Уншигч таныг шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ амьдралын зорилго, шинэ тэмүүллээр дүүрэн энэхүү өдрийг эхлүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тас хийсэн өвлийг час хийтэл мэдрүүлсэн нэгэн өдөр өнгөрлөө. Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэн байх учраас уншигч та дулаан хувцаслаарай. Хэрэв ханиад хүрч, ажлын эрч хүч чинь сулраад байвал нимбэг буюу лимоныг шүүсийг буцалсан халуун усанд шахаж түүнийгээ бага зэрэг зөгийн балаар амтлан уувал гайхалтай сайн эм болно шүү. Мөн нийслэл хотын зам талбай халтиргаатай байгаа тул аюулгүй байдалаа хангаж, явахыг ч мөн сануулж байна. Цас их орж хүйтэрсэний улмаас зам талбайд хальтарч унаж гэмтэх хүмүүсийн тоо сүүлийн өдрүүдэд ихэсч байгаа талаар мэдээлэл гарсан тул анхаарал болгоомжтой байхыг мөн сануулж байна. Нийслэл Улаанбаатарт өнөөдөр үйл явдал өрнүүн өнгөрлөө. Тойм мэдээллийн "Монголын нэг өдөр" булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг товчхон хүргэе.
Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн амралтын өдөр өргөтгөсөн хуралдаанаа хийж дүрмээ шинэчлэхээс гадна Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч зэрэг үүрэгт албан тушаалтнуудаа сонгоно гэж төлөвлөж байсан. Гэвч дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах шаардлагатай болсон тул Ажлын хэсэг байгуулан дахин нягтлуулахаар хурлыг түр завсарлуулсан юм. Хурлын түр завсарлага хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа. Уг хурлыг тойрсон нэг дуулиан нь чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагч “Зулын гол” болно гэсэн мэдэгдэл байв. Тодруулбал, уг өргөтгөсөн хуралдаанд "Рио 2016" олимпийн наадамд оролцсон Монгол улсын гавъяат тамирчин Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа болон тамирчин Г.Мандахнаран нарын тэргүүтэй хүмүүсийг оролцуулахгүй гэх шийдвэрийг чөлөөт бөхийн холбооноос гаргасан нь нэг нь шатна, нөгөөх нь “Шатаж үхэх чинь надад хамаагүй” гэж хэлэхэд хүргэсэн гэх. Харин дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын зүгээс "Бид Г.Мандахнаранд ирэх хүрэл медалийн барилдааныг булхайтай шүүсэн гэж тэмцсэнийхээ төлөө уралдаанд оролцох эрхээ хасуулсан болохоос биш дотоодын хурал цуглаанд оролцож сонгож, сонгогдох эрхээ хасуулаагүй” гэсэн тайлбарыг хийж буй.
Ингээд энэ бүх дуулианы талаар УИХ-ын гишүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч А.Сүхбатаас тодрууллаа. Дашрамд дурдахад, тэрбээр тус холбооны дэд ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдээд байгаа билээ.
Г.Мандахнаран миний бэлэглэсэн азарга адууг мөнгөн аяганаас долоон дор үзсэн
- Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хуралдаан зарлагдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй тарлаа. Уг хуралдаан эхлэхийн өмнө л үймээн, самуун дэгдсэн. Ер нь чөлөөт бөхийн холбоонд ямар асуудал үүсээд байгаа юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
- Чөлөөт бөхийн холбооны хуралдааныг хуралдуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлөөс гаргасан. Уг хурлыг хуралдуул гэх үүрэг даалгаврыг Монголын чөлөөт бөхийн холбооноос “Хасу мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш болон миний биед даалгасан. Ингээд хурал хийх гээд очиход олимпийн үеэр гаргасан алдаа завхрал яг тэр хэвээр байсан. Өнгөрсөн олимпоор бид хүрэл медалиа алдсан. Хоёр багш дасгалжуулагч ёс зүйн алдаа гаргаж олон улсын тавцанд Монгол улсын нэр хүндийг унагасан. Гэтэл энэ байдалдаа дүгнэлт хийсэн зүйл огт алга. Өөрсдийнхөө зөв мэтээр л яриад байдаг. Энэ бол Монголын чөлөөт бөхийн холбооны асуудал мэт болов чиг эцсийн дүндээ манай залуусын байж байгаа царай л энэ байна. Бид нарыг хурал хийхээр очиход нохой хуцаж байгаа дайны хүлээж авсан. Бидний үгийг сонсохгүй байна шүү дээ. Хорин жилийн өмнө намайг багшаа гээд дуудаж явсан хүүхэд өнөөдөр нохой, гахайгаар нь л дуудаж байна. “Хорин жилийн өмнө чи бид хоёр багш, шавь байсан. Одоо тэр хамаагүй. Багш, шавь гэдэг асуудал тухайн он жилдээ үлдсэн” гэж хэлээд ингэ, тэг гэж доромжилсон. Ахмад бөхчүүддээ хандах хандлагыг нь харахад ёс зүй, ухамсар, харьцааны соёл байхгүй л гээд ойлгож болохоор байна. Монголын залуус иймэрхүү болж байгаа юм байна гэдэг дүр зураг л надад харагдаад байгаа юм. Монгол хүнд эрэмбэ дараа, ёс заншил, түүхэн уламжлал ясанд нь суучихсан байдаг гэж би бодож явдаг. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Эрдэнэт үйлдвэр ерээд онд Казакстаны хувийн компанид нийлүүлсэн 10 сая ам.долларын зэсийн баяжмалынхаа мөнгийг өнөө хүртэл авч чадахгүй байв.Тухайн үед харилцагч байсан компани өнөөдөр дампуурсан гэх шалтгаанаар энэ авлагын эргэн төлөлт ахицгүй байлаа. Бүр үе үеийн Ерөнхийлөгчийн айлчлал болгонд сөхсөн боловч амжилт олоогүй юм.
Харин Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжсэнээс гуравхан сарын дараа энэ 10 сая ам.долларын авлагаа авах боллоо.Хэрэв алданги хүүтэй нь тооцвол 15 сая доллар хүрэх байсан ч нэгэнт үйл ажиллагаагаа явуулахаа больсон компанийхаа өмнөөс Казакстан улс үндсэн төлбөр болох 10 сая ам.долларыг Монголын талд эргүүлэн төлөхөөр тохиролцсон байна.
Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрын дөрвөн сайдыг огцруулна гэх мэдээлэл гарч эхэллээ. МАН-ын бүлгийн хурлын үеэр чадамж муутай сайдуудыг огцруулах тухай яригдсан аж. Тухайн нэр бүхий сайдуудын дунд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар яригдаж эхэлсэн аж.
Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газарт ажиллаж байгаа сайдууд дунд ажлаа мэдэхгүй олон нийтийн шүүмжлэлийг хүртээд байгаа зарим сайдуудыг огцруулах тухай яриа МАН-ын бүлгийн хурлын үеэр яригдсан байна.
Нийслэлийн удирдлагууд цас их орж хальтирга гулгаа ихэссэнтэй холбогдуулж өчигдөр Шуурхай зөвлөгөөнөө хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна” гэдгийг анхааруулсан. Тухайлбал, хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах ажилд хүч нэмэгдүүлэх, холбогдох байгууллагуудтай нь ярилцсаны үндсэн дээр цэргийн алба хаагчид болон оюутан, ахлах ангийн сурагчдыг энэ долоо хоногт гудамж талбайн цасыг цэвэрлэх ажилд туслуулахыг үүрэгдсэн байна. Олон нийтийн зүгээс үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд цахим ертөнцөөр “давсаа ахиухан цацаад өг Су даргаа” гэх сэтгэгдэл хөвөрч байна. Тус шуурхай удирдлагын хурлын үеэр Нийлэлийн Засаг дарга Су.Батболд “Э.Бат-Үүлийн үед жилд 13 удаа цас ордог байсан бол миний үед сард 13 удаа цас орлоо" хэмээн гомдоллоод авсан сурагтай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ “Монгол Улсад өчигдөр ирээд маргааш буцах гэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байгаа. Монгол Улс энэ хугацаанд хөгжих боломж байсан, энэ боломжоо бүрэн ашиглаж чадаагүй. Шинэ Засгийн газар зөв бодлого барьж ажиллабал Монголын эдийн засаг гурван жилийн дараа сэргэнэ гэж харж байгаа” гэсэн байна.
Өнөө өглөө 05.59 цагт Япон улсын Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужуудад бага хэмжээний цунами болов.
Газар хөдлөлтөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаагаас гадна газар хөдлөлт, цунамигийн талаарх иргэдийн ойлголт, хувийн бэлтгэл өндөр байсантай холбоотойгоор хохирлын хэмжээ бага байгаа ажээ. Одоогийн байдлаар Фукушима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилж байна.
Япон Улсад Монгол Улсын нийт 6590 иргэн ажиллаж, амьдарч байгаагаас зүүн хойд эргийн мужууд болох Фүкүшима /48/, Аомори /8/, Иватэ /24/, Ибараки /162/, Мияаги /89/, Чиба/832/ мужуудад нийт 1163 иргэн оршин суудаг байна.
Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ эдгээр бүс нутагт оршин сууж буй иргэдийн талаар мэдээлэл авч, холбоо барихаар ажиллаж байна гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. -Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кинотеатр зэрэгтэй танилцсан юм.Энэ бүхнийг үзэж танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан. Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм.
Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг. Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа. Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа.
Энэ талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Жил бүрийн 1 дүгээр сард бүх байгууллагуудаас мэдээлэл авдаг.
Энд хэлэх гэсэн хамгийн гол хоёр зүйл байна.Аливаа төрийн хамгийн гол үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл өгөхөд оршдог. Тийм учраас Улаанбаатараас эхлээд ийм төвүүдийг байгуулъя. Цаашдаа Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд ийм төвүүдийг байгуулъя.
Хамгийн гол нь байгалийн гамшгийг тойрч гарах ямар ч боломжгүй. Үүнийг зогсоох боломжгүй. Жишээ нь, газар хөдлөлийг зогсоосон орон хаана ч байхгүй. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэжээ.
“Монгол Улс нь БНСУ-ын "Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо"-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна” гэжээ.