Цаг хугацааг өнгөрсөн, одоо, ирээдүй гэж ангилдаг ч хүн өнгөрсөн рүүгээ зорчиж байсангүй, ирээдүй рүүгээ бас аялж байсангүй. Та, бид мөн ялгаагүй. Бид ирээдүй гэж ярьдаг хэрнээ юу болохыг тэр бүр мэддэггүй. Өнгөрсөнг буцааж чадахгүйтэй адил. Хүний амьдрал зөвхөн одоо цагт л өрнөдөг. Одоо цаг бүр өөрийн ер бусын боломж, онцгой нөхцөл байдалтайгаа дахин хэзээ ч давтагдахгүйгээр, хэнийг ч үл хүлээн өөрийнхөө эрчмээр үргэлжлэн өрнөх тул амьдралын сайн сайхан бүхнийг авахад амьдрал даанч богино. Та, бидний амьдралын нэг долоо хоног өнгөрлөө. Ажлын сүүлийн өдрийн мэндийг эрхэм уншигч та бүхэндээ хүргэе. Нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.
Чухал мэдээ: Зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ
Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 2-3 өдөр ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болсон байна. Мөн энэ үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийх аж. Тодруулбал, эдгээр эмч нар Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах юм байна. Түүнчлэн Дархан-Уул аймагт 10-ны өдөр дээрх хагалгаа, үзлэг хийхээр болжээ. Үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ оны 11, 12 дугаар сард ирж үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэгэн эмгэг ажиглагдаж байвал өрхийн эмчээрээ дамжуулан үзлэгт бүртгүүлэх боломжтой.
Чухал анхааруулга: Анхаар: Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ
Сайншанд-Замын үүд чиглэлийн зам дагуу цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаардлагджээ. Мөн цасан шуурганы улмаас автозамд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс анхаарууллаа. Тиймээс дээрх чиглэлд зорчигч та бүхэн хурдаа тохируулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Чухал үйл явдал: Татварын ерөнхий газарт гарсан галыг бүрэн унтраажээ
ТЕГ-т гал гарсан талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр ойролцоогоор 12.27 цагийн үед иржээ. ТЕГ-т гарсан галыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын 10 дугаар ангийн аврагчид шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна. Галын унтраахаар 20 арвагч, хоёр машинтай, нэг шаттайгаар ажилласан байна. Урдчилсан байдлаар хаягны цахилгаан холбоосноос болж гал гарсан гэж үзэж байгаа аж.
Чухал шийдвэр:УИХ-ын чуулганыг түр завсарлуулахгүй шийдвэрт хүрчээ
Орон нутгийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор УИХ-ын чуулган түр завсарлах магадлалтай гэсэн яриа тарсан. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, УИХ-ын үйл ажиллагааг түр завсарлуулахгүй гэсэн шийдвэрт хүрчээ. Мөн ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы үйл ажиллагааны хуваарийг гаргажээ.
Чухал сэрэмжлүүлэг: Сэрэмжлүүлэг: Фэйсбүүкээр танилцсан 5-р ангийн охиноо хулгайлахыг завджээ
Сүүлийн үед цагдаагийн байгууллагад цахим орчинд хүнтэй танилцаж хуурамч бараа авсан, нэр хүндэд нь халдаж доромжилсон, хүчиндүүлсэн, мөн их хэмжээний мөнгө залилуулсан гэх гомдол ирэх нь нэмэгдсээр байгаа аж. Тодруулбал, саяхан нэгэн этгээд хуурамч фэйсбүүк хаяг нээж, ерөнхий боловсролын 84-р сургуулийн тавдугаар ангийн нэгэн охинтой танилцсан байна.
Тэрээр тухайн охинтой сайн найзууд байх санал тавьж, бэлэг солилцох нэрийдлээр худал хэлж, улмаар сургуулийн хаяг, тарах цаг болон нэр утасны дугаарыг нь мэдэж авчээ. Ингээд охиныг хичээлээ тараад гарч ирэхэд нь үл таних эрэгтэй машиндаа суулгаад авч явсан байна. Гэр бүлийн хүмүүс багагүй хугацаан эрж хайжээ. Багагүй хугацааны дараа охин ТҮЦ-ийн утсаар ээж рүүгээ залгаж, хаана байгаагаа хэлж, охины ах очиж авсан байна.
Фэйсбүүкийн хяналтгүй хэрэглээ хүүхдүүдийг элдэв гэмт хэргийн золиос болгох өндөр эрсдэлд оруулах хамгийн том шалтгаан болсоор байна. Тиймээс, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийн хуваарьт цаг, хамрагддаг дугуйлан секцийн орох тарах цаг, ангидаа болон сургуульдаа, сургуулиас гадуур үерхэж найзалж байгаа найз нөхөд, фэйсбүүк хэрэглээ интернэт орчноос хэрхэн мэдээлэл авч байгаад анхаарал хандуулж, маш сайн хянах шаардлагатайг холбогдох албаныхан сануулж байна.
С.Батхишиг: Япончууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ чадварыг нь түрүүлж хардаг. Харин Монголд...
Энэ эмэгтэйг С.Батхишиг гэдэг. Япон хэлний орчуулагч мэргэжилтэй бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд идэвхтэй тусалж ирсэн сайн дурын ажилтан. Тэрбээр 10 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлийн талаар гадны эрдэмтдийн судалгааны олон ажлыг орчуулж олон нийтэд хүргэж байсан туршлагатай. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хүнд байгааг хараад зүгээр орхиод явж чадалгүй, хувийн бизнэсээ орхин, энэ салбар луу орж ирсэн уг бүсгүйтэй би хоёр жилийн өмнө тархины саажилттай хүүхдүүдийн асуудлаар ярилцаж байв. Харин энэ удаа түүнийг япон улсад хөгжлийн бэрхшээлээр суралцахаар явсныг сонсоод бахархан бодож байлаа. Зорьсон зорилготой, хүсэл мөрөөдөлтэй ийм нэгэн залуу эмэгтэйгээс японд сурч буйд нь олзуурхан Японы туршлага ямар байдаг талаар ярилцлаа. Бидэнд япончуудаас сурах зүйл маш их байгааг түүний ярианаас би олж мэдсэн юм. С.Батхишиг одоо Японы Хёогогийн Боловсролын их сургуульд хөгжлийн бэрхшээл судлалаар магистр хамгаалахаар суралцаж байна. Түүнийг өнгөрсөн сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах ажлаар Монголд ирээд байхад нь ярилцсан ярилцлагаа хүргэе.
- Та хөгжлийн бэрхшээл судлалаар Япон улсад магистрт сурч байна. Би ойлгохдоо таныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэрхшээлийг нь бус тэдэнд тулгамддаг хүнд асуудлуудыг хөнгөвчлөх арга ухаанд суралцдаг байх гэж бодож байна?
- Би хөгжлийн бэрхшээл судлалаар Япон улсад хоёр дахь жилдээ суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хэрхэн хамруулах вэ, сургалтын арга барилыг багш нарт нь яаж олгох вэ, хөгжлийн бэрхшээлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, эрт илрүүлэхийн давуу тал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүй гэх мэт олон хичээлийг өдөр бүр судалдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар сурах зүйл маш их бий. Сураад дуусахааргүй их.
- Олон жил Япон хэлний орчуулагчаар ажилласан хүн салбартаа карьер хөөх бус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахаар сурч эхэлсэн нь ямар учиртай вэ?
- Хүний амьдралд үнэ цэнэтэй зүйл байх ёстой. Би хөгжлийн бэрхшээл судлалаар Япон улсад хоёр дахь жилдээ суралцаж буй ч яг бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж эхэлсэн цаг үе маань 10 жилийн өмнөөс эхлэлтэй. Тодруулбал, 10 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллаж тэдэнд тулгамдсан асуудлаар өөрийнхөө хэмжээнд тусалж байсан. Тийм ч учраас Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зовлон ямар байдгийг мэднэ.
- Тэгвэл би одоо таниас Японд сурч, мэдэж буй зүйлийн тань талаар асууя. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэйгээ харилцаанд орох Японы систем ямар байдаг вэ?. Тэр систем нь манайхаас юугаараа ялгаатай вэ?
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ туслах Японы систем манайхаас ялгаатай. Гэхдээ Японы системээс Монголд шууд нэвтрүүлж болохуйц санаа их бий. Тухайлбал, манай улсын Ерөнхий боловсролын сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ сургуульдаа сургахаас татгалздаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зөвхөн тусгай сургуулиудад сургах ёстой гэсэн ойлголттой байдаг. Ганц, хоёр багш л “За яахав дээ” гээд өрөвдөөд авах жишээтэй. Гэхдээ “За яахав дээ” гэж өрөвдөж авдаг сэтгэлгээ нь өөрөө буруу юм. Харин Япон улсад Ерөнхий боловсролын сургуулийн анги бүр дэргэдээ нөөц ангитай байдаг. 1-12 дугаар анги хүртлээ бүгд нэг нөөц ангитай гэсэн үг. Тухайн дүүрэгт амьдардаг эцэг, эхчүүд хүүхдээ дагуулаад ирэхэд нь нөөц ангидаа авч сургадаг. Тэр нөөц ангийн багш нар нь миний сурдаг сургуульд бэлтгэгддэг. Тэд Ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжилтэй ч нэмэлтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах арга, дадалд суралцаж энэ талын мэдлэгийг эзэмшдэг гэсэн үг. Японы ерөнхий боловсролын сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ нөөц ангидаа хүлээж аваад математик, эх хэл гэсэн үндсэн хичээлүүдээ заадаг. Харин биеийн тамир, дуу хөгжим, зургийн хичээлийг бусад ердийн ангийн хүүхдүүдтэй хамт сургадаг. Энэ бол хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулж чадаж буй систем юм. Уг системийг Япон сүүлийн арван жилд туршсан. Харин Ерөнхий боловсролын сургуульдаа ирж чадахааргүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тусгай сургуульдаа хамруулдаг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
“Цаст констракшн”-ы барьж гүйцэтгэсэн Нэгдүгээр төрөх эмнэлгийн тааз нурж унажээ
Энэ сарын 05-ны өдөр Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний тааз нурсан хэрэг гарчээ. Тааз нурахаас өмнө иргэн Ж-д хагалгаа хийж байх үед агааржуулалтын хоолой дугарч мэдэгдсэн байна. Хэсэг хугацааны дараа хагалгаа дуусаж, эмч ажилчид дараагийн хагалгаандаа бэлдэж байх зуур эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний тааз тэр чигтээ нурж унажээ. Азаар тухайн үед өрөөнд хүн байгаагүй бөгөөд чухал хэрэгтэй 3 аппарат дарагдаж эвдэрсэн байна. Бид энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Б.Энхбаяр: Яаралтай хагалгааны мэс заслын тасгийн өрөөний тааз нурж унасан
Энэ сарын 5-ны өдөр манай эмнэлэгийн эмэгтэйчүүдийн яаралтай хагалгааны мэс заслын тасгийн өрөөний тааз нурж унасан. Бид тухайн үед холбогдох шатны буюу МХЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын хүмүүсийг дуудаж нөхцөл байдлаа танилцуулсан. Одоогоор ямар шалтгааны улмаас нурсан гэдэг нь тогтоогдоогүй байна. 2013 онд 1 сарын 29-нд өргөтгөлийн шинэ барилга ашиглалтанд орсон. Тухайн үед улсын комисс хүлээж аваад үйл ажиллагаагаа эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын 187 дугаар тушаалд хагалгааны өрөөг тосон будгаар цэвэрлэж ариутгахад нь зориулагдсан байх ёстой гэж заасан байдаг. Энэ нурж унасан тааз бол дүүжин тааз гэсэн хариултыг эмнэлгийн дарга хэллээ.
-Д.Өнөржаргал: 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байлаа-
Тухайн үед хагалгаа хийж байсан Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргалаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Тухайн өдөр нийт 5 хагалгаа хийх төлөвлөгөөтэй байсан. Эхний өвчтөнд хагалгаа хийхдээ 3 номерын өрөөнд 10.20-12.00 цагийн хооронд хагалгаа хийж дууссан. Дараагийн хагалгаа хийхээс өмнө 30-40 минутын хооронд ариутгаж цэвэрлэсэний дараагаар дараагийн хагалгаа хийх журамтай байдаг. Эхний хагалгаа хийж байх үед агааржуулалтын хоолой хөдөлж эхэлсэн. Ингээд бид бүхэн тухайн үед хийж байсан хагалгаагаа дуусаад аюулгүй байдлаа бодоод өөр өрөөнд өвчтөн авсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэлтэй байж. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан” гэв. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
21 настай залуу мансуурч байгаад баригджээ
Энэ сарын 5-ны өдөр нэг залуу мансуурч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дахь “Кензо” зочид буудалд энэхүү хэрэг болсон байна. Мансуурсан этгээд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат 21 настай Б гэгч аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар залуу буудлын өрөөнд ороод удаагүй байхдаа мансуурсан эхэлжээ. Цагдаагийн байгууллага түүний байсан өрөөнөөс эд мөрийн баримт болгож 40 гр мансууруулах үйлчилгээтэй каннабис хураан авчээ.
Өнөөдөр Дэлхийн инээмсэглэлийн өдөр тохиож байна
Өнөөдөр Дэлхийн инээмсэглэлийн өдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийн баасан гарагийг Дэлхийн инээмсэглэлийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тэмдэглэх санааг анх 1999 онд Массачусеттийн зураач Харви Болл санаачилснаас хойш 17 жилийн турш тэмдэглэсээр иржээ. Харви Болл нь 1963 онд бидний хамгийн сайн мэддэг “Smile emoticon”-ийг мөн зохион бүтээснээрээ алдартай юм. Түүний зуран зохион бүтээсэн “шар царай” байгууллагын үйлчлүүлэгчдэд ихэд таалагдаж, хэдхэн сарын дараа 15 мянган тэмдэг худалдаанд гарч байжээ. Эрдэмтдийн баталснаар нэг минут чин сэтгэлээсээ инээх нь 45 минут тайван амарсантай тэнцдэг юм байна.
"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.