн Т.Аубакир нар  ашиг сонирхолын зөрчилтэй эсэх талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяраас тодруулахад  "Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар мэдэхгүй байна" гэв. 

Ерөнхий сайд хүүхдийн мөнгө, ипотекийн зээл, бусад асуудлаар үүрэг өглөө

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Сангийн сайд болон  Монголбанкны ерөнхийлөгчийн  мэдээллийг хаалттай сонслоо. Түүнчлэн Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өгсөн. 

 Хүүхдийн мөнгөний тухай:

-2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн  эх үүсвэрийг  судлах, 2016 оны  улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Сангийн сайдад даалгалаа.

Ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэйгээр үргэлжлүүлэх:

-Орон сууцны ипотекийн зээл тойрсон ойлгомжгүй байдлыг цэгцэлж, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх хувилбарыг судалж, танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгалаа.  Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

26 хутгалж хүний амь хороосон хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин суух Б-г 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо бичил хорооллын орчим П гэгч хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Улсын яллагчийн зүгээс Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдах үедээ бусдын амийг хохироосон гэж үзэн ялласан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар "аргагүй хамгаалалт" хийсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нар ч шүүгдэгч Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэсэн дүгнэлт гаргаж, үүнийгээ шүүх хуралдааны явцад баталж мэдүүлсэн байна.

Шүүхээр хянан хэлэлцэгдсэн энэ хэргийн талаар хохирогчийн ээж Т.Дуламсүрэн "Өдрийн сонин"-ы 2016 оны 07-р сарын 29-ны өдрийн 172 дугаарт "Миний хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн алуурчинг гэм буруугүй гээд цагаатгалаа" гэсэн ярилцлага өгсөн байх ба хохирогч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй бөгөөд гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх тогтоох хуулийн заалттай юм.

Зургаан хоног цахилгаан хязгаарлана

Ирэх даваа гараг буюу 8-р сарын 8-ны 06.00 цагаас 8-р сарын 14-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ.
Учир нь Багануур-Хэнтий чиглэлийн 110 кв цахилгаан дамжуулах шугманд засвар хийх болсонтой холбоотойгоор ийнхүү аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зургаа хоног хязгаарлахаар болсон байна.
Энэ хугацаанд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газруудыг  эрчим хүчээр хангахаар төлөвлөөд байгаа бол бусад бүх ААН, айл өрхүүд цахилгаан эрчим хүчээр хангагдахгүй юм байна.

Долоодугаар сард усны ослоор 40 хүн амь насаа алджээ

2016 он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаагийн тохиолдлоор 85 хүн (хүүхэд-26, насанд хүрэгсэд-59) амь насаа алдаад байна.

Ялангуяа хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаагийн улмаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол ихэссэн байна.

Түүнчлэн албан байгууллага, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд ордог, бага насны хүүхнийг хараа хяналтгүй орхидог, үерийн аюултай үед гарц гарамгүй газраар гол гатладаг зэрэг нь усны ослын голлох шалтгаан болж байгаа юм.

Он гарсаар усанд осолдсон 85 хүний 40 нь зөвхөн долоодугаар сард усанд осолдсон бол наймдугаар сар гарсаар 9 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Тарвага агнаж байсан иргэдийг шалгана

ХУД-ийн 8-р хороо "Яармагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид, НМХГ-ын эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар 08-р сарын 03-ны 03:00 цагийн үед "Toyota Рrado-95" автомашиныг саатуулан шалгасан байна. Ингэхэд БЗД-ийн 5-р хороонд суух 39 настай эрэгтэй Б , СБД-ийн 13-р хороонд суух 40 настай эрэгтэй Б нар Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багын нутаг дэвсгэрээс хууль бусаар 6ш тарвага  агнаж авч явсан хэргийг илрүүлжээ. Хэргийг ХУДЦХ-2 шалгаж байна. Эд мөрийн баримтаар бичиг баримтгүй галт зэвсэг болон сумыг хураан авчээ.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment