8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкнаас ирсэн чиглэлийн дагуу арилжааны банкууд ам.долларын арилжааг зогсоожээ

2016-11-11 11:17:00

-МОНГОЛБАНК НЭГ АМ.ДОЛЛАРЫГ 2550--ИАС ДООГУУР ХАНШААР ЗАРЛАВАЛ БИД "ШАТНА".-

Ам.доллар манай улсын түүхэнд байгаагүйгээр буюу нэг өдрийн дотор 120 төгрөгөөр нэмэгдсэн юм. Тодруулбал нэг ам.доллар 2596 төгрөгт хүрсэн юм. Мөн өчигдөр “Төрийн банк”, “Голомт” зэрэг зарим арилжааны банкууд ам.доллар зарахаа зогсоосон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. 

Уг мэдэгдлийн дагаад бусад валют арилжааны төвүүд ам.долларын ханшаа өсгөсөн байна. Тухайлбал, өчигдөр оройны 20:30 минутын үед “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг ам.доллар 2560-2570 төгрөгт хүртлээ өссөн талаар тэндэхийн наймаачид ярьж байлаа.

Тэгвэл өнөөдөр өглөөний 08:15 минутын үед нэг ам.доллар 2550-2560 хүрч байсан юм. Ам.долларын ханшийн өсөлтийн талаар "Найман шарга" валют арилжааны наймаачдаас тодруулахад “Өнөөдөр арилжааны банкууд ханшаа унагах болов уу гэсэн бодолтой байна. 09:00 цагт банкууд ажиллана. Монголбанк өнөөдөр нэг ам.долларыг хэдэн төгрөг гэж зарлахыг харж сууна. Хэрэв Монголбанк нэг ам.долларыг 2550-иас доогуур ханшаар зарлавал бид “шатна”. Тиймээс банкууд ажилласны дараа юу болохыг  хэлж мэдэхгүй” гэв.

Харин арилжааны банкуудаас ам.доллар  зарж байгаа эсэхийг тодрууллаа.  

Голомт банк: Онлайн зөвлөх “Валютын нийлүүлэлтийн хомсдолтой холбоотойгоор гүйлгээг түр зогсоосон байгаа” гэв. 

ХААН банк: Мэдээллийн ажилтан “Ханшийн хэлбэлзэл үүссэн учраас гүйлгээг зогсоосон” гэв

Төрийн банк: Мэдээллийн ажилтан “Монголбанкнаас ирсэн чиглэлийн дагуу ам.доллар зарах гүйлгээг бүх салбар нэгжээр түр зогсоосон" гэлээ

Хас банк: Мэдээллийн ажилтан "Ам.долларыг бэлнээр зарахгүй байгаа. Энэ нь ханшийн хэлбэлзэлтэй холбоотой" гэсэн юм. Ийнхүү бусад арилжааны банкууд мөн адил хариу хэлсэн юм. 

Ийнхүү өдрөөр өсдөг байсан ам.доллар өчигдрөөс хойш цаг, минутаар өсч эхлэв. Цаашид “Ноён ногоон” номхрох уу ЭРХЭМ ГИШҮҮДЭЭ.

Д.Нэргүй    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл