8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, Утааны эсрэг эцэг эхчүүд жагссан өдөр

2016-12-26 18:40:00

Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Учир нь энэ цаг хором мөч эргээд олдохгүй. Хийсэн бүтээсэнээ үнэлж цэгнэж хорвоогийн нэгэн өдрийг үдэж байгаа таньд Монголын нэг өдөр тойм мэдээлэлийн булангаа хүргэх гэж байна. Улс эх оронд минь онцлог үйл явдалаар дүүрэн нэг өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалан үлдэж байна. Дашрамд сануулахад, алдаа оноогоо дүгнэж 2016 оныг үдэхэд ердөө 5 хоног үлдсэн байна. Та энэ жил төлөвлөсөн ажлаа амжуулсан уу. Хэрвээ амжуулаагүй бол яг одоо ажлаа төлөвлөөрэй. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь төлөвлөгөө гарга. 
Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март. Дахин сануулахад цаг хугацаа таныг, намайг хүлээхгүй. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн тоймоо хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Д.Хаянхярваа: ТТ-н 49 хувийг 400 сая доллараар зарахгүй гэх мэдээллийг ЗГ-аас өгсөн

МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө. Тус бүлэг Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл, тус банкинд хийсэн шалгалтын дүн болон Тавантолгойн төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.  Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй Тавантолгойн төсөлтэй холбоотой мэдээллээр Засгийн газрын гишүүдээс мэдээлэл авлаа. Мөн Хөгжлийн банкны шалгалттай холбоотой асуудлаар санал бодлоо солилцлоо. Хөгжлийн банкны шалгалтын дүнтэй холбоотой 200 гаруй хуудас материалыг баасан гаригт Засгийн газраас манай бүлэгт нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн. Бид энэхүү материалтай танилцаад нууцын зэрэглэлтэй юм байна гэж үзсэн. Гэтэл уг материалыг  шууд чуулганы хуралдаанаар хэлэлцсэнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.  Аливаа материалыг нууцын зэрэглэлээс гаргахын тулд тусгай процетуртай байдаг. Тиймээс энэхүү асуудлыг нууцын зэрэглэлээс нь гаргах шаардлагыг тавьж байгаа. Түүнчлэн Хөгжлийн банкаар дамжин гарч байгаа төсөл хөтөлбөр хуулийн хүрээнд хийгдсэн эсэхийг шалгах ажлыг хэсгийг Н.Энхбаяр гишүүнээр ахлуулан байгуулсан. Үнэхээр Хөгжлийн банкны төсөл хөтөлбөрүүд өнөөдрийн мөрдөж байгаа хуулийнхаа хүрээнд хийгдсэ үү эсвэл Ардчилсан намыханы хэлээд байгаа шиг МАН-ын олон компаниуд төсөл хөтөлбөрүүдийг аваад замхарчихаад байгаа юм уу гэдгийг олон түмэнд ил тодоор гаргаж тавъя гэдэг дээр санал нэгдсэн. Ардчилсан намынхан томоохон төсөл хөтөлбөрийг МАН-ынхан авсан гэж ярьдаг. Гэтэл сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг сайд МАК-ын төсөл, Монполиментийн цементийн үйлдвэр дээр очиж тууз хайчлаад “Хөгжлийн банкнаас олгосон хамгийн үр ашигтай төслүүдийн нэг нь энэ боллоо” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү мэдээлэл үнэн байж уу, худал уу гэдгийг хуулийн хүрэээнд бид олон нийтэд ил гаргаж ирэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тавантолгойн хувьд 49 хувийг 400 сая ам.доллараар зарах уу, төсөл хөтөлбөрийг бэлэн болгоод үзэглэх гээд байгаа юм уу гэдэг асуудлыг Засгийн газраас асууж тодруулсан. Харин Ерөнхий сайд, Уул уурхайн сайдын зүгээс Тавантолгойн төсөл зөвхөн эхлэлийн шатандаа л явж байна гэдэг хариултыг өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ц.Мөнх-Оргил: Хятадын Засгийн газраас уучлалт гуйгаагүй

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил сүүлийн үед олны анхаарлыг татаад буй татсан асуудлуудаар мэдээлэл хийлээ. 

Тухайлбал, 

1.    Далай ламын айлчлал болон уг асуудлын талаарх Засгийн газрын байр суурь,
2.    Давхар харъяалалын асуудал,
3.    Дипломат төлөөлөгчийн дөрвөн газрыг татан буулгах болсон үндэслэл гэх мэт гурван асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Би далай ламын айлчлалын талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Өөр гадаад болон дотоодын аль ч хэвлэлд ярилцлага өгөөгүй. "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө өөрийнхөө бус Засгийн газрынхаа байр, суурийг илэрхийлсэн. Тодруулбал, Монгол улс “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж ирсэн, цаашид ч баримтална. Түвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг. Тэгэхээр БНХАУ-ын язгуур эрх ашгийн асуудал. Далай лам цэвэр шашны  айлчлал хийсэн ч уг айлчлалаас болж Монгол, Хятад хоёр улсын хооронд үйл ойлголцол үүссэн. Үүнд манай Засгийн газар харамсаж байгаагаа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг шашны байгууллагынхан зохион байгуулсан. Манай Засгийн газар уг айлчлалыг зохион байгуулахад оролцоогүй хэдий ч үүнээс үүдэн хоёр улсын харилцааны асуудал түүнээс улбаалсан  эдийн засаг, санхүүгийн үр дагавартай асуудал үүссэн. Тиймээс уг айлчлалын үр дүнд үндэслэн Далай лам энэ Засгийн газрын хугацаанд айлчлахгүй гэдэг байр, суурийг илэрхийлсэн. Х богдын асуудал бол Засгийн газрын бус шашны байгууллагын асуудал гэж би ярьсан. Энэ бол манай Засгийн газрын байр, суурь” гэв. 

Мөн сүүлийн үед олны шүүмжлэлийг дагуулаад байгаа давхар харъяалалын асуудлаар ярихдаа “Өдрийн сонины сэтгүүлч давхар харъяаллын асуудлаар өөрийн санаа бодлыг илэрхийлсэн нийтлэлийг бичсэн. Ингэхдээ давхар харъяалалыг дэмжиж бичсэн байсан. Уг нийтлэлийг миний зурагтай гаргасан. Үүнийг Ц.Мөнх-Оргил ярилцлага өгсөн мэтээр мушгин гуйвуулж буруу мэдээллийг тараажээ. Уг асуудал сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нилээн шүүмжлэл дагуулсан байна” гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Зээлийн хүүг хоёр дахин бууруулна

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хорооноос банк бус санхүүгийн салбарын зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж, дөрвөн жилийн хугацаанд одоогийн байгаа түвшнээс хоёр дахин бага болгох зорилт тавьж ажиллаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 500 гаруй ББСБ байгаагаас 90 орчим хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байна.  

Өнөөдрийн байдлаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 800 сая төгрөгөөс бага ББСБ-уудын зээлийн дундаж хүү 4.5 хувь байгаа бол 2.5 тэрбумаас их хөрөнгөтэй ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.3 хувьтай байгаа аж. Жигнэсэн дундаж хүү сарын 4.3 хувь, жилийн 51.6 хувь байгаа нь 800 сая төгрөгөөс бага хувь нийлүүлсэн хөрөнгөтэй ББСБ харьцангуй олон байгаатай холбоотой юм.
Тиймээс ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр 2020 оны эцэст ББСБ-уудын нэгдсэн балансын нийт актив 2.6 их наяд буюу одоогийнхоос 3.3 дахин их болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.4 их наядад хүрнэ. Жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ 2.1 хувь болж өнөөдрийнхөөс хоёр дахин буурах төлөвтэй байгаа аж.

Амгалан орчим усанд автжээ

БЗД-ийн 10-р хороо Амгалан орчмын айл өрхүүд бүхэлдээ усанд автаж, гэр орондоо орох гудамж талбайгаар явахадхүндрэлтэй болжээ. Амгалан орчмын энэ хэсэгт 2 урсгалтай гол урсдаг байсан бөгөөд “Амгалан” дулааны станцийн барилгын ажлаас гарсан шороог тус горхины нэг урсгалыг хааснаас усанд автаж эхэлсэн байна.БЗД-ийн 10-р хорооны 1Б хэсгийн усанд автсан айл өрхүүдодоог хүртэл гэр орондоо амьдарч чадахгүй байгаа бөгөөд, 2 хоногийн туршхөлдүүс болсон устайгаа ноцолдож байгаа гэж хэлж байгаа юм. ОБЕГ-аас 2 хоногийн өмнө ирж усыг нь шавхана гэж байсан ч, одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.Иргэдийн хэлж байгаагаар тус хэсэгт 30-50 см гүн ус хөлдсөн бөгөөд автомашин хүртэл гудамж гаталж чадахгүй сууж байна.Усанд автсан айл өрхүүд одоогоор хамаатан, ах дүүсийндээ хоног төөрүүлж байгаа. Тэд ОБЕГ-т удаа дараа шаардлага тавьсан ч, дүүргийн ОБГ хариуцах ёстой гэдэг хариу хэлдэг гэжээ.Харин дүүргийн ОБГ нь төсөв байхгүй,дүүргийн удирдлагуудаас төсөв шилжүүлж байж ажлаа эхэлнэ гэдэг хариу өгөөд салдаг байна.

З.Нарантуяа: Хөгжлийн банкийг улстөржүүлээд байвал гадаад зах зээл дээрх бонд эрсдэлд орно

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж болон УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцжээ. АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дөрвөн хувь эрсдэлтэй. Үүний хоёр хувь нь төрийн өмчийн компаниудад олгосон зээл эзлэж байна гэсэн юм. Мөн Төрийн банкны асуудлаар МАН-ынхан улс төржиж байна гэв. 

Энэ талаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Чингис, Самурай бондоор нийт 1.8 тэрбум ам.доллар 580 саяын евро бонд босгож Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдэд олгосон. Энэ гадаад бондоор маш их хэрэгцээгүй зүйл хийж, идэж уусан гэж МАН-ынхан улстөржсөн. Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн 200 гаруй хуудас дүгнэлт нууц байсныг өнгөрсөн долоо хоногт манай бүлгийн гишүүд авч танилцсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Хөгжлийн банкны нийт зээлийн 50 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр бүтээн байгуулалтын 389 төсөл хөтөлбөрт олгосон. Тэр төсөл хөтөлбөрийн жагсаалтыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. 25 хувийг нь арилжааны банкаар дамжуулан 2000 орчим компанид зээл олгосон. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлд зээлийн эрсдлийн сан байгуулаагүй. Тэгэхээр нийт зээлийн 75 хувь нь асуудалгүй. Үлдсэн 25 хувийг Хөгжлийн банк 16 төсөл хөтөлбөрт зээл олгосон. Нийт зээлийн дөрвөн хувь дээр нь эрсдэлийн сан байгуулсан байна. Эрсдэлийн сан байгуулсан компаниудын ихэнх нь төрийн өмчийн компани байгаа юм. Тодруулбал, Дулааны цахилгаан станц, Амгалан станц, МИАТ, “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Тавантолгой”, ТОСК зэрэг томоохон төрийн өмчийн компани энэ зээлийн ихэнхийг нь авсан. Энэ зээлүүд дээр эрсдэлийн сан байгуулсан.  Хувийн хэвшлийн компаниуд дунд МАН-ын гишүүдтэй холбоотой компани байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. АН-ын бүлэг шалгалтын дүнгийн 200 хуудас материалыг олон нийтэд нээлттэй болгох шаардлага тавьсан. Энэ шаардлагыг Засгийн газар биелүүлнэ гэж амалсан. Мөн түүнчлэн Хөгжлийн банкны тухай хуулийг хурдан шуурхай хэлэлцэж улстөрчдөөс хараат бус байх боломжоор хангахаар болсон. Энэ долоо хоногт хуулийн төслийг хэлэлцүүлнэ.” гэлээ.

Онц байдал зарлахыг шаардан жагсаж байна

Сүхбаатарын талбайд Улаанбаатар хотын утааны эсрэг нэгдсэн эцэг эхчүүд жагслаа. Жагсагчид хотын удирдлагууд болон эрх баригчдаас онц байдал зарлахыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Жагсагчид ард түмэндээ хандан "Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас руугаа байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо. Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж байна. Эдгээр зовлонг тойрч гараагүй гэр бүл Улаанбаатарт байна уу? Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээе” хэмээн уриаллаа. 

Л.Эрхэмбаяр: Нэр дэвшигч 00.00 цагаас хойш хүнтэй уулзахгүй, тус, тусдаа сурталчилгаа хийхгүй байх ёстой

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Ардчилсан намын даргын сонгуульд оролцох намын гишүүдийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсан. Энэ тушаал нь орон нутгийн гишүүдийн санал дээр үндэслэж, орон нутгийн байгууллагуудын саналыг авч АН-ын даргад нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн саналыг авсны үндсэн дээр намын батлахаа гээгдүүлсэн болон АН-д гишүүнээр элсэх бүртгэх үйл ажиллагааг орон даяар өнөөдрөөс эхлэн явуулж байна. АН-ын шинэчилсэн бүртгэлийн ажиллагаа 12 дугаар сарын 8-наас эхлээд явагдсан. Энэ үйл ажиллагаанд батлахаа гээгдүүлсэн болон шинээр элсэх хүсэлтэй хүмүүсийг бүртгээгүй байсан. Одоогоор орон нутагт цас зудтай байгаа учир шинэчилсэн бүртгэлийн явц удаашралтай байгаа. Шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ” гэлээ. 

Мөн “2000 онд таван нам нийлэх үед батлахаа аваагүй, одоо авах хүсэлтэй байгаа хүмүүсийг бүртгэж, АН-ын даргын сонгуульд санал өгөх эрхээр нь хангах эрхзүйн үндсийг хангаж өгсөн АН-ын даргын тушаал гарсан. Тийм учраас өнөөдрөөс эхлэн шинээр элсэх хүсэлтэй болон батлахаа гээгдүүлсэн иргэд өөр, өөрийн харьяаллын орон нутгийн намууд дээр очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдаарай” гэв. АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт уулзалт хийгээд байгаа юм. Өнөөдөр Төв аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах аж. АН-ын даргад нэр дэвшигчдийн хувьд Сонгуулийн хорооноос баталсан дотоод журмын дагуу уулзалт, сурталчилгаагаа хийж байгаа юм. Тухайлбал, нэг нэр дэвшигч сурталчилгаандаа хоёроос илүү машин авч явахгүй, 00.00 цагаас хойш хүнтэй уулзахгүй, албан ёсоор штаб байгуулахгүй, тус, тусдаа сурталчилгаа хийхгүй байх зэргийг журмаар зохицуулсан байна.

Цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна

Шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд, ресторануудын ачаалал эрс нэмэгддэг.Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байгаа учраас Замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний ачааллийг бууруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, ая тухтай зорчуулах зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

Иймд иргэн та замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, сахилга соёлтой, бусаддаа хүндэтгэлтэй хандаж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж оролцохыг ЗЦА-с зөвлөлөө.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment