Монгол Улсын Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар гаргасан. Тэгвэл оюутны хөгжлийн зээлийг энэ 10 дугаар сараас эхлэн олгож эхлэхээр болсон тухай мэдээлэлийг өмнө нь хүргэсэн билээ. Оюутны хөгжлийн зээлийг ямар шалгуур үзүүлэлтээр хичнээн мянган оюутанд олгох мөн ямар банкаар дамжуулж олгох талаар БСШУС-ын сайд Ж.Батсууриас тодрууллаа.
-Оюутнуудад энэ сараас эхлээд зээл олгохоор боллоо. Тэгэхээр ямар шалгуур үзүүлэлтээр хичнээн мянган оюутанд зээл олгох вэ?
-Магистар, баклаврын түвшинд суралцаж байгаа оюутанууд зээл авах боломжтой. Оюутны зээл эхний 4 жилийн хугацаанд зээлийн санд улсын төсвөөс хөрөнгө төлөвлөж оруулна. Харин 4 жилийн дараагаас зээл эргэн төлөгдөөд эхлэхээр өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр 4 жил гэлтгүй цаашдаа ч үргэлжлээд явна. Тухайн зээлийг Монгол банк арилжааны банкуудтай хамтраад явуулах бөгөөд тухайн оюутны сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг төрийн сан дээр төвлөрүүлж, хянаж үзээд төлбөрийг нь олгоно. Гэхдээ тухайн оюутанд өөрт нь биш шууд сургуулийн дансанд оруулна.
-Зээлийн хүү хэдэн хувь байх вэ. Ямар барьцаа хөрөнгө шаардах вэ?
-Одоогийн байдлаар 6 арилжааны банк оюутны зээлийг олгохоор болоод байна. Энэ зээлийн хүү маш бага буюу жилийн 5 хувийн хүүтэй учраас дарамт багатай. Арилжааны банк тухайн оюутнаас ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй. Асран хамгаалагч аав ээжтэй нь гэрээ хийнэ. Аав, ээж нь зээлсэн төлбөрийн хүүг сар болгон төлөөд явна. Жишээ нь 2,000,000 төгрөгний төлбөр зээлсэн бол жилийн хүү нь 100.000 төгрөг болно. Үүнийгээ12 сард хуваагаад сард ойролцоогоор 8.000 төгрөгний хүүг төлөөд явна. Хүүгийн дарамт багатай учраас төлөөд явах боломжтой.
-2017 оны төсөвт оюутны зээл олгохоор хэдэн төгрөг суулгасан вэ. Хичнээн мянган оюутанд олгох боломжтой вэ?
-2017 оны төсөвт 100 орчим сая төгрөг төсөвлөөд УИХ-д өргөн барьсан. Нэмж хэлэхэд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутануудад зээл олгоно. Одоогийн байдлаар магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 120 мянга орчим оюутан сурч байгаа. Үүнээс 90 мянга орчим оюутанд олгох боломжтой.
- Оюутны хөгжлийн зээл хичнээн төрөл байгаа вэ. Урт хугацааны зээл гэж байгаа гэсэн. Ямар шалгуур үзүүлэлт байгаа вэ?
-Зээлийн төрлийн хувьд хүү бууруулах зээл, урт, богино хугацааны гэсэн гурван төрөл байгаа. Оюутанууд богино хугацааны зээлийг 1 жил харин урт хугацааны зээлийг 6- 10 жилийн хугацаатай авах боломжтой. Хүү буруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах шалгуур үзүүлэлт нь шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3 болон түүнээс дээш байх ёстой. Харин урт хугацааны зээлд хамрагдах оюутан их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх ёстой гэсэн шалгуур үзүүлэлт байгаа. Голч дүнг буруулсан гэдэг нь хүртээмжийг нэмэгдүүлэх сурах боломжоор хангаж өгч байна гэсэн үг.
-МСҮТ-ийн оюутануудад сар болгон олгодог тэтгэлэгийг зогсоогоод байна. Үүнийг олгох уу?
-Ер нь бол тэтгэлэгийг олгож байгаа. МСҮТ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хамаарагддаг.
-Өнгөрсөн жилүүдэд оюутануудад олгож байсан 70 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох уу?
-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаална. Энэ онд зээл аваагүй оюутанууд 70 мянган төгрөгөө авна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болох хариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмрийг оруулах юм байна. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгох аж.
Боловсролын зээлийн санд 116 мянган диплом барьцаанд байна
Үүнээм гадна магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 120 мянга орчим оюутан байгаа бөгөөд үүнээс 70-90 орчим мянган оюутан зээл авах боломжтой хэмээн салбарын хэллээ. Энэ нь нэг талдаа боломжгүй оюутануудад сурах боломж олгож байгаа ч гэсэн нөгөө талдаа зээлийг ингэж хавтгайруулж олгох нь чанаргүй зээл үүсэх эрсдэл бий болох магадлалтай. Өмнө нь төрийн сангийн зээлд хамрагдаад зээлээ төлөөгүй хэчнээн зээлдэгч байгаа талаар Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаагаас тодруулахад “ Өмнө нь төрийн сангийн зээлд хамрагдахад нэн ядуу айлын, бүтэн өнчин гэх зэргээр олон шалгуур тавьдаг байсан бол хөгжлийн зээлд зээл хүсэгч бүх оюутан хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар манай байгууллагад 116 мянган диплом барьцаанд байна. Энэ бүгд чанаргүй зээл гэсэн үг биш. Өмнөх зээлд хугацаа тусгаагүй байсан болохоор зээлдэгчид удаашралтай ч гэсэн боломжоороо төлөөд явж байгаа нь энэ. Оюутны хөгжлийн зээлд хугацаа заасан учир чанаргүй зээл гарахгүй, эдийн засагт эрсдэл багатай гэж харж байгаа” гэсэн хариултыг өглөө.