
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” эмгэнэлт түүхэн жүжиг өчигдөр орой УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо.Жүжгийг шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ-ын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн юм.СГЗ Ш.Гүрбазар зохиолыг нь бичсэн энэхүү жүжгийн найруулагчаар СТА Ч.Түвшин, тайзны ерөнхий зураачаар Г.Алтан-Од, хөгжмийн зохиолчоор УГЗ Б.Бямбабаяр ажиллажээ. Харин их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг залуу жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Д.Пагмадуламын дүрийг жүжигчин Н.Баярмаа бүтээснээс гадна театрын залуу уран бүтээлчид оролцон тогложээ.



