8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын дарга Э.Бат-Үүл Абдул Каримд ил захидал илгээж, малчин хос хятадад хурц хараа шалгах шоунд оролцож тэргүүн байр эзэлсэн өдөр

2015-12-08 17:21:00

Ачаалалтай, дурсгалтай нэгэн өдрийг үдэж хайртай гэр бүл рүүгээ яарч явна уу, та. Зөөлөн бударсан цастай, хацар үнсэх мэт намуухан салхитай энэ өдөр таньд цоо шинэ ажил үйлсийг хийх,  бүтээх хүсэлийг төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Цагаахан цас зөөлөн бударсан сайхан өдөр болж өнгөрлөө.  Цас бударч байна. Хачин нам гүм цас моддын дээр бударч, хаашаа л харна орчлон сүүн өнгөөр мэлтийх.Цав цагаахан гоёлоо өмссөн хотын гудамжаар холын дурсамжаа хөглөн удаан алхмаар ч юм шиг. Уулзаагүй удсан өнө эртний найздаа очмоор ч юм шиг. Өчигдөрхөн мэт санагдах тэр өдрүүдийн тухай хуучилмаар ч юм шиг.  Тийм л яруухан дурсамжийг хөглөх, ийм л гэгээн өдөрт дуртай. Та бүхэн минь  халтиргаа гулгаанаас болгоомжлоорой. Ингээд гэгээн хүсэл мөрөөдөлөөр жигүүрлэсэн  хорвоогийн нэгэн өдөр шувтарч манай сайт ээлжит Монголын нэг өдөр булангаа хүргэж байна.

Өнөөдрийн тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Улс эх оронд минь болж өнгөрсөн чухал мэдээлэлийг нэг доороос   chuhal.mn сайтаас хүлээн авч уншаарай.

Тун удахгүй  хүлээлт догдлол дүүрэн 2016 он гарах гэж байна. Нийслэл хотод минь аль хэдийн шинэ жилийн уур амьсгал орж, хүлээлт догдлол дүүрэн 12 сарын 31-ны өдрийг хүлээж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрлийг энэ сарын 15-ны өдөр асаах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.

Э.Бат-Үүл дарга Абдул Каримд ил захидал илгээлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд сүүлийн үед дуулиан тариад байгаа МУ-ын иргэн Абдул Каримд захидал илгээжээ.  Хэвлэх үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон ч өчигдөр шийдвэрээ өөрчилсөн. Энэ үйл явдалтай холбогдуулан захидал бичсэн байна. Ил захидалын дэлгэрэнгүй мэдээлэлийг энэдээс хүлээн авч уншина уу.

Сонгуульд горилогчдын сюрприз задарсаар...

Сонгууль дөхөж ирэх жилүүдэд чуулганы танхимд хэрхэн суух талаар өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа хүмүүс Их хурлаас гадна олон бий. Төрийн ордонд суух 76-д багтахын тулд хэдэн жил ч "хөдөлмөрлөж" хэдэн ч хүнд долигнож байгааг хэлэх аргагүй. Тэдгээр хүмүүсийн жагсаалтад өмнөх сонгуульд өвдөг шороодогсод, мөнгөөр бороо оруулагсад гэх мэт хүмүүс хэнэггүйхэн уртаас урт жагсаалт үүсгэнэ. Тэгвэл дээрхи хүмүүс иргэдийн саналыг худалдаж авахын тулд одооноос олон янзаар уриалан дуудаж, аргалж байгаа сурагтай. Ямар сайндаа л "өвөл өгсөн нүүрсийг минь зун сонгууль өгөхдөө санадаг л байгаа даа" хэмээн тэднийг шоглох вий дээ. Сонгууль бүрт л нэр дэвшигчид өрсөлдөж буй тойргийн иргэдэдээ аяга шаазан, календарь, нүүрс, нэгж, гурил, будаа мөнгө гээд өгөөгүй зүйл ховор. Хэдийгээр сонгогчдод  ямар нэг бэлэг сэлт өгөх нь хориотой боловч манайхан өгч, авч сурсан улс. Тэгвэл сонгууль болоход хэдхэн сар үлдсэн энэ үед гишүүд өөрсдийн "сюрпризээ" задлаад эхэлчихжээ.  Хэн хэн ямар сюрприз задалсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг хүргэж байна.

Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл нарын дуулиан дахин мандах уу

“Нэг хүн Ерөнхий прокурор байхдаа хаалгасан хурандаа нарын хэргийг хуулийн дагуу сэргээн шалгаж эхэлжээ” гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн твийттертээ жиргэжээ. Энэ нь ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас сэргээн шалгах үүрэг өгсөнтэй холбоотой аж. Дээрх хурандаа нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Энэ талаарх нийтлэлийг энд дарж  уншина уу.

Н.Энхбаяр албан тушаалын наймаагаа албан ёсоор эхлүүлэв үү

Мөн өнөөдөр манай сайтад Н.Энхбаяр албан тушаалын наймаагаа албан ёсоор эхлүүлэв үү гэсэн нийтлэл орсон байна. УИХ-ын Шударга ёс эвсэл МАХН-МҮАН хэмээх хоёр намын нэгдэл. Тус бүлэгт нэлээд хэдэн “сондгой” гарууд бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Тэрбээр хамтрагч МАХН руу  ширүүхэн үг чулуудчихдаг нэгэн. Саяхан гэхэд л “МАХН, ер нь манай Н.Энхбаяр дарга нэг л их албан тушаал наймаалцсан л хүн байх юм. Би бол үнэндээ учрыг нь олдоггүй юм. Заавал бүлгийн даргаа авна, тэрийгээ авбал энийгээ авна гээд. Надад тэр албан тушаалын наймаа бол үнэндээ сонин биш. Яагаад бүх юмыг, төрийг, УИХ-ыг ингэж албан тушаалын наймааны хэрэгсэл болгож, бүлгийг, зарчмыг, Оюутолгойг бүх юмыг яагаад ингэж наймаа болгодог юм бэ. Энэ бол надад зөв санагддаггүй. Энэ бол олон түмэн бас мэдэж, ажиглаж, шүүмжлэх ёстой зүйлийн нэг гарцаагүй мөн” хэмээн ярьсан байдаг. Түүний энэхүү дүгнэлтийн талаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байсан ч  Н.Энхбаяр албан тушаалын наймаагаа албан ёсоор эхлүүлэв үү гэх хар төрүүлэх мэдээ төрийн ордноос дуулдаж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэдээс

Монгол малчин хос хятадад хурц хараа шалгах шоунд оролцож тэргүүн байр эзэллээ

БНХАУ-ын CCTV-ийн "Impossible challenge" нэвтрүүлэгт Төв аймгийн Лүн сумын малчин Бат-Эрдэнэ эхнэрийн хамт оролцжээ. Тэд 2000 метрийн зайд байгаа зүйлийг харж Монгол малчны хараа хурц болохыг үзүүлжээ. Дэлхийн 100 гаруй орны оролцогч орсон уг тэмцээний хурц харааны төрөлд манай малчид нэгдүгээр байрт шалгарсан таатай мэдээлэлийг хүргэж байна. Мэдээлэлийг дэлгэрэнгүй бичлэгийг энд дарж үзнэ үү.

 

Сайны хажуугаар саар мэдээлэл мөн гарлаа. Эцэг эхчүүдийн анхааралд:

ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс 12-р ангийн сурагч “Г”, “Т”, “Х” нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсаныг илрүүлсэн байна. Эдгээр сурагчид нь 17-18 насных байсан байна. Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид 3-5 жилийн ял төлөвлөжээ

 

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах багш арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодсон хэрэг гарсан. Тус цэцэрлэгийн багшийг  Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. Энэ зүйл ангид тухайн этгээдийн буруутай нь тогтоогдвол  3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.

Махны экспортын хоригийг цуцаллаа

Монгол Улсаас БНХАУ-д Суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр түүхий махны экспортын хоригийг цуцалсан тухай мэдэгдлийг ирүүлсэн байна. 2013 оноос БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамнаас хамтран тогтоосон түүхий махны экспортын хоригийг Монгол Улсын баруун таван аймаг /Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор/-ийн хувьд, тухайлбал, үхэр, хонины маханд тавьсан шүлхийн хоригийг цуцалсан байна. Одоо хоёр улсын мэргэжлийн байгууллагын хооронд протокол байгуулж, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний загварыг баталгаажуулсны дараа хоёр талын худалдаа эхлэх боломж нээгдэх юм байна гэсэн таатай мэдэлэлийг хүргэж байна.

Зарим үйл явдалыг товчлон хүргэе.

- Бишрэлт зочид буудлын Рояал хурлын танхимд “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 11 дэх уулзалт” боллоо.  Уулзалтад УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХХААЯ, АТГ, ХЗЯ, ХАХНХЯ, ЭМСЯ, УУЯ, ГХЯ, БХЯ, АНУ-ын элчин, Эмнести Интернэшнл ТББ, Хүний хөгжил, эрх ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хүүхдийн эрх хамгааллын төв, СНЭ, Нээлттэй нийгэм форум зэрэг 30 гаруй байгууллагын 100 орчим зочид төлөөлөгчид оролцсон юм.

- Онцгой байдлын ерөнхий газарт Монгол Улсын Засгийн газраар батлагдан Онцгой байдлын ерөнхий газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн "Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр"-ийн хаалт боллоо.

- Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд "Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл"-ийн хүрээнд Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.

- Үндэсний түүхийн музейд МоАХ-ны анхдагчдын түүхэн гавъяаг мөнхжүүлэх арга хэмжээ болжээ.

- Үндэсний түүхийн музейд сэтгүүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын "Цаасан хөрөг" номын нээлт болёон юм. Монголд анх удаа гарч байгаа цаасан бараар урласан хөрөг зургийн номын баяр юм.

Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ хамтран “Ил тод байдал, хариуцлага, авлигын эрсдэл 2015 онд” иргэний нийгмийн уулзалтыг зохион байгуулжээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл