8o
Улаанбаатар хот
mobile menu

Таргалж буй шалтгаанаа олцгооё

2016-10-22 12:52:20

Ойрын үед жин нэмээд, шалтгааныг нь юу байж болох талаар бодож сууна уу? Жин нэмэхэд олон шалтгаан байх ч нэг нь чиний ажил дээрээ гаргаад сурчихсан багахан зуршлуудтай холбоотой байж болно. Жишээ нь:

1. Ажилдаа орой ирж оройтож тардаг бол
Чиний ажлын цаг оройтож эхлээд оройтож дуусдаг бол жин нэмээд байгаагийн чинь нэг шалтгаан яах аргагүй мөн. Эсвэл ажил чинь эрт эхлэдэг ч чи ажил дээрээ байнга оройтож суудаг бол мөн л адилхан байх нь байна. Учир нь энэ үед хоол чинь оройтоно гэсэн үг. Оройтож идсэн хоол биед чинь энерги биш өөх, тос болж шингэнэ. Дээрээс нь өглөөд бие чинь хангалттай сайн амарч чадалгүй сэрэх бөгөөд энэ байдал олон давтагдахын хэрээр хүсээгүй өөх чинь бас нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ ажил дээрээ оройтохоос өөр аргагүй байдаг бол өөртөө зориулаад хоолоо битгий оройтуул. Эрүүл, эрч хүчтэй байхын тулд хоол идэж байгаа болохоос биш цаг үрэх гэж бид хоол идээд байгаа биш шүү дээ.

2. Хамт ажиллагсад чинь...
Үдийн цайны цагаар чи мэдээж ганцаараа суугаад хооллоод байхгүй. Хамт ажиллагсадтай мэдээж хамтдаа хооллож таарна. Энэ үеэр тэд ямар хоол идэж байна түүнтэй нь ижил төстэй хоол авч идэх нь их байдаг. Бусад нь бүгд ийм хоол идэж байхад ганцаараа ялгараад яахав эсвэл хооллохоор орсон газар нь ийм хоолтой гэх мэт олон шалтгаан байж болно.Тэгэхээр жин нэмж байгаадаа санаа зовж байгаа бол бусдыг аялдан дагалдахаа боль. Өөртөө хувийн хоолны цэс зохиогоод гэртээ хоолоо хийж авчирч яагаад болохгүй гэж? Эсвэл ганцаараа ч хамаагүй эрүүл хоолтой газраар үйлчлүүлж болно.

3. Машинаасаа “салахгүй” байх
Автобус хүлээж зогсохгүй, цаг хэмнэнэ, тухтай гээд машинаа байнга хөлөглөх шалтгаан олон л доо. Гэхдээ ажилдаа тогтмол машинаар явах нь угийн суугаа ажилтай чамайг улам хөдөлгөөний дутагдалтай болгоно. Ажил гэр чинь хол зайтай байдаг болохоор машинаар явахгүй л бол болдоггүй байж болох юм. Тэгвэл машинаа орох хаалганаасаа хол тавьж болно. Цайныхаа цагаар ч аль болох машин уруугаа битгий ойрт. Үнэхээр дасгал хөдөлгөөнд цаг гаргаж хийх боломжгүй байвал ядаж л өдөрт алхаад байх хэрэгтэй шүү.

4. Сандал дээрээ хадаатай мэт байх
Заримдаа ажил чинь амжихгүй байх үед цаг хэмнэхийн тулд гадагш гарч хоол идэлгүй хоол хүргүүлэх, эсвэл хэн нэгэнд захиж авчруулаад юу ч хамаагүй идчихдэг тохиолдол байдаг биз дээ? Тэр болгоны тоогоор чи суудлаасаа босолгүй хэдэн цаг сууж ажилласнаа анзаараад үз дээ. Өдөр бүр олон цагаар сууж ажиллаж байгаа хирнээ дасгал хөдөлгөөн хийхгүй байвал жилд хамгийн багадаа 5 кг жин нэмнэ гэсэн судалгааны дүн ч байдаг.

Тэгэхээр цайны цагаараа байнга босож, алхаж, агаар амьсгалж байх хэрэгтэй.

5. Заримдаа хооллохоо ч мартчихдаг
Өглөө ажилдаа гарахдаа багахан цай уучхаад өдөр хооллохоо мартчихдаг тал байна уу? Эсвэл зүгээр л өдөр хоол идэж амжихгүй байна уу? Орой гэртээ “турж үхэж, тугалын хашаа мөргөх гэж байгаа” амьтан очоод хамаа замбараагүй иднэ. Эсвэл эсрэгээрээ өглөө их юм идээд өдөр ч орой ч хоол идэлгүй унтаад өгдөг байж болох юм. Өдөрт идэж байгаа нийт хоолны чинь хэмжээ бага учраас таргалахгүй гэж бодож байж магадгүй. Гэхдээ энэ буруу хэв маяг нь өөрөө жин нэмэх шалтгаан болдог.

Өдөрт 3 хооллож байх хэрэгтэй гэсэн дундаж тоо зүгээр нэг гарч ирээгүй юм шүү.

6. Өнөөх л товчлуур дээрээ дарчихсан зогсдог
Танай гэр, ажлын өрөө чинь хэдэн давхарт байдаг вэ? Хэрвээ өндөрт байдаг бол чи мэдээж цахилгаан шатыг байнга хэрэглэдэг, тийм үү? Мэдээж энэ нь цаг хэмнэнэ. Гэхдээ чи өглөө гэрээсээ гарч цахилгаан шатанд суугаад, машиндаа сууж ажилдаа ирээд, ахин цахилгаан шатанд сууж өрөө лүүгээ орно гэх мэтээр зогсох суухаас өөр хөдөлгөөн бараг хийлгүй өдрийг өнгөрүүлж байгаа бол жин нэмж, целлюлиттэй болоод байгаатай чинь маргах юм алга. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд шаттай найзалж эхлээрэй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment