Цэргийн ангийн удирдлагууд хууль зөрчиж цэргүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа тухай бас нэгэн мэдээлэл бидэнд ирлээ. Өнгөрсөн удаад манай сайт хурандаа н.Ганболд захирагчтай Хилийн цэргийн 0151-р ангид алба хаадаг 19-20 насны дөрвөн цэрэг Төв аймаг дахь амралтын газарт дарга нарынхаа тушаалаар албадан хөдөлмөр эрхэлж явахдаа хүчингийн хэрэгт нэр холбогдсон талаарх ноцтой мэдээллийг хүргэж байсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.
Тэгвэл энэ удаад Өмнөговь аймгийн 07 дугаар отряд буюу Овоотын цэргийн ангийн захирагч нар хугацаат цэргийн албан хаагчдаар албадан хөдөлмөр эрхлүүлсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, дээрх цэргийн ангийн захирагч, дарга нар цэргүүдээ Хятадын хөрөнгө оруулалттай “Говийн их баян” ХХК-ны тоосгоны үйлдвэрт ажиллуулж хөлсөнд нь тоосго авсан байна. Ажлын хөлсөнд авсан тоосгоороо цэргийн ангидаа обьект барьсан аж. Харин энэ обьектоо өөрсдийн нөөц хөрөнгөөр барьсан хэмээн Хил, хамгаалах ерөнхий газарт мэдэгдэн төсвөөс мөнгөө гаргуулж авсан байна. Нэг ч төгрөг гарлагадаагүй мөртлөө удирдах байгууллагадаа худал мэдүүлж обьект барихад ашигласан тоосгоны мөнгийг улсаас гаргуулж авсан гэсэн үг. Цэргийн ангийн дарга нарын төсвийн мөнгийг шамшигдуулдаг бас нэгэн арга нь энэ бололтой. Хууль, шударга ёсыг хамгийн өндөр түвшинд мөрдөж түүгээрээ бусдадаа үлгэрлэх ёстой байгууллагууд бол батлан хамгаалах, хил хамгаалах салбарынхан. Гэтэл эх орны тусгаар тогтнол, эв нэгдэл, шударга ёсыг хангах ёстой дээрх байгууллагуудын удирдлагууд хууль зөрчин төсвийн мөнгийг хувьдаа шамшигдуулж буй энэ мэт үйлдлийг зүгээр хараад суух гэж үү салбарын сайд нараа.
Цэргүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлэх нь олон сөрөг үр дагавартай. Албан ёсны зөвшөөрөл гэрээний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулдаггүй учраас албадан хөдөлмөр эрхэлж буй цэргүүд бэртэж гэмтэн, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол олон гардаг. Зарим нь хууль бус үйл ажиллагааны золиос ч болох тохиолдол ч бий.Хамгийн ноцтой нь цэргүүдээр ажил хийлгэснээс үүдсэн сөрөг үр дагавар бүрийг ангийн захирагч болон дарга нар нь хав дараад өнгөрдөг гэдэг. Үүнээс үүдэн олон нийт энэ талаарх мэдээллийг тэр бүр мэдэж чаддаггүй. Харин цэргийн ангийн удирдлагууд цэргүүдээр албадан хөдөлмөр хийлгүүлэх тэднээр мөнгө олох ажлаа огт зогсоохгүй байгаа нь дээрх хоёр жишээнээс харагдаж байна.
Угтаа бол Монгол улс Үндсэн хуулиндаа “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй” гэж заасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүгийн хуулиудад албадан хөдөлмөрийг хориглож, зөрчсөн этгээдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг тусгаснаас гадна 1930 оны Албадан хөдөлмөрийг хориглох тухай 105 дугаар конвенцид мөн 2005 онд нэгдэн орж, соёрхон баталсан байдаг. Гэтэл эдгээр хуулийн заалт цэргийн ангиудад л хэрэгждэггүй аж. Цэргийн ангийн дарга нар цэргүүдийг зуны цагаар барилга дээр намрын улиралд тариа ногоо хураалтад харин өвөлд нь нүүрс түлээ бэлтгэх гэх мэт ажлуудад байнга дайчилдаг гэдэг. Зарим нь хувийн байшингаа бариулах, жорлонгоо ухуулах найз нарынхаа компанид хар ажил хийлгэх гэх мэтээр зардаг ч гэх мэдээлэл бий. Бүр барилгын компанид цалингүй ажиллуулж өөрсдөө ажлын хөлсийг нь халааслаад сууж байдаг гэх яриа байдаг. Зүй нь бол цэргүүд цэргийн эрдэмд суралцах ёстой. Гэтэл цэрэг бэлтгэж ирсэн туршлага түүхийг энэ цагийн дарга нар л өөрчилж буй бололтой юм.
Цэргүүдээ цэргийн эрдэмд сургах бус албадан хөдөлмөр эрхлэх лагерт ажиллуулахаар авчирсан юм шиг аашилдаг цэргийн ангийн дарга нарын энэхүү үйлдийг салбарын сайд нь зогсоож батлан хамгаалах, хил хамгаалах албаны ирээдүйн боловсон хүчинг ном журмынх нь дагуу бэлтгэхийг олон нийт хүсч байна. Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн та өөрийн хариуцсан салбарт гарч буй энэ мэт завхарлыг хэзээ засч, хууль дүрмийн дагуу ажиллуулдаг болгох вэ?
Үргэлжлэл бий
Т.Хулан