8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жавхлан: Өр зээл тавиад эдийн засгийн хүндрэлээс гарахгүй

2016-10-25 14:12:00

УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас 2017 оны төсөв болон мөнгөний бодлогын талаар дараах тодруулгыг авлаа.

-Төсвийн бодлого дээр өрийн асуудлыг хэрхэн тусгах өгөх ёстой бэ?

-Энэ удаа төсөв мөнгөний бодлогыг УИХ-д танилцуулахдаа 2017-2019 он хүртэлх дунд хугацааны тусөөллүүдээ хамтад нь танилцуулж байгаа. Энэ хүрээнд ирэх гурван жилд гадаад, дотоод засгийн газрын өрүүдийн үндсэн ба хүүгийн төлбөрүүд болон хувийн секторын томоохон төлөлтүүд явагдана. Энэ төлөлтүүд төсөв, Төвбанкны валютын нөөц дээр нэлээд ачааллуудыг үүсгэнэ гэсэн үг. Ийм учраас бид зөв төлөвлөлт хийх ёстой. Тухайлбал, ирэх оны төсвийн тухай хуулиндаа 2018 оны нэгдүгээр сард төлөгдөх Чингис бондын эхний үндсэн төлбөр 500 сая ам.долларыг хэрхэн төлөх асуудлыг бодолцож, бэлтгэх хэрэгтэй байна. Энэ мөнгөн дүнг ирэх оны төсөвт суулгах шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ мэтээр төсвийн тухайн хуулиндаа цаглабартай уялдуулсан өрийн менежментүүдийг  сайн тооцож, төлөвлөлтөө хийх ёстой юм.

-Төсвийн алдагдлыг 2019 онд таван хувьд хүргэж бууруулахаар тооцсон байна. Илүү богино хугацаанд  алдагдлыг бууруулах бодит боломж байгаа юу?  

-Төсөв дээр ирж болзошгүй эрсдлээ сайн тооцохгүй бол ирэх онд алдагдлыг 9.9 хувьд барьж чадахгүйд хүрнэ. Төсвийн алдагдлыг  2018 онд 8 хувь, 2019  онд 5 хувь руу оруулахаар тооцсон. Энэ нь харьцангуй зөв хандлага. Энэ жилийн төсвийн алдагдал 19 хувьд хүрэхээр байгаа. Энэ тоог ирэх жил огцом бууруулж, 7-8 хувь руу оруулах механик өөрчлөлт  хийхийг зориогүй. Хэрвээ ийм байдлаар тооцох юм бол 2018 онд буцаад савах эрсдлийг бий болгох талтай учраас шат дараатай зөөлөн буулгах нь тохироомжтой байна. ОУВС болон бусад санхүүгийн байгууллагууд манай энэ тооцооллыг нэлээд нааштай хүлээж авсан юм билээ.Сая ерөнхий сайд,Монголбанкны ерөнхийлөгч нар АНУ-д болсон ОУВС-гийн жилийн уулзалтад оролцох үеэрээ энэ тооцооллоо урьдчилсан байдлаар танилцуулаад ирсэн байгаа.

- Мөнгөний бодлогыг чангаруулаад 15 хувьд хүргэж байна. Үүнийг урт хугацаандаа аюултай бодлого гэж байгаа. Хэдий хугацаанд 15 хувьд барих бололцоотой вэ?

- Инфляци маш бага түвшинд ороод ирлээ. Бараг дифляци болох гэж байна. Тэгэхээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хүүг нь буулгах орон зай үүсч ирж байгаа боловч ханшинд дарамт байсаар байна. Төлбөрийн тэнцэл алдагдалтай төсөв ийм хүнд үед мөнгөний бодлогыг ойрын зургаан сардаа зөөлрүүлэх бодлого орж ирэхгүй болов уу. Мөнгөний бодлогыг чангаруулах нь Төв банкны эцсийн бодлого биш болов уу. Ямартай төсөвөө батална. Бусад өөр ямар бодлогууд орж ирэх нь вэ асуудал орж ирэх ёстой.

-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна урд хөршөөс хөгжлийн зээл авах асуудал яригдаж байна. Та эдийн засагч хүнийхээ хувьд энэ хоёр хувилбарын алийг нь илүүд үзэж байна?

- Энэ хоёр зээл аль нэгийгээ нөхөх юм уу, орлоно гэсэн хоёр өөр сонголт биш. Хоорондоо тодорхой хүрээнд уялдаа хамааралтай санхүүжилтүүд юм. Зээлийн агуулгын хувьд харьцангүй өөр. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах юм бол орж ирэх санхүүгийн эх үүсвэр нь 1-2 жилийн хугацаатай. Энэ нь бодлогын нөхцөлт зээл юм. Хятадаас авахаар яригдаж буй зээлийн тухайд засгийн газраас эрэлхийлж буй олон хувилбаруудын нэг гэж би харж байгаа. Хорин жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй зээл нь үндсэндээ бизнесийн агуулгатай, хөрөнгө оруулалтын чиглэлийн зээл юм. Тэгэхээр чиглэл, зориулалтын хувьд энэ хоёр зээл өөр байгаа юм. Цаг хугацааны хувьд ОУВС-тай эхлэж хэлэлцээрт орж, магадгүй эхлээд энэ хөтөлбөрт хамрагдаж магадгүй. Хэрвээ ийм нөхцөл үүсвэл  бид хоёр жилийн хугацаанд төсвөө сахилгажуулж, мөнгөний бодлогоо гурван жилээр төсөөллөө үүнтэйгээ уялдуулж чадна. Ийм нөхцөлд бид дараачийн урт хугацааны хөгжлийн зээлүүдээ авахад таатай нөхцөл байдал үүснэ гэж харж байна. Одоогийн байдлаар эдийн засгийн суурь орчноо сайжруулах нь чухал байна. Урт хугацаанд өгөөжөө өгөх, өрөө төлөх боломжтой секторуудад хөрөнгө оруулалтуудаа хийх асуудалд  бид тодорхой суурьтай болоод зээлээ авсан нь зөв  болов уу гэж бодож байна.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тохиолдолд төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсэх үү?

-Үгүй гэж бодож байна. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тохиолдолд төсөвт тодотгол хийх шаардлага үүсэхгүй болов уу. Энэ өдрүүдэд ОУВС-гийн техникийн баг манай улсад ажиллаж байна. Төсөв батлах хугацаа арай болоогүй байна. Бидэнд нэг сарын хугацаа байна. Өмнө нь АНУ-д болсон ОУВС-гийн жилийн уулзалтад оролцох үеэр ерөнхий байдлаар төсөөллүүдээ танилцуулсан. Харьцангуй нааштай хүлээж авсан талаар би өмнө нь ярьсан. Тэгэхээр жилийн төсвийн алдагдлыг 9.9 хувьд барих тооцооллыг хөндөхгүй болов уу. Алдагдлын хэмжээг Төв банкнаас хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь энэ тоондоо барих нь маш чухал. Орлогоо сайн бүрдүүлж, зарлага талдаа сахилгаа сайн барих хэрэгтэй.

-Засгийн газрыг хаанаас өр зээл авах асуудлаа шийдчихээд төсвөө оруулж ирэх ёстой байсан гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлсэн. Та үүнтэй санал нийлж байгаа юу?

-Төсвийн анхны төсөл цаашдаа хэлэлцэгдээд явна. Мэдээж тооцоогүй эрсдлүүд байгаа. Тухайлбал, энэ оны төсвийн алдагдлыг 19 хувьд барихын тулд төсвөөс нэмэлт санхүүжилтүүдийн асуудал яригдана. Хоёр их наядын хэмжээнд яригдаж байгаа энэ асуудлыг дотоодын бондоор зохицуулж дийлэхгүй. Тиймээс гадаад эх үүсвэр хайх шаардлагатай тулгарч байна. Үүн дээр засгийн газар бэлэн байна уу, үгүй юу. Хурдтай ажиллах боломж чадамж байна уу гээд  асуудлууд гарч ирнэ. Төсөв хэлэлцэх хугацаанд энэ асуудлууд яригдаад явах болов уу гэж харж байна.

- Бодлого тогтолцоонд мөнгөний бодлого ямар байдлаар туссан юм. Энэ талаар та байр, сууриа илэрхийлнэ үү.

- Энэ хямралаас зөвхөн мөнгөний бодлого, төсөв тойрсон асуудлуудаа шийдээд гарахгүй ээ. Өр зээл тавиад ч хүндрэлээс гарахгүй юм. Тэгэхээр бид тогтолцооны шинэчлэлийн чанартай бодлогуудыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлж байж эдийн засгийн хямралаас гарна. Ард түмэн нэг намд итгэл үзүүлээд олонх болгосон. Тэгэхээр энэ үед л шинэчлэлийг хийх шаардлагатай. Тэгэхээр төсвийн тогтолцоон дээр санхүүгийн зах зээл шинэчлэлийн чанартай ажлуудыг хийх ёстой. Бид 1990 оноос хойш санхүү, банк, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр хичээж ирсэн боловч өнөөдөр хөрөнгийн зах зээл харьцангуй сайн хөгжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хувийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид зөвхөн банкнаас санхүүжиж ирсэн ганц сонголттой болчихоод байна. Тийм болохоор хөрөнгийн зах зээлийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй болоод байгаа юм.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар донор орнуудаас 2.5 их наяд долларын зээл орж ирэх боломжтой гэж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд Хятадын зээлийг ч авч болно гэсэн үг үү?

-“Стэнд бай” хөтөлбөрт орвол Хятад манай улсад зээл өгнө гэсэн нөхцөл байхгүй. Хятадаас авах урт хугацааны хэлэлцээр бол хамтын ажиллагаатай орныхоо хүрээнд авч байгаа тусламж хөтөлбөр.  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тийм сайн хувилбар биш  Гэхдээ бид өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг харах юм бол, эхний ээлжинд зээл тусламж аваад дараагийнхаа  боломжийг эрж хайх нь илүү тохиромжтой.

-“Стэнд бай”-д орсон тохиолдолд Хятад улс манайд зээл өгөхгүй гэдэг асуудал яригдаж байна. Энэ үнэн үү?

-Үгүй байх. Саяхан ОУВС-гийн нөөцийн багцанд Хятадын юань орсон. Олон улсын валютын сангаас Хятадын эдийн засгийг хүлээн зөвшөөрч буй нэг илрэл энэ шүү дээ. Хятадын зүгээс урт хугацаатай хөнгөлөлттэй бизнесийн зээлийг манай улсад өгөхийн тулд ОУВС-аас Монголд өгөх үнэлэлт дүгнэлтэд тулгуурлаж шийдвэрээ гаргах байх. Түүнээс биш тэднийх өгөхгүй бол манайх өгөхгүй гэсэн зүйл байхгүй.

- Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монгол банкны ерөнхийлөгч Г.Баяртсайхан “Чанаргүй зээлийн өсөлтөд санаа зовж байна. Үүнээс шалтгаалан банкны нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна” гэж хэлсэн. Чанаргүй зээлийн хэмжээг эрсдэлтэй болсон тохиолдолд энэ оны сүүлээр банкнуудын нөхцөл байдал ямар хэмжээнд хүрэх бол?

- 1990 оноос хойш манай банкны секторууд гурван удаа хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Энэ хямралуудаас сургамж авч Төв банкны зүгээс мөчлөг сөрсөн бодлогуудыг хэрэгжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг тогтвортой өсөлттэй, хөрөнгө мөнгөтэй байх үед нь чанга бодлого барьж банкуудын хөрөнгийг нь нөөцлөх төлбөрийн чадварын үзүүлэлтүүдийг өндөрт барьдаг байсан. Уг бодлогыг хэрэгжүүлж ирсний үр дүнд банкууд чамлахааргүй үзүүлэлттэй байгаа юм. Эдийн засагт нөлөө бүхийн секторуудын уналтаас хамаарч зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж байгаа зүйлүүд байна. Түүнээс биш банкны өөрийнх нь үйл ажиллагаа нь доголдох нь харьцангуй бага байгаа.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Richardpeterson
Сайхан өдөр Та санхүүгийн дэмжлэг хайж байна уу? Хэрэв та яаралтай зээл хэрэгтэй байна уу Таны төлбөрөө эсвэл өрийг төлөх вэ? и-мэйлээр бидэнд өнөөдөр холбоо барина уу: richardpeterson706@gmail.com
2017/05/17 198.7.58.99