8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Талийгаачид мителийн спирт уусан болохыг тогтоож, Оросын шилдэг оюутнаар Монгол оюутан шалгарсан өдөр

2016-11-28 18:40:00

Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Учир нь энэ цаг хором мөч эргээд олдохгүй. Хийсэн бүтээсэнээ үнэлж цэгнэж хорвоогийн нэгэн өдрийг үдэж байгаа таньд Монголын нэг өдөр тойм мэдээлэлийн булангаа хүргэх гэж байна. Улс эх оронд минь онцлог үйл явдалаар дүүрэн нэг өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалан үлдэж байна. Дашрамд сануулахад, алдаа оноогоо дүгнэж 2016 оныг үдэхэд ердөө 33 хоног үлдсэн байна. Та энэ жил төлөвлөсөн ажлаа амжуулсан уу. Хэрвээ амжуулаагүй бол яг одоо ажлаа төлөвлөөрэй. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь төлөвлөгөө гарга. 
Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март. Дахин сануулахад цаг хугацаа таныг, намайг хүлээхгүй. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн тоймоо хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

“Петрочайна Тачин Тамсаг”компанийнхан дураараа авирлаж, дөрвөн хүний аминд хүрэв

Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрөв нь нас бараад байна. Мөн нэмээд таван иргэний бие хүндэвтэр байдалтай байгаа юм.  Уг хэргийн талаар Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн “Албаныхан газар дээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар компанийн ажилтан махны агуулахаас шилтэй үл мэдэх шингэн зүйл  авч өрөөндөө тавьсныг орж ирсэн хүмүүс уусны улмаас хордсон. Тухайн шингэн зүйл юу болохыг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл албан бус мэдээллээр махны агуулахаас авсан тус шингэнийг ажилчид архи хэмээн андуурч уусан байна. Тэгэхээр шилтэй шингэн архитай ижил, төстэй харагдсан болж таарах нь. Хоёрдугаарт тус шингэнийг чухам юу болохыг “Зөв боломж” компанийн удирдлагууд маш сайн мэдэх учиртай. Учир нь уг компани нь тус шингэнийг юунд, хэрхэн ашиглах гэж авснаа хамгийн сайн мэдэж байгаа.

Тэгэхээр “Зөв боломж” компанийн зүгээс уг шингэнийг юу болохыг урьдчилсан байдлаар олон нийтэд хариуцлагатайгаар мэдэгдэх нь зүйтэй болов уу.

ДӨРВӨН ИРГЭНИЙ НЭГ НЬ ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРСАН БОЛ ХОЁР НЬ ЭМНЭЛЭГ РҮҮ ХҮРГЭГДЭХ ЗАМДАА НАС БАРЖЭЭ

Уг золгүй үйл явдлын талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 25-ны өдрийн 22.00 цагийн үед цагдаагийн газарт иржээ. Энэ дагуу яаралтай түргэн тусламжийн баг хордсон иргэдийг аймгийн төвийн эмнэлэгт аваачсан байна. Иргэдийн хордсон газар буюу “Зөв боломж” компанийн байр нь аймгийн төвөөс 210 км, Халх гол сумаас 110 км зайд оршдог аж. Гарал үүсэл, нэр хаяг, үйлдвэрлэсэн газар, шошго гэх мэт таних тэмдэггүй шингэнд хордож нас барсан дөрвөн иргэний нэг нь газар дээрээ нас баржээ. Харин хоёр нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан бол нэг нь эмнэлэгт ирээд өнгөрчээ. Одоо дахин таван хүний биеийн байдал хүнд байна. Мөн есөн иргэнд хордлого тайлах гемодиализийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Хоёр нь хүлээн авахад, мөн тав нь гадуур эмчлүүлж байна. Цаашид хордсон иргэний тоо нэмэгдэж магадгүй гэж албаныхан хэлж байгаа юм. Эмчилгээ хийлгэж байгаа иргэд 26-33 насны залуус аж. Хэрэг явдал “Зөв боломж” компанийн газрын тосны 21 дүгээр талбайд болжээ.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Нарангэрэл: Урьдчилсан байдлаар техникийн спирт хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан

Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрөв нь нас бараад байгаа билээ. Уг хэргийн талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Пүрэвжав нар мэдээлэл хийсэн юм. 

 

Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулсан аж. Тандалт судалгаанаас эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан. 

Энэ үеэр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон гэдгийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцолж байсан юм. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулсан аж. Тандалт судалгаанаас эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан. 

 

Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ бодис нь хүний биеийг үхэлд хүргэдэг аюултай шингэн.

Хордлого авч нас барсан гэх дөрвөн хүний нэг нь газар дээрээ, нөгөө хоёр нь эмнэлгийн тусламж авч чадалгүй эмнэлэгт хүрэх замдаа нас барсан аж. Нөгөө нэгийн нь биеийн байдал маш хүнд эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирснээс хойш 6 цагийн дараа нас барсан байна. Харин эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал харьцангуй тогтворжсон гэдгийг энэ үеэр онцоллоо. Хордлого авсан хүмүүсийн дийлэнх нь 20-30 насны залуус байжээ. Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ бодис нь хүний биеийг үхэлд хүргэдэг аюултай шингэн аж. Нарийн биохимийн шинжилгээний дүнг МХЕГ гаргах юм байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнөөдөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг эхлүүллээ. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс орон ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгэн зэрэг зохион байгуулдаг бөгөөд энэ жил дэлхий даяараа “Гэр орны амар амгалангаас дэлхийн энх тайван руу: Бүх нийтэд боловсролыг хүртээмжтэй болгоё” уриан дор нэгдэх юм. Харин тус аяныг  манай улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.

 Тус аяныг Монгол Улсад 1998 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаараа нэгдэж, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг юм.

Оросын 2016 оны шилдэг оюутнаар Монгол оюутан шалгарчээ

2016 оны 11 дүгээр сарын 14-18-нд ОХУ-ын Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр болсон бүх оросын III форумын хүрээнд “Студент года-2016” үндэсний шагналын уралдаанд Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын 1 дүгээр дамжааны оюутан Цэрэнсүрэнгийн Лхагвацэнд шилдгүүдийг ардаа орхин түрүүлжээ.

Түүний гаргасан энэхүү амжилтад ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн байна. Уг мэндчилгээнд “ОХУ-ын нэр төртэй уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзлэн эх орныхоо нэрийг дуурсган, монгол оюутны нэр хүндийг өндөрт өргөсөн Ц.Лхагвацэнддээ ЭСЯ-ны хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдынх нь сурлага, хөдөлмөрт амжилт хүсэн ерөөж байна" гэжээ.

Энэхүү уралдаанд ОХУ-ын өнцөг булан бүрээс төдийгүй дэлхийн ихэнх улсаас ирсэн 200 орчим шилдэг оюутан өрсөлджээ.  

С.Эрдэнэ: АН-ын бүлэг цаашид тэмцлийн байр, сууринд шилжинэ

АН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд эрх баригчдыг харзнасан, хүлээлтийн байдалтай хүндэтгэж ажилласан. Харин үүнээс хойш улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, эрх баригчдыг шахаж ажиллана гэж тус бүлгийн дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Мөн АН-ын бүлгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. 

Энэ талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлэх шаардлагад манай бүлгийн гишүүдийн бүгдийнх нь санал орсон. Өнөөдрийн байдлаар 104 сум, хоёр аймаг, нэг дүүрэгт одоог хүртэл томилгоо хийгдээгүй байна. Үүнээс болж маш олон ажил удаашрах эрсдэл үүсч байна. Улс төрийн сонголтод хүндэтгэлтэй хандах байдалд эрх баригчид их хойрго байгаа. Мөн олон мянгаар нь хийж буй халаа сэлгээгээ зогсоо. Өвөлжилт хүндэрч байна. Мөн өвчлөлч их байгаа. Иргэдийн амьжиргааны асуудал ч хүндэрч байна. Тэгэхээр манай бүлэг Ерөнхий сайдад хүргүүлэх шаардлагадаа энэ бүхнийг тусгаж өгнө.МАН-аас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардана. Цаашид улс төрийн тэмцлийн идэвхтэй тэмцлийн байр сууринд шилжиж ажиллана. Дараагийн шаардлагаа тавьж улс төрийн томоохон дүгнэлт мэдэгдэл гаргаж ажиллана. Манай бүлэг өнөөдрийг хүртэл хүлээцтэй ажиллаж ирсэн. Олон түмний сонголтыг хүндэтгэж хүлээцтэй байж асуудулыг шийдэх болов уу, хийх болов уу гэж харж ирсэн.Гэтэл тэгсэнгүй. Тиймээс цаашид бид шаардлага тавьж ажиллана" гэж мэдэгдлээ. 

АН: “Хөгжлийн банк”-ны том зээлийг МАН-ынхан авсан

асгийн газраас “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг маргааш Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон. Гэвч тус банкинд хийсэн шалгалтын материал Ардчилсан намын бүлгийн гишүүдэд албан ёсоор ирээгүй байна. Тиймээс тус бүлэг “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулах санал гаргахаар болжээ. Хуулийн хугацаанд тараагдах ёстой материал өнөөдрийг тараагаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “Хөгжлийн банкнаас авсан томоохон зээлүүдийн 60 хувийг МАН-ын бүлгийн гишүүд авсан байдаг. Цаашилбал шалгалтын дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараагаагүй байж шууд байнгын хороогоор хэлэлцэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл. МАН-ынхан ингэж хууль зөрчихөө зогсоох хэрэгтэй. Хөгжлийн банкнаас олон компани зээл авсан. Гэтэл ганц Ардчилсан намынхан хувааж аваад идчихсэн юм шиг ярих хэрэггүй. Зарим компанийн эргэн төлөлт ч асуудал үүсгэхээр байна” гэлээ. 

Дэлхий дахинд: 

Путин Стивен Сигалд ОХУ-ын иргэний үнэмлэхийг нь гардуулан өгөв

Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалд ОХУ-ын иргэний үнэмлэхийг нь гардуулан өгсөн байна.  Жүжигчин эр өнгөрсөн есдүгээр сард Алс Дорнодын Сахалины аралд болсон кино наадамд оролцох үеэрээ ОХУ-ын иргэн болохыг хүсчээ. Энэ сарын 4-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холливудын нэрт жүжигчинд ОХУ-ын иргэншил олгох тухай зарлигт гарын үсэг зурсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн билээ. Стивен Сигал 1952 онд АНУ-ын Мичиган мужид төржээ.

Пак Гын Хэг эсэргүүцэгчдийн тоо хоёр саяд хүрлээ

Солонгос улс даяар Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан жагсаалууд өрнөж байгаа нь тус улсын түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнд тооцогдоод байгаа юм. Хатагтай Пак улс төрийн дуулиант хэрэгт нэр холбогдсныхоо төлөө иргэдээсээ хоёр ч удаа уучлалт хүссэн ч суудлаасаа бууж, албан тушаалаа өгөхийг яарахгүй байна.

 

Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр нийслэл Сөүл хотноо 1.5 сая хүн, бусад хотуудад 400 мянган хүн жагссан гэнэ. Харин Сөүлийн цагдаагийн газраас 270 000 хүн жагссан гэсэн тоо өгсөн байна.
Сөүл хотод 25 мянган цагдаа хамгаалалтанд гарсан ба одоогоор хүч хэрэглэх тохиолдол гараагүй байна.

Таван долоо хоногийн турш үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаал нь 1980-аад онд болж байсан ардчилалын хөдөлгөөнөөс хойш болж буй хамгийн том жагсаал хэмээн тус улсын түүхэнд бичигдэж байгаа юм.
Өнгөрсөн бямба гарагийн жагсаалд фермерүүд, лам нар, оюутан гээд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс оролцож байв.“Би мэдээ үзэж байгаад бодсон л доо, иймэрхүү байдлаар үргэлжлээд байж болохгүй. Хүмүүс түүнийг буухыг шаардаж байхад тэр буухгүй л байна. Өнөөдөр бол миний оролцсон хоёр дахь удаагийн жагсаал харин манай нөхөр хүүхдүүдийн хувьд анхных нь” хэмээн жагсаалд оролцогч нэгэн эмэгтэй ярьсан байна.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн ард иргэдийн дундах рейтинг таван хувь хүртлээ буураад байгаа бөгөөд тэрээр хувийн харилцаандаа хэтэрхий их итгэл үзүүлснийхээ төлөө уучлалт хүсэн, хэргийг мөрдөж байгаа хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ зарласан.

БНСУ-ын үндсэн хуулиар ерөнхийлөгчийг яллаж болохгүй харин хууль зөрчсөн хэргээр албан тушаалаас нь огцруулах боломжтой юм байна.  Прокурорын газар түүнийг тус хэрэгт шууд холбоотой хэмээн сэжигтнээр татсан учраас хууль зөрчсөн хэргээр түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь буулгах боломжтой болж байгаа юм. Ерөнхийлөгчийн найз Чой Сун Силийг энэ сарын эхээр баривчилсан билээ. Түүнийг Өмнөд Солонгосын компаниудыг сүрдүүлэн их хэмжээний мөнгө авахыг завдсан, мөн хатагтай Пакийн нөхөрлөлийг ашиглан өөрийн удирддаг төрийн бус байгууллагадаа хандив цуглуулах хүсэлт гаргаж байсан гэх мэт хэргээр буруутгаж байгаа юм.

Мөн түүнчлэн ерөнхийлөгч Пак Гын Хэ бас нэг хэрэгт нэр холбогдоод байна. Прокурорын газар Чой Сун Силийн найз Ча Ун Тэкийг нэгэн зар сурталчилгааны агентлагийн хувьцааг хууль бусаар худалдаж авах гэж оролдсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд ерөнхийлөгч Пак Гын Хэ үүнд нь тусалж байсан нь илэрсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
мөөгий
мэдээнийхээ нэр, томьёог зөв бичээж дээ.
2016/11/29 103.9.91.40
  • Recent
  • Most Read
  • Most Comment