8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ, Кубын хоорондох олон жилийн хоригийг цуцлана

2016-11-28 11:52:00

Фидель Кастро нас барснаар АНУ, Куба улс хоорондын хориг байхгүй болно гэж шинжээчид үзэж байна.
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро нас барсан нь АНУ болон Куба улс харилцаагаа тогтворжуулах боломж хэмээн Америкийн шинжээчид үзэж байгаа талаар РИА Новости мэдээлж байна. Тэдний үзэж байгаагаар Америкийн конгресс хагас зууны турш үргэлжилсэн эдийн засгийн хоригийг цуцлах талаар дахин бодож үзэж магадгүй гэнэ. Фидель Кастро нас барсан гэсэн мэдээллийн дараа Доналд Трамп Кастрог хэрцгий удирдагч, харин түүний засгийн газрыг тоталитаризмын арал гэж мэдэгдсэн.Техасын Райс их сургуулийн профессор Марк Жонс Фидель Кастрог Америк-Кубын тогтвортой харилцааны бэлгэ тэмдэг бүхий саад байсан хэмээн онцолж, “Кастрог олон хүн санах болно, гэхдээ түүний үхэл Кубын ард түмэнд шинэ боломжуудыг нээж магадгүй” гэжээ.

Вашингтоны Олон Улсын Улс Төрийн Төвийн дэргэдэх Куба улс судлалын програмын дарга Элизабет Ньюхаус, “Энэ үйл явдал нь маш сонирхолтой үед тохиож байна. Доналд Трамп үүнийг боломж гэж хараасай гэж хүсч байна. Фидель Кастрогийн үхэл Трампыг байр сууриа эргэн харж, эсрэг хүчин зүйлүүд олон байгаа ч урагшлах боломж өгөөсэй гэж найдаж байна” хэмээн ярьжээ. Кубад өссөн Ньюхаусын хэлж байгаагаар кубын иргэд  Кастрод хүндэтгэлтэй ханддаг ч түүний үхэл тэдний өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх хүслийг нэмэгдүүлэх байх гэж үзэж байгаагаа дурьджээ.

Флоридагийн Олон улсын их сургуулийн Куба улс судлалын сургуулийн дарга Хорхэ Дуанигийн хэлж байгаагаар Трампын байр суурь одоо хүртэл тодорхойгүй байгаа гэнэ. “Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Цагаан ордонд албан тушаалдаа суусныхаа дараа Кубад ямар бодлого баримтлахыг бид одоо хүртэл мэдэхгүй байгаа. Сонгуулийн үеэр Обамагийн Куба улстай холбоотой гаргасан бүх тогтоол шийдвэрүүдийг цуцалж, Гаванатай ашигтай гэрээ хийнэ гэсэн Трампын амлалтад Кастрогийн үхэл нөлөөлөхгүй байх. Эрүүл мэнд нь сайнгүй мөн олон нийтийн хараанаас хол байсан ч Фидель Кастро хувьсгалт нам болон зэвсэгт хүчинд байх хувьсгалын түүхэн удирдагчдын дунд маш нөлөөтэй байсан” хэмээн онцолсон юм.

chuhal.mn


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment