8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хишигсүрэн: Шилээр урласан бүтээлээ монгол ахуйтай хослуулж хийхийг зорьж байна

2016-12-01 12:07:00

Мэргэжил бүхэн сайхан. Үүнийг нэг тод жишээ болж яваа энэ эрхмийг Баасангийн Хишигсүрэн гэдэг. Тэрбээр дэлхийн улс орнуудад өнөөдөр урлагт болтлоо хөгжсөн Шилээр бүтээл урлах их үйлийг мэргэжлийн талаас нь суралцсан монголын хоёрдахь хүн. Шилний дизайнер мэргэжлийн Германд улсад эзэмшиж ирсэн цагаас хойш шилээр тамга, хүн чулуу зэрэг бүтээл урлажээ. Ярилцлага хийж суух зуур “Болохгүй зүйл гэж байхгүй. Болно, бүтнэ. Цаг хугацаа бүхнийг харуулна. Би шил хайлуулдаг зуух нэг л өдөр хийнэ” хэмээн ярих нь мэргэжил бүхэн сайхан гэдэг үгний утга “Амтагдах” шиг болсон юм. Ингээд Зураач, Уран бичээч, Шилэн урлаач Б.Хишигсүрэнтэй ярилцсан ярилцлагаа хүргэе.  

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шилээр урлаач гэх тодотгол надад их сонин санагдаж байна л даа. Шилний дизайнер мэргэжлийг хэзээ эзэмшсэн вэ гэсэн асуултаар та бид хоёрын яриа эхлэх нь зүйтэй болов уу? 

-Баярлалаа. Танай сайтын уншигчидад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.Шилний дизайнер мэргэжлийг 2002-2009 оны хооронд эзэмшсэн. Германы Халле хотын Бүрг Гебиехенштайн урлаг, дизайны дээд сургуульд сурч төгссөн. Надад энэ мэргэжлийг манай багш санал болгож байсан. Миний унаган мэргэжил зураач юм. Нэг үгээр хэлбэл зураглаач болохоор явж байсан. Гэтэл багш нар чи шилний ангид ороход илүү авьяастай юм биш үү гээд шалгуулаад тэнцсэн. Тухайн үед би эхлээд энэ ангид орчихоод дараа нь оператороор явна гэсэн бодолтой байлаа. Суралцах явцад анхнаас нь бүх зүйлийг нь эхнээсээ нь сурсан болохоор надад их сонирхолтой байсан. Тэгээд л энэ мэргэжил рүү урвасан даа.

Тухайн үед дадлагын үеэр хийсэн жижигхэн шилээр хийсэн морины толгой миний анхны бүтээл. Багшийн өгсөн анхны даалгавар юу ч хамаагүй гэсэн. Тэгэхээр нь Монгол морины толгой хийж байсан.

-Зураач мэргэжлийг хэдэн онд эзэмшиж байсан вэ. Шилний дизайнер болохын өмнөхөн үү?

-1992 онд Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байхад нь ороод 1996 онд Дүрслэх урлагийн дээд сургууль болоход нь Ардын зураач Д.Амгалан багшын удирдлага дор Монгол зургийн ангийг төгссөн.

-Энэ мэргэжлийг эзэмшээд хийсэн анхны бүтээл тань юу байв. Хэзээ хийж байсан вэ?

-Энэ сургуульд ороод гуравдугаар курсаас эхлээд дадлагад гарч эхэлсэн. Тухайн үед дадлагын үеэр хийсэн жижигхэн шилээр хийсэн морины толгой миний анхны бүтээл. Багшийн өгсөн анхны даалгавар юу ч хамаагүй гэсэн. Тэгэхээр нь Монгол морины толгой хийж байсан. Үүний дараа түүнийгээ үргэлжлүүлээд шатар болгох санаатай зургаа гаргаж эхэлсэн. Бага зэргийн саатлын улмаас хийж чадаагүй. Дараа нь үүнийгээ дипломын ажлын сэдэв болгоод тамга хийж байлаа. Мөн хүн чулуу хийж байсан.

-Дэлхийд урлаг болтлоо хөгжсөн Шилэн урлагийг Монгол ахуйтайгаа хослуулж өөрийн гэсэн онцлогийг бий болгохыг зорьж байна гэж та сая ярилаа. Монгол ахуйтайгаа хэрхэн уялдуулах вэ?

-Энэ мэргэжлийг эзэмшиж “номын дууг нь сонсч, ногоотой шөлийн идсэн” болохоор олон улсад урлагт болтлоо хөгжсөн зүйлийг монгол талаас нь гаргахын зорьж байгаа. Германд шилэн хийцийн уран бүтээлчид нь орчин үеийн хэв маягыг илүү хөгжүүлж байгаа нь ажиглагддаг. Би бол эсрэгээр нь ардын язгуур, бичиг үсэгтэйгээ хослуулж хийхийг зорьж байна. Монгол ахуйтайгаа уялдуулна гэдэг нь хэрэглээнд оруулахыг хэлж байгаа юм. Монгол аяга, домбо зэрэг үндэсний онцлогийг харуулсан мөн түүхийн нэн эртний дурсгалт зүйлийг шилээр хийх нь илүү сонирхолтой юм даа. Бусдаас арай өөр зүйлийг хийх нь чухал. Бид шилэн урлагийн хөгжлийг гүйцэхгүй. Тиймээс өөрсдийн гэсэн онцлогийг харуулж байж хийсэн зүйл минь үнэ цэнэтэй, өвөрмөц болж хүмүүст хүрнэ. Япон гэхэд өөрийн гэсэн нэг араншинтай. Италд гэхэд хэлбэр дүрс, өнгө үзэмж тал дээр илүү анхаардаг байх жишээтэй.

Бид шилэн урлагийн хөгжлийг гүйцэхгүй. Тиймээс өөрсдийн гэсэн онцлогийг харуулж байж хийсэн зүйл минь үнэ цэнэтэй, өвөрмөц болж хүмүүст хүрнэ.

-Шилээр урласан бүтээлийг манайд урлаг гэж хүлээж авах орон зай хэр байдаг юм бол?

-Урлаг талаас нь манайд хүлээж авах орон зай байгаа гэж би боддог. Харин үйлдвэрлэл, технологи талаасаа цаг хугацаа, хөлс, хүч шаардах болов уу. Герман, ОХУ, Япон зэрэг улс шилээр төрөл бүрийн зүйл хийж урлаг болтлоо хөгжсөн. Манайд өнөөдөр цонхны шилнээс цааш гарахгүй л байна. Ихэвчлэн гаднаас л оруулж ирдэг.

-Шил өөрөө их эмзэг зүйл шүү. Тэгэхээр шилээр бүтээл урлах арга, аргачилгаа их нарийн байх даа?

-Юу хийхээсээ шалтгаалаад янз бүрийн арга хэрэглэх нь мэдээж. Жишээ нь шилээр цутгах үйл явцыг авч үзье. Бүтээлийн эх зураг гаргана. Дараа нь баримлыг барина. Баримлаа барьж дууссаны дараа циликон хэв авна. Циликон хэвээ авч вакс буюу лааны тосон хэв авна. Үүний дараа хоёр, гурван давхар гипс давхарлана. Энэ мэтчилэн олон үе шатыг дамжаад шил хайлуулах үйл ажиллагааны дараа хамгийн чухал хэсэг болох шилийг хөргөх дамжлага руу орно.

-Энэ чиглэлээр олон улсад мэргэжил эзэмшсэн хүн танаас өөр бий юу?

-Би сургуулийнхаа багш нараас энэ талаар асууж байсан л даа. Тухайн үед багш нар 1980-иад оны эхээр Монголоос нэг Казах хүн ирж суралцаж байсан гэж ярьдаг. Түүнээс хойш мэргэжил гэдэг үүднээс нь суралцсан хүн гэвэл би. Харин Физикийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Алтанцоож ах монголын элснээс тунгалга шилийг гаргаж авах туршилтын лаборторит ажиллаж байна. Энэ лабортори нь 2010 билүү 2011 онд нээгдэж байсан.

-Шилний түүх анх хаанаас үүсэлтэй байдаг юм бэ?

Шилний үүсэл, түүх нь Армен, Егивт, Хойд, Өмнөд Иран, Иракаас үүсэлтэй нь судалгаагаар нотлогдсон. Эдгээр улс маш халуун болохоор элсэнд нь шаталт үүсч нэгдээд тунгалаг болчихсон тэр материал гарснаас үүсэлтэй гэдэг. Хамгийн анхны шил Арменаас гаралтай гэдэг. Харин Ромын эзэн гүрний үед шилэн урлаг их хөгжсөн. Тухайн үед Ромын ихэс, дээдэс хэрэглэдэг үнэтэй эдлэл хэрэглэлд тооцогдог байсан гэдэг. Манайд  ч гэсэн эртний шил гарч ирсэн шүү дээ. 2011 онд Архангай аймгийн Өндөр Улаан сумын нутагт, Улаанбаатар их сургуулийн эрдэмтэн Д.Эрдэнэбаатар гуайн Хүннү улсын язгууртаны булшаас гаргаж ирсэн нэг аяга байдаг. Тэр аяга нь Ромын эзэн гүрний үед язгууртнууд хэрэглэдэг байсан шилэн аяга гэж тогтоогдсон. Дэлхий дээр цөөхөн олдсон энэ аяга манай улсаас олдсон нь маш эртний түүх соёлын харилцаатай байсан гэдгийг гэрчилж байгаа юм.

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сувд-Эрдэнэ
Холбогдох дугаарыг нь өгч болох уу
2022/09/28 180.149.96.131
zaluu
yun moomtei jiremsen sahaltai hun be. Er yumuu em yumuu?
2016/12/11 70.36.54.231