8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Амарбаясгалан: Тамхи татах нь судас бөглөрөх харвалтыг хоёр дахин, судас хагарах харвалтыг дөрөв дахин ихэсгэдэг

2016-10-29 10:18:00

Өнөөдөр Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Уг өвчнөөс хэрхэн сэргийлэх, ямар шинж тэмдэг илэрдэг, үүсгэгч хүчин зүйл болон шалтгааны талаар Ангаах ухааны доктор, Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн зөвлөх эмч Р.Амарбаясгалантай ярилцсанаа хүргэж байна.

-Өнөөдөр дэлхийн Тархины харвалт өвчинтэй тэмцэх өдөр тохиож байна. Манай улсын хүн амын дунд энэхүү өвчний өвчлөл нэмэгдсэн энэ хэрээр залуужиж байгаа эмч, мэргэжилтнүүд онцолж байна.  Тархины харвалт өвчний өвчлөл манай улсад хэр байна вэ?

-Өнөөдөр дэлхийн бүх улс орон Тархины харвалт өвчинтэй тэмцэх өдөр тохиож байна. Энэ жилийн хувьд “Тархины харвалт эмчлэгддэг, гагцхүү мэдлэг, арга, үйл ажиллагаа чухал” гэсэн  уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Яагаад ингэж уриалсан вэ гэхээр Тархины харвалт өвчин Зүрхний шигдээс, Халдвартай энэ зэрэгцэж дэлхийд төдийгүй манай улсад нэг, хоёрдугаарт бичигдэж байна. Дэлхий дээр энэ өвнөөр жилд 15 сая хvн тархины харвалтаар өвчилж байгаагаас 6.5 сая нь нас барж байна гэсэн судалгаа байдаг.  Манай улсын хувьд энэ өвчний талаар хийсэн нэгдсэн бүртгэл, судалгаа мэдээлэл алга. Ерөнхийдөө эмнэлгүүдээр хийсэн хэсэгчилсэн судалгаагаар хүн амын тоонд хувааж үзэхэд 100 мянган хvн амын дутамд 300 болон түүнээс их хvн цус харвадаг гэсэн дүн мэдээлэл бий. Үүнээс үзэхэд манай улс Тархины харвалтын өндөр өвчлөлтэй орны тоонд орж байгаа юм. Тархины харвалт өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж хүйсийн хувь эрэгтэй, эмэгтэй адил төвшинд ирлээ. Өмнө нь эрэгтэйчүүд арай илүү өвчилдөг байсан. Хуучин Судас хагарах харвалт их байсан бол одоо Судас бөглөрөх харвалт нэлээд нэмэгдэж нэг  нэгийн харьцаатай болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр иргэдийн нас барах өвчний гуравдугаарт харвалт эрэмбэлэгддэг. Өөрөөр хэлбэл, гуравхан сая хүн амтай манай улсын хувьд маш аюултай өвчин гэсэн үг.

-ИРГЭДИЙН НАС БАРАХ ӨВЧНИЙ ГУРАВДУГААРТ ХАРВАЛТ ЭРЭМБЭЛЛЭГДДЭГ-

-Тархины харвалт өвчин гэж юу вэ. Судас хагарах, бөглөрөх хоёрын ялгааг манай уншигчиддад дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Тархины харвалт гэдэг нь тархины судсаар гүйж байгаа цус тасалдаж байгаа хэлнэ. Судас хагарах юм уу, судас бөглөрөх гэсэн байдлаар цус тасалдаад тархины цусан хангамжийн хурц дутагдалд ордог. Үүнийг Тархины цус харвалт гэж нэрлэдэг. Судас хагарах юм бол тархинд их хэмжээний цус хуримтлагдана.  Тэр хуримтлагдсан хураагаар тархи дарагдаж хоромхон зуур тархины харвалт үүснэ. Жишээлбэл, 100 мл грамм цус хурамтлагдахад  хүний гар хөл бадаарах, саа үүсдэг. 140 мл грамм ба түүнээс дээш цус хураагдвал амьсгал хаагдаж харвах аюултай.  

-Тархины харвалт өндөр байгаагийн гол шалтгаан, үүсгэгч хүчин зүйл нь юу байна вэ?

-Хамгийн гол шалтгаан нь цусны даралт ихсэх өвчин нөлөөлж байна. Цусны даралт ихсэх өвчин хөгшин, залуу гэлтгүй нэлээд өвчилдөг болж. Дараагийн гол нөлөөлж буй шалтгаан нь манай улсын хүн амын дунд архидалт, тамхидалт ихэссэн явдал юм.  Хараад байхад залуу охид, хөвгүүд маш их тамхи татаж байна. Энэ нь арав, хорин жилийн дараа эргээд өөрийг нь харвалт, бөглөрөлд хүргэх аюултайг мэдэхгүй байна. Монголчууд малынхаа мах, өрөм гэх зэрэг өөх, тос ихтэй хоол хүнсийг байнга хэрэглэдэг. Мөн хиам, лаазалсан бүтээгдэхүүн буюу химийн гаралтай,  калори ихтэй хүнсний бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундааг байнга хэрэглаж байгаа нь буруу. Энэ нь судас бөглөрөх аюулд хүргэж цус бохирдох улмаар судасны хананд товруу үүсгэх, нарийсгадаг. Үүнээс гадна хөдөлгөөний дутагдал Тархины харвалт үүсгэх гол шалтгааны нэг. Эдгээр хүчин зүйлээс үүдэн Тархины харвалт үүсгэдэг чихрийн шижин, үе мөчний өвчин зэрэг суурь өвчлөл ихэссэн.  Гэр бүл болон нийгмийн хүчин зүйлээс үүдэн иргэд маш их стресстэх, түүнээс гарахаа мэдэхгүй байна. Нийгмийн амьдралын хэв маяг хүртэл нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйлээс гарчихвал Тархины харвалт өвнөөс өөрийгөө хамгаалах сэргийлэх боломжтой.

-Энэ өвчин залуужиж байна гэж эмч, мэргэжилтнүүд яриад байна. Насны хувьд хэдэн насныхан уг өвчнөөр өвчлөөд байна вэ?

-Тархины харвалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж энэ хэрээр маш залуужиж байна. Намайг оюутан байх үед настай хүмүүс буюу 60-иас дээш насныхан илүү харвадаг байсан.  Гэтэл сүүлийн жилүүдэд арван хэдэн настай хүүхэд харвалт өгчихсөн ирж байна. 20, 30 настай залуучууд энэ өвчнөөр өвчлөх нь ихэсч.  40 настай хүмүүс харвах нь энгийн үзэгдэл мэт болсон байна. 30 настай хүмүүс тархины судасны бөглөрлөөр өвчлөх нь ихэссэн. Энэ өвчин өмнө нь настай хүмүүс голдуу өвчилдөг байсан. Гэтэл өнөөдөр залуус өвчилж байгаа нь хүний бие хэврэгшиж, эрүүл аж төрөх дэглэм алдагдаж, хэрэглэж буй хоол хүнсээ буруу сонгож байгаагийн илрэл. Мөн Тархины харвалттад нөлөөлөх суурь өвчин их байгааг харуулж байна.

-Гэрийн нөхцөлд даралт бууруулах эм уудаг хүмүүс байдаг. Ингэж уух нь зөв үү?

-Эмчийн зөвлөснөөр даралт бууруулах эм ууж байгаа тохиолдолд эмчилгээ болно. Манайхан нэг дутагдалтай талтай. Даралт багассан үед эм уухаа болиод дахиад ихсэхээр хоёр, гурваар нь давхарлаад уудаг. Энэ нь хамгийн буруу. Даралт хэлбэлзүүлдэг эрсдэлтэй. Мөн даралт бууруулах амьдралын зөв хэвшилтэй байх нь чухал. Тухайлбал, заавал эмэн эмчилгээ хийлгүй хөдөлгөөнөөр даралтаа зохицуулж болдог. Давс багатай хоол идэж хүнсэндээ тохируулах хэрэгтэй.

-Тархины судсаа эрүүл байлгахын тулд юуг анхаарч, хэрхэн сэргийлэх вэ?

- Та амьдралын хэв маягаа эрүүл болгох, давс, өөх тос, чихэр бага хэрэглэх, жингээ барих, хөдөлгөөнийг эрхэмлэх гээд энгийн зарчмуудыг баримтал. Түүнээс гадна монголчуудын дунд түгээмэл нэг асуудал бий. Энэ нь эрүүл мэндийн боловсрол дулимагаас стрептококкийн халдвар авч, олон хүн архаг ангина, шүдний өвчтэй болсон байдаг. Эдгээр нь тархины судасны ханыг гэмтээдэг. Иймээс хүүхдээ багаас нь шүд, хоолойг нь эрүүл өсгөхөд эцэг эхчүүд анхаар. Шүд, хоолойн эмгэгтэй болсон бол өдөр бүр амны хөндий, өглөө оройд хоолойгоо давс, содтой усаар зайлж занших нь хэрэгтэй. Эрүүл биш судас амархан нарийсах, цоорох зэргээр харвалт өгдгийг анхаар нь чухал. Тамхи бол тархи, зүрхний судсыг хамгийн ихээр гэмтээдэг. Тамхи татах нь судас бөглөрөх харвалтыг хоёр дахин, судас хагарах харвалтыг дөрөв дахин ихэсгэдэг байна. Мөн судасны ханын эвдрэлийг үүсгэн, судасны цүлхэн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Архины хэрэглээг өдөрт 30 мл, шар айргийг 720 мл, вискийг 60 мл-ээс хэтрүүлэхгүй байх ёстой. Үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл цус харвах магадлалыг эрс өндөрсгөдөг. Харвалт өгсөн үед архи уух нь сайн гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг нь буруу. Даралт ихтэй судас хагарсан тохиолдолд архи уух нь амархан хүндэрч, үхэлд хүргэнэ. Цусан дахь сахарын хэмжээгээ байнга үзүүлж мэддэг байх хэрэгтэй. Зөв хооллох, жингээ барих, хөдөлгөөн ихтэй байх нь сахарыг багасгана. 

-Харвалтын анхны шинжийг тэмдэг хэрхэн илэрдэг вэ. Харвалт өгсөн эсэхийг хэрхэн таних вэ?

-Харвалтын анхны шинж тэмдгийг хүмүүс сайн мэддэг байх шаардлагатай. Нүүрний өрөөсөн тал унжих, ам мурийх, хэл орооцолдож эхлэх нь харвалтын анхны шинж. Үүнийг  харах, алхах, авах, хэл яриа буюу ХААХ гэдэг үгээр бид тайлбарладаг юм. Жишээлбэл,  харахад нүд бүрэлзэж юм таллаж, алхахад тэнцвэр алдагдах, авахад юм барьж чадахгүй байх, хэл яриа орооцолдож үг хэлж чадахгүй болох нь харвалтын анхны шинж тэмдэг илэрдэг. Харвалтыг таних нь маш чухал. Учир нь иргэд харвалтын анхны шинж болох дээрх шинж тэмдгүүд илрэхэд ядаргаанаас болж ингэж байна гээд нэг хоног хэвтүүлээд, эсвэл амраагаад маргааш нь ажилдаа явдаг. ДЭМБ-аас гаргасан ХА шинж байдаг.  Хараа гэнэт муудах, хацар гэнэт мурийх, хэл гэнэт дультрах, хөл, гар суларсан тохиолдолд маг яаралтай 103 дуудах ёстой гэж заасан. Дээрх таван ХА шинж илэрсэн тохиолдолд өөр зүйлд эргэлзэлгүй харвалт гэж ойлгон эмнэлгийн түргэн тусламж авах хэрэгтэй.

-Цус харвасан үед ямар арга хэмжээ авах вэ?

арвасан тохиолдолд эмчилгээг гэртээ хийнэ гэсэн ойлголт байхгүй. Өөрт хамгийн ойр байгаа эмнэлэгт заавал очих шаардлагатай. Үүнийг иргэд маш сайн ойлгож, ухамсарлах ёстой. Энэ нь таны амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал болохоор дур мэдэж эмчлэх боломжгүй. Хэрвээ гэр бүлийнх нь хүмүүсээс байвал яаралтай 103 дугаарт залган дуудлага өгч, харвалт өгсөн цаг, эрүүл мэндийн урьдын түүхийг үнэн зөв мэдүүлж, эмнэлгийн бичиг баримтыг эмчид өгнө. Харин түргэн тусламжийн эмч цусны даралт, цусан дахь даралтыг тодорхойлон, шаардлагатай анхан шатны тусламж үзүүлж, зохих эмнэлэгт шуурхай хүргэж үйлчилгээ үзүүлнэ. Судас бөглөрсөн тохиолдолд маш яаралтай бүлэн хайлуулах эмчилгээ хийх шаардлагатай. Харин цусан хурааг мэс заслын аргаар авна.

-Харвалт ямар тохиолдолд эмчлэгдэж, ямар тохиолдолд эмчлэгдэхгүй байна вэ?

-Ямар цусанд харвалт өгсөн байна вэ гэдэг нь маш чухал. Тархины алт хэсэгт байна вэ, харвалтыг аль хурдан танисан вэ, хэр хурдан  хугацааны дотор эмнэлэгт хүргэж арга хэмжээ авсан эсэхээс шалтгаалж тухайн хүний амь, нас эрүүл мэндийн нөхцөл байдал тавилан цаашид ямар байхыг тодорхойлно. Хүний амин газар цус харвасан тохиолдолд шууд нас бардаг. Харвалтыг хурдан таниж, эмчилгээ үйлчилгээ авсан тохиолдолд тухайн хүний амь нас, эрүүл мэндийг аврах боломжтой. Гэхдээ тухайн хүний биеэ авч яваа байдал, амьдралын зөв дадал зуршил, уур бухимдал, нийгмийн байдал чухал нөлөөтэй. 

-Энэ өвчнөөр жилд манай улсад хэчнээн хүн өвчилж, хэд нь нас барж байна вэ?

-Мянганы сорилын сангийн тусламжаар Нэгдүгээр эмнэлэг, Гуравдугаар эмнэлэг болон дүүргийн нэг эмнэлэг дээр судалгаа явагдсан. Тэр хэсэгчилсэн судалгаагаар 100 мянган хүн амд 300 орчим шинэ харвалт оногдож байна гэсэн тоо гарсан. Үүнээс үзэхэд Тархины харвалтаар жилд 70-80 нас барж байна.   

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл