8o
Улаанбаатар хот
mobile menu

Жимс, хүнсний ногоо үйлдвэрлэгч, худалдагч, борлуулагчид хүргүүлэх зөвлөмж

2016-12-09 18:20:00

Хүнсний ногоо, жимсэнд төрөл бүрийн эрдэс бодис, амин дэм, үнэртэн амттан, биологийн идэвхит бодис их хэмжээгээр агуулагддаг, уураг нүүрс усны агууламж харьцангуй бага учраас зохистой хүнсэнд тооцогддог.

Жимс, ихэнх хүнсний ногоог боловсруулалгүйгээр хоол хүнсэнд шууд хэрэглэдэг учраас хураалтын дараах хөргөлт, сортлолт, савлалт, тээвэрлэлт, хадгалалт, худалдаалалтын үед онцгой горим шаардагддаг. 

Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны хадгалалтын үеийн  өвчний ихэнх нь ургамал ургалтын хугацаанд  халдвар авснаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл ургамлын иш, навчинд шимэгчилж байсан бичил биетнүүд үр жимсэнд нэвтэрч ороод бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах явцад өсч үрждэг. Иймээс халдваргүй цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ургамал ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт шавьж  тархахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн тархалт ихэссэн тохиолдолд идэвхтэй тэмцэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Жимс, ногооны гэмтэж шалбарсан, зүсэгдсэн хэсгээр өвчин үүсгэгч бичил биетнүүд нэвтэрч орсноор бүтээгдэхүүн хөгцөрч мууддаг учраас хураалт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын явцад жимс, ногоог гэмтээхгүй байхад анхаарч, бүтээгдэхүүнийг хөргүүртэй зориулалтын машинаар тээвэрлэх хэрэгтэй.

Зоорь, агуулахыг бүтээгдэхүүн хүлээн авахаас өмнө цэвэрлэж, ариутгах ажлыг технологийн дагуу заавал хийх шаардлагатай.

Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж байгаа агуулах, зоорины агаарын харьцангуй чийг, температур бичил биетний хөгжилтөнд чухал нөлөө үзүүлдэг тул бүтээгдэхүүн бүрт тохирсон хадгалалтын горимыг баримтлах хэрэгтэй.

Худалдаалагчид:

  • Жимс, ногоо худалдах цэгийг цэвэрлэж, ариутгах
  • Худалдааны лангуу, тоног, хэрэгслийг цэвэрлэж, ариутгах
  • Худалдааны цэгийн ойролцоох хогийг тогтмол цэвэрлэж, өдөр бүр хаях
  • Худалдааны цэг рүү мал, амьтан нэвтрэхээс сэргийлэх
  • Худалдагч нар хувийн ариун цэврийг сахих, гараа тогтмол угаах

Хэрэглэгчид:

  • Төмс, хүнсний ногоо жимс жимсгэнэ худалдан авахдаа бүтээгдэхүүнийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэхийг шалгах,
  • Бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалж байгаа эсэхийг анхаарах,
  • Стандартын дагуу савласан, шошготой бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment