-7o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, Хөрөнгө оруулагчид итгэл алдарсаар л ...

2016-09-09 09:17:00

Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурсан талаар өнгөрсөн 7 хоногт Олон Улсын санхүүгийн үнэлгээний Moody's агентлаг мэдэгдсэн. Дахин гэж тодотгосоны учир нь өнгөрсөн наймдугаар сарын 19-нд олон улсын үнэлгээний “Stan­dard & Poor’s”, “Fitch” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-болгон бууруулсан. Сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа манай улсын зээлжих зэрэглэл буурч байгаа нь эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол авч ирэхэд хүрээд  байна. Учир нь Сангийн яамнаас хоёр удаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг зарлаж мэдээлэл хийсэн нь хөрөнгө оруулагчдыг “үргээсэн” гэхэд болно. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд байна. 2011 онд манай улсад 4,62 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан нь жил дараалан буурсаар 2015 онд 110,2 сая ам.доллар болж, 41,9 дахин буурчээ. Мөн энэ оны эхний 6 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 35 сая ам.доллар болж буураад байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагсаны хамгийн тод жишээ” гэж мэдэгдсэн.

Үүнийг зарим иргэд “Эдийн засгийн нөхцөл байдлыг үнэнээр нь хэлж байна хэмээн зөвтгөж байсан ч нөгөө хэсэг нь олон нийтэд ийнхүү зарлах нь хэр зохистой вэ. Гадаад харилцаа, олон улсын санхүүгийн байгууллага, манай улсыг сонирхож байгаа хөрөнгө оруулагч нарт сөрөг нөлөө үзүүлэх муу үр дүнтэй” хэмээн дүгнэж байсан. Энэ нь биелэлээ олж өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-оос B3 болгон бууруулсан талаар Олон улсын санхүүгийн үнэлгээний Moody's агентлаг мэдэгдсэн юм. Ёстой л “Нуухыг нь авах гээд нүдийн сохлов” гэдэгтэй агаар нэг боллоо. Энэхүү зэрэглэл нь хөрөнгө оруулалтын бус эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж байгааг илэрхийлэх аж. Тус агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан шалтгаанаа гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байгаатай холбон тайлбарлажээ. Арга ч үгүй биз дээ шинэхэн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл Монгол Улсын зээлжих зэрэглэл буурахад хүргэсэн гэхэд хол зөрөхгүй болов уу.

Хувь хүний нууц, өрх гэрийн цаашлаад улс орны нууц гэж бий. Тийм дээ ч монголчууд таарсан хүн болгондоо өрх гэрийнхээ асуудлыг яриад байдаггүй. Өрх гэрийн нууц гэж бий. Түүнийг шийдвэрлэх арга зам ч гэж байдаг.  Үүнтэй адил эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа хойно ингэж зарлах хэрэг байсан ч юм уу. Болохгүй байгаа зүйлийг зарлах нь зөв ч бидэнд ийм арга, төлөвлөгөө байна, жилийн дараа магадгүй хоёр жилийн дараа үр дүн гарна гэж гарцаа ярих ёстой байсан байх. Тэгж хэлээгүй учраас ирээдүйн бодлого, эдийн засгийн ахисан дүр зураг, нөхцөл байдал тодорхой бус гэдгийг зарлах нь гадаадыг хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөхөд хүрч байгаа юм. Түүгээр ч зогсохгүй олон улсын санхүүгийн үнэлгээний байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг буруулсан гэдгээ мэдэгдэх хөрөнгө оруулагчдын итгэл ч алдарч байгаа юм. Мөн ирэх 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай гэж “Moody’s” агентлаг онцолжээ. Moody’s-ийн мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар манай улсын Засгийн газрын өр ирэх онд ДНБ-ий 71 хувьтай тэнцэхүйц болж нэмэгдэх гэнэ. Өнгөрсөн онд Засгийн газрын өр ДНБ-ий 63 хувьтай тэнцэж байсан аж. Манай улсад олон услын санхүүгийн байгууллага ийнхүү үнэлгээ өгчээ эрхэм Төрийн түшээдээ.

Сангийн сайд нь эдийн засгаа "Хэвтэрт" орсон,  олон улсын байгууллага дахин зээлжих зэрэглэл нь буурна гэсэн үнэлгээ өгсөн байна Эрх барчигчиддаа. Гэтэл эдийн засгийн хямралыг давахын тулд ард түмнийхээ халаас руу гараа “Шургуулж”, тавагтай хоол руу нь “Өнгийж” байгаа нь харамсалтай. Үүний оронд зээлжих зэрэглэл нь буурч, хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж байгаа энэ цаг үед гадагшаа хандсан томоохон төсөл, хөтөлбөр боловсруулж хөрөнгө оруулагчиддаа татах тал дээр ая дангаа тааруулвал цаашид монголын эдийн засагт үр өгөөжтэй бус уу.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 138