8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгогчдын боловсрол ба сонгуулийн ирц

2016-10-21 09:20:00

Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ, НИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн ирц сүүлийн жилүүдэд гараагүй өндөр үзүүлэлттэй байв. Тодруулбал, иргэд хотод 60 хувь, хөдөө орон нутагт 50 хувиас дээш ирцтэйгээр сонгуульдаа оролцсон юм. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц хэд, хэдэн газарт хүрсэнгүй. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “135 тойрогт ирц хүрээгүй учир энэ ням гаригт нэмэлт санал хураах үйл ажиллагааг зохион байгуулна” гэж хэлсэн.

Тэгэхээр дахиад л бөөн мөнгө зарлагадаж сонгууль зохион байгуулах нь. Ирц хүрэхгүй тохиолдол бүрт татвар төлөгч бидний мөнгө сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулагдана.

Уржигдархан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн ирц бүрдээгүй шалтгааныг улс төрийн хүрээнийхэн ингэж дүгнэж байна.

  1. Иргэдийн улс төрийн боловсрол муу
  2. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ач холбогдол өгөөгүй
  3. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаар ойлголтгүй байсан
  4. Дээрх бүгдээс үл хамаарч нийт иргэдийн улс төрд итгэх итгэл унасан
  5. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа муу хийж иргэдийг мэдээллээр хангаагүй гэх зэрэг шалтгаанаас үүдэн сонгуулийн ирц бүрдсэнгүй хэмээж байна.

Өнөө жил УИХ-ын сонгуулийг НИТХ-ын сонгуультай хамтатгаж байгаа нь зардал мөнгө хэмнэсэн сайн арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байсан. Гэтэл тус сонгуулиас хэмнэсэн зардлаа энэ удаагийн орон нутгийн сонгуульд зарцуулж байвал ямар ч үр, дүнгүй ажил болсон гэсэн үг. Тэгэхээр НИТХ-ын сонгуулийг УИХ-ын бус сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах ёстой байсан болов уу. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард болсон НИТХ-ын сонгуулийг энэ удаагийн орон нутгийн сонгуультай хамтад нь явуулах ёстой байв. Хэрвээ тус зохион байгуулалтыг хийсэн бол уржигдар болж өнгөрсөн сонгуулийн ирц хангалттай бүрдчих байлаа. Иргэд УИХ-ын сонгуульд ач холбогдол өгч саналаа өгөх нь тодорхой. Харин НИТХ, Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг хамтатгавал ач холбогдол нь УИХ-ын сонгуультай дүйцэж магадгүй юм. Тэгэхээр иргэдийн санал өгөх идэвх ч сайн байна гэсэн үг.

 Статистик мэдээллээс харахад сонгуульд санал өгөх сонгогчдын идэвх жил ирэх тусам буурсаар байгаа. 1992 онд л гэхэд энэ сонгогчид маань сонгуульдаа 95 хувьтай оролцдог байжээ. Сонгогчдын ирц буурч буй шалтгааныг дээр бичсэнтэй холбон тайлбарлаж болно. Нийт иргэдийн улс төрд итгэх итгэл буурсан ч тэднийг сонгуулиар солих, өөрчлөх боломжтой гэдгээ иргэд ухамсарладаггүй. Иргэн бүр энэ боломжоо мэдэрч, сонгуульд идэвхтэй оролцвол өөрийнхөө дэмжсэн хүмүүсийг гаргах боломжтой. Нөгөөтэйгүүр зөв сонголт хийхийн тулд иргэд улс төрийн боловсролтой байх ёстой. Тухайбал, нэр дэвшигчдийн хэн нь үнэн, худал яриад байгаад дүгнэлт хийх наад захын чадвартай байх ёстой гэсэн үг юм. Судалгаанаас харахад сонгуульд оролцох идэвх багассаар байгаа аж. Залуус сонголтдоо хариуцлагагүй ханддаг, тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автдаг зэрэг нь сонгуулийн ирцэд нөлөөлдөг байна. Мөн сонгууль шударга болдоггүй гэсэн албан бус мэдээлэл нь санал өгөх иргэдийн идэвхэд нөлөөлдөг судалгаа байдаг байна.

Энэ мэт олон шалтгаанд дүгнэлт хийгээд үзвэл иргэдийн боловсролыг дээшлүүлж, идэвхийг нь нэмэгдүүлэх ажлыг л үр дүнтэй зохион байгуулах нь хамгийн зөв зүйл юм. Харин Сонгуулийн Ерөнхий хороо энэ ажлаа хийж чадаж байна уу. Мэдээж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд урт хугацаа шаардлагатай. Гэхдээ яагаад өнөөдрөөс энэ ажлыг эхлүүлж болохгүй гэж. Тиймээс сонгогчдын санал өгөх идэвхийг өдөөх, сонирхол төрүүлэхүйц ажлуудыг хийх ёстой. Харин манай Сонгуулийн Ерөнхий хорооныхон санал өгөх өдрийг дөхүүлээд зарим телевизээр хэд хоногийн сурталчилгаа явуулж, саналаа өгөхийг уриалсан мессежийг иргэд рүү алданги, оног илгээгээд л болчихдог. Энэ жил 100 саяар /албан бус мэдээлэл/ урилга бүхий цаасан хэвлэмэлийг цөөн хэдэн хүмүүст тараасан байсан. Үүнээс өөр дорвитой ажлыг зохион байгуулаагүй. Угтаа бол бодлогын түвшний компанит ажлыг зохион байгуулмаар байгаа юм. Ядаж л орон нутгийн сонгуулийн ач, холбогдлыг иргэдэд танин мэдүүлж нэр дэвшигчдийг нарийн зохион байгуулалттайгаар танилцуулах ажлыг хийсэнгүй. Энэ мэтээс үүдэн сонгуулийн ирц бүрдэхгүй төсвийн мөнгийг зарлагадаж байна.

Гадны туршлага ямар байдаг вэ?

Америкт л гэхэд сонгуульд санал өгсөн хүмүүстээ брэндийн дэлгүүрүүд нь тодорхой хэмжээний хямдрал үзүүлдэг байна. Санал өгсөн баримтаа үзүүлээд дэлгүүрээс бараа худалдан авахдаа хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Энэ нь төр засгаа байгуулахад өөрсдийн хичээл зүтгэлээ оруулсны урамшуулал болдог аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
oron nutgiin songuulid jaahn tsenzur tavimaar yumaa ymar ch bolovsrolgui humuusig ner devsguuleed bhi jishee ni dornod aimgiin choibalsan sumand iimerhuu bdal zunduu bna
2016/10/21 49.0.205.238
  • Recent
  • Most Read
  • Most Comment