8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:МУГЖ Г.Ариунбаатар Буриадын төрийн шагнал хүртэж, 50 танк бэлгэнд авсан өдөр

2015-12-09 18:42:00

Манай сайтаас Монголын нэг өдөр булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэж байгаа. Ажлын долоо хоног дундаа орсон өнөөдөр сайн, саар үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Улс төрийн хувьд ч сонирхолтой үйл явдлууд болж байна. Тодруулбал экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Шадар сайдын суудалд суухыг санаархаж АН-ын генсек болохгүй зүйл байхгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл уг мэдээтэй зэрэгцэн цахим ертөнцөд идэвхтэй байдаг УИХ-ын гишүүн, ЗТАЖЯ-ны сайд М.Зоригт Н.Энхбаяртай хамтарч ажиллаж чадаж чадахгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.Уг сэдвээр манай сэтгүүлчийн бэлтгэсэн “Н.Энхбаяр ирж М.Зоригт явах уу” нэртэй  нийтлэлийг та эндээс уншаарай. Ц.Цолмон сайд эхнэрийнхээ зардлыг улсад буцаан олгожээ.Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмонгийн талаар өнгөрсөн есдүгээр сард нэгэн таагүй мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Франц улсад айлчлахдаа төсвийн мөнгийг дураараа зарцуулж, эхнэрээ зугаацуулсан талаар таагүй мэдээлэл гарсан. Сайд Ц.Цолмон эхнэр Д.Алтанцэцэгийгээ Франц улс руу айлчлуулахдаа өөрөө тушаал гаргаж, бизнес ангиллаар авч явсан нь тогтоогдсон. Улмаар АТГ-аас Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргаж шийдвэрлэсэн нийт 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэн ажилласан байна.Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Г.Ариунбаатар Буриадын төрийн шагнал хүртжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар  түүний багш Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин нар Буриад улсын төрийн шагнал хүртээсэн байна.Г.Ариунбаатар нь дэлхийн дуурийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн билээ. Г.Ариунбаатар энэ сарын 19-ний өдөр өөрийн уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт "Монгол сонгодог"-оо монгол түмэндээ толилуулахаар бэлтгэж буй.

 

Зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоно


Гадаад хэргийн яам долоо хоног бүр сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг. Тэгвэл энэ удаагийн тус яамны мэдээллийг Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин хийсэн бөгөөд уг уулзалтаас бэлтгэсэн мэдээлийг энд дарж үзнэ үү. Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин нь Эрээн хотод суугаа Дэд консул А.Баярсайханг ажлаас нь халсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Түүнчлэн гадаад суугаа иргэнээ төр хэрхэн хамгаалдаг, АСЕМ-ын уулзалтад зориулж Хөгжлийн банкнаас зохих шалгуурыг хангаад буй зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээлийг олгох шийдвэр зэрэг олон мэдээлэл өгсөн юм.

 

Манай улс 50 танк бэлгэнд авлаа

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд 50 гаруй танк бэлэглэх үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Тус танкнуудыг ОХУ-ын зуун хувийн тусламжаар өгч байгаа аж. Энэ үйл ажиллагаа хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд болж буй юм.


Уран барималч, зураач Намдагийн Дашнямд Төрийн соёрхол хүртээв


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Төрийн соёрхлыг хүртээв.Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн соёрхлыг Намдагийн Дашнямд  гардуулан өгөв. Төрийн соёрхол хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонсголоо. Уг зарлигт “Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа Даши Намдаков – Намдагийн Дашнямд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсүгэй” гэжээ.Энэ талаархи мэдээлийг энд дарж үзнэ үү.


Мөнгө гуйдаг хүүхдүүдээс болгоомжил


Түргэн хоолны газарт утсаа алдсан дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад хоёр удаа иржээ. Уг хулгайн хэргийг нэг этгээд буюу Сүхбаатар дүүргийн 24 дүгээр оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй Т нар үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна.Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд суух Б /эр.16н/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд суух Т /эр.14н/ нар нь Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны “Венди бейкери” түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан эмэгтэй М-ээс мөнгө гуйж анхаарлыг сарниулан  гар утсыг нь хулгайлсныг илрүүлжээ. Хулгайн хэрэг үйлдсэн хүүхдүүд мөн аргаа ашиглаж, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах “UB” кебаб түргэн хоолны газрын үйлчлүүлэгч Э-ийн гар утсыг ч хулгайлсан байна. Эдгээр хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Гар утсаа хулгайд алдсан иргэд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандсаны дүнд гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн байна. Иргэдийг олон нийтийн газраар үйлчлүүлж байхдаа хулгайчаас болгоомжилж, өөрийн эд зүйлдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх. Өмч хөрөнгөө хулгайд алдсан тохиолдолд яаралтай цагдаад хандахыг анхааруулж байна.


Мэдээлэл өгсөн багшид эрүүгийн хэрэг үүсгээгүй


Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах багш арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож байсан бичлэг цахим сүлжээгээр олны дургүйцлийг хүргээд байсан. Тэгвэл уг хэрэгт албаныхан эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Уг хэргийн талаархи мэдээлэл энэ сарын 1-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичлэг иржээ. Улмаар мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна хэмээн үзэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.Одоогоор цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Мөн зарим эцэг эхчүүдээс гаргасан хүүхэд зодсон байх магадалтай  гэсэн гомдолтой холбогдуулан шалгаж эцэг эхчүүдээс мэдүүлэг авч байгаа. Харин мэдээлэл өгсөн багшид эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.


Хар тамхины хэргээр ял эдэлж буй есөн хүн суллагджээ
Өршөөлийн тухай хуулиар хар тамхины хэргээр ял эдэлж байсан есөн хүн суллагджээ.Өршөөлийн тухай хуульд хар тамхи, авлига хээл хахуулын хэргийг хамруулахгүй хэмээж байсан ч хар тамхи, мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой зарим нэг зүйл заалт уг хуулинд хамруулжээ.Тухайлбал, Эрүүгийн хуулийн 192-д заасан зүйл анги нь хамрагджээ. Үүнд хар тамхи мансууруулах болон сэтгэцэнд нөлөөлөх бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн зүйл анги нь өршөөлд хамрагджээ.


12 аймагт өвөлжилт хүндэрчээ
ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85,7 хувьтай хангагджээ. Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29,454 тн өвс бэлтгэхээс 23,044 тн буюу 78.2 хувийг, 11,115 тн тэжээл бэлтгэхээс 3,345 тн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см (нягт 0.12-0.24 гр/см3) хүрээд байна. Цаашид Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.


С.Эрдэнэ БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ гэр бүлийнхэн болон хариуцагч эмчийн хамтаар эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьжээ.С.Эрдэнэ нь өөрийгөө шатаасны улмаас хүнд гэмтэж, ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Түүний эмчилгээний зардал болон байрлах буудлын зардал, онгоцны тийз зэрэг нийт зардал 130 орчим сая төгрөг болж байна. Тус зардлыг “Эрдэнэс тавантолгой” компаниас гаргаж байгаа бөгөөд БНСУ-д арьс нөхөх хагалгаа болон бусад эмчилгээг хийлгэх ажээ.

 

П.Бүрэнтөгс чансааг тэргүүлж байна

Намрын улирлын нээлтийн барилдаан эхэлснээс хойш улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн 9 удаагийн барилдаан болжээ.Барилдаануудад улсын арслан П.Бүрэнтөгс 3 удаа, улсын арслан Э.Оюунболд улсын харцага Ц.Содномдорж нар 2 удаа, улсын гарьд Б.Гончигдамба улсын заан Ч.Санжаадамба тус бүр 1 удаа түрүүлж 9 түрүүг 5 бөх хүртжээ. 9 барилдаанд амжилттай барилдсан шилдэг 32 бөхийн чансааг хүргэж байна.

 

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн асан С.Зоригийн эхнэр Б.Булганыг саатуулаад байгаа. Хууль хяналтын байгууллагууд ямар учраас саатуулсан талаараа албан ёсны мэдээлэл өгөөгүй. Харин Төв аймгийн хорих ангид саатуулсан, охин нь гадаадаас ирсэн гэх мэдээлэл бидэнд байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Б.Булганыг яллагдагчаар татсан аж.Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн илрүүлэх баримт шинээр олдсон гэнэ. Мөн Д.Булганыг өмгөөлүүлэхээр ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч авсан ч тэд өмгөөлөл үзүүлэхээс татгалзжээ.Учир нь өмгөөлөгч нар маш нууцын зэрэглэлтэй энэ хэргээс болж тангаж, чагнагдах аюулаас сэрэмжилсэн бололтой. 

Өнөөдөр болсон бусад үйл явдлын хураангуй:

 Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгын “Г” хэсгийг  хувьчлах шийдвэрлэсэн бөгөөд тус барилгад үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд эсэргүүцэж байна.  

  Монголын хоккейн холбооны улирлын лигийн тоглолтууд өнөөдөр эхэллээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд тохиож буй тул бүх нийтээрээ амарна.


  МОNU-монументаль урлагийн нэгдэл Улсын их дэлгүүрийн баруун талд "Хүүхдийн номын өргөө"-г байгуулжээ.

    Монголын дуу хөгжим сүүлийн жилүүдэд БНХАУ-д хүчээ авсан нэг шалтгаан нь Хятадын хамтлаг, дуучид Монгол дууг орчуулан Хятад хэлээр дуулсан явдал байжээ.


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж, хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Төрийн соёрхлыг хүртээв.

    “Автобус-3”-ын барилгуудын нээлттэй дуудлага худалдаа энэ сарын 16-нд болно.

    Гадаад хэргийн яамны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа элчин сайд нарт АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.


    Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангаас Үндэсний номын санд хүүхэдтэй холбоотой 1500 ном, гарын авлагыг хүлээлгэн өглөө.
   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл