8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаж, МҮОНТ-ийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан өдөр

2016-11-09 18:55:00

 

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ. Өнөөдөр болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Н.Алтанхуяг: Би Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшинэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дөнгөж сая цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөх үедээ ард түмэндээ сэрэмжлүүлж байсны дагуу улс төрийн үйл явдлууд өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгож, захиалгын УИХ-ыг бүрдүүлж, хуйвалдааныхаа төрийг бүрдүүлэх ажлыг улам эрчмжүүллээ. Үүний тод жишээ бол сонгогчдын 40 орчим хувийн саналыг алдсан АН УИХ-ын суудалд 10 хүрэхгүй хувийг эзэлж байхад, 40 гаруй хувийн дэмжлэгийг авсан МАН УИХ-ын суудлын 85 хувийг эзэлж байгаа явдал. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл ард түмэнд амалснаасаа буцаж, өдгөө төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрсдийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж мөнхөд засаглахаар санаархаж байна. Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж дайрч давшиж, үнэнийг эрх мэдэл мөнгөөр хаана гэж бардамнаж байна. Иймд би Богд хаантны хэлснийг дахин сануулья. Аливаад цаггүй нь үгүй тусгаарлах цаг нь иржээ гэж 1911 онд Монголын цогт их язгууртан, үндэс язгуураа өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэж, эрх чөлөө тусгаар тогтнолоо авч байсан тэр цаг өнөөдөр эргэн ирж байгааг би анхааруулж байна.Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлаж, чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. Үргэлжлэлийн энд дарж уншина уу. 

Эрүүл мэндийн даатгалаа ондоо багтааж төлөхгүй бол торгууль оногдуулна

Монгол улсын нийт хүн амын 98 хувь нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг гэх статистик тоо бий. Иргэд жил бүр 8040 төгрөг даатгалд төлж долоон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байсан бол шинээр мөрдөгдөж буй хуулийн дагуу даатгалд төлөх мөнгө 1-2 хувиар буюу 28-46 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалаар 14 төрлийн үзлэг оношилгоо хийлгэх боломжтой болсноос гадна даатгалын мөнгөө тухайн жилдээ төлөөгүй бол торгууль оногдуулахаар болжээ. Эрүүл мэндийн салбарын нийт орлогын 24 хувийг иргэний эрүүл мэндийн даатгал бүрдүүлдэг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд өнгөрсөн онд 231 сая төгрөг төвлөрүүлснээс 174 сая төгрөгийг давхардсан тоогоор 4.4 сая иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан байна.

Сурагчид хичээл хаялт зарлана

Ерөнхиий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдөр дуусаж, маргааш  хичээл эхэлнэ.Маргааш хэдийгээр хичээл эхлэх өдөр ч гэсэн нэгэн сургуулийн сурагчид хичээлдээ суухгүй байхаар шийдсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн сурагчид суухгүйгээр шийджээ.  Өөрөөр хэлбэл тус сургуулийн сурагчид хичээл хаялт зарлахаар болсон байна. Учир нь тус сургуулийн гуравдугаар  давхрыг кембреджийн сургалттай сургууль аваад удаж байгаа аж.Үүнээс үүдэж үндсэн сургуулийн хүүхдүүд нь анги танхимын хүрэлцээгүйгээс гурван ээлжээр хичээллэж байгаа учраас үүнийг эсэргүүцэж хичээл хаялт зарлах гэж байгаа аж. 

Хятад "царцаж" эхэлвэл Монгол "хөлдөнө"

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны хоорондын харилцаа тааламжтай байж, өнгөрсөн жил МУ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад улсад хийсэн айлчлалын үеэр улс төр, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар түншилж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

2015 оны Худалдаа эдийн засгийн судалгаагаар Хятад улс Монголын нийт экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний 89 хувийг бүрдүүлдэг хэмээн гаргажээ. Хэрэв Хятад улсын эдийн засаг муу үзүүлэлттэй байвал монгол улс дагаад буурах хэмжээний гэсэн үг. Үүний үр дагаварын үндсэн дээр өөрсдийн газар доорхи баялагаа дутуу үнэлэж, буруу тооцоо гаргасанаас засгийн газарт тогтворгүй байдал үүсэж, төрийн ажилчдын цалин багасгах, эдийн засгийн хямралын суурь тавигдсан гэж үзэж болно. 

 

Монголын метал, уул уурхайн салбарын судалгааны судлаач Дале Чой “Хятад улс царцаж эхэлвэл, Монгол хөлдөнө” гэсэн үг хэмээн тайлбарлалаа. Монгол улсын эдийн засаг, улс төр, бизнесийн байгууллага Хятадын нөлөөнд автаж эхэлвэл хөлдөх нь зайлшгүй юм.

Монгол улс ардчилсан системд нэгдэн орсоны 25 жилийн ойн баярыг өнгөрсөн жил тэмдэглэсэн. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдалаас үүдэн Монголыг Хятадын дагавар улс болж магадгүй хэмээн шинжээчид ажиглаж байна. Ингэвэл Хятад улс хамгийн түрүүнд Монгол улсын аюулгүй байдалд нэвтэрч, улс төр, цэрэг армийн хүчийг ганхуулж, өөрсдийн талд ашигтай байдлаар эргүүлэх биз ээ. 

 

Кембриджийн их сургуулийн судлаач Френк Билле “Хэрэв Монголчууд хятадын бодлогыг “эвтэйхэн” эсэргүүцэж чадахгүй бол Ази тивд өөрсдийн байр суурийг “цэвэрхэн” авч үлдэх боломжгүй болоод байна”гэжээ.

Үндэсрхэг үзэлтэй монголчуудын хувьд хятад улстай хэт ойр байх нь тааламжгүй байгаа бөгөөд тэд өөрсдийн чаддаг, хийдэг зүйлээрээ тэмцэж эсэргүүцэж байна. Тухайлбал Монгол үндэсрхэг үзэлтэй Даяар Монгол, Цагаан хас зэрэг шинэ нацист бүлэглэлүүд хэт даварсан хятадыг өөрийн эх орноос гаргах, арга замыг хайж байна. Тэд монгол цусыг цэвэр ариун байлгаж, үндэсний аюудлгүй байдалд нөлөөлж буй явдлыг таслан зогсоож, энэ байдлыг эсэргүүцэхээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг. 

Мөн олон улсын шинжээчдийн харж буйгаар хоёр улс жил бүр Хятадад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлж байна. Гэхдээ Монгол улс Хятадын хар хайрцагны бодлогыг сайн мэдэхгүй байгаа нь харамсалтай байна хэмээн үзэж байна.   

Ч.Чулуунбат: Шатахууны 29 хоногийн нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбатаас шатахууны нөөцийн талаар цөөн асуултад хариулт авлаа.   

-Өнөөдрийн байдлаар шатахуун, дизель түлшний 29 хоногийн нөөцтэй байна гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?  

-Энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 бензин 48 хоног, Аи-92 автобензин 42 хоног, дизель түлш 23, ТС-1 буюу онгоцны түлш хоёр хоногийн нөөцтэй байна.  Замд яваа юу буюу импортоор орж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг нэмж тооцвол улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн нөөцтэй болж нэмэгдэнэ.Тодруулбал, А-80 бензин 48 хоног, Аи-92 автобензин 46 хоног, дизель түлш 27, ТС-1 зургаан хоногийн нөөцтэй болж өснө. 

-Шатахууны нөөцийг хэрхэн шинэчилж, нийлүүлдэг вэ?

Одоо байгаа нөөц бага хэдий ч хэвийн үзэгдэл. Түүнээс биш нөөц багассан, ямар нэгэн хомсдол үүсэх хэмжээний ноцтой зүйл биш. Дизель түлш манай хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг. Улирлын чанартай технологийн горимд шилжсэнтэй холбоотой үүссэн нөхцөл байдал.

-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар импортлогч компаниуд Монгол Улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний автобензин, дизель түлш бүрдүүлсэн байх үүрэг хүлээдэг.Өнгөрсөн 2015 оны аравдугаар сарын 19-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүний компаний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай 412 тоот тогтоол батлагдсан. Үүний дагуу 2016 оны газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үүрэг бүхий 16 аж ахуйн нэгж нь нэр төрөл, тоо хэмжээ, байршлын тодорхой тусгаад нийтдээ 84720 тонн газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх үүрэгтэй.  Жишээлбэл А-80 бензин 7530, 92 -28200, дизель түлш 48990 тонн байх жишээтэй. Одоо 29 хоногийн нөөцтэй байгаа тохиолдолд  дизель түлш 48990 тоннд хүрэхгүй байгаа. Учир нь улирлын шинж чанартай. Жил бүрийн аравдугаар сард дизель түлш зуны түлшнээс өвлийн түлш рүү шилждэг үе байдаг. Үүнтэй холбогдуулан манай улсад газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Ангаскийн нефт боловсруулах үйлдвэр технологийн шилжилт, гормын тохируулга хийж аравдугаар сарын 20-доос хойш өвлийн дизель түлш үйлдвэрлэх горимд шилждэг. Уг шилжилттэй холбоотойгоор өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр манай захиалга  ачигдаж эхэлсэн. Өмнө нь хадгалагдаж байсан зуны түлшээ өвлийн түлшээр солих үйл ажиллагааг нийлүүлэгч байгууллагууд хийж байна. Үүнтэй холбоотойгоор шатахуун, дизель түлшний нөөц багассан.

-Өмнөх жилүүдэд шатахуун, дизель түлш 40-45 хоногийн нөөцтэй байдаг байсан. Гэтэл энэ жил 29  хоногийн нөөцтэй болсон нь нэлээд багассан юм шиг санагдаж байна. Энэ нь хэвийн үү?

-Өмнө нь 40-45 хоногийн нөөцтэй байсан. Одоо байгаа нөөц бага хэдий ч хэвийн үзэгдэл. Түүнээс биш нөөц багассан, ямар нэгэн хомсдол үүсэх хэмжээний ноцтой зүйл биш.Дизель түлш манай хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг. Улирлын чанартай технологийн горимд шилжсэнтэй холбоотой үүссэн нөхцөл байдал. Жил болгон газрын тосны бүтээгдэхүүний компаний нөөцийг шинэчилж тогтоодог. Энэ нь өнгөрсөн 12 сарын хугацаанд Монгол Улсын хэмжээнд хэрэглэсэн дизель түлш, автобензиний хэрэглээний тоо хэмжээнээс хамаарч шинэчлэл тогтоодог. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

 Доналд Трамп ялж, дэмжигчид баяраа тэмдэглэж байна

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулахад шаардлагатай 276 мандатыг авч, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо хэмээн Ассошиайтед Пресс агентлагаас зарлалаа.

Трамп Флорида, Охайо, Мичиган гэсэн гурван мужид ялалт байгуулсан нь Цагаан ордны эзэн болоход томоохон нөлөө үзүүлсэн байна. Учир нь АНУ-ын 50 мужийн 17-18 нь Ардчилсан намд, бас 17-18 нь Бүгд Найрамдах намд саналаа өгдөг уламжлал тогтсон байдаг. Харин үлдсэн 12-13 муж савладаг бөгөөд тэд хэнд санал өгөхөөс сонгуулийн дүн шалтгаалдаг. Савладаг муж дотроо Флорида хамгийн нөлөөтэй.

Тэрээр өөрийн мэдэгдэлдээ “АНУ дахин хүчирхэг гүрэн болно. АНУ дахин итгэлтэй түнш, холбоотон, найз байж чадна. АНУ-ын ашиг сонирхолд, холбоотнуудын ашиг сонирхолд суурилсан тууштай гадаад бодлоготой болно” гэв.

  • Исламын радикал үзэлтнүүдийн тархалтыг зогсоох урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Энэ нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилтын нэг байна.
  • Бид цэрэг, эдийн засагтаа шинэчлэл хийх ёстой. Орос, Хятадууд цэргийн хүчээ нэмэгдүүлж байхад бид хойшоо ухарч байна. АНУ-ын цэргийн салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.
  • Эцэст нь хэлэхэд АНУ-ын үндэсний ашиг сонирхол дээр суурилсан гадаад бодлого явуулна

МҮОНТ-ийн үйл ажиллагаанд шалгалт оруулна

Төрийн  байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар 2017 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  Уг төслөөр ирэх онд  104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэх юм байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр суурила илэрхийлсэн юм. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтийг  Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
 
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” асуудлыг байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. МҮОНРТ-д хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар тус байгууллагын  ажиллагсад, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт ирүүлжээ. Энэ  дагуу  МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан байна.  ЗГХЭГ-ын дарга  Ж.Мөнхбатаар ахлуулсан уг ажлын хэсгийг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй  байгууллаа.

Тоймоо хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл