8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ТТ төслийн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байгааг зарлаж, Б.Шижирбатын үзүүлбэр “GOT TALENT GLOBAL”-ын шилдэгт багтсан өдөр

2016-12-28 19:00:00

Тун удахгүй хуучин он буцаж, шинэ он айлчлан ирэх гэж байна. Амжилт баяр хөөр алдаа оноо дагуулсан 2016 он буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Ирэх жил та бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Баярын өдрүүд айлчлан ирж байгаа учраас та бүхэндээ баярын ширээний хүнсээ хэрхэн сонгож, хадгалах талаар мэдээлэл хүргэх гэж байна. 
-Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
 -Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар харж, хянах
-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах
-Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах, 2-оос дээш цагаар хадгалсан хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй
-Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө, бие зассаны дараа гараа байнга, тогтмол угааж хэвших           
-Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж цэвэрлэж хэрэглэх, 
-Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх зүйтэй гэсэн мэдээлэлийг хүргэж байна. Харин одоо та бүхэндээ энэ оны хамгийн отгон Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

С.Зоригийн хэрэг төрийн нууцад хамаарах уу. Төрийн нууц гэж юу вэ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж, өчигдөр шүүх бүрэлдэхүүн дүнгээ гаргалаа. Шүүхээс уг хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн мөн гэж үзэн 24-25 жилийн хорих ял оноосон нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 
Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1 шунахайн сэдэлтээр, 91.2.4 захиалгаар, 91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.13 нийтэд аюултай аргаар, 91.2.16 хоёр буюу түүнээс олон хүнийг гэх зүйл ангиар ялласан байна.
Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг  бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан хэмээн үзэж ялын дээд хэмжээг оноолоо. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар  бусадтай нийлэн   захиалгаар хүний амь нас хөнөөсөн хэмээн шүүхээс үзэж байгаа юм бол шүүх бүрэлдэхүүн жинхэнэ захиалагчийг яагаад олсонгүй вэ. 18 жил турш төрийн нууцад хамаарч байсан уг хэрэгт гэнэт яагаад жирийн нэг малчин тогоочийг сэжиглэн ялын дээд хэмжээг өгөв. 
С.Зоригийг хөнөөсөн гол гэмт хэрэгтэн гэх Ц.Амгаланбаатар таксины жолоочийг мөчилж алсан хэргээр 25 жилийн ял сонссон нэгэн. Тэрбээр гэнэт л “Би С.Зориг агсныг хөнөөсөн” хэмээн мэдүүлэг өгч, “Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар явсан. Б.Содномдаржаа гадаа үүдэнд хүн харж байсан. Т.Чимгээ бид хоёр хамт гэрт нь орж С.Зоригийг хутгалж алаад цустай хутгаа муу усны нүх рүү хийчихсэн” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.  Түүний энэ мэдүүлэгээс үндэслэн 2015 оны намар Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг тагнуулынхан сүр дуулиан болгон баривчилж өчигдөрт тэдэнд ялын дээд хэмжээ өглөө. 
2007 онд Эрдэнэт хотод таксины жолоочийг мөчлөн амь насыг нь хөнөөсөн хэргээр ялаа эдлэж байгаа Ц.Амгаланбаатарт Эрдэнэтийн шүүх цаазаар авах ял оноож байсан гэдэг. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялыг халах санаачилга гаргаж, дээд хэмжээг нь 25 жил болгон бууруулсанаар ялаа эдэлж байгаа нэгэн.  Харин түүнтэй энэ хэргийг хамт үйлдсэн гэх Б.Содномдаржаа бол Ц.Амгаланбаатарыг өргөж авсан ээжийнх нь дүү. Хэрэгт холбогдсон гурван хүн бие биенээ сайн танина.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Зоригийн хэргийн талаар хэн, юу хэлэв: Эргэлзээ дагуулсан шүүхийн шийдвэр

Ойрын өдрүүдийн халуун сэдэв болох С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийн талаар амтай бүхэн ярьж байна. 18 жилийн туршид олны анхаарлын төвд байж ирсэн тус хэргийг үйлдэгч этгээдүүдийг оллоо гэж үзэж байтал энэ нь хэн нэгнийг зөвхөн тус хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж буй үйл явц болж хувирлаа. Олны анхаарлыг татаад буй уг хэргийг талаар С.Зориг агсны дүү С.Оюун, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг,  хуульч О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хатуухан байр, сууриа илэрхийлжээ. Тэдний юу гэж хэлснийг CHUHAL.MN хүргэж байна.

С.Оюун: Шүүхийн шийдвэрт эргэлзэж байна

Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамааруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож хоёр байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдээгүй гэж үзэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Б.Амгаланбаатар: С.Зоригийг хөнөөсөн хэргээ далдлахын тулд 4 хүний амийг шатааж хохироосон

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр зарим гишүүд Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатараас асуулт асууж хариулт авлаа. 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү  "С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрсэн үү. Та нар зөв дүгнэлт гаргасан уу" хэмээн асуулт асуухад  Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "С.Зоригийн амийг хохироосон хэрэг батлагдсан. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлт өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан" хэмээн хариулт өглөө. 
Ингээр Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилохыг гишүүдийн олонхи дэмжлээ.  Үүнтэй холбогдуулан Б.Амгаланбаатарыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор танилцсан талаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчид бичгээр хариу өгдөг байна.

Мобикомын сүлжээний алдаа 2 хоног үргэлжилж магадгүй

Үүрэн телефоны мобиком сүлжээний хэрэглэгчид өнөөдөр өглөөний 11:00 цаг орчмын үеэс дуудлага хийх боломжгүй болсон билээ. Энэ байдал одоо хүртэл үргэжилсээр байгаа нь тус операторын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой юм байна.

Тиймээс мобикомын хэрэглэгчдийг хэвийн дуудлага хийхийн тулд гар утасныхаа 3G болон 4G сүлжээг 2G болгон шилжүүлэх шаардлагатайг тус үүрэн телефоны лавлах утасны ажилтан мэдээлжээ. 

Мөн энэ сүлжээний доголдол хэзээ хэвийн болох талаар Мобиком корпорациас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар уг доголдол 2 хоног үргэлжилж магагүй аж. 

Хэрвээ Та “iPhone” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү.

Settings - Cellular - Cellular Data Options - Voice - 2G

Хэрвээ Та “samsung” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү.

Settings - More settings - Mobile networks - Network mode - gsm only  гэсэн тохиргоог хийнэ үү. 

З.Энхболд: ТТ төслийн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна

АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар АН-ын Төв байранд мэдээлэл хийлээ. АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ  "Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээр тавьдаг. Тиймээс Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар явуулахаар шийдэх гэж байна. Энэ нь Ардын намын бүлэг дээр буцаагдсан байна лээ.\015 онд гаргасан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүнийг долоодугаар сарын 3-наас эхэлж УИХ-ын гишүүдэд тараасан. Тавантолгой ордыг хувьдаа авах зорилготой MCS гэдэг компани ХМХ-ээр буруу мэдээлэл маш их явуулсан.

Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. MCS-ийн бүтээсэн баялаг биш учраас ард түмний мэдэлд байх ёстой.

ТТ төслийн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь” хэмээн хэллээ.

Увс аймагт зэрлэг амьтад идэш тэжээлгүй болжээ

Увс аймгийн хэд хэдэн суманд өвөлжилт хүндрэн, цас их орсноос болж зэрлэг амьтад идэш тэжээлгүй болжээ.Зэрлэг амьтад уулнаас бууж гол руу орж ирэхдээ чоно нохойд хөөгдөх, малчны хотонд хоноглох үзэгдэл байнга гарч байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.Тус аймгийн Малчин, Хяргас, Наранбулаг, Тариалан, Түргэн гэх сумдуудад яаралтай өвч тэжээл хүргэх шаардлагатай болжээ.

Харин аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир шүү бэлдэж өгөх биотехникийн арга хэмжээг нэн яаралтай авмаар байна. Гэвч төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа тул улсын Онцгой комиссоос туслалцаа үзүүлмээр байна” хэмээн тус газрын дарга Б.Батбаяр онцлов.Түргэн сумын Эрээн харгай, Хоогчин, Улаан зуух, Баруун бэл орчимд 1000-1500 толгой буга, Хяргас сумын Бугат, Хайрхан, Булганхангай багийн нутагт 500 орчим буга идэш хоол, амьдрах орчин нөхцлөөр хүндхэн байгаа аж.

Ту-154: Онгоцны нисгэгчийн сүүлчийн үгийг илрүүллээ

Өнгөрсөн Ням гарагийн өглөө ОХУ-ын батлан хамгаалах яамны Ту-154 онгоц Сочи хотоос хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа Хар тэнгист унаж осолдсон хэрэг гарсан. Хар тэнгист осолдсон Оросын цэргийн Ту-154 онгоцны нисгэгчийн бүхээгний хар хайрцагийг өчигдөр уснаас гаргаж Москвар руу шинжилгээнд илгээсэн талаар мэдээлэл Оросын хэвлэлээр гарч эхлээд байна. Хар хайрцагт нисгэгчдийн сүүлийн яриа бичигдэж үлддэг. Тэгвэл Ту-154-ийн нисгэгчдийн хэлсэн сүүлийн үгийг задалж сонссон талаар мэдээлэл гарсан байна. Онгоцны нисгэгч осолдохоос өмнө “Закрылки, сука!” байсан ба дараа нь “Командир, падаем!” гэж орилсон байна. 
“Закрылки” гэдэг нь  онгоцны далавчны ар хэсэгт байрлах дэвүүрийг хэлдэг. Түүний хэлсэн сүүлчийн үг нь  дэвүүрт ямар нэг асуудал гарч, дараа нь онгоц унаж эхэлснийг дээрх үг гэрчилж байгаа аж. 

З.Энхболд: Засгийн газар шинэ жилийн баяр далимдуулж Тавантолгойг гэнэдүүлчих гээд байна

АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газар шинэ жилийн баяр далимдуулж Тавантолгойг гэнэдүүлчих гээд байгаа учраас мэдээлэл хийж байна. Би энэхүү мэдээллээрээ Ардчилсан намын байр, суурийг илэрхийлэх болно. УИХ-ын гишүүд Тавантолгойн гэрээг хэлэлцэхээсээ өмнө дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг харах хэрэгтэй. 90 хуудас дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд бий. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн төсөл яагаад УИХ-ын босго даваагүй гэдгийг дүгнэлтэд тодорхой бичсэн.Одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаасаа ч дор хувилбар оруулж ирэх гэж байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцсэн байна лээ.Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нарын хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан. Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасны дараа 40 гишүүн гарын үсгээ зурсан тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Гишүүдийн өргөн барьсан тэр хувилбар бол Засгийн газрынхаас хамаагүй илүү төсөл байсан. Гэвч сонгууль дөхсөн учраас хэлэлцэж амжилгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Энэ төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч Монгол ард түмний эрх ашгийг тусгасан байгаа. Энэ удаагийн УИХ тус хуулийн төслийг хэлэлцэх бүрэн боломжтой. Тавантолгой бол ард түмний өмч. Тийм учраас уг ордыг ашиглахдаа ард түмнээс асуух ёстой. Хэрвээ асуухгүй бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тавантолгойг хувьдаа авах зорилготой МCS компани маш буруу мэдээллийг олон нийтэд түгээж ирсэн. Энэ удаа ч мөн дайралт хийх гэж байна. Компанийн тухай хуулиар компанийн эзнээс заавал асууж байж хувийг нь зарах ёстой. Гэтэл миний хувьцааг надаас асуухгүй зарах гээд байна. Ингээд хэдэн жилийн дараа иргэд “Миний хувьцаа яасан бэ” гээд асуух үед "Шиньхуад зарчихсаан" гэж хариулах гэж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гэрээг төрийн байгууллагууд дүгнэж албан ёсоор саналаа ирүүлж байсан юм. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг нийт ард иргэд эзэмшдэг учраас Компанийн тухай хуулийн дагуу ард иргэдээсээ саналыг нь авах ёстой. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах гэж байгаа бол заавал хувьцаа эзэмшигчдийн хурал хийнэ” гэж дүгнэсэн. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар одоогийн УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж байсан. Мөн “Монголын төмөр зам” компани “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг энэ гэрээнд заасан хувилбараар шийдэх нь буруу” гэсэн дүгнэлт ирүүлж байсан. Тухайн үед одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Монголын төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байлаа. Мөн ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан. Гэвч Ч.Сайханбилэг, М.Энхсайхан хоёр үүнээс зөрж бантан шиг гэрээ оруулж ирсэн. Тавантолгойг шууд зарах гэж байгаа бол ард түмнээсээ асуух ёстой. Асуухгүйгээр шийдэх юм бол “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч З.Энхболд миний бие шүүхэд хандах болно гэдгээ МАН-ын Засгийн газарт албан ёсоор хэлье. Шүүх дээр би ялна. Яагаад гэвэл, би хувьцаа эзэмшигч" гэлээ.

Мөн тэрбээр “М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын хийх гэж байсан гэрээ олон хууль зөрчсөн учраас УИХ-ын босгыг даваагүй гэж хэлэв.

Б.Шижирбатын үзүүлбэр “GOT TALENT GLOBAL”-ын шилдэгт багтжээ 

 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл