8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Олон улсын стандарт Монголд нэвтэрч, Нобелийн шинэ шагналтан төрсөн өдөр

2016-10-14 19:46:00


Өнөөдөр эх оронд болоод олон улсад болж өнгөрсөн чухал үйл явлуудыг “Монголын нэг өдөр” тойм булангаараа хүргэж байна. Налгар намрын энэ өдөр анхаарал татах ямар үйл явдал болсныг манай сайтад гарснаар тоймлон уншина уу.

 

Манай хэвлэлийн хуудаснаа

Чухал сэдэв: Мэргэжлийн Засгийн газрын "мэргэжлийн" хууралт

 

Засгийн газар нийгмийн халамжийг хасахгүй гэж байсан бяцхан заль ашиглаад иргэдийг хуурдаг байсан нь ил болов. Төсвийн тодотголтой холбогдуулж оруулж ирсэн Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр энэ онд тэтгэвэрт гарах албан хаагчид 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авна. Тодруулбал, 2016 онд тэтгэвэрт гарах ёстой төрийн албан хаагчид 1-12 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авахгүйн тулд энэ ондоо тэтгэвэрт гарахгүй гүрийхээр байна. Учир нь энэ онд тэтгэвэрт гарвал 1-12 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж харин ирэх онд тэтгэвэрт гарвал 1-36 сар хүртэлх тэтгэмжийг өгөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Тэгэхээр 2016 онд тэтгэвэрт гарах ёстой хүмүүс яаж, ийж байгаад ирэх он хүргэх шаардлагатай болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч энэ талаар ярьсан байна.Тэрбээр “ Тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдаа энэ онд гаргахгүйгээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нийг хүргээрэй. Тэгэж байж 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжээ авна шүү” гэж захижээ. 2017 он гарлаа гэхэд 36 сар биш 1-36 сар хүртэлх тэтгэмж авна гэж Засгийн газрын тэргүүн хэлжээ. 

Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалд насаараа татвар төлсөн иргэд 12 сар ч биш нэг сарын тэтгэмж авч мэдэхээр байгаа юм. Мөн 36 сар биш гурвсан сарын тэтгэмж ч авч магадгүй аж. 12 сар бус 1-12 сар гэж зааж өгсөн нь ямар учиртай вэ. 2017 он гарлаа гэхэд тухайн салбарын дарга сайдынхаа үзэмжээр 1-36 хүртэлх аль нэг сарын тэтгэмжийг л авах нь. Яг 36 сар гэж зааж өгөөгүй нь мөн ямар учиртайг Засгийн газраас асуумаар байна. Монгол улсад нийт 160 гаруй мянган төрийн албан хаагч ажилладаг. Үүнээс жил бүр 4000 гаруй хүн тэтгэвэрт гардаг байна. Засгийн газрын дээрх шийдвэрээс болж 4000 албан хаагч 36 сарын тэтгэмжээ багасгаж авах магадлал өндөр байна.Бүр энэ онд тэтгэвэрт гарснаасаа болж бусдаасаа бага тэтгэмж авах нь. Тэд яагаад ингэж хохирох ёстой гэж. Адилхан л нийгмийн даатгал төлсөн хүмүүс шүү дээ.Засгийн газар, УИХ-ын энэхүү шийдвэр нь ард түмнээ ялгавласан үйлдэл боллоо. Үргэлжлэлийг эндээс уншина уу. 

 

Чухал үйл явдал: Олон улсын стандарт Монголд нэвтэрлээ

олон улсын стандарт “ISO”-ын сургалт, баталгаажуулалтын Монсертф компани нь гадаад харилцаагаа өргөжүүлж Турк, Австри, Энэтхэг, Австрали зэрэг орны олон улсын стандартын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагатай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий стандартууд Монголд нэвтэрч байна. Эдгээр байгууллагууд нь нэр хүнд бүхий итгэмжлэлийн байгууллагуудаар итгэмжлэгдсэн FQC, TQCSI, UDEM, TUV зэрэг олон улсын стандартын баталгаажуулалтын топ брэнд компаниуд юм. Монсертф компани нь Британийн стандартын байгууллага BSI –н Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд BSI Академиар дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний сургагч багш, аудиторуудыг бэлтгэдэг ба BSI –ийн баталгаажуулалт нь бизнесийн байгууллагуудад нэр хүндийн илэрхийлэл болдог давуу талтай юм. Тус компани нь дээрх стандартуудыг Монгол улсад яаж хэрэгжүүлэх аргыг сургалтаар олгоно. Монголын байгууллагууд стандартыг хэрэгжүүлэх аргаас суралцаж өөрийн аж, ахуй нэгжид хэрэгжүүлснийхээ дараа албан ёсоор стандартыг авна гэсэн үг. 

 Энэхүү ажил нь Монголын бизнес эрхлэгчдэд олон улсын стандартын сургалт, баталгаажуулалтыг авах үнийн эрх чөлөөг олгох юм. Нөгөөтэйгүүр олон улсын стандартын дэлхийн топ байгууллагуудаас үйлчилгээ авах үнийн хувьд уян хатан байх нөхцөл бүрдэж байна. Ингэснээр бизнесийн байгууллагууд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх хөрөнгийн биржүүдэд хувьцаа гаргах, хөрөнгө босгох, олон улсын тендерт оролцох боломж бүрэн нээгдэж байгаа гэдгийг тус стандартыг нэвтрүүлсэн албаныхан онцолж байна.  Үргэлжлэлийг эндээс уншина уу. 

 

Дэлхий дахинд: Утга зохиолын Нобелийн шагналтан тодорлоо

Энэ оны Нобелийн утга зохиолыг шагналыг  Америкийн алдартай ая зохиогч, дууны шүлэг бичигч, дуучин Боб Дилан  хүртлээ. Нобелийн хорооноос мэдээлж буйгаар “Америк дууны илэрхийлэлд шинэ өнгө төрх авчирсан” хэмээн дүгнэжээ.  Нобелийн утга зохиолын шагналд тодрох магадлалтай зохиолчоор Харүки Мүракамин, Адонис нар нэрлэгдэж байсан бөгөөд Японы алдарт зохиолч Харуки Мураками хоёр дахь жилдээ Нобелийн утга зохиолын шагналтан болно гэж таамаглаж байсан хүн олон байжээ.

 

Олон улсын хэвлэлд онцолсон нь: Гэр бүлийн хүчирхийлэлд байсан ээж, охин хоёрыг Монгол руу буцаалаа

 Канадын СTV-ийн мэдээний есдүгээр сарын 27-ны өдрийн дугаараар эх нутагтаа гэр бүлийн дарамтанд байсан ээж, охин хоёрыг монгол руу буцаасан тухай мэдээлэв. Ээж, охин хоёр Канадын Калгари хотод амьдарч байсан бөгөөд иргэншил хүссэн ч хүлээн авахаас татгалзажээ.Монгол улсын иргэн Д.Ариунаа, түүний охин А.Энки нар аравдугаар сарын нэгний өдөр эх орондоо газардсан байна.  Энэхүү үйл явдлыг Канад улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа онцлон хүргэж байна. Охин  А.Энки “Би урьд өмнө хэзээ ч онгоцны буудал дээр ирж, Монгол руугаа буцна гэж санасангүй” гэв. Тэд Калгари хотод хоёр жилийн өмнө ирсэн бөгөөд Д.Ариунаагийн өмнөх нөхөр нь удаа дараа дарамт үзүүлж, хүчирхийлж байжээ. Ээж, охин хоёр Канад улсад цагаач иргэний хүсэлт тавьсан ч буцаасан байна. Учир нь тэр хоёрт гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэх хангалттай баталгаа, нотолгоо байгаагүй аж. Онгоцны буудал дээр Д.Ариунаа “Биднийг найрсагаар хүлээн авсан Канад найзууддаа баярлалаа” гэж хэлэв.Канадын цагаач иргэдийн хуульч Рам Санкаран  “Ээж, охин хоёрын хэргийг шүүгч буцаасан. Эхний удаад ээж, охин хоёр Канадын хилээр нэвтэрсэн ч хоёр дах удаадаа амаргүй даваа байх болов уу” хэмээн дурьджээ.  Д.Ариунаа нь Канадад байх хугацаандаа гурван ажил хийж, охин нь сургуульд сурдаг байжээ.  Д.Ариунаагийн найз Дон Ловет “Ээж, охин хоёрыг зүгээр л эх нутаг руу нь буцааж явуулна гэдэг утгагүй хэрэг. Учир нь тэд манай оронд хувь нэмэрээ оруулж чадсан шүү дээ” гэв. Д.Ариунаа “ Эх нутагтаа очвол хамгийн түрүүнд байж болох аюулгүй газрыг олох болно” хэмээн нисжээ. 

 

Хүүхдийг хэрцгийгээр зодсон цэцэрлэгийн тогооч ял авав 

Дундговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тус аймгийн Сайнцагаан суманд байрлах "Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 10 сартай С-г тус цэцэрлэгт тогооч ажилтай О-нь"хоолоо идсэнгүй" гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодож танхайрсан хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн юм. Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс 2016 оны долдугаар сарын 25-ны өдөр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасныг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх 2016 оны есдүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс 2016 оны аравдугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
 

Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment