8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын ширээний хүнсээ хэрхэн зөв сонгож, хадгалах вэ

2017-12-01 00:00:00

Энэ жилийн шинэ жилийн баяраар 4 хоногийн амралт таарч байгаа билээ. Баяр наадам нэлээд урт үргэлжлэх болов уу. Баяр наадмын үеэр түргэн тусламжын 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгддэг. Бичил биетүүдээр халдварлагдсан мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэснээс хоолны хордлого үүсдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Мөн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдсанаас хордлогот халдвар үүсч улмаар түүнийг хэрэглэсэн  хүмүүс хоолны хордлогод ордог аж. Тиймээс хоолны хордлого болон шинэ жилийн баярын хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

Баярын ширээний хүнсээ хэрхэн зөв сонгож, хадгалах талаар дараах зөвлөмж, зөвлөгөөг хүргэж байна

 -Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
 

-Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар харж, хянах

-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах

-Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах, 2-оос дээш цагаар хадгалсан хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй

-Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө, бие зассаны дараа гараа байнга, тогтмол угааж хэвших           

-Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж цэвэрлэж хэрэглэх,

-Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх

Хоолны  хордлогын үед илрэх шинж тэмдэг

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах толгой өвдөх,  ядрах,  өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,   ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөнө.  Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл доорх арга  хэмжээг авна уу.
 
Яаралтай эмчид ханд: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.
 
Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол тухайн оршин суугаа харьяа газрынхаа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй гэдгийг санаарай.

Хоолны хордлого үүсэх шалтгаан

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлогот хордлого үүсдэг. Халдвартай бүтээгдэхүүнүүдээс гадна хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Өвчин үүсгэгч бактериудыг дотор нь бүхэлд нь тархаж үржих нөхцөл бүрдүүлдэг махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал г.м. бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдийг хасах температурт удаан биш хугацаагаар хадгалж байх хэрэгтэй. 

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх арга

Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүний тулд Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан доорх зөвлөгөөг дагах хэрэгтэй.

1. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.

2. Хоолыг сайн болгож байх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биетүүд устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгож байх хэрэгтэй. Ингэхгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

3. Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байхыг хичээ.

4. Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дага. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.

5. Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээн 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.

6.Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзан” дээр болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх г.м. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.

7. Хоолыг шавьж, мэрэгч гэх мэт амьтадаас сэргийл.

8. Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ нэн анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан зөрчлүүд илэрчээ

Шинэ жилийн баярыг угтаж НМХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Шалгалтад нийт 418 байгууллага хамрагдсанаас  296  зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан болон сав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг  багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан зөрчлүүд “Нарантуул”, “Барс”, Хархорин худалдааны төв, “Алтжин” худалдааны төв, Содон, “Эрдэнэбулган” худалдааны төвүүдэд илэрчээ.

Шалгалтаар  “Мон-Үр кек” ХХК, “Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 10 нэр төрлийн 47 ширхэг 104350 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, “Хос ивээл” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгний үнэ бүхий  2.35 кг “Зочин” “Чанамал хиам”, нийт 11 нэр төрлийн 2.35 кг, 47 ширхэг, 123150 төгрөгний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шошгололтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг татан авахуулж, зөрчлийг арилгуулсан байна.

Тиймээс иргэн та баяр ёслолын хоол хүнсээ бэлтгэхдээ баталгаатай үйлчилгээний төвөөс сонгоно уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл