16o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрч, хурандаа нарыг нууцын зэрэглэлтэй шалгаж эхэлсэн өдөр

0000-00-00 00:00:00

 Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр өнгөрч байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсараа алдсан тохиол бүрээ тунгаа. 
Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг  “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү  хүргэж байна. 


Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Дуулианы эргэн тойронд: Б.Тулга: Шилэн биш шаазан хамгаалалт дор Эрдэнэт үйлдвэрийг хувьчилчихлаа

МАХН-ын  нарийн бичгийн дарга Б.Тулгатай цаг, үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид хувьчлах гэж байна гэж анх танай намын гишүүд мэдэгдэж байсан. Энэ талаар анх олон нийтэд мэдээлж байсан намын хувьд одоо болж буй үйл явцад ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголын баялагийг хууль бусаар авах, будлиулах гэсэн оролдлого бүрийг тухай бүрт нь МАХН илчилж байсан. Үүний нэг жишээ нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлах асуудал байлаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүллээ гэх нэрийн дор хууль зөрчиж хувийн банкинд хувьчилсан.Энэ асуудлыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр шийдвэрлэсэн. Үүнийг олон жилийн өмнөөс төлөвлөж байгаад хийсэн гэдэг нь илэрхий байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хувьчилсаныг сонгуулийн дүйвээнээр дарсан. Бидний хувьд уг асуудлыг зоригтойгоор анх олон нийтэд мэдээлсэн. Тухайн үед МАХН-ын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гурван сая иргэнд хувьцаа хэлбэрээр очих ёстой гэсэн байр, суурийг илэрхийлж байсан. Харамсалтай нь 100 хувь Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн нам уг асуудлаар өнөөдрийг хүртэл чимээгүй байгаад гайхаж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ямар сонирхлоор юм мэдэхгүй ч тус асуудлыг сөхөж гаргаж ирж буй нь сайшаалтай. Эрдэнэт үйлдвэрийг хэн авсан нь хамаагүй Монголынх л болсон бол боллоо гээд баярлаад байж байх ёстой юм уу. Ингэж яриад байгаа хүмүүс байна. Тэгш шударга зарчим нь хаана байна. Эрдэнэтийг удирдаж байсан одоо бололцоотой бизнес хийдэг, тодорхой хадгалжийг бий болгосон жирийн иргэд байна шүү дээ. Яагаад нэр бүхий ганц банк тус үйлдвэрийг авах эрхтэй байгаа юм. Шилэн биш шаазан хамгаалалт дор Эрдэнэтийг худалдах ажлыг явуулчихлаа. Шилэн дансны хуулийг санаачилсан сүбьект нь өөрөө үүнийг хамгаалаад “Энэ асуудал та нарт хамаагүй. Хувийн хэвшлийн асуудал” гэж ярьж байна. Энэ бол хувийн хэвшлийн асуудал биш. Харин Засгийн газар хоорондын дундын өмчлөлд байсан компани. Нэг нь хувьцаагаа зарахаар болсон бол нөгөө талдаа хувьцаагаа санал болгодог бичигдсэн хуультай. Тэгэхээр Оросын тал хувьцаагаа зарах гэж байгаа бол Монголын талд санал тавих ёстой. Энэ саналыг цөөнх рүү шилжүүлсэн учир юу юм бол. Үүнийг яагаад хамгаалаад байгаа юм.
-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг буруутгаж байгаа юм байна. Тийм үү?
-Би нэг жишээ хэлье. МАХН-ын байрыг Н.Энхбаярын дүү нар нэг еврей хүнээс худалдаж авчээ. Энэ байр Монголын талд ирчихсэн байна шүү дээ. Тэр еврей хүн дөрвөн жилийн өмнө энэ байшинг 250 мянган доллараар худалдаж авсан байсан. Дөрвөн жилийн дараа монгол иргэнд 500 мянган доллараар буцаагаад заржээ. Бүх наймааны ажил дууссан байна. Энэ байшин Монголын талд л ирсэн байгаа биз дээ. Н.Энхбаяр гэдэг хүнд бүх хууль нь өөрөөр үйлчилж байгаа юм бэ. Хэрэг биш байхад хэрэг болгодог. Энэ байшин ч мөн Монголын талд ирчихсэн байна шүү дээ. Одооны тайлбарлаж буй үндэслэлээр ийм л жишээ болж байна. Тэгэхээр энэ бол хамгийн буруу жишиг. Нөгөө шилэн дансныхаа эсрэг явж байгаа хэлбэр. Ингэж ард иргэдийг тэнэг мэт мунхаруулах хэрэггүй л дээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан процесс булхайгүй юм бол шалгуулах ёстой. Яагаад нууц тушаалаар үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар авч хэлэлцэхгүй байгаа юм. Жижиг компанийн хувийг шилжүүлэх асуудлыг ч УИХ-аар хэлэлцдэг.

Эрдэнэт үйлдвэр бол стратегийн том орд. Энэ том үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийг хувьчлах асуудал яригдаж байгаа учраас УИХ-аар хэлэлцэх ёстой. Энэ бол маш өндөр түвшинд хийгдсэн луйвар.

Энэ луйврыг Монголын ард түмэн харах ёстой.Монголчууд 30, 40 жил өр тавин байж бүх насаараа босгосон үйлдвэрийнхээ 49 хувийг яагаад эзэмших боломжгүй байгаа юм бэ. Эрдэнэтээр овоглодог тэндээс амь, амьдралаа залгуулж байсан иргэд энэ хувиас эзэмших эрхгүй байж болохгүй. Үүнийг бид бодох л ёстой. Уг асуудлыг ярихаас айж  байна гэдэг нь Монголд дарангуйлал тогтсоны шинж. Харамсалтай нь ийм тогтолцоо Монголд байна. Амлалт өгч олонх болсон Монгол Ардын нам дуугүй л байна. Нөгөө Ардчилсан нам мөн дуугарч чаддаггүй. Дуугарч байгаа ганц нэг нь “Монголд ирсэн нь болсон юм биш үү” гэж хэлж байна.
-Оросын тал өөрийн хувиа Монголд зарж буй цаад шалтгааныг танай намынхан юу гэж харж байгаа вэ?
-Ер нь Оросууд Эрдэнэт үйлдвэр дэхь хувиа зарж байна гэдэг нь харилцаа хүйтэрч байгаагийн шинж. Оросын хамгийн том ашиг сонирхол Эрдэнэт үйлдвэр болон төмөр зам байсан. Нэгээс нь гарч байна гэдэг нь Монгол, Оросын харилцаа хүйтэрч байна гэж үзэж болно. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Дэлхийн чимээ: Викилеакс  дахин шуугиан тарилаа

Даваа гарагийн өглөө Викилеакс Хиларри Клинтоны цахим хаягаас түүний сонгуулийн ажлын хэсгийн удирдагч Жонн Педастай холбоотой 2000 цахим шууданг дахин ил болголоо. Викилеакс тус мэдээллийг авахын тулд 4хоног уйгагүй оролдож,Подеста болон Хиллари Клинтонтой холбоотой 50.000 имейлийг илрүүлжээ. 
Дээрхи ил болсон и-мейлд ихэвчлэн 2015 оны мэдээлэл багтсан байгаа аж. Тус и-мейлдКлинтоны төрийн бодлого төлөвлөлт, хэвлэлийхэнд зориулан шуугиан тарьсан мэдээллийг хэрхэн зогсоож, намжаах талаар өгүүлсэн байгаа аж. Мөн урт хугацааны туршид түүний шадар туслахаар ажиллаж байсан Доуг Банд болон охин Челси Клинтонтой холбоотой олон мэдээлэл багтжээ. 
Клинтоны сонгуулт ажлынхан Трампын боловсруулсан төрийн бодлогыг шүүмжлэн “Владимар Путины бодлого, үйл ажиллагагааг дэмжиж, сайшааж байна” гэв. Харин Трампийн зөвлөх Жасон Миллер “Тийм ээ. Бид урагшилж байна” гэх үгийг өөрийн твиттер хуудаснаа гарсан мэдээллийн хамт жиргэв.  Харин Клинтоны хэвлэлийн төлөөлөгч Глен Каплин ням гарагийн мэтгэлцээний дараа “Трамп сонгуулд Владимар Путинг дэмжин ажиллаж байна. Энэ нь төрийн тэргүүний сонгуулд өрсөлдөж байгаагийн хувьд тун шившигтэй явдал. Тэгсэн ч мэтгэлцээний үр дүнгээс харахад Путин Трампын бүтэлгүйтлийг харж, сонсож байгаа ” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
Викилеакс компани ОХУ-тай  хамтран ажилладаг бөгөөд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс“ОХУ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн явцад нөлөөлөхөөр завдаж байгаа тул ийм мэдээллийг удаа дараа гаргаж байна” гэв. Дээрхи ил болсон имейлүүдэд төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг өгөхөөс өмнө Валл Стрийтийн компаниудад өгсөн нууц захидалыг ил болгожээ. Мөн CNN цахим  веб сайтад зарим имейлээс онцлон хүргэсэн байна.  Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 


Б.Батжин: Кофе уухдаа ганцаараа биш олуулаа ууж, ярилцаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлье


Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо дахин нэгэн өдөр ирж, нар хэдийн манджээ. Их хотод хөл хөдөлгөөн эхэлж, хүн амын нягтаршил өдөр ирэх тусам ихэсч, амьдрал “буцалсаар” байна. 
Та Улаанбаатар хотоо сайн мэдэх үү, алхам бүрт дүр төрхөө өөрчилж байгаа хотод маань хаана, ямар, сонирхолтой цоо шинэ газрууд нэмэгдсэн талаар цаг алдалгүй мэдээлэл авч чадаж байна уу? Тэгвэл танд цоо шинэ Ulaanbaatar Passport-ийг танилцуулж байна. Их хотоо мэдэх эрэлд гарцгаая. “Start-Up” бизнесийн салбарт тэргүүлэгч залуустай цуврал болгон уулзуулдаг уламжлалтай билээ. Хоёрдах удаагийн ярилцлагын буланд UB passport-ийг үүсгэн байгуулагч Б.Батжинтай уулзаж ярилцлаа. Тэрээр Монгол төдийгүй Дэлхийд хөгжиж буй “Start-Up” бизнессийн санааг эх нутагтаа найз нөхдийн хамтаар бодит биелэл болгож байна.

-Ярилцлагын эхэнд өөрийгөө болон “Ulaanbaatar Passport”-ийн хамт олны талаар танилцуулаач.
-Намайг Б.Батжин гэдэг. АНУ-ын Виллиамс Коллежийг 2015 онд төгссөн. Үүсгэн байгуулагчаар Б.Батжин, П.Анар, А.Мөнхжин, Г.Алдар, Н.Дөлгөөннаран нар ажиллаж байна. Манай багийн өдөр тутмын үйл ажиллагааны хувьд таван хүнтэй явж байна. Би, П.Анар, үүсгэн байгуулагчаар, Г.Алдар, Д.Дэлгэрсайхан нар дизайнер, Оффис менежерээр О.Анар-Од,  ажиллаж байна.  
-UB passport-ийн санааг анх хаанаас авч, ажилаа эхэлсэн бэ?
-Анх “UB Passport”-ийн санааг АСЕМ-аар бодож олсон. Аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүст өөрийн хотын түүх соёл, шинэлэг газруудыг танилцуулах зорилготой үүсгэн байгуулсан.Ер нь үеийн залуучуудтайгаа ярилцахад Улаанбаатар хотод хийх юм байдаггүй. “уйтгартай” хот гэх мэтээр ярьдаг.Тиймээс чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой шинэ газруудыг иргэдэд танилцуулах зорилготой. 

-Дэлхий дахинаа “UB passport” шиг дүйцэх бүтээгдэхүүн, үйлчилгээ бий юу?
-Монголд өдөр бүр шинэ лоунж, кофе шоп, ресторан, бар гэх мэт олон байгууллагууд бий болж байна. Тухайлбал бие даан үйл ажиллагаагаа явуулдаг 80 гаруй кофе шоф байна. Гэвч дээрхи газруудад ороход хэрэглэгч, үйлчлүүлэгдийн сэтгэлд хүрэхгүй олон асуудлууд үүсдэг. Найз, нөхөд хамт олонтойгоо ярилцаж, суумаар байсан ч нөгөө л нэг хуучин, хэвшмэл газартаа ороод суудаг. Энэ байдлыг халж, илүү сонирхолтой болгомоор байсан юм. Америкийн 16 хотод “Passport Program” буюу энэ төсөл хэрэгждэг. Гэхдээ гадных гэхээр дандаа сайн байдаг гэсэн үг биш. 
-Тус бүтээгдэхүүнийг хэдэн хувь хэвлэж, зах зээлд борлуулсан бэ?
-Нийт 500 гаруй хувийг хэвлэж, борлуулж дууссан. Пасспорт дотор нийт 16 бар, лоунж, ресторан багтааж чадсан. Мэдээж хямдралын купон шиг тул олон хувиар хэвлэх боломжгүй. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 


Чухал мэдээ: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрчээ


Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа Хөгжлийн банкинд шалгалт оруулсан. Уг шалгалтын дүнд Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн гэж Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдэгдлээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг эхний ээлжинд Засгийн газарт танилцуулсан бөгөөд цааш судлах үүргийг өгчээ. Мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулах үүргийг ажлын хэсэгт даалгасан байна.
Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа билээ.


Дэлхий ертөнц: Төв Европд цөмийн пуужин илгээнэ


ОХУ-ын ерөнхийлөгч Владимар Путин төв Европ тэр дундаа Латви улсад  цөмийн пуужин илгээхээр төлөвлөж байна. 
Путин энэ үйлдлээ өөрийн цэргийн эрх мэдлийг сайжруулж, чангатгах зорилгоор хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлаж байна. Энэхүү пуужин нь Искандар-М гэх системээр бүрэн тоногложээ. 
ОХУ 70 гаруй жилийн турш Балтийн орнуудыг цэрэг армийн хүчээр өөрийн гартаа барьж байсан. Латвийн батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Каспарс Галкинс “ ОХУ өөрийн цэрэг армийн хүчийг Латви улсын хилээр оруулахыг завдаж байна. Тиймээс батлан хамгаалах яамны хувьд эх газрын болон далайн хамгаалалтыг чангатгаж, тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Пентагоны албаныхан цөмийн зэвсгийг дайнд ашиглахаар туршиж байгаа тухай мэдээлжээ. 
Энэ оны эхэн үед Их Британийн засгийн газрын мэдээгээр  500 батальон цөмийн пуужин Эстонид байрлуулсан талаар хэлэв. Тус явдалыг "Хүйтэн дайны эхлэл" хэмээн үзэж байна.


"Камертон", "Никитон"-ы тоглолтыг 217 сая төгрөгөөр зохион байгуулсан нь шүүмжлэл дагуулж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачлагаар өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын намар" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой тус арга хэмжээнд "Никитон", "Камертон" зэрэг хамтлагууд ая дуугаа өргөж, тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажилласан юм.
Тус тоглолтыг зохион байгуулахад зориулж Нийслэлийн Захирагч С.Батболд 300 сая төгрөгийг төсвөөс гаргасан талаар шүүмжлэл тухайн үед өрнөж, иргэдийн зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн ч намжсан. Тус арга хэмжээг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 217 сая төгрөг гаргасан тухай баримт дэлгэгдлээ. Баримтаас харахад уран бүтээлчдийн зардалд 134 сая, тайз тоног төхөөрөмжид 59 сая, худалдаа үйлчилгээний зардалд 13 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед олон зуун сая төгрөгөөр тоглолт зохион байгуулсаныг эсэргүүцэх хүмүүс олон байна. Мэдээж алдартай хамтлагуудын тоглолтыг зохион байгуулж ард түмнээ цэнгүүлэх нь  буруу зүйлгүй ч цагаа олоогүй нь ийнхүү шүүмжлэл дагуулж буй бололтой.


Чухал үйл явдал: Хурандаа нарыг маш нууцын зэрэглэлтэй шалгаж эхэлжээ

Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд буюу хурандаа нарыг маш нууцын зэрэглэлтэй шалгаж эхэлсэн мэдээлэл гарч эхэллээ. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Ц.Бямбажавыг эл хэрэгт буруутгагдаж байгаа гэсэн мэдээлэл зарим сайтад нийтлэгдсэн ч баттай эх сурвалжийн мэдээллээр үгүйсгэж буй юм. Энэ тухай мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарч байгаа учраас олон нийтэд мэдээллэх боломжгүй аж.

Г.Шийлэгдамбатай хоригдсон П.Цогтбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ


МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард баривчлан ШШГЕГ-ын урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад батлан даалтад гаргасан билээ. Түүнийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Тэгвэл өчигдөр хяналтын прокуророос П.Цогтбаатарыг “Хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж үзсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment